Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2019/0821/з |
Дугаар | 0135 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0135
2020 оны 02 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2020/0135 Улаанбаатар хот
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Я.Б
Хариуцагч: Б..
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Б/42 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны нийт цалин, хөлс 10.199.085 төгрөгийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодруулснаар/ хариуцагчаас гаргуулах” тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц....нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Б/42 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, хохирол гаргуулах /ажилгүй байсан хугацааны 2сарын цалин, амралттай үед ажилласан нэг сарын цалин нийт 2 сарын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх/.
Я.Б миний бие төрийн албанд нийт 21 жил үүнээс төрийн захиргааны байгууллагад тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчаар 14 дэх жилдээ ажиллаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Туул голын сав газрын захиргаанд ахлах мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр 19-ний өдрийн Б/19 тоот тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 жил ажилласан юм. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр надад өгч тэр өдрөө ажил хүлээлцсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 тоот тушаал нь миний хууль ёсны эрх түүн дотроо төрийн албанд хууль журмын дагуу ажиллаж байсан хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна. Уг тушаалын үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт буюу “хуульд заасан бусад үндэслэл” -ийг уг тушаалд огт тусгалгүй орхигдуулж, миний мэдэх эрхийг илтэд хязгаарлаж, зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжийг хаасан нь хууль бус юм.
Б/42 тушаалын дараах үндэслэл болох Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоол нь тус яаманд өгсөн зөвлөмж бөгөөд илтэд хууль зөрчсөн акт байсаар атал түүнийг намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хууль бус юм. Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтад: Төрийн албаны тухай хуулийн /шинэ/ 27, 33 дугаар зүйлийг зөрчиж, төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг БОАЖСН.Цэ.....зөвлөсүгэй“ гэж заасан. Төрийн албаны зөвпөлийн 28 дугаар тогтоолын хавсралтад миний нэр, албан тушаал орсон байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу“ утга агуулгын хувьд илэрхий алдаатай” акт гэж үзэж би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 тоот тушаалыг гарахаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б..... гомдол гаргасан юм. Би энэ гомдлынхоо хариуг өнөөдөр ч аваагүй бөгөөд тус албаны ажилтан н.Зоригтбаатар: таны гомдлыг танай яамны төрийн албаны салбар зөвлөл рүү шилжүүлсэн гэж утсаар хэлсэн боловч, салбар зөвлөлөөс би бас хариугаа аваагүй байсаар 2019 оны 08 дугаар 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авсан. Иймд би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 тушаалыг дээрх хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Сайдын Б/42 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Би төрийн албанд 20 гаруй жил ажилласан, усны салбарын мэргэшсэн инженер хүн. Гэтэл намайг амарч байхад ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх тушаал гарснаас 4 хоногийн дараа тушаалаа гардуулж, шууд ажил хүлээлцсэн, цалин хөлсний тооцоог огт хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 4.4 заалт буюу . “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 заалт: “Ажлаас халах ажил хүлээлцэх” журмыг зөрчсөн бөгөөд чөлөөлсний дараа ямар ажил албан тушаалд ажиллах талаар огт тусгаж өгөөгүйн улмаас би өнөөдөр ямарч цалин орлогогүй, нийгмийн хамгааллын бүх л даатгал тасарч, давхар гэр бүлийн маань амьдрал хохирч байгаа тул ажиллгүй байсан хугацааны 2 сарын цалин, амралттай үед ажилласан нэг сарын цалин нийт 3 сарын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Намайг ажлаас чөлөөлөх гол шалтгаанаа төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй учраас гэж тайлбарладаг. Гэтэл би сонгон шалгаруулалтыг өөрөө зарлах боломжгүй бөгөөд энэ нь Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар зөвлөлийн ажил атал хохирогч нь зохих ёсоор ажлаа хийж явсан төрийн албан хаагч би болж ажлаас халагдсан нь хууль бус юм.
Намайг төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй гэж ажлаас чөлөөлсөн атал миний оронд томилсон хүн нь бас сонгон шалгаруулалтад ороогүй, байхад томилсон нь сайдын Б/42 дугаар тушаал хууль бус болохыг бас нотолж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай“ 28 дугаар тогтоолын дагуу миний адил ажлаас чөлөөлөхөөр заагдсан нэр бүхий хүмүүс өнөөдөр ч ажлаа хийгээд явж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн албаны салбар зөвлөл Үндсэн хууль болон төрийн албаны хуулийн заалт, зарчмуудыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч намайг Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны төлөө ажлаас чөлөөлж хохироосны баримт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал юм гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Янжин овогтой Б...... миний бе 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөний улмаас өнөөдрийг хүртэл ажилгүй, цалин орлогогүй хохирч байна.
Би шүүхэд нийт 4 сарын цалин буюу 5.439.512 /Таван сая дөрвөн зуун гучин
мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд одоо 2 сарын буюу 2 719 756 /Хоёр сая долоон зуун арван есөн мянга долоон зуун тавин /төгрөгийг нэмж, нийт 6 сарын цалин буюу нийт 8.159.268 / найман сая нэг тавин есөн мянга хоёр зуун жаран найман төгрөг/-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Миний ажиллаж байсан 1 сарын цалин орлогын тооцоо:
1. Үндсэн цалин / ТЗ-8-5 / - 928 378 төгрөг,
2. Удаан жил ажилласан нэмэгдэл - 139 257 төгрөг,
3. Зэрэг дэвийн нэмэгдэл - 204 243 төгрөг,
4. Хоол- 88 000 төгрөг,
Нийт сарын цалин - 1.359.878 төгрөг болно.
219 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын хүртэл 14-ний өдөр хүртэлх нийт 6 сарын хугацаагаар тооцож нийт 8.159.268 / найман сая нэг зуун тавин мянга хоёр зуун жаран найман төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч Я.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин, амралттай үед ажилласан нэг сарын сарын цалин нийт 3 сарын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
“Я.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай’’ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон.
“Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад зөвлөсүгэй гэсэн тус тогтоолын хавсралтын 1-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаал, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Ббайсан болно.
“Тайлбар хүргүүлэх тухай” Туул голын сав газрын захиргааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/302 тоот албан бичгээр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бнь 2019 оны ээлжийн амралтаа 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд авахаар төлөвлөж, 26 хоногийн ээлжийн амралтын олговрыг 7 сард, мөн ажлаас чөлөөлөгдөх эсэх нь тодорхой болоогүй байсан учир сарын эцэст тооцоо хийхээр 8 сарын эхээр урьдчилгаа цалин тус тус авсан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөний улмаас нийт 922,705 /есөн зуун хорин хоёр мянга долоон зуун таван/ төгрөгийг байгууллагад буцаан өгөх тооцоо үүссэн байна.
Мөн нэхэмжпэгч Я.Б нь 2016 оны 09 сараас хойш даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, шалгалт өгөөгүй тул “Я.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалын төсөлтэй танилцан 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн Сав газрын удирдлагын хэлтэст өгсөн саналдаа Түр орлон гүйцэтгэгчээр ажиллах явцад давхар мэргэжилтний үүрэг хадгалагдаж байдаг учир байгууллага дотроо мэргэжилтнээр үлдэн ажиллах гэж өөрийн гараар бичсэн байдал дээр тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч иргэн Я.Б-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Б/42 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны нийт цалин, хөлс 10.199.085 төгрөгийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодруулснаар/ хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Я.Б..... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ[1].
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Я.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/42 тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Я.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[2].
Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлээ “Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн энэ хэргийн маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж гарсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэсэн нь хууль бус” хэмээн тайлбарлан маргажээ.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1.1, 3.1.2.в, 4.5 дахь заалт, Байгаль орчин, аялал жуучлалын яам, түүний харьяа төрийн захиргааны зарим байгууллагад хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Ц...... зөвлөжээ[3].
Дээрх тогтоолын хавсралтын 1-т “ Томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэсэгт-/Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн Б/19 дүгээр тушаал/, Томилогдсон албан тушаал хэсэгт-/ТГСГЗД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/, Албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр хэсэгт-/Я.Б/” гэжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг нэхэмжлэгч зөвшөөрсөн эсэх, зөвшөөрөөгүй бол уг тогтоолын талаарх гомдлоо хэрхэн гаргаж шийдвэрлүүлсэн, тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь захиргааны байгууллага байна.
Мөн захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл. “Захиргааны акт”, 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоол нь захиргааны акт байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоол нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч мөн хуулийн 93 дугаар зүйлийг 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж зааснаар тухайн байгууллагад нь Төрийн албаны зөвлөлд нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гомдлоо гаргасан байна[4].
Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгчийн дээрх гомдлыг шийдвэрлэлгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн талаар мэдэгдэж, гомдлыг эцэслэн шийдвэрлэж хариуг өгөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.
Маргааны бүхий дээрх тохиолдлын тухайд нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч тухайн байгууллагад нь буюу Төрийн албаны зөвлөлд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гомдлоо гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлөөс гомдолд хариу өгөөгүй байх тул хуулийн дээрх зүйлд зааснаар 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.
Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолын шүүхэд нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул тогтоол хүчин төгөлдөр болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс маргааны бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй талаар тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл маргааны бүхий захиргааны акт болох БОАЖС-ын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гаргасан захиргааны акт байх бөгөөд төрийн албаны зөвлөлийн тогтоол нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасныг тус тус баримтлан иргэн Я.Б-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Б/42 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны нийт цалин, хөлс 10.199.085 төгрөгийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодруулснаар/ хариуцагчаас гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 82 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 8 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 93 дугаар хуудас