Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/01400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж-5, өөрийн байранд байрлах Голомт банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 301-202 тоотод байрлах “Эс Жи майнинг эрдэс” ХХК-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1 089 534,60 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг, Б.Билүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЛЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Шолпан нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:   Харицагч “Эс Жи майнинг эрдэс” ХХК нь 2016 оны 06 дугаар  сарын 09-ний өдөр ЗГ8145110269 дугаар тоот зээлийн гэрээг Голомт банктай 1 сая ам.долларын зээлийг  18 хувийн хүүтэй, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлдэж авсан.  Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр “ЛЧ” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү2203089663 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар хороолол, Сөүлийн гудамжинд байрлах хамтран өмчлөлийн зориулалттай 3795 мкв тайлбартай, 5 давхар барилга, мөн уг газарт байршиж байгаа нэг талбарын 80040003 дугаартай 511 мкв газрын хамт барьцаалагдсан. Тухайн гэрээг “Эс Жи майнинг эрдэс” ХХК-тай байгуулсан. Үүнтэй зэрэгцүүлж “ЛЧ” ХХК нь 86,3 килограмм алт борлуулалтын орлого буюу хөрөнгийн хамт барьцаалсан. Мөн батлан даалтын гэрээгээр иргэн И.Сүхбат нь уг зээлийн гэрээг өөрийн хөрөнгөөр батлан даасан юм. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусах ёстой байсан. Гэвч “Эс Жи майнинг эрдэс” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Уг зээлийн гэрээнээс 15723 ам.доллар 48 цент төлсөн байдаг боловч үлдэгдэл үндсэн зээлийн 1 сая ам.доллар дээр нэмээд хүү, нэмэгдүүлсэн хүү 181260 ам.доллар 63 цент нийт 1,181,260 ам.доллар 63 центийн зээлийн өртэй байгаа нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор гарч байна. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ 3 хэсгээс бүрдэж байгаа. Үүнд: 1. Тухайн зээлийн гэрээний үүрэгт 1,181,260 ам.доллар 63 центийг хариуцагч “Эс Жи майнинг эрдэс” ХХК-иас гаргуулах, 2. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгож барьцаалагдсан “ЛЧ” ХХК-ийн өмчлөлийн Ү2203089663 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх, алт болон түүний борлуулалтын орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү, 3. И.Сүхбатын хөрөнгөөс батлан даалтын гэрээгээр бүх хариуцлагаа буюу тухайн барьцааны хөрөнгө хангахгүй болсон тохиолдолд И.Сүхбатын хөрөнгөөс гаргуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Голомт банк ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 09-ний зээлийн гэрээ байгуулаад, эхний өдөр зээлийн гэрээнд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 700 мянган ам.доллар, 2016 оны 06 сарын 15-ны 400 мянган ам.долларыг тус тус шилжүүлсэн.  Дараах 4 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд,

1.Ам.долларын ханшийг тооцохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар үүрэг үүсэг үеийн ханш буюу гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцож өгнө үү, 

2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээний 2.5, 3.1.2-т заасан стандарт нөхцөлтэй заалт өөрөө Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болно. Иймээс нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байгаа.

3. Голомт банк ХХК-ийн зүгээс бид нарт 1 сая ам.долларыг шилжүүлсэн гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 1 сая ам.доллараас 990 мянган ам.долларыг олгосон гэж үзэж байна. Энэ нь гэрээний 2.1.6-т “ 1 хувийг шимтгэлд авна гэж заасан байгаа. гэтэл нэхэмжлэгчийн 2.1.6-т заасан заалт нь өөрөө нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэлийн тухай заалтаа зөвхөн нэг удаагийн оруулсан гэж бодохгүй иймээс урьдчилсан нөхцөлөөр бодитой 1 сая ам.долларын зээл олгоогүй, 990 ам.долларын зээл олгосон. Энэ нь стандарт нөхцөлтэй зээлдэгчийн эрхийн хязгаарлагдсан зээлийг бүрэн хэмжээгээр ашиглах эрхийг нь хязгаарласан заалт гэж үзэж байгаа. Иймээс дээрх 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЛЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн тайлбар, татгалзлыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг гүйцэтгэх захирлын орлогч н.Нямсүрэн гарын үсэг зурж гаргасан байна. Иймд тухайн хүнд нэхэмжлэл гаргах эрх олгосон эсэх асуудал нь тодорхойгүй байна. Хэрэгт  эрх олгосон тушаал нь байна. Гэхдээ Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл 83.8-т “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна”  гэж заасан байгаа. Тэгэхээр н.Нямсүрэн гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн баримт нь хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Мөн н.Нямсүрэнгээс итгэмжлэл авсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь ч бас тодорхой тусгагдаагүй байна. Иймээс нэмэгдүүлсэн шаардлага гаргах зохих эрх олгогдоогүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк нь зээлийн гэрээний үүрэгт 1 089 534,60 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016.12.27-ны өдөр хариуцагч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2017.04.12-ны өдөр 63 320, 55 ам.доллараар, 2017.05.31-ний өдөр 28 405,48 ам.доллараар тус тус нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үнийн дүнг 1 181 260.63 ам доллароор тогтоосон байна.  

 

Хариуцагч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК нь “...эдийн засгийн тодорхой шалтгаан, хүндрэлтэй байдлын улмаас зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж чадаагүй бөгөөд санаатайгаар зээлийн гэрээний үүргээс зайлсхийгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч “ЛЧ” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд “ЛЧ” ХХК-ийн захирал Л.Чинбат нь “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ийн барьцааны хөрөнгө болох 86,3 кг алтыг 6,7 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалсан, уг алт нь үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай хүрэлцээтэй тул манай өмчлөлийн Ү-2203009663  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж тайлбарлажээ.   

 

Мөн батлан даагч И.Сүхбатыг өөрийн болон хариуцагч талын хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2016.06.09-ний өдрийн ЗГ8145100269 дугаар  зээлийн гэрээгээр “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК 1 000 000 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 2016.10.15-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлж авсан, зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлж төлөхөөр тохирсон байх бөгөөд мөн өдрийн

- барьцааны гэрээгээр “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ийн 86,3 кг алт, түүний борлуулалтын орлогыг барьцаалсан,

- ипотекийн гэрээгээр “ЛЧ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 37,956 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга, ГД-0172712 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м.кв талбай бүхий конторын зориулалттай газар зэргийг барьцаалсан,

   - батлан даалтын гэрээгээр И.Сүхбат нь үүрэг гүйцэтгүүлэгч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК нарын хооронд байгуулагдсан ЗГ8145100269 тоот зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 1 000 000 ам.долларын зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.  

    

                БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ хуулийн 22 дугаар зүйлд “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

          “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч И.Сүхбатын 2016.05.23-ны өдрийн 1/02 дугаар зээл авах зөвшөөрөл олгох тухай шийдвэр, “ЛЧ” ХХК-ийн захирал Л.Чинбатын 2016.06.07-ны өдрийн 46/16 дугаар зөвшөөрөл олгох тухай албан бичиг, Голомт банкны “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-д хүргүүлсэн 2016.09.14-ний өдрийн 02/705 дугаар мэдэгдэл, 2016.09.23-ны өдрийн 02/718 дугаар мэдэгдэл, “ЛЧ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Чинбатад хүргүүлсэн 2016.09.29-ний өдрийн 02/737 дугаар мэдэгдэл, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.          

       Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу  1 000 000 ам долларыг “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

     Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.5-д заасныг үндэслэн  үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нийтдээ 1 181 260.63 ам долларыг хариуцагчаас шаардсан нь БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн заалтад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг ам доллараар хангуулахыг шаардсан нь ТӨЛБӨР ТООЦООГ YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГYЙЦЭТГЭХ ТУХАЙ хуулийн 4 дүгээр зүйлийн  4.4 дэх хэсэгт “ Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 458 дугаар зүйлийн  458.1 дэх хэсэгт заасан “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 459 дүгээр зүйлийн  459.1 дэх хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1 181 260.63 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1 181 260.63 ам.доллар гаргуулж Голомт банкинд олгосугай.

 

          2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох ЗБ/8145100269 тоот ипотекийн гэрээгээр барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү- 2203009663 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжид байрлах контор, үйлчилгээний зориулалттай 37,956 м.кв талбайтай 5 давхар барилга, ГД-0172712 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 мкв газар эзэмших эрх, БГ/8145100269 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан “Эс Жи майнинг эрдэс” ХХК-ний 86,3 кг алт, түүнин борлуулалтын орлого зэрэг барьцаа хөрөнгүүдээс болон БД8145100269 тоот батлан даалтын гэрээгээр батлан даасан иргэн И.Сүхбатын хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15 134 817.59 /13.714.430+921.238.07+499.149.52/ төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 134 817.59 төгрөг гаргуулж Голомт банкинд олгосугай.

 

        4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ