Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00395

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК, Л ХХК-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 1 181 260 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э ХХК нь 2016 оны 6 сарын 09-ний өдөр ЗГ8145110269 тоот зээлийн гэрээ байгуулан, 1 000 000 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр Л ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2203089663 дугаартай СБД, 5 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах хамтран өмчлөлийн зориулалттай 3795 м.кв талбайтай, 5 давхар барилгыг 511 м.кв талбайтай газрын хамт, Э ХХК-ийн 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 15-нд дуусах ёстой байсан ч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу хүү төлөхөөс 15 723 ам.доллар төлсөн. Хариуцагчаас үндсэн зээл 1 000 000ам.доллар, зээлийн хүү 158 309.4 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 22 951 ам.доллар, нийт 1 181 260.63 ам.доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Л ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү.

И.С-ын хөрөнгөөс батлан даалтын гэрээний дагуу гаргуулах шаардлагыг дараа нь тусдаа нэхэмжлэл гаргахаар татан авсан. 86.3 кг алтыг Д болон Э ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БГ8145100269 тоот гэрээгээр ирээдүйд олборлох алт барьцаалсан. Э ХХК нь 1 000 000 ам.долларыг алтны төсөлд зориулж авсан ч тухайн алтны төсөл нь алтаа олборлож чадаагүй учраас барьцаагаар хангуулах боломжгүй болсон, алт бий болоогүй учраас алтаар хангуулах шаардлагыг хэрэгжүүлж чадаагүй гэжээ. 

 Хариуцагч Э ХХК-ийн гаргасан тайлбарт: 2016 оны 06 сарын 29-ний өдөр Г-тай зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Бидний зүгээс эдийн засгийн тодорхой шалтгаан, хүндрэлтэй улмаас зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж чадаагүй, санаатайгаар гэрээний үүргээс зайлсхийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, вальютын ханшийн тухайд гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 1 089 534.34 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ИХШХШтХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасныг зөрчсөн, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн үнийг мөн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар тодорхойлох ба гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож тодорхойлохыг зохицуулсан тул ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

 Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар гэрээний 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ... үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болно гэж заасан байтал зээлдүүлэгч нь гэрээндээ 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцно гэж оруулсан. Уг зохицуулалт нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, нөгөө талдаа илт хохиролтой байна. Үндсэн хүүгээс бид 53 244 ам.доллар төлөхийг зөвшөөрч байгаагаас 15 723 ам.доллар хүүд төлж, 37.521 ам.доллар төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлдэгч график зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь өөрөө тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж буюу зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх болон үүрэг нь хууль тогтоомж болон гэрээгээр нэхэмжлэгчид нээлттэй байсан. Зээлийн гэрээний график 2016 оны 06 сарын 25-ны өдрөөс хойш зөрчигдсөн. Г-ны зүгээс 2016 оны 09 сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 сарын 29-ний өдрийн хооронд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хариуцагч нарт мэдэгдсэн. Зээлдүүлэгч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой байсаар атал ашиг олох зорилгоор санаатайгаар удаашруулсан нь хууль бус. Зээлийн гэрээний график зөрчигдсөн талаар 2016 оны 09 сарын 13-ны өдөр мэдэгдсэнээс хойш 2016 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хүүг тооцох хууль зүйн үндэслэлгүй. 2016 оны 09 сарын 25-ны өдрөөс хүү шаардах эрхгүй. Энэ өдөр хүртэл ашигласан зээл 108 хоног, үүнд зээлийн хүүг бодоход үндсэн хүү 53 244 ам.доллар болж байгаагаас 15 723 ам.доллар төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийн болон гэрээ байгуулсан өдрийн ам.долларын ханш 500 орчим төгрөгийн зөрүүтэй тул зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох хууль зүйн үндэслэлтэй тул гэрээ байгуулах үеийн буюу 1962 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэжээ. 

Хариуцагч Л ХХК-ийн гаргасан тайлбарт: Г ХХК болон Э ХХК нь 2016 оны 06 сарын 29-ний өдөр ЗГ8145100269 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Л ХХК нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 37.956 м.кв талбайтай 5 давхар барилга, 511 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан. Г ХХК-ийн шаардлагыг баталгаажуулах зорилгоор Э ХХК 86.3 кг алт, түүний борлуулалтын орлого, БД8145100269 тоот батлан даалтын гэрээгээр И.С өөрийн хөрөнгөө барьцаалсан. Иймээс банк зээлийн гэрээний үүргийг Эс жи майнинг эрдэс ХХК-ийн 86.3 кг алт, түүний борлуулалтын орлого, И.С-ын хөрөнгөөс хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд Л ХХК-ийн барьцаа хөрөнгөөс хангуулах нь зүйтэй юм. Э ХХК-ийн барьцаалсан 86.3 кг алт 9 595 643.542 төгрөг байна. Талууд гэрээгээр 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогыг зах зээл дээр түргэн борлогдох үнэ 6 790 400 000 төгрөг байхаар тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогоор хангуулах бүрэн боломжтой тул Л ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч /РД:5381584/ Э ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 181 260.63 ам доллар буюу 2 939 555 265 /хоёр тэрбум есөн зуун гучин есөн сая таван зуун тавин таван мянга хоёр зуун жаран тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д /РД:2075377/ олгож, 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Л ХХК-ийн /РД:2083876/ өмчлөлийн Ү-2203009663 дугаар улсын бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах контор, үйлчилгээний зориулалттай 37.956 м.кв талбай бүхий 5 давхар барилга болон ГД-0172712 дугаартай Сүхбаатар дүүрэг, 5 хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м.кв газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 134 817.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 134 817.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироосонд гомдолтой байна.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д заасан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцлийн шинжийг агуулсан, хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаас үзэхэд зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор заасан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.5-д шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний гэж өөрт ашигтайгаар тодотгон тодорхойлсон нь зээлдэгчид хохиролтой, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэхэд 1-20 хувь хүртэл хэмжээний нэмэгдүүлсэн хүүг Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу бодож тооцохоор байхад зээлдүүлэгч нь зээлдэгчид илт хохиролтойгоор буюу зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн хариуцагчийн зүгээс гэрээний үүргээс санаатай зайлсхийгээгүй ба санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орж, үйл ажиллагааны төлөвлөгөө тасалдсан ба энэ тухайгаа ч нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан болно. Иймд нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь буюу 22 951.25 ам.долларыг буюу 57 113 104.5 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч Г ХХК хариуцагч Э ХХК, Л ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 181 260.03 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жилийн 18 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Л ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 37.596 м.кв талбайтай, 5 давхар барилгыг 511 м.кв талбай бүхий газрын хамт, Э ХХК-ийн 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

 Хариуцагч тал гэрээний хугацаанд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6 350 ам.доллар, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 9 338 ам.доллар төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээл 1 000 000 ам.доллар, зээлийн хүүд 158 309 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 22 951 ам.доллар, нийт 1 181 260.63 ам.доллар буюу 2 939 555 265 төгрөг төлүүлж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 Талууд үүргийн зөрчилд хүлээх хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд төлөх хувь, хугацааг нэг бүрчлэн тохиролцон тогтоосон байх тул гэрээний холбогдох заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, уг тохиролцоо нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 Зээлийн гэрээний 2.5-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байх ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн батлан даалтын гэрээний батлан даагч И.С-ын хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаа татан авах хүсэлт гаргасныг шүүх баталж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч тал тус шүүхэд ...хариуцагч Э ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх боловч тэрээр шүүх хуралдааны явцад уг хүсэлтээ дэмжээгүйг дурдах нь зүйтэй.

 Шүүх шийдвэрийг хариуцагч Э ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байх ба хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт нийцсэн байгааг тэмдэглэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 520 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыгтанилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                       ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                                            А.МӨНХЗУЛ