Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 102/2015/04107/И |
Дугаар | 183/ШШ2017/01326 |
Огноо | 2017-06-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/01326
2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2017/01326 | Улаанбаатар хот |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 7 дугаар байр, 67 тоотод оршин суух, Зэлмэ овогтой Баярсайханы Сувданчимэг /РД:ЖЭ87112901/-ийн нэхэмжлэлтэй,
зам тээврийн осолд гэм буруугүй болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвтогтох, иргэдийн төлөөлөгч Б.Баатар, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сувданчимэг 2017.04.13-ны өдрийн нэхэмжлэлдээ: “...Б.Сувданчимэг би өөрийн 76-80 УНВ улсын дугаартай Тоёота Пассо маркийн автомашинаа жолоодоод 2015 оны 02 дугаар сарын 09-ний орой 17.30 цагийн орчим Төмөр замын хэрэг эрхлэх газрын арын замд ертөнцийн зүгээр баруун талаасаа чигээрээ зүүн тийш явах гээд түгжрэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлж явахад замын голын үргэлжилсэнтусгаарлах цагаан шугаман дээр чанх хойшоо хараад зогсож байсан эмэгтэй хүүхдийн баруун талын хөлний ганц чигчий хурууг дайрч гэмтээсэн гэж цагдаагийн шинжээч, хэрэг бүртгэгч нар 2 зүйл ангиар буруутгаж хилсээр гүтгэж хуулийн хариуцлагад татаж хохироосон. Би тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээгүй. Нэхэмжлэлийн шаардлага: намайг 2015.02.09-ний оройн зам тээврийн осолд буруугүй гэдгийг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хамгийн анх Эрүүгийн хэрэг үүсгээд Баянгол дүүргийн Замын цагдаагийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0409 тоот дүгнэлт гаргасан. Уг 829 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлтийн хамгийн сүүлийн 4 ба 5 дахь асуултад хариу өгөөгүй. Зам тээврийн ослын үед хүүхдийн хөлийг дайрсан гэх зэргийг нотлохоор ямар нэгэн эд зүйл, баримт байх ёстой. Иймээс энэхүү 2 дүгнэлт болон Замын цагдаагийн гаргасан анхан шатны 0409 тоот дүгнэлт зэргийг нотлох баримтын хэмжээнд үзэж байгаа. Шүүх хурал болгонд хяналтын прокурорыг оролцуулах тухай хүсэлт гаргаж байсан,тухайн хүүхдийн өмсөж байсан гутал, болон түүн дээр мөргөсөн машины ул мөр байгаа эсэхийг тогтоосон нотлох баримтууд байхгүй байна. Харин хэргийн газрын үзлэг гэж замд зогсож байсан машины зургийг авсан байна. Иймээс Эрүүгийн хэргийн нотлох баримт бүрэн хэмжээнд хүрээгүй байхад шийдвэрлэсэн. Хохирогчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй тайлбарлаж хэлсэн байгаа. Сүүлд эвлэрэх тухай санал хэлээд хохирогчид 500 000 төгрөг төлөөд асуудлаа дуусгахаар эвлэрч, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан. Уг тогтоолыг хохирогч, сэжигтэн яллагдагчид 3 хоногийн дотор танилцуулж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй тухайгаа тайлбарлаж өгсөн бол дээд шатны байгууллагад гомдол гаргах ёстой байсан. Гэтэл ажилдаа хариуцлагагүй хандсанаар өнөөдөр л тогтоолыг авч байгаа. Энэ осолд гэм буруугүй болох нь Замын цагдаагийн газрын 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Механик тээврийн сургуулийн албан тоотоор нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн 201524000213 дугаартай хэрэгт авагдсан хохирогч н.Оюунгэрэл, гэрч н.Баттулга нарын гэрчийн мэдүүлэг, мөн замын цагдаагийн газрын шинжээчийн 0409 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Сувданчимэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тухайн үед яллагдагчаар татагдсан Б.Сувданчимэг нь ямар нэгэн хүсэлт, болон өөрийнхөө гэм буруугүй талаар гомдол гаргаагүй. Иймээс хэргийг шалгаж дуусаад, хохирогчид сайн дураараа 500 000 төгрөгийг төлж, прокуророос 2015 оны 03 сарын 11-ний өдөр хэргийг эвлэрсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолыг өөрсдөө мэдээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаатусгасан байдаг. Хэрвээ үнэхээр гэм буруугүй байсан, уг прокуророос гарсан тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд албан ёсоор дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдолоо гаргаагүй, тухайн үед мэдээгүй гэж хэлэх боловч иргэний шүүхэд хандсанаар 2 жил болж байна. Ийм учраас тухайн хүний гэм хорын асуудлыг иргэний шүүх шийдэхээс биш гэм буруутай эсэхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Тийм учраас нэхмэжлэлийн шаардлаыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Сувданчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б.Сувданчимэг анх гэм хорын хохиролд 6 500 000 төгрөгийг Төрийн сангаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015.05.04-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж “2015.02.09-ний оройн зам тээврийн осолд гэм буруугүй гэдгийг тогтоолгох”-ыг хүссэн байна.
Хэргийн баримтаас үзэхэд Б.Сувданчимэгийн зам тээврийн осол гаргаж, осол гаргасан талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлийн 215.1, 216.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллагдагчаар татсан болох нь 2015.02.25-ны өдрийн 201524000213 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2015.03.05-ны өдрийн сэжигтэнг яллагдагчаар татах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Замын цагдаагийн газрын 2015.12.23-ны өдрийн 821 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоосон хэдий ч “Тоёота пассо” маркийн 76-80 УНВ улсын дугаартай автомашины жолооч Б.Сувданчимэг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 болон мөн дүрмийн 2.5-ын а, б, в дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн буруутай болохыг тогтоосон 2015.02.14-ний өдрийн 0409 тоот шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.
Тээврийн прокурорын газрын 2015.03.11-ний өдрийн 196 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Гэгээгийн хууль ёсны асран хамгаалагч Г.Оюунгэрэл, яллагдагч нар сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөргүй” гэх үндэслэлээр ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б.Сувданчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх прокурорын тогтоолыг гардуулаагүй тул гомдол гаргах боломжгүй байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан тайлбарладаг боловч “Б.Сувданчимэгтэй харилцан тохиролцож хохирлын 500 000 төгрөгийг авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хохирогч Б.Гэгээний ээж Г.Оюунгэрэлийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгон, хэргийн материал танилцуулсан тухай баримт болон зохигчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Сувданчимэг өөрт холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэгдсэнийг мэдээгүй байх боломжгүй юм.
Нэхэмжлэгч тал “Замын цагдаагийн газрын 2015.12.23-ны өдрийн 821 дугаар шинжээчийн дүгнэлт, Механик тээврийн сургуулийн 2017.05.10-ны өдрийн 2/467 албан тоот”-оор нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон гэж тайлбарладаг боловч дээрх бичгийн баримтууд нь Б.Сувданчимэгийг зам тээврийн осолд буруугүй гэдгийг нотлохгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Сувданчимэг бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан, талууд харилцан тохиролцож хохиролд 500 000 төгрөг төлсөнөөр гэм хорыг хариуцан арилгасан байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сувданчимэгийн “2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн зам тээврийн осолд гэм буруугүй болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.19 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Д.ХУЛАН