Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01246

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01246

          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Польш улсын Краковт байрлах ПЛ5252418701, 525-241-87-01 дугаартай “Ошее Полска ХХК-ийн   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-13 , 36/213 хаягт байрлах  “Дэлгэр интернэшнл ХХК-д холбогдох,

хамтран ажиллах гэрээний үүрэг 8 нэр төрлийн 33 696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр 12092,33 евро буюу 32 181 197 төгрөг, хугацаандаа төлөөгүйн хохиролд 1 745 020 төгрөг нийтдээ 33 926 217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Урангоо, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Дэлгэр интернэшнл” ХХК нь 2014 оноос эхлэн Польш улсын “Ошее Полска” ХХК-тай холбогдоод үйлдвэрлэн гаргадаг спорт ундаа болон витаминжуулсан ундаануудыг нийлүүлэхээр болсон байна. Түүний дагуу барааны төрөл, үнийн тохиролцоо хийгээд ундаагаа Монгол улс руу 2015.03.31-ний өдөр явуулсан. Ингээд хариуцагч талаас бараагаа 04 сарын 27-ны өдөр хүлээж авлаа гэсэн утгатай цахим шуудан ирсэн. Хамгийн сүүлд 2015 оны 6 сард тооцоогоо явуулъя гэсэн захидал бичсэн. Түүнээс хойш ямар нэгэн шуудан захидал ирүүлээгүй, барааг илгээснээс хойш хуулийн хугацаанд нь “Ошее Полска” ХХК-ийн зүгээс  нэхэмжлэхээ илгээсэн боловч хүлээж авсан эсэх талаар мэдээлэл ирүүлээгүй. Барааг хүлээж авсан тухай мэдээлэл байдаг. Ингээд ямар ч холбоо барихгүй, хариу өгөөгүй тул хуулийн компанид хандаад уг компаниас “Дэлгэр интернэшнл” ХХК-д төлбөрөө төлөх тухай шуудангаар захидал явуулсан боловч бас хариу ирүүлээгүй байдаг.  Бидний зүгээс ундаа нийлүүлсэн тул төлбөрөө төлнө гэсэн тохиролцоотой байсан атлаа төлбөрөө шилжүүлээгүй, барааны нийт үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлж үлдсэн төлбөрөө төлчих гэхээр ямар ч хариу ирүүлээгүй, ямар нэгэн бизнесийн шинжгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. “Дэлгэр интернэшнл” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдсан боловч нийлүүлсэн барааны борлуулалт хийгдсэн, үлдэгдэл бараа хадгалагдаж байгаа нь иргэний маргаан болохыг   тогтоож эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Дараа нь бид иргэний шүүхэд хандсан боловч өнөөдрийн хүртэл төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учрыг нь асуухад  компанийн захирал байхгүй байгаа гэсэн хариу өгсөн. Иймээс барааны үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсний хохирлыг хадгаламжийн хүүгээр  тооцож   нийтдээ  33 926 217 төгрөгийг “Дэлгэр интернэшнл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Урангоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: талуудын хооронд бичгийн хэлцлийн дагуу маргаан гарсан тохиолдол Польш улсын Краков хотын дүүргийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байхад нэхэмжлэгч тал харъяалал зөрчиж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Манай талаас төлбөр төлөхгүй байгааүндэслэл нь  нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангагдаагүй, зах зээлд гологдол үүссэн, бараа бүтээгдэхүүнд их хэмжээгээр хаягдал үүссэн, урьд нь худалдаж авсан иргэдийн зүгээс харшил өгсөн талаар гомдлууд гаргасан, Монгол улсад урьд нь борлуулагдаж байгаагүй, Монгол улсын мэргэжлийн хяналтын байгууллагаар зөвшөөрөөгүй бараа бүтээгдэхүүний улмаас борлуулалт зогссон. Иймээс бид төлбөрийн үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болоод энэ тухайгаа нэхэмжлэгч талдаа мэдэгдэж байсан. Гэрээ байгуулагдсан гэдгийг талуудын хооронд цахим шуудангийн баримтууд, 2014 оны 12 сараас эхлэн 2015 оны 01 сард хүртэл гэрээ байгуулах урьдчилан нөхцөл болсон саналуудыг урьдчилан солилцож, цахим шуудан хаягаар “Дэлгэр интернэшнл” ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс Польш улсын тодорхой этгээдтэй харилцаж байсан цахим шуудангийн хуулбаруудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс хараахад талууд гэрээ байгуулахад урьдчилан тохиролцож байсан, Польш улсаас 2015.01.12-ны өдөр бид гэрээгээ хийж байгаа уг гэрээний төслөө дараагийн 7 хоногт явуулъя гэсэн захидал ирүүлсэн байдаг. Ингээд 01 сарын 20-ны өдөр гэрээ байгуулах төслийг цахим шуудангаар ирүүлсэн. Түүний дагуу “Дэлгэр интэрнэшнл” ХХК нь гарын үсгээ зураад, гэрээний хувийг нөгөө талдаа буцаагаад явуулсан. Иймээс талуудын хооронд бичгийн хэлцэл хийгдсэн. Уг хэлцлийн үндсэн төсөл нь “Ошее Полска” ХХК-иас ирсэн. Гэрээний дагуу бараа нийлүүлэгдсэн гэдэг нь тодорхой байгаа. Нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа үнээр 33 сая төгрөг, 12000 евро гэж дагалдах бичиг баримттайгаа ийм хэмжээний барааг гадаад улсуудадзээлээр худалдаж байгаа бол хэлбэрийн хувьд бичгийн хэлцэл хийхгүйгээр худалдаа наймаа хийх үндэслэл байхгүй. Энэ нь бодит нөхцөл байдалд хүчин төгөлдөр бичгийн хэлцэл байж, түүний дагуу талууд үнийн дүнгээ тодорхойлдог. Хэрвээ бичгийн хэлцэл байхгүй бол энэ үнийн дүнгээ яаж тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй.  Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох торгууль тооцсон талаар бичгээр хийсэн хэлцэл байхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дзаасныг үндэслээд цахим хэлбэрээр хэлцэл хийгдээгүй гэж үздэг, манай талаас Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2-т заасныг үндэслээд талуудын хооронд бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Бичгийн хэлцэл хийгдсэн байгаатай холбогдуулан бид тухайн үед Польш улсын тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй, зохих орчуулгатай баримтууд болон шуудан хаягаар харилцаж байсан баримтуудыг, мөн Монгол улсын хилээс бараа оруулсан гаалийн мэдүүлэг гэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Барааг хүлээж авахад бичгээр хийсэн гэрээгээ гаргаж өгч, албан ёсоор шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлж байсан. Нэхэмжлэл гаргахдаа компаниас олгосон итгэмжлэл нь эргэлзээтэй байгаа, мөн нэхэмжлэл гаргах өдрийн еврогийн ханшаар нэхэмжлэлийг гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар хөрвүүлэн тооцно гэсэн, тухайн үеийн ханш гэдгийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлох ёстой байсан. Иймээс эдгээр зүйлүүдийг үндэслэж “Ошее Полска” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыгхэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх нэхэмжлэгч “Ошее Полска” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Хариуцагч “Дэлгэр интернэшнл” ХХК-иас хамтран ажиллах  гэрээний үлдэгдэл төлбөр 12 092,33 евро буюу 32 181 197 төгрөг, хугацаандаа төлөөгүйн хохиролд 655.70 евро буюу 1 745 020 төгрөг нийтдээ 33 926 217 төгрөг гаргуулахыг нэхэмжлэгч тал хүссэн байна.

            Хэргийн баримтаас үзэхэд Польш улсын “Ошее Полска” ХХК-ийн спорт ундаа болон витаминжуулсан усыг худалдан борлуулах, хамтран ажиллах талаар харилцан тохиролцсоны дагуу 8 нэр төрлийн үнэ бүхий барааг нэхэмжлэгч тал илгээсэн, уг бараа 2015.04.27-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэнийг хариуцагч тал хүлээн авсан болох нь 2015.03.10-ны өдрийн хамтран ажиллах гэрээний төсөл, гаалийн хилээр бараа нэвтрүүлэх барааны 1346239 дугаартай мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

            Хариуцагч “Дэлгэр интернэшнл” ХХК-ийн санхүүгийн баримт болон бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, эрх бүхий албан тушаалтнуудын тайлбараар барааг Монгол улс руу тээвэрлэсэн зардал болон гаалийн татварыг худалдан авагч тал төлсөн, хүлээн авсан барааг  сүлжээ дэлгүүрүүдээр 29 694 818 төгрөгийн борлуулалт хийсэн, борлуулалтын мөнгөнөөс 12 181 924 төгрөгийг тээврийн зардалд, 6 020 597.19 төгрөгийг гаалийн татварт, 668 000 төгрөгийг дотоод тээвэр ачилтын зардалд төлж 18 870 510 төгрөгийг зарцуулсан, тус компанийн агуулахад 14 916 200 төгрөгний үлдэгдэл бараа хадгалагдаж байгаа болохыг  тогтоосон Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016.04.21-ний өдрийн 971 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна.

         Дээрх байдлаас үзэхэд хариуцагч тал бараа бүтээгдхүүний төрөл, чанар, тоо, үнэ зэргийг тохиролцон худалдаж авсан, барааны үнийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

         Нэхэмжлэгч тал бараа бүтээгдхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч тал барааг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд “Дэлгэр интернэшнл” ХХК нийлүүлсэн бараа доголдолтой байсан гэх боловч нотолсон баримтгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй байна.

         Иймд хариуцагч тал хүлээн авсан 8 нэр төрлийн 33 696 ширхэг бараа бүтээгдхүүний төлбөр 12 092 33 евро буюу 32 181 197 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэнээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй боловч еврогийн хадгаламжийн дундаж хүүг үндэслэн 655.70 евро буюу 1 745 020 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгч тал Монгол банкны 2016.12.07-ны өдрийн лавлагааг үндэслэн 12 092 33 еврог 2016.12.06-ны өдрийн Монгол банкны төгрөгийн евротой харьцах хаалтын ханш 2 661 29 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон болно.          

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар“Дэлгэр интернэшнл” ХХК-иас гэрээний үүрэг 12 092 33 евро буюу 32 181 197 төгрөг гаргуулж “Ошее Полска” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 740 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Дэлгэр интернэшнл” ХХК-иас 318 855  төгрөг гаргуулж “Ошее Полска” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 582 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ