Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 37

 

 

 

Ц.Отгонбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00409 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Дунд шавь овогт Цэдэнбалын Отгонбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Дунд шавь овогт Гөлгөөгийн Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-20 тоотод оршин суух, Цааснаахан овогт Баяраагийн Ганзориг,  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9-12 тоотод оршин суух, Бааж овогт Даваасамбуугийн Амгалантогтох нарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нямсансар, Ц.Отгонбаяр тэдгээрийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Анх Төгс Уян шил ХХК-ийн захирал Д.Амгалантогтохтой танилцаад манай газар дээр 12 айлын орон сууц барихаар ярилцаад, суурь ухах гээд бүх ажилд нь явсан. Барилгын зөвшөөрөлтэй компани яах вэ гэхэд Д.Амгалантогтох манай найз байгаа. Гурвуулаа хамтраад баръя. Ард ашгаа хувааж авъя гэж хэлсэн. Тэгээд барилгаа яаж барих вэ гэдэг асуудал тулгарахад гурвуулаа чадах хэмжээгээрээ материалуудаа зээлээд, оруулах мөнгөнүүдээ оруулаад, ашиглалтад өгсний дараа ашгаа хуваая гэсэн ам тохиролцоонд хүрсэн. Ингээд явж байх хугацаанд 11 сард ашиглалтад ороод Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгөх болоход Г.Нямсансар та хоёр Барилга хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгдөг юм байна. Тэгэхээр 12 айлын орон сууцыг Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгсний дараа нь гэрчилгээний асуудал яригдана. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, тохироод мөнгөө авалцъя гэсэн тохиролцоонд хүрээд Г.Нямсансар бид хоёр Барилга, хот байгуулалтын газарт өргөдлөө бичиж өгсөн. Үүний дараа хууль бусаар гэрчилгээ гарсан байна. Яагаад гэвэл энэ хүмүүс надтай заавал худалдах, худалдан авах гэрээ хийгээд, энэ хоёр гэрчилгээг хүчингүй болгосны дараа 12 айлын гэрчилгээ гарах байсан. Гэтэл Барилга, хот байгуулалтын газарт өгсөн өргөдлөөр аймгийн засаг даргын захирамж гаргуулаад, үл хөдлөх хөрөнгийн газарт очоод гэрчилгээнүүд гаргуулсан байна. Заавал гэрээ хийгдэх ёстой. Барилга баригдаж байх явцад хүмүүсээс маш их хэмжээний зээл авсан. О.Бадрахбаатараас 50 тонн цемент зээлээр авсан. Тоосгонд явах болоход шатахууны мөнгөгүй болоход Д.Загдхорлоотой ярьж 10,000,000 төгрөгийн шатахуун зээлээр авч, үйл ажиллагаа дуустал хэрэглэсэн. М.Энхээгээс 25,000,000 төгрөг зээлсэн. Сангийн асуудал гарахад Ц.Сэр-Од гэдэг дүүтэйгээ ярьж, Б.Ганзоригийг явуулж, сангийн материалууд зээлээр авсан. Хайрганы асуудал гарахад Дурдбай гэдэг хүнээс хайрга бүгдийг зээлж авсан. К.Нэргүйгээс анх тоосго зээлж авч байсан. Зарим хүмүүсийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд О.Бадрахбаатарын мөнгийг бүгдийг өгсөн гэж хэлсэн боловч өчигдөр О.Бадрахбаатар над руу 5,000,000 төгрөг өгөөгүй байгаа гэж ярьсан. Шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгөхөө болих хэрэгтэй. Үүргийг нь би үүрдэг, ард нь та хоёр ашгийг нь хүртдэг байж болохгүй. Анхнаасаа газар дээр чинь хоёр өрөө байр өгье гэж хэлсэн бол би заавал энэ хүмүүсээс зээл авч, ард нь хэл ам болохгүй байсан. Би оролцохгүй, та хоёрт худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд хоёр өрөө байраа авчихсан бол надад бүр амар байсан. Тэгээд өргөдөл бичээд өг гэж өргөдөл бичүүлж авчихаад гэрчилгээ гаргуулаад авсан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Иргэний хуульд нотариатаар баталгаажсан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэний дараа үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Хоёр хувийн татварыг Татварын албанд төлөх ёстой гээд заасан байгаа. 71.11 метр квадрат 8 ширхэг байр, 56.95 метр квадрат 4 ширхэг байр байгаа. 1,100,000 төгрөгөөр гэрээ хийгдсэн байгаа ба гэрээнүүд бүгд байгаа. Би өөрөө тооцохдоо метр квадратыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож бодсон. 71.11 метр квадрат подвал нэг ширхэг, 56.95 метр квадрат подвал нэг ширхэг байгаа ба үүнийг нийт тооцоод үзэхээр 903,516,000 төгрөг болж байгаа. Би төсөвчингөөр зардал хийлгэхэд 449,304,966 төгрөг болсон. 683,5 метр квадрат газрын үнэнд 71,110,000 төгрөгийн байр авсныг хассан. Нэмэгдсэн өртөгийн албан татварт 24,534,000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 293,945 төгрөг, цалин хөлсөнд 3,927,500 төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар 436,000 төгрөг гээд зардлуудыг бүгдийг хасахаар 353,908,690 төгрөгийн ашиг гарч ирж байгаа бөгөөд үүнийг гурван хүнд хуваахаар нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563 төгрөг гарч байгаа. Үүнээс Б.Ганзориг 71.11 метр квадрат байр авсан ба үүн дээр 56.95 мкв подвалын үнэ 34,170,000 төгрөг аваад нийт 105,280,000 төгрөгийн ашиг хүртсэн. Д.Амгалантогтохын хувьд 71.11 метр квадрат байрны үнэ 71,110,000 төгрөг, 42,666,000 төгрөгийн подвал авсан. Миний хувьд ашгаасаа 23,800,000 төгрөг авсан. 94,169,563 төгрөг үлдэж байгаа. 17,969,563 төгрөгийг бусад зардалдаа авах байх гэж тооцоод үлдэгдэл 76,200,000 төгрөгөө нэхэмжилж байна....Хариуцагчаар иргэн Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарыг татаж байна....Нийтэд нь 76,200,000 /далан зургаан сая хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн.” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: .2015 онд Д.Амгалантогтох, Ц.Отгонбаяр хоёр над дээр ирсэн. Д.Амгалантогтох Ц.Отгонбаяртай танилцлаа. Энэ хүний хашааны газар дээр барилга барьж болох нь уу, очиж үзээч гэж хэлэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ар талд, ямар ч дэд бүтэц байхгүй, тухайн үед тийшээ орон сууц баригдаж эхлээгүй, мухар хашаа байсан. Тэгэхээр нь шугам сүлжээ алга байна. Ийм хол газар шугам сүлжээ татахад их зардал гарна. Энд барилга барих боломжгүй юм байна гээд буцсан. Ард нь дахиж ирэхэд бид хамт тусалъя. Барилгын материалыг зээлж өгч тусалъя. Манай газар дээр барилга бариад хоёр өрөө байр өгчих. Өр зээлээсээ салмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд нь Б.Ганбаатар захиралд танилцуулахад үнэхээр энэ хүн чинь тэгж туслах юм бол энэ газар дээр барилга бариад 2 өрөө байрыг нь өг гэж хэлсэн. Тэгээд байраа бариад хоёр өрөө байр өгснийг Т.Хаш-Эрдэнэд зарсан. Урьдчилгаа 21,000,000 төгрөгийг Т.Хаш-Эрдэний хажууд бэлэн гаргаж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56,000,000 төгрөгийг Г.Нямсансарын данс руу шилжүүлсэн. Яагаад хөрөнгө оруулсан гээд байгааг ойлгохгүй байна. Хоёр гэрчилгээ байгаа гэж байна. Барилга баригдаад, улсын комисс хүлээж авсны дараа ХААН банк манай ипотекийн зээлээс төлөгдөж байж зээлээс суллагдсан гэрчилгээ юм. Улсын бүртгэлийн ажлыг ойлгохгүй байна. Ц.Отгонбаяр, Г.Нямсансар хоёр барилга баригдаж дууслаа, газрын гэрчилгээг чөлөөлж өг, тэгээд орон сууцаа ав гэсэн шаардлага тавьсан. Энэ хоёр өөрсдөө хөөцөлдөж байгаад орон сууцны зориулалттай гэрчилгээг манайд авч ирж өгсөн. Үүнд манай компаний зүгээс оролцсон зүйл байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө газрын харилцаанд хүсэлт гаргаад, тэр нь цаашаа Засаг дарга руу яваад захирамж гараад, өмчлөх эрх нь хүчингүй болоод, хүчингүй болсон газар дээр барилга баригдсан гэдэг утгаар нийтийн эзэмшил рүү шилжсэн. О.Бадрахбаатараас цементийн мөнгө авчихаад төлөөгүй байж яагаад худлаа хэлээд байгаа юм гэж Ц.Отгонбаяр хэлж байна. О.Бадрахбаатарт манай компаниас эхнэр К.Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн. 1,000,000 төгрөгөөр, 1,500,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгөөр шилжүүлж дуусгасан. Д.Загдхорлоогоос тоосго татахад 10,000,000 төгрөгийн шатахуун Хан-Орд ХХК-ний нэр дээр авч хэрэглэсэн. Манай компани бусад бүх байгууллагуудын адил компаниудтай гэрээ хийгээд ажилладаг. Тунгалаг буянт ХХК-тай 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн гэж байна. К.Нэргүйтэй би өөрөө гэрээ хийж тоосго авсан. Энэ тоосгоны мөнгийг төлөөд дууссан. Сайхан төмөрт ХХК-тай бид урьд нь ч харьцаатай байсан. Өмнө нь барилгын материал худалдаж авч, өгдөг байсан. Ховд аймгийн Турлиахт гээд компани бас зээлж аваад өгсөн. Түүний дагуу бид зээлийн гэрээ хийгээд, буцаагаад төлсөн. М.Энхээгээс 25 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй авсан. Тухайн үед надтай хамт миний багийн найз Д.Амгалантогтох явж байсан. Төгс Уян шил ХХК-ний захирал учраас хамт очоод авалцаад өгөөч гэж хэлсэн. Ц.Отгонбаяр харин тэр хүнийг таньдаг байсан. Тэгээд гурвууланг нь барьцаа болгож өгнө гэдэг утгаар нь гурвуулангаар нь гарын үсэг зуруулаад 25,000,000 төгрөг өгсөн. Одоо 20,000,000 төгрөгөө өгөөд 5,000,000 төгрөг дутуу, хүү өгөгдөөгүй байгаа. Барилгын дээврийн 90 ширхэг банз, хашааны банзны талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдөө барилга эхлэхийн өмнө орон сууцаа буулгаад, ачаад явсан. Энэ орон сууцыг Хан-Орд ХХК барьсан болохоос биш Д.Амгалантогтох бид хоёр бариагүй. Энэ бүх төлбөр тооцоо Хан-Орд ХХК-иас төлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан орд ХХК-ийн захирал Б.Ганбаатар шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тухайн үеийн зах зээлийн жишиг бол тухайн айлын газрыг авч оронд нь 2 өрөө орон сууц өгдөг жишгээр явагдсан. Бид үүргээ биелүүлээд байрны орж ирсэн мөнгийг бэлэн бөгөөд дансаар нь өгөөд дууссан. Энэ хүн өөрөө ямар нэгэн байдлаар манай компаний эрх ашигт халдаад ашгийн тооцоо гаргаад, ашиг алдагдлын тооцоо гараагүй байхад ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Анх зээл гарахад хашаа, байшин нь ХААН банканд 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас төлсөн. Мөн өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн....Ганпүрэвээс байрны урьдчилгаан гэж 6,000,000 төгрөгийг Хан-Орд ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Рэнцэнзэвгээс 1,500,000 төгрөг авч хэрэглсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг нь Хан-Орд ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. Хан-Орд ХХК-ний нэр дээр Алтайн Ойл ХХК-ний шатахуун түгээх газраас 2,592,150 төгрөгийн шатахуун Ц.Отгонбаяр авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Хан-Орд ХХК-иас дээрхи төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Эхнэр Г.Нямсансар эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн. Одоо хүртэл төлөөгүй....Нийт 26,392,150 төгрөгийг Ц.Отгонбаяраас нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Бие даасан шаардлага болох 26,392,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ганбаатар гэдэг хүн барилга баригдаж байх явцад та гурвын ажил юу болж байна гэж нэг удаа ирсэн. Чи цагаан өнгийн Corolla автомашин авчихсан намайг гэрийн үүдэн дээр буулгачихаад явсан. Өнөөдөр ямар нүүрээрээ энд орж ирээд энэ гурван хүний хийсэн ажлыг мэдэхгүйгээр надаас 26,392,150 төгрөг нэхэмжлээд сууж байгаа юм бэ. Чи энд ямар ч хамааралгүй. Б.Ганзориг би захирал нь гэж ирсэн. 15,000,000 төгрөгийн ХААН банкны зээлийг хааж өгсөн. Тэр бол миний ашиг. Би ашиг гэдэг утгаар авсан. Ганпүрэв гэдэг дүүгээ байранд оруулсан. Би түүнээс 6,000,000 төгрөгийг ашгаа авч байгаа гэдэг утгаар авсан. Содномбалжирт 800,000 төгрөгийн өртэй байсныг дарсан. Эхнэрээ эмчилгээнд явахад 500,00 төгрөг зээлсэн. Рэнцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг байр авна гэхээр нь урьдчилгаандаа авсан. 23,800,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлдээ бичсэнийг буцаагаад надаас Хан-Орд ХХК-ний захирал нь би байсан. Энэ хүнд зээлсэн гээд худал яриад сууж байна. Би гэрээнийхээ дагуу ашгаа авч байна гэдэг утгаар 23,800,000 төгрөг авсан. Алтайн Ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн гээд нийт 26,392,150 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Алтайн ойл ХХК бүх шатахуунаа өгдгөөрөө өгөөд, мөнгийг нь төлөөд дууссан. Өмнөх шүүх хуралдаанд Алтайн Ойл ХХК-нд ажиллаж байсан хүмүүс ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. 26,392,150 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00409 дугаар шийдвэрээр:“ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Отгонбаяраас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есэн мянга есэн зуун арван нэг/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй  гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл, 116 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхий хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 08.30 цагт эхлээд орой 19.30 цаг хүртэл бүтэн өдөржингөө хуралдаад, шүүх хуралдаан завсарлаж, шийдвэрээ гаргана гэж хэлээд зөвлөлдөх тасалгаанд орж 2 цаг гаруй хугацаа болсон боловч зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд шүүхийн шийдвэр бус шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Энэхүү захирамж нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.-д шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно гэж заасны дагуу бид шүүхээс шийдвэр гаргахыг хүлээж байсан бөгөөд шүүгч ч энэ үндэслэлээр зөвлөлдөх тасалгаанд орсон. Энэ хугацаанд шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа нь шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  Мөн  шүүгчийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан ойлголт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, Ц,Отгонбаяр, Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэдэг нь ямар баримтаар үгүйсэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл нь шүүгчийн хийсэн дүгнэлттэй тохирохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 76.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нар нь Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Б.Ганзориг, Д.Амгалантогтох нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Мөн уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь Ц.Отгонбаяраас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг Ц.Отгонбаяр нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Анхан шатны шүүх Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ний нэхэмжлэлтэй  Ц.Отгонбаяраас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Ингэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээд байдаг ба Б.Ганзориг, Г.Амгалантогтох нар нь уг нэхэмжлэлийг хариуцах этгээд байх тул нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдох 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай болжээ.

            Өөрөөр хэлбэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар, хариуцагч Б.Ганзориг, Г.Амгалантогтох нарын хооронд үүссэн маргаан бүхий харилцааг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримтад материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа үндэслэх хэсэгтээ бичээгүй, гуравдагч этгээд Хан-Орд ХХК болон Ц.Отгонбаяр  нарын хооронд ямар харилцаа үүссэн эсэхийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэл тус бүрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.Анхан шатны шүүх Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, ингээд 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаа дууссан тул 71.2-т зааснаар хэргийн хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар сунгасан[1] байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 12 өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2017 оны 1 дүгээр сарын 12-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл дахин 30 хоногийн хугацаагаар сунгасан[2] байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-ийг зөрчсөн байх бөгөөд шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 90 хоногийн хугацаанд шүүх хурал зарлаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гараагүй атлаа хуульд байхгүй дахин 30 хоногийн хугацаагаар хэргийн хугацааг сунгасан байна.

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн зөвлөгөөнийг шүүгч Б.Марина даргалж нэг шүүгчийн зөвлөгөөн хийсэн, шүүгч Ц.Оюун-Эрдэний гарын үсгийг нөхөн зурсан,  2017 оны 01 дүгээр сарын 12 өдрийн шүүгчдийн зөвлөгөөнийг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Б.Марина нар хийсэн боловч зөвлөгөөний тогтоолд шүүгч Б.Марина гарын үсэг зураагүй зэрэг алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар, тэдгээрийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах гомдлын тухайд:Анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан өглөө 09 цагт эхэлж, 19 цаг 10 минутад дууссан, уг шүүх хуралдааны талаар 56 хуудас тэмдэглэл[3] гарсан, ингэхдээ шүүгч зөвлөлдөж гарч ирээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлээр шийдвэр гаргаагүй бөгөөд харин “талуудыг мэтгэлцэх боломжоор хангахаар шүүх хуралдааныг хойшлууллаа” гэж захирамж гаргасан  байна.  Энэ нь шүүгч шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчим, шүүх хуралдааны дэгийг алдагдуулсан алдаа гаргасан боловч 2017 оны 8 сарын 09-ны өдрийн 409 дугаартай шийдвэрийг гаргахад нөлөөлөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 153/ШШ2017/00409 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5390000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                    М.НЯМБАЯР

 

           

 


[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас.

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудас

[3] Хоёрдугаар хавтаст хэргийн 150-206 дугаар хуудас