Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00225

 

 

Б.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00604 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 703 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Д

         Хариуцагч: Н.Б

          Хариуцагч: Л.Н

          Хариуцагч: “...кор ББСБ” ХХК

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц.Б   

          Нэхэмжлэлийн шаардлага:Нийслэлийн Баянгол дүүргийн .. дугаар хорооны ... тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууцыг “...кор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, 2018-06-22-ны өдөр Л.Н- болон “...кор ББСБ” ХХК-н хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

          Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Ц.Б-,Л.Н- нарын 2012-03-15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, Н.Б-ийн төлөөлөгч Л.О, Л.Н-ийн төлөөлөгч М.Ч, ...кор ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2012-03-15-ны өдөр БГД, ..-р хороо, .../1, ..../2 тоот хаягт байрлалтай, 3 давхар 182.4 м.кв талбай бүхий амины орон сууцыг “Б.... констракшн” ХХК-ийн захирал Ц.Б-аас худалдан авч байсан. Тус амины орон сууц нь 3 давхар нийт 273.6 м.кв талбай бүхий 3 залгаа, хаалга бүр нь тусдаа өмчлөлийн гэрчилгээтэй юм. Би худалдан авсан амины орон сууцныхаа 91.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж 3 давхар 3 өрөө орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Зүүн талынх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-......135 дугаарт бүртгэлтэй 91.2 м.кв 3 өрөө орон сууцыг газрын хамт 2012-05-28-ны өдөр авга эгч Н.Б-ид 300 сая төгрөгөөр худалдахаар амаар тохирсон. Ингээд Н.Б-ийн хүсэлтээр түүний хүү Л.Н-ийн нэр дээр орон сууцыг Ц.Б-аас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Н.Б- эгч нэг ч төгрөг төлөөгүй, худалдахаар тохирсон орон сууцаа бодитоор шилжүүлээгүй, байшинг манай гэр бүл бүхэлд нь эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл 2018-06 сарын сүүлээр манай байшинг үл таних хүмүүс худалдаж авах гэж байгаа гээд, ...кор ББСБ ХХК зар тавьсан байсан. Тодруулахад ...кор ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан, зээлээ төлөөгүй учраас худалдах гэж байгаа гээд өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ үзүүлсэн. Н.Б- эгч, түүний хүү Л.Н- нар нэг ч төгрөг төлөөгүй байж өөрсдийн нэр дээр гаргуулсан гэрчилгээг ашиглан миний зөвшөөрөлгүйгээр ББСБ-д барьцаанд тавьж, шилжсэн бололтой. ББСБ-н нэр дээр яаж яваад, ямар гэрээ хэлцлээр манай байшингийн өмчлөх эрх шилжсэн нь ойлгомжгүй байна. Иймд Ү-........135 дугаарт бүртгэлтэй 3 өрөө 91.2 м.кв амины орон сууцны өмчлөгчөөр Б.Д- болохыг тогтоож, ...кор ББСБ-н хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү... Л.Н- өөрийн нэр дээр гаргуулан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан гэрээний төлбөрт огт мөнгө төлөөгүй, өмчлөгч биш гэдгийг мэдсээр атлаа ...кор ББСБ-д барьцаалж, зээлийн гэрээний үүрэгт тооцуулан худалдан хууль зөрчсөн байна. Иймд 2018-06- 22-ны өдөр Л.Н- болон “...кор ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг өгнө үү гэжээ.   

       Хариуцагч Н.Б- тайлбартаа: Би Б.Д-өөс ..../1 тоот амины орон сууц, 2 газрын хамт 300 сая төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Тухайн үед манайх гайгүй бизнес эрхэлж байсан учир мөнгийг төлчихнө гэж бодож байсан боловч төлж чадаагүй. Байрыг Б.Д-өөс худалдаж авахдаа хүү Л.Н-ийн нэр дээр шилжүүлж авсан. Мөн байранд хүү Л.Н-ийн хадам амьдарч байгаад Б.Д-д суллаж өгсөн. Хүү Л.Н-ийн ...кор ББСБ ХХК-с авсан зээлийг огт мэдэхгүй гэжээ.

       Хариуцагч Л.Н- тайлбартаа: Миний бие БГД, ...-р хороо .../1 тоот Ү-.........135 дугаарт бүртгэлтэй амины орон сууц, .../5159 нэгж талбарын дугаартай 329 м.кв талбайтай газар, .../5162 нэгж талбарын дугаартай 214 м.кв талбайтай газрыг  Б.Д-өөс шилжүүлж авч байгаагүй, энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй. Миний бие өөрийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж өмчлөх эрхээ шилжүүлсэн болно. Б.Д-өөс мөнгө зээлэх, орон сууц зээлээр авах зэрэг ямар ч байдлаар гэрээ хэлцэл хийж байгаагүй, түүнд төлөх өр авлага байхгүй. ../1 тоот орон сууцны хувийн хэрэгт Ц.Б-аас Л.Н-ид шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнээс өөр ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг ямар нэг худалдах-худалдан авах гэрээ энэ хэрэгт баримтаар авагдаагүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн ярьж байгаа шиг халхавчилж хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгт байхгүй, зөвхөн талуудын тайлбар л байна. Иймд нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагч “...кор ББСБ” ХХК тайлбартаа: Нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. .../1 тоотын хууль ёсны өмчлөгч нь Л.Н- мөн бөгөөд энэхүү хууль ёсны баримт бичгийг л үндэслэж манай байгууллага нь .../1 тоот амины орон сууцыг худалдаж авсан. Л.Н- нь анх байраа барьцаалж манай байгууллагаас хоёр ч удаа зээл авсан. Улмаар мөнгөний хэрэгцээ гарсан гээд байраа бидэнд худалдахаар санал тавьсныг манай банк бус санхүүгийн байгууллага хүлээн аваад зээлийг олгосон. Бид Л.Н-ийн нэр дээрх гэрчилгээ, бусад бичгийн баримтуудыг хууль ёсны дагуу шалгаад л байрыг авсан. Хэрэв Б.Д-ий эрх ашиг нь зөрчигдөөд байгаа юм бол Н.Б-аас нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

       Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: 2012-03- 15-ны өдөр Л.Н-ид .../1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүсэж байна. Ц.Б-  Б... ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Б.Д-ий эх Д.С нь Б... ХХК-д 10%-н хувьцааг эзэмшдэг байсан. Д.С- нь өөрийн эзэмшдэг 10%-н хувьцааг Б... ХХК-ийн захирал Ц.Б-ын эхнэр А.Ц-т зарсан ба хувьцааны үнийг орон сууцаар төлөхөөр харилцан тохирсон юм. Ингээд Д.С-ийн 10%-н хувьцааны үнэд .../1, .../2 тоот хаягт байрлалтай амины орон сууцнуудыг Д.С-т өгөхөөр болсон.  Д.С-ийн хүсэлтийн дагуу .../1, .../2 тоот орон сууцнуудыг Н.Б- болон Л.Н- нарын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ц.Б- нь Н.Б- болон Л.Н-ийг өмнө нь огт харж байгаагүй, зөвхөн Д.С-ийн хүсэлтийн дагуу бэлэглэлийн гэрээгээр эдгээр хүмүүс рүү 10%-н хувьцааны үнэ болох орон сууцнуудыг шилжүүлсэн. Ц.Б- болон Д.С- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэвч талууд татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээгээр Л.Н- руу 2012-3-15-ны өдөр .../1 тоот амины орон сууцыг шилжүүлсэн болно. Иргэний хуулийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн бол уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхыг заасан. Иймд 2012-3-15-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул .../1 тоот орон сууц буцаад Ц.Б-ын өмчлөлд Иргэний хуулийн 56.5-т зааснаар шилжин ирэх ёстой. Гэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс уг .../1 тоот орон сууцыг Б.Д-ий өмчлөлд шилжин очино гэж ойлгож энэхүү бие даасан шаардлагыг гаргасан болно. Учир нь хувьцааны 10%-н төлбөр болох .../1, .../2 тоот амины орон сууцны төлбөрийг Б.Д-, түүний эх Д.С- нар төлсөн гэж үзэж байна гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 102/ШШ2019/00604 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлгүй тул Б.Д-ий нэхэмжлэл, Ц.Б-ын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428,150 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 703 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “.....101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгүүдэд заасан....” гэснийг “...110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дах хэсэгт...” заасан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 428,150 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “...А.Ц-ийн С-тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцож Н-ийн өмчлөлд шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий орон сууцыг Ц.Б-т Д.С- нь Н.Б-ид 300сая төгрөгөөр худалдаж байгаа гэж хэлсэн учир түүний хүсэлтийн дагуу дүр үзүүлсэн 2012-03-15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-гээр хөрөнгө Л.Н-ид шилжсэн. Ц.Б-, Д.С-тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт, Д.С- нь Б-ид 300сая төгрөгөөр худалдах хүсэл зориг байснаас, Л.Н-ид бэлэглэх хүсэл зориг байгаагүй. Дээрх байдлаар хоёр шатны шүүх талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг бэлэглэх хүсэл зориг байгаагүй байхад бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-г буруу тайлбарласан байна. Шүүх “...Түүнчлэн Д.С- хувьцааны үнэд авсан .../1 тоот амины орон сууцыг Н.Б-ид худалдсан бөгөөд уг орон сууцны үнийг төлөөгүйгээс гэрээнээс татгалзсантай холбоотой шаардах эрхийг Б.Д-д шилжүүлсэн талаар баримтгүй байна. Ийнхүү Б.Д-д шаардах эрхийг шилжүүлээгүй, түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд өмчлөгч бус этгээд болох Б.Д- нь өмчлөгчөөр тогтоолгох, хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй” гэсэн үндэслэлгүй байна. Б.Д-ий эх Д.С- 2019-01-21-ний өдрийн шүүх хуралдаанд .../1 тоот АОС-ыг ганц охин Б.Д-д бэлэглэсэн гэж мэдүүлсэн тул Б.Д- нь Д.С-ийн шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан. Мөн маргаан бүхий орон сууц өнөөдрийг хүртэл Б.Д-ий эзэмшил, ашиглалтад байж, Б.Д- ашиглалтын бүх зардлыг төлсөөр ирсэн билээ. Иймд Б.Д- өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй байна. Шүүх “... Н- нь “...кор” ББСБ-иас 2 удаа зээл авахдаа .../1 тоот амины орон сууцыг барьцаалсан байх ба уг гэрээг байгуулахад улсын бүртгэлд Н- бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчмын хүрээнд барьцааны гэрээг үгүйсгэх боломжгүй. Иймээс Л.Н-ийг барьцааны зүйл болох .../1 тоот амины орон сууцаар үүргийн гүйцэтгэх хангуулахаар 2018-6-22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг буруутгахгүй” гэсэн үндэслэлгүй байна. ББСБ Л.Н-ид зээл олгохдоо маргаан бүхий орон сууцанд очиж үзээгүй, одоо ч бодитоор эзэмшил, ашиглалтдаа шилжүүлж аваагүй, Д-ий эзэмшил, ашиглалтад байгаа юм. Шүүх .../1 тоот орон сууцыг хэн бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад, мөн орон сууцны хамаарал бүхий 214 м.кв газар хэний эзэмшилд байгаа үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй маргааныг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс Н- бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 183.1-д заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл “үнэн зөв” гэх шүүхийн тайлбар үндэслэлгүй байна. “...кор’’ ББСБ нь Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэрлэн заасан хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд юм. Мөн ББСБ-с зээл олгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 451.1-д зохицуулж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “...кор” ББСБ, Н- нар нь В17081041 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар барьцааг сонгосон байдаг. Л.Н- зээлийн гэрээний дагуу 2 сар хүү төлсөн, үндсэн төлбөр болон хүүг төлж барагдуулаагүй, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр 205,000,000 төгрөгийг “...кор” ББСБ-иас Л.Н-ид шилжүүлсэн баримтгүй зэргээс үзэхэд хувийн сууцны зориулалттай худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1 “хууль зөрчсөн”, 56.1.2 “дүр үзүүлсэн” хэлцэл байна. Мөн Л.Н- зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байхад барьцааг хэрэглэлгүй, дүр үзүүлсэн худалдах, худалдан авах гэрээг хийж, өмчлөлдөө шилжүүлэн авч худалдах гэж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 453.2, 231.1 зөрчсөн байна. Шүүхийн “Л.Н-ийг барьцааны зүйл болох .../1 тоот амины орон сууцаар үүргийн гүйцэтгэх хангуулахаар 2018-6-22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг буруутгахгүй” гэх тайлбар үндэслэлгүй, шүүхийн практикт буруу жишиг тогтоож байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч хяналтын гомдолдоо:    Магадлалд “...Хэргийн үйл баримтаар гуравдагч этгээд Ц.Б-ын эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүйгээс гадна Д.С-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул түүний бие даасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон зөв болжээ" гэсэн нь үндэслэлгүй болжээ. БГД ...-р хороо ../1 тоот амины орон сууцыг Ц.Б-т Д.С-, Б.Д- нар нь Н.Б-ид 300сая төгрөгөөр худалдаж байгаа гэж хэлсэн учир түүний хүсэлтийн дагуу дүр үзүүлсэн 2012-03- 15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-гээр Л.Н-ид шилжүүлсэн юм. Ийнхүү маргаан бүхий орон сууцыг Ц.Б-, Д.С-тэй байгуулсан худалдах:худалдан авах гэрээний төлбөрт, Д.С- нь Н.Б-ид 300сая төгрөгөөр худалдах хүсэл зориг байснаас, хэн алинд нь Л.Н-ид үнэ төлбөргүй бэлэглэх хүсэл зориг байгаагүй юм. Ц.Б- нь Л.Н-ийг огт танихгүй, уулзаж байгаагүй бөгөөд Л.Н-ид 300 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг газрын хамт бэлэглэх ямар ч шалтгаан байхгүй болно. Шүүх маргаан бүхий орон сууцыг талуудын хооронд бэлэглэх хүсэл зориг байгаагүй байхад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Ц.Б- ../1 тоот орон сууцыг Д.С-т худалдсан атлаа, Л.Н-ид бэлэглэсэн мэт 2 гэрээ хийсэн буруу үйлдлээс болж, одоо Д.С-, Ц.Б- нарын хооронд хувьцаа буцах маргаан үүсээд байна. Иймд Ц.Б- нь .../1 тоот орон сууцыг Л.Н-оос буцаан авах хүсэлтэй байгаа учраас бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Шүүхэд дээрх нөхцөл байдлаа тайлбарласаар атал шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3 буруу тайлбарласан байна. Хэрэв Ц.Б- нь дээрх байдлаар эрх ашиг нь хөндөгдөөгүй бол бие даасан шаардлага гаргах шаардлагагүй байсан билээ. Шүүх талуудын тайлбар, хэлцлийн агуулга, илэрхийлэлд буруу үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Б.Д- 2018-07-19-ний өдөр Н.Б-, “...кор ББСБ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ../1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууц /цаашид ../1 тоот сууц гэх/ -ны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг “...кор ББСБ” ХХК-ийн өмчлөлөөс чөлөөлүүлэх, Л.Н- “...кор ББСБ” ХХК-д холбогдуулж тэдгээрийн хооронд 2018-06-22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаардсан.

       Гуравдагч этгээд Ц.Б- нь Ц.Б-, Л.Н- нарын хооронд байгуулагдсан  2012-03-15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргажээ.  

       Анхан шатны шүүх нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг тус бүр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

       Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Б-ыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ. 

       Нэхэмжлэгч, хариуцагч нар нь ../1 тоот сууцны өмчлөлтэй холбоотой маргаан үүсгэсэн байна. 

       Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

      Өөрөөр хэлвэл, Ц.Б- нь ../1 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн тохиолдолд түүнийг маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гэж үзэх нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 29, 68 дугаар зүйлийн агуулгад нийцнэ.

      Гэтэл Ц.Б- нь Б.Д-д холбогдуулан ямар нэг шаардлага гаргаагүй, харин Л.Н-ид холбогдуулан 2012-03-15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан байна. 

      Иймд шүүх Ц.Б-ын шаардлагыг тодруулсны эцэст хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзнэ. 

     2. Шүүх нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч биш Д.С-, А.Ц- нартай холбоотой үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж, эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т нийцээгүй байна. 

     Маргааны үйл баримттай холбоотой этгээдүүдийг оролцуулах эсэх, оролцуулвал эрх зүйн байдлыг тогтоох зэрэг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буюу талуудын тайлбарын үндсэн дээр тодорхойлох нь  үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Д-ий ээж Д.С- нь /хх2-н 215/-д шүүхэд гаргасан хүсэлтдээ орон сууцыг нэхэмжлэгчид өгсөн талаараа дурдсан байна.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч хамтран оролцож болно. Хамтран нэхэмжлэгч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно.

     Иймд Б.Д-, Ц.Б- нарын шаардлага нь Д.С-, А.Ц- нарын эрх ашигийг хөндөж байгаа эсэх, Иргэний хуулийн 123 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэх эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болсон гэж үзэв.  

      3. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дурдсан үндэслэлийн талаар зохигч мэтгэлцээгүй буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

      Анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбоотой этгээдийг бүрэн оролцуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийсний эцэст хэрэгт буй баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00604 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 703 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 428,450 төгрөгийг Б.Д-д, гуравдагч этгээдээс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 357,950 төгрөгийг Ц.Б-т тус тус захирамжаар буцааж олгосугай.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ