Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 703

 

 

Б.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00604 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б , Л.Н , “И ББСБ” ХХК-д холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д  болохыг тогтоолгох, уг орон сууцыг “И ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Н  болон “И ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ц.Б-ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С,

Хариуцагч “И ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч П.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д-н ээж болох Д.Саранцэцэг нь “Боса” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд тус компанийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Д.Саранцэцэг нь 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцааг “Боса” ХХК-ийн захирал Ц.Б-ын эхнэр А.Цасчихэрт зарсан ба оронд нь буюу хувьцааны үнэд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1, 39/2 тоот хаягт байрлалтай амины орон сууцнуудыг хүлээн авсан. Тус амины орон сууц нь 3 давхар бөгөөд нийт 273.6 м.кв талбай бүхий 3 залгаа, хаалга бүр нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй юм. Д.Саранцэцэг нь эдгээр амины орон сууцнуудыг охин Б.Д-нд зориулан авч өгсөн. Өөрөөр хэлбэл бэлэглэсэн юм. Ингээд эдгээр хоёр амины орон сууцнуудыг тухайн үед Б.Д-н нэр дээр шилжүүлэх гэхэд Б.Д  нь Монгол Улсад байгаагүй учир Д.Саранцэцэг нь 39/2 тоот амины орон сууцны өмчлөлийг өөрийн хамаатан болон Н.Б ийн нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн. Харин 39/1 тоот амины орон сууцыг Б.Д  нь өөрийн авга эгч болох Н.Б ид 300 000 000 төгрөгөөр зарахаар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр аман хэлцэл байгуулсан. Учир нь Н.Б  нь өөрийн хүү Л.Н доо орон сууц авах хүсэлтэй байсан. Нэгэнт тэд төрөл садангийн улсууд учир 39/1 тоот орон сууцыг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н.Б ийн хүү болох Л.Н  руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн. 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байрны жинхэнэ эзэн болох Б.Д  гадаад улсаас Монголдоо ирсэн учир Н.Б  нь 39/2 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр буцаагаад Б.Д  рүү шилжүүлсэн. Энэ бүх хугацаанд 39/1 тоот байранд нь Н.Б ийн хүү Л.Н , түүний хадам нь амьдарч байсан. Гэвч Н.Б  нь 300 000 000 төгрөгөөр байрыг худалдан авах чадалгүй болсон учир 39/1 тоотыг 2015 оны 3 дугаар сардаа суллаж өгсөн, гэхдээ өмчлөлийг буцаан Б.Д-н нэр рүү шилжүүлж өгөөгүй, Б.Д  буцааж өгөхийг нь хүлээж байсан. Гэтэл Л.Н  нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй 39/1 тоот амины орон сууцыг И ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байсан. Тэрээр анх авсан зээлээ төлөлгүй явж байгаад нэмж дахин зээл авсан байдаг. Ингээд эдгээр зээлээ төлж чадахаа болимогцоо 39/1 тоот амины орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр И ББСБ ХХК-д нь буюу 39/1 тоотод ирж “...энэ байр нь манай байгууллагын өмч, бид бусдад худалдан борлуулах гэж байгаа” гэж хэлээд өөрсдийн нэрийн хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг үзүүлэхэд л мэдсэн. Иймд Б.Д  нь хариуцагч Н.Б  болон И ББСБ-уудад холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д  болохыг тогтоолгох, уг орон сууцыг “И ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх шаардлагууд гаргасан, эдгээр шаардлагуудаа бүрэн дэмжиж байна. Б.Д-н авга эгч Н.Б  нь гэрээний төлбөрт огт мөнгө төлөөгүй, нэхэмжлэгч ч орон сууцаа түүнд бодитоор шилжүүлээгүй, худалдахаа больсон тул нэхэмжлэгчийн орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болоогүй. И ББСБ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авч, бусдад худалдаалах гэж буй явдал нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөө эзэмших эрхийг маань ноцтой зөрчиж байна. 39/1 тоот хаягт байрлалтай амины орон сууц нь бодит байдал дээр Б.Д-н эзэмшил, ашиглалтад байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 39/1 тоот орон сууцны хувийн хэргийг шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтаас үзэхэд  Л.Н  нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №В17081041 тоот зээлийн гэрээг И ББСБ-тай байгуулан 100 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №В17092541 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг тус тус зээлж, зээлийн гэрээний барьцаанд нь миний эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 7 дугаар хороо 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууц, нэгж талбарын 25/5159 дугаартай 329 м.кв талбайтай амины орон сууцны доорх газар, нэгж талбарын 25/5162 дугаартай 214 м.кв талбайтай 39/2 тоот нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууцны доорх газрыг тус тус тавьсан байна. Л.Н  нь өөрийн нэр дээр гаргуулан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан гэрээний төлбөрт огт мөнгө төлөөгүй, өмчлөгч биш гэдгийг мэдсээр атлаа Б.Д-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалж, улмаар худалдсан үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн. И ББСБ нь хууль зөрчин уг үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан. Иймд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Н  болон “И ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Бие даасан шаардлагын хувьд Ц.Б нь 39/1 тоотыг Б.Д  рүү шилжүүлж байгаа гэж ойлгоод бэлэглэлийн гэрээг Л.Н той хийсэн байх. Одоо хурал дээр гаргасан тайлбарыг нь үзэхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулаад 39/1 тоот байрны өмчлөлийг Б.Д  рүү шилжих ёстой гэсэн тайлбарыг хийж байна. Иймд уг шаардлагыг хангах үндэслэлтэй. Б.Д-н ээж Д.Саранцэцэгийн нөхөр нь төрийн албан хаагч учраас л 39/1, 39/2 тоот байруудыг Н.Б  болон түүний хүү Л.Н  нарын нэр рүү шилжүүлсэн. Хэдийгээр хэрэгт 39/1 тоотыг худалдсан гэрээ байхгүй ч гэсэн худалдахаар тохирсон аман хэлцэл байгаа гэдэгт талууд маргахгүй байгаа гэж ойлгож байна. Энэхүү байртай холбоотой асуудлыг Б.Д  саяхан мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал 2018 оноос л яригдах ёстой. 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Н ид 39/1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээн дээр Л.Н  өөрөө гарын үсэг зураагүй, түүний ээж болох Н.Б  зурсан байгаа. Н.Б  өөрөө энэ үйл баримтын талаар маргаагүй учраас бид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ тодруулж байна. Гэхдээ манай зүгээс хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.

 

Хариуцагч “И ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 39/1 тоотын хууль ёсны өмчлөгч нь Л.Н  мөн бөгөөд энэхүү хууль ёсны баримт бичгийг л үндэслэж манай байгууллага нь 39/1 тоот амины орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд 39/1 тоот орон сууцыг худалдан авсан, хувьцааны үнийн оронд өгсөн гэж амаар хэлж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд л маргааныг шийдвэрлэдэг. Гэтэл энэ хэрэгт 39/1 тоотын өмчлөгч нь Б.Д  байсан тухай нэг ширхэг ч баримт байхгүй, мөн талуудын хэлээд байгаа худалдах-худалдан авах гэрээ ч байхгүй. Гагцхүү Д.Саранцэцэг гэж хүний гэрчийн мэдүүлэг байгаа. Гэтэл уг гэрч нь өөрөө Б.Д-н ээж бөгөөд түүний мэдүүлгийг дангаар үнэлэхэд эргэлзээтэй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2 дахь хэсгүүдэд заасан гэрээний талаарх маргааны хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа болох 6 жилийн хугацаанууд дууссан. Л.Н  нь 39/1, 39/2 тоот амины орон сууцнуудыг удаа дараа банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж байсан. Гэтэл энэ бүх хугацаанд ийм үйл явдал болж байхад Б.Д  ямар ч маргаан гаргаж байгаагүй. Үүнээс үзэхэд тэрээр 39/1 тоот сууцны өмчлөгч биш гэдэг нь харагдаж байгаа. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэгч талыг дэмжээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь бие даасан шаардлага гаргасан бол гуравдагч этгээд нь өөрөө нэхэмжлэгч болон хариуцагч нарын эсрэг байр суурьтай ажиллагаанд оролцдог, энэ ч үндэслэлээр шүүгч Ц.Б-ыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцуулсан. Гэтэл одоо түүний байр суурь өөрчлөгдөөд яваад байгаад гайхаж байна. Л.Н  нь анх байраа барьцаалж манай байгууллагаас хоёр ч удаа зээл авсан. Улмаар мөнгөний хэрэгцээ гарсан гээд байраа бидэнд худалдахаар санал тавьсныг манай банк бус санхүүгийн байгууллага хүлээн аваад зээлийг олгосон. Бид Л.Н ийн нэр дээрх гэрчилгээ, бусад бичгийн баримтуудыг хууль ёсны дагуу шалгаад л байрыг авсан. Хэрэв Б.Д-н эрх ашиг нь зөрчигдөөд байгаа юм бол Н.Б аас нэхэмжлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна. Манай зүгээс тодруулсан үндэслэлтэй нь танилцах хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  

 

Хариуцагч Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Н.Б  нь Б.Д-н аав, ээжтэй төрөл садан бөгөөд 39/1 тоот амины орон сууцыг өөрийн хүү болох Л.Н ид 300 000 000 төгрөгөөр авч өгөхөөр нэхэмжлэгч Б.Д-тэй амаар тохирсон байдаг. Гэвч мөнгөний бололцоо гараагүй учир тэрээр орон сууцыг нь чөлөөлж өгсөн. Н.Б  нь хүү Л.Н  нь яагаад 39/1 тоотыг аваад буцааж өгөхгүй байгааг, мөн яагаад бусдад худалдсан, зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдэхгүй байгаа. 39/1 тоот орон сууц нь Б.Д-н өмч мөн гэдэг дээр бид маргахгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг ч бид эсэргүүцэхгүй байгаа. 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Н ид 39/1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээн дээр Л.Н  өөрөө гарын үсэг зураагүй, Н.Б  зурсан тал дээр бид маргахгүй байгаа. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна, гэхдээ хариуцагч талаас хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.

 

Хариуцагч Л.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Л.Н  нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 39/1 тоот амины орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр нэр дээрээ шилжүүлэн авсан. Уг амины орон сууц нь хууль ёсны дагуу Л.Н ийн өмчлөлийн байр юм. Тэрээр Б.Д-н өмчлөлийн орон сууцыг хүчээр булаан авсан зүйл байхгүй, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байрны хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд ердөө бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон эсхүл бэлэг хүлээн авагч бэлэглэгчийн эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд л бэлэглэлийн гэрээг хүчингүй болгодог. Гэтэл ийм тохиолдол огт гараагүй. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Д  нь бүтэн 6 жилийн дараа буюу 2012 онд бэлэглэлийн гэрээ үйлдэгдсэнээс хойш өмчлөлийн асуудлаар маргаан гаргаж байгаа нь өөрөө сэжигтэй. 39/1 тоот орон сууцны хувийн хэрэгт Ц.Б-с Л.Н ид шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнээс өөр ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг ямар нэг худалдах-худалдан авах гэрээ энэ хэрэгт баримтаар авагдаагүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн ярьж байгаа шиг халхавчилж хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгт байхгүй, зөвхөн талуудын тайлбар л байна. Иймд нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаан дээр дэлгэрүүлж, тодруулан ярьж байна. Гэхдээ бид хугацаа авах шаардлага байхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-ын бие даасан шаардлага нь Ц.Б-с 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Н ид 39/1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай юм. Ц.Б нь “Боса” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд нэхэмжлэгч  Б.Д-н эх Д.Саранцэцэг нь “Боса” ХХК-д 10 хувийн хувьцааг эзэмшдэг байсан.  Д.Саранцэцэг нь өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцааг “Боса” ХХК-ийн захирал Ц.Б-ын эхнэр А.Цасчихэрт зарсан. Харин хувьцааны үнийг орон сууцаар төлөхөөр харилцан тохирсон юм. Ингээд Д.Саранцэцэгийн 10 хувийн хувьцааны үнэд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1, 39/2 тоот хаягт байрлалтай амины орон сууцнуудыг Д.Саранцэцэгт өгөхөөр болсон. Ингээд Д.Саранцэцэгийн хүсэлтийн дагуу 39/1, 39/2 тоот орон сууцнуудыг Н.Б  болон Л.Н  нарын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр тус тус шилжүүлсэн.  Иргэн Ц.Б нь Н.Б  болон Л.Н ийг өмнө нь огт харж байгаагүй, зөвхөн Д.Саранцэцэгийн хүсэлтийн дагуу бэлэглэлийн гэрээгээр эдгээр хүмүүс рүү 10 хувийн хувьцааны үнэ болох орон сууцнуудыг шилжүүлсэн болно. Ц.Б болон Д.Саранцэцэг нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэвч талууд татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээгээр Л.Н  руу 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 39/1 тоот амины орон сууцыг шилжүүлсэн болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн бол уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхыг заасан. Иймд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсоноор 39/1 тоот орон сууц буцаад Ц.Б-ын өмчлөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжин ирэх ёстой. Гэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс уг 39/1 тоот орон сууцыг Б.Д-н өмчлөлд шилжин очино гэж ойлгож энэхүү бие даасан шаардлагыг гаргасан болно. Учир нь хувьцааны 10 хувийн төлбөр болох 39/1, 39/2 тоот амины орон сууцны төлбөрийг Б.Д, түүний эх Д.Саранцэцэг нар төлсөн гэж үзэж байна. Талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ тодруулж байна. Гэхдээ манай зүгээс хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.   

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д  болохыг тогтоолгох, уг орон сууцыг “И ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Н  болон “И ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Б.Д-н нэхэмжлэл,  мөн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ц.Б-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Д-н ээж Д.Саранцэцэг нь "Боса" ХХК-ийг үүсгэн байгуулагч, 4 хувьцаа зэмшигчийн нэг юм. Д.Саранцэцэг өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаа, ногдол хувь эзэмших эрхийг 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр "Боса" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Цасчихэрт /Ц.Б-ын эхнэр/ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хэргийн 3 дугаар хавтас /54, 153 дах тал/ төлбөрт нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо 39/1, 39/2 тоот хаягт байрлалтай 3 давхар нийт 182.4 м.кв талбай бүхий АОС-ыг ганц охин Б.Д-н нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон байдаг. 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.Цасчихэр, Ц.Б нар хувьцааны төлбөр болох 39/1, 39/2 тоот АОС-ыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.  Ийнхүү шилжүүлэхдээ Л.Н  бид хоёр эзгүй байсан тул хариуцагч Н.Б  39/2 тоотыг А.Цасчихэрээс өөрийн нэр дээр, Ц.Б-аас 39/1 тоотыг хүү Л.Н ийн нэр дээр түүний өмнөөс бэлэглэлийн гэрээ, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, төлбөр тушаасан баримт бичигт гарьн үсэг зурж шилжүүлэн авсан. /хэргийн 1 дүгээр хавтас 82, 99,100 тал, 2 дугаар хавтас 165, 169/ Ингээд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Н.Б  БГД 39/2 тоот хаягт байрлах АОС-ыг миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлж өгсөн. Харин хариуцагч Н.Б  39/1 тоот АОС-аа худалдаж авахаа болиод надад 2015 онд суллаж өгсөн, би Л.Н оос өмчлөх эрхээ шилжүүлж авч чадаагүй юм. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд миний ээж Д.Саранцэцэг нь өөрийн биеэр ирж "...маргаан бүхий байрыг өөрийн эзэмшлийн "Боса" ХХК-ийн хувьцаагаар тооцож авсан, охин Б.Д-н нэр дээр авахаар тохиролцсон, гэхдээ бэлэглэлийн гэрээгээр авсан" гэсэн мэдүүлэг нь байгаа болно. Шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Миний ээж Д.Саранцэцэг надад 39/1 тоот АОС-ыг бэлэглэсэн, миний эд хөрөнгө тул би Д.Саранцэцэгийн шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан болно. Иймээс би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй. Хавтаст хэрэгт Д.Саранцэцэг, А.Цасчихэр нарын хувьцаа шилжүүлэх тухай бэлэглэлийн гэрээ, БГД 39/1, 39/2 тоот орон сууцыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, “Боса" ХХК-ийн үүсгэн байгуулахтай холбоотой дүрэм, хувьцаа эзэмшигчийн хурлын мэдэглэл, гуравдагч этгээд Ц.Б-ын бие даасан шаардлага, тайлбар, Д.Саранцэцэгийн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд авагдсан байхад шүүх "өмчлөлтэй холбоотой асуудлаар Б.Д  шаардлага гаргах эрх хууль болоод хэлцлийн үндсэн дээр үүссэн болох нь" баримтаар нотлогдохгүй байна гэсэн үндэслэлгүй байна. Хүнсний бөөний худалдааны "Боса" ХХК-ийн 10 хувийн хувьцааг Д.Саранцэцэг нь төлбөргүй бэлэглэх мөн тус компанийн хувьцаа эзэмшигчид А.Цасчихэр, Ц.Б нар өөрсдийн өмчлөлийн 500 гаруй сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй, танихгүй Н.Б , Л.Н  нарт шилжүүлж өгнө гэдэг боломжгүй юм. Хариуцагч Л.Н  нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б-ын шаардлага, тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй болно. Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Д.Саранцэцэг нь 1996 онд А.Алтанцэцэг, Ц.Б, Ц.Одсүрэн, нартай хамтарч БОСА ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Д.Саранцэцэг нь 2009 онд тус компанийн өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа Ц.Батбаярт худалдаж, төлбөрт нь Ц.Б, А.Цасчихэр нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 39/1, 39/2 тоот хаягт байрлах АОС-ыг шилжүүлэн авахаар тохиролцсон. Ийнхүү Ц.Б, Д.Саранцэцэг нарын хооронд хувьцаа худалдах-худалдан авах хэлцэл байсан болохоос биш Ц.Б-йгаагүй, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ц.Б, Д.Саранцэцэг нар “БОСА” ХХК-ийн хувьцаа шилжүүлэх хэлцлийн дагуу 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 39/1 тоот орон сууцыг шилжүүлэхдээ талууд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хэлцэл хийх байсан. Гэтэл Ц.Б, Д.Саранцэцэг нар нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасныг зөрчин хэлцэл хийсэн тул халхавчлуулж буй хувьцаа худалдах-худалдан авах хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ц.Б нь иргэн Л.Н ийг танихгүй, түүнтэй огт харьцаж байгаагүй бөгөөд уг бэлэглэлийн гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр дүр эсгэн хийсэн хэлцэл тул тухайн 39/1 тоот орон сууцыг Л.Н оос буцаан авах хүсэлтэй байна. Шүүх анхлан худалдсан, худалдан авсан гэх гэрээний талууд болон гуравдагч этгээдээс хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн бэлэглэлийн гэрээний талууд ондоо байх тул 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн "Орон сууцны бэлэглэлийн гэрээ-г" Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн хуульд нийцэхгүй байна. Маргаан бүхий орон сууцыг Ц.Б-с Л.Н  руу шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний ард хувьцаа худалдах- худалдан авах хэлцэл байсан учир гэрээний талууд өөр байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл болохыг тооцоход талууд нь заавал нэг байхыг шаарддаггүй юм. Гуравдагч этгээд Ц.Б-ын бие даасан шаардлага нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн "Орон сууцны бэлэглэлийн гэрээ-г" хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гэрээний нөгөө тал болох Л.Н ид холбогдуулан гаргасан ба бэлэглэгч, бэлэг хүлээн авагч хоёрын хоорондын харилцаатай холбоотой болохоос худалдах-худалдан авах гэрээний талуудтай хамааралгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч Н.Б , Л.Н , “И ББСБ” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “И ББСБ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 39/1 тоот амины орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагч Л.Н  “И ББСБ” ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Ц.Б хариуцагч Л.Н ид холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 39/1 тоот амины орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч Л.Н  болон “И ББСБ” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

“БОСА” ХХК-ийг Ц.Б, Ц.Одсүрэн, Д.Саранцэцэг, А.Алтанцэцэг нар 1996 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн байгуулан, Ц.Б-ын эхнэр А.Цасчихэр,  Д.Саранцэцэг нь “БОСА” ХХК-ийн 10 хувийн буюу 116 000 ширхэг хувьцааг А.Цасчихэрт 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлснээр А.Цасчихэр тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Д.Саранцэцэг, А.Цасчихэрт “БОСА” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээний агуулгаар тодорхойлсон боловч талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Уг гэрээгээр хүлээсэн үүргээ Д.Саранцэцэг биелүүлж хувьцаа шилжүүлсэн, А.Цасчихэр үнэ төлөх үүргийг 2 амины орон сууцаар тооцон шилжүүлэхээр тохиролцсон боловч 39/1, 39/2 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсчээ.

 

Маргааны зүйл болох 39/1 тоот амины орон сууц Ц.Б-ын өмчлөлийн зүйл байсан бөгөөд хувьцааны үнэд А.Саранцэцэгт шилжүүлэхдээ түүний нэрлэн заасан этгээд болох Л.Н ийн нэр дээр Ц.Б 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Д  нэхэмжлэлээ 39/1 тоот амины орон сууцыг Л.Н ид 300 000 000 төгрөгөөр худалдсан боловч үнийг төлж чадаагүй учир уг амины орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлсэн атлаа өмчлөлийг шилжүүлээгүй тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Н.Б  энэ талаар маргаагүй, хариуцагч Л.Н  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй татгалзлаа уг орон сууцны өмчлөгч Б.Д  биш гэж тайлбарласан байна.

 

Гэрч Д.Саранцэцэг шүүхэд “2009 онд компаниас гарахдаа “БОСА” ХХК-ийн захирал Ц.Б-ын эзэмшиж байсан 2 байрыг хувьцаагаар сольж охин Б.Д-д авсан. Уг 2 орон сууцны 39/1 тоотыг нөхрийн эгч Н.Б тай ярилцаж уг байрыг хүүдээ авч өг гээд Л.Н ийн нэр дээр шилжүүлсэн. Худалдсан орон сууцны үнэ 300 000 000 төгрөгийг төлөөгүй, амаар хэлцэл хийсэн” гэж мэдүүлжээ.

 

 Анхан шатны шүүх Д.Саранцэцэг А.Цасчихэр, Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар  243.1-д заасан хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Зохигчид 39/2 тоот амины орон сууцны талаар талууд маргаангүй, харин 39/1 тоот амины орон сууцны өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, эзэмшил нь хууль бус эсэх талаар талууд маргаж байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул Ц.Б 39/1 тоот амины орон сууцыг А.Цасчихэрийн Д.Саранцэцэгтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцож Л.Н ийн өмчлөлд шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч Л.Н ийг 39/1 тоот амины орон сууцны өмчлөгч биш гэж маргасан боловч тэрээр гэрээгээр маргааны зүйл болох 39/1 тоот амины орон сууцны өмчлөгч болж, эрхийн бүртгэлээр баталгаажуулсан тул өмчлөгч гэж үзнэ.

 

Түүнчлэн Д.Саранцэцэг хувьцааны үнэд авсан 39/1 тоот амины орон сууцыг Н.Б ид худалдсан бөгөөд уг орон сууцны үнийг төлөөгүйгээс гэрээнээс татгалзсантай холбоотой шаардах эрхийг Б.Д-д шилжүүлсэн талаар баримтгүй байна. Ийнхүү Б.Д-д шаардах эрхийг шилжүүлээгүй, түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд өмчлөгч бус этгээд болох Б.Д  нь өмчлөгчөөр тогтоолгох, хөрөнгөө бусдын хууль эзэмшлээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Хариуцагч Л.Н  нь “И ББСБ” ХХК-иас 2 удаа зээл авахдаа 39/1 тоот амины орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх ба уг барьцааны гэрээг байгуулахад улсын бүртгэлд Л.Н  бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн  зөв байх зарчмын хүрээнд барьцааны гэрээг үгүйсгэх боломжгүй. Иймээс Л.Н ийг барьцааны зүйл болох 39/1 тоот амины орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсаныг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч Б.Д-ийг хариуцагч Л.Н  болон “И ББСБ” ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, сонирхогч этгээд тодорхойлох боломжгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Бие даасан шаардлагын тухайд:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б нь Д.Саранцэцэгээс худалдаж авсан 10 хувийн хувьцааны төлбөрт маргааны зүйл болох 39/1 тоот амины орон сууцыг шилжүүлэн өгөхдөө худалдааны татвар төлөхөөс зайлсхийж, Л.Н ийн нэр дээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б Л.Н той байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч уг шаардлагаа тодруулахдаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 39/1 тоот амины орон сууцыг Д.Саранцэцэгт шилжүүлэх гэсэн агуулгаар тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх маргааны зүйл болох амины орон сууцыг худалдсан хэлцэл болон бэлэглэлийн гэрээний талууд өөр байгаа нь Ц.Б, Л.Н  нарын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсныг залруулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хууль болон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлд тавигдах шаардлага хангасан байх учиртай. Хэргийн үйл баримтаар гуравдагч этгээд Ц.Б-ын эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүйгээс гадна Д.Саранцэцэгийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул түүний бие даасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон зөв болжээ. Энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгүүдэд заасан” гэснийг “110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дах хэсэгт заасан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 428 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 357 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ