Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 604

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ард аюушийн өргөн чөлөө гудамж, 39/2 тоотод оршин суух, Доёд овогт Батсайханы Дөлгөөн /РД:уу88122222/-ий нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, АОС Д-1 тоотод оршин суух, Жигжид овогт Цэгмэдийн Батбаяр /РД:уе62041911/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 10 дугаар байр, 58 тоотод оршин суух, Наа овогт Намхайдавгын Банзрагч /РД:иэ57091769/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Сансар 7 гудамж, 15 тоотод оршин суух, Жинстэй овогт Лхагвын Нямдорж /РД:иэ79052073/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 10/1, Твин тауэр 402  тоотод оршин байх, “Инвескор” ББСБ /РД:6060854/-д холбогдох,

 

эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Нямдорж болон “Инвескор ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухайнэхэмжлэлтэй,

 

2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч “Инвескор ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, хариуцагч Н.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагч Л.Нямдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Н.Банзрагч, “Инвескор” ББСБ-уудад холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хамтран хариуцагчаар Н.Банзрагчийн хүү болох Л.Нямдоржийг татан оролцуулж нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Нямдорж болон “Инвескор ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн. 

1/ Хариуцагч Н.Банзрагч, “Инвескор” ББСБ-уудад холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх шаардлагуудын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.Дөлгөөний ээж болох Д.Саранцэцэг нь “Боса” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд тус компанийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Д.Саранцэцэг нь 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцааг “Боса” ХХК-ийн захирал Ц.Батбаярын эхнэр А.Цасчихэрт зарсан ба оронд нь буюу хувьцааны үнэд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1, 39/2 тоот хаягт байрлалтай амины орон сууцнуудыг хүлээн авсан. Тус амины орон сууц нь 3 давхар бөгөөд нийт 273.6 м2 талбай бүхий 3 залгаа, хаалга бүр нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй юм. Д.Саранцэцэг нь эдгээр амины орон сууцнуудыг охин Б.Дөлгөөндөө зориулан авч өгсөн. Өөрөөр хэлбэл бэлэглэсэн юм. Ингээд эдгээр хоёр амины орон сууцнуудыг тухайн үед Б.Дөлгөөний нэр дээр шилжүүлэх гэхэд Б.Дөлгөөн нь Монгол улсад байгаагүй учир Д.Саранцэцэг нь 39/2 тоот амины орон сууцны өмчлөлийг өөрийн хамаатан болон Н.Банзрагчийн нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн. Харин 39/1 тоот амины орон сууцыг Б.Дөлгөөн нь өөрийн авга эгч болох Н.Банзрагчид 300,000,000 төгрөгөөр зарахаар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр аман хэлцэл байгуулсан. Учир нь Н.Банзрагч нь өөрийн хүү Л.Нямдорждоо орон сууц авах хүсэлтэй байсан. Нэгэнт тэд төрөл садангийн улсууд учир 39/1 тоот орон сууцыг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н.Банзрагчийн хүү болох Л.Нямдорж руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн үйл явдал болсон байдаг.

2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байрны жинхэнэ эзэн болох Б.Дөлгөөн гадаад улсаас Монголдоо ирсэн учир Н.Банзрагч нь 39/2 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр буцаагаад Б.Дөлгөөн рүү шилжүүлсэн. Энэ бүх хугацаанд 39/1 тоот байранд нь Н.Банзрагчийн хүү Л.Нямдорж, түүний хадам нь амьдарч байсан. Гэвч Н.Банзрагч нь 300,000,000 төгрөгөөр байрыг худалдан авах чадалгүй болсон учир 39/1 тоотыг 2015 оны 3 дугаар сардаа суллаж өгсөн, гэхдээ өмчлөлийг буцаан Б.Дөлгөөний нэр рүү шилжүүлж өгөөгүй, Б.Дөлгөөн буцааж өгөхийг нь хүлээж байсан. Гэтэл Л.Нямдорж нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй 39/1 тоот амины орон сууцыг “Инвескор” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байсан. Тэрээр анх авсан зээлээ төлөлгүй явж байгаад нэмж дахин зээл авсан байдаг. Ингээд эдгээр зээлээ төлж чадахаа болимогцоо 39/1 тоот амины орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Инвескор” ББСБ-д худалдсан байгаа юм. Эдгээр болсон үйл явдлыг Б.Дөлгөөн нь сүүлд нь буюу “Инвескор” ББСБ-аас орон сууцанд нь буюу 39/1 тоотод ирж “...энэ байр нь манай байгууллагын өмч, бид бусдад худалдан борлуулах гэж байгаа” гэж хэлээд өөрсдийн нэрийн хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг үзүүлэхэд л мэдсэн. Иймд Б.Дөлгөөн нь хариуцагч Н.Банзрагч болон “Инвескор” ББСБ-уудад холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх шаардлагууд гаргасан, эдгээр шаардлагуудаа бүрэн дэмжиж байна. Б.Дөлгөөний авга эгч Н.Банзрагч нь гэрээний төлбөрт огт мөнгө төлөөгүй, нэхэмжлэгч ч орон сууцаа түүнд бодитоор шилжүүлээгүй, худалдахаа больсон тул нэхэмжлэгчийн орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болоогүй. “Инвескор” ББСБ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авч, бусдад худалдаалах гэж буй явдал нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөө эзэмших эрхийг маань ноцтой зөрчиж байгаа. Ер нь бол 39/1 тоот хаягт байрлалтай амины орон сууц нь бодит байдал дээрээ Б.Дөлгөөний эзэмшил, ашиглалтад байгаа юм.

2/ Хариуцагч Л.Нямдорж болон “Инвескор” ББСБ-уудад холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Нямдорж нь “Инвескор ББСБ” ХХК-д худалдсан. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 39/1 тоот орон сууцны хувийн хэргийг шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтаас үзэхэд  Л.Нямдорж нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №В17081041 тоот зээлийн гэрээг “Инвескор” ББСБ-тай байгуулан 100,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №В17092541 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг тус тус зээлж, зээлийн гэрээний барьцаанд нь миний эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 7 дугаар хороо 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууц, нэгж талбарын 25/5159 дугаартай 329 м2 талбайтай амины орон сууцны доорх газар, нэгж талбарын 25/5162 дугаартай 214 м2 талбайтай 39/2 тоот нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууцны доорх газрыг тус тус тавьсан байна. Л.Нямдорж нь өөрийн нэр дээр гаргуулан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан гэрээний төлбөрт огт мөнгө төлөөгүй, өмчлөгч биш гэдгийг мэдсээр атлаа Б.Дөлгөөний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалж, улмаар худалдсан үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн. “Инвескор” ББСБ нь хууль зөрчин уг үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан. Иймд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Нямдорж болон “Инвескор ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Бие даасан шаардлагын хувьд Ц.Батбаяр нь 39/1 тоотыг Б.Дөлгөөн рүү шилжүүлж байгаа гэж ойлгоод бэлэглэлийн гэрээг Л.Нямдоржтой хийсэн байх. Одоо хурал дээр гаргасан тайлбарыг нь үзэхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулаад 39/1 тоот байрны өмчлөлийг Б.Дөлгөөн рүү шилжих ёстой гэсэн тайлбарыг хийж байна. Иймд уг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж ойлгож байгаа. Б.Дөлгөөний ээж Д.Саранцэцэгийн нөхөр нь төрийн албан хаагч учраас л 39/1, 39/2 тоот байруудыг Н.Банзрагч болон түүний хүү Л.Нямдорж нарын нэр рүү шилжүүлсэн байх. Амьдрал өөрөө баялаг гэдгийг талууд ойлгох хэрэгтэй. Хэдийгээр хэрэгт 39/1 тоотыг худалдсан гэрээ байхгүй ч гэсэн худалдахаар тохирсон аман хэлцэл байгаа гэдэг дээр талууд маргахгүй байгаа гэж ойлгож байна. Энэхүү байртай холбоотой асуудлыг Б.Дөлгөөн саяхан мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал 2018 оноос л яригдах ёстой.

Цаашлаад хамгийн ноцтой асуудал нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Нямдоржид 39/1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээн дээр Л.Нямдорж өөрөө гарын үсэг зураагүй, түүний ээж болох Н.Банзрагч зурсан байгаа. Н.Банзрагч өөрөө энэ үйл баримтын талаар маргаагүй учраас бид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ тодруулж байна. Гэхдээ манай зүгээс хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ. 

 

Гуравдагч этгээд Ц.Батбаяр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Батбаяр нь Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Банзрагч, Л.Нямдорж, “Инвескор ББСБ” ХХК-иудад холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн. Ц.Батбаярын бие даасан шаардлага нь Ц.Батбаяраас 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Нямдоржид 39/1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай юм. Ц.Батбаяр нь “Боса” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд нэхэмжлэгч  Б.Дөлгөөний ээж Д.Саранцэцэг нь “Боса” ХХК-д 10 хувийн хувьцааг эзэмшдэг байсан.  Д.Саранцэцэг нь өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцааг “Боса” ХХК-ийн захирал Ц.Батбаярын эхнэр А.Цасчихэрт зарсан. Харин хувьцааны үнийг орон сууцаар төлөхөөр харилцан тохирсон юм. Ингээд Д.Саранцэцэгийн 10 хувийн хувьцааны үнэд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1, 39/2 тоот хаягт байрлалтай амины орон сууцнуудыг Д.Саранцэцэгт өгөхөөр болсон. Ингээд Д.Саранцэцэгийн хүсэлтийн дагуу 39/1, 39/2 тоот орон сууцнуудыг Н.Банзрагч болон Л.Нямдорж нарын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр тус тус шилжүүлсэн.  Иргэн Ц.Батбаяр нь Н.Банзрагч болон Л.Нямдоржийг өмнө нь огт харж байгаагүй, зөвхөн Д.Саранцэцэгийн хүсэлтийн дагуу бэлэглэлийн гэрээгээр эдгээр хүмүүс рүү 10 хувийн хувьцааны үнэ болох орон сууцнуудыг шилжүүлсэн болно. Уг нь бол Ц.Батбаяр болон Д.Саранцэцэг нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэвч талууд татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээгээр Л.Нямдорж руу 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 39/1 тоот амины орон сууцыг шилжүүлсэн болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн бол уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхыг заасан. Иймд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Уг нь бол уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсоноор 39/1 тоот орон сууц буцаад Ц.Батбаярын өмчлөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжин ирэх ёстой. Гэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс уг 39/1 тоот орон сууцыг Б.Дөлгөөний өмчлөлд шилжин очино гэж ойлгож энэхүү бие даасан шаардлагыг гаргасан болно. Учир нь хувьцааны 10 хувийн төлбөр болох 39/1, 39/2 тоот амины орон сууцны төлбөрийг Б.Дөлгөөн, түүний ээж Д.Саранцэцэг нар төлсөн гэж үзэж байгаа. Талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ тодруулж байна. Гэхдээ манай зүгээс хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.   

 

Хариуцагч “Инвескор ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 39/1 тоотын хууль ёсны өмчлөгч нь Л.Нямдорж мөн бөгөөд энэхүү хууль ёсны баримт бичгийг л үндэслэж манай байгууллага нь 39/1 тоот амины орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд 39/1 тоот орон сууцыг худалдан авсан, хувьцааны үнийн оронд өгсөн гэж амаар хэлж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд л маргааныг шийдвэрлэдэг. Гэтэл энэ хэрэгт 39/1 тоотын өмчлөгч нь Б.Дөлгөөн байсан тухай нэг ширхэг ч баримт байхгүй, мөн талуудын хэлээд байгаа худалдах-худалдан авах гэрээ ч байхгүй. Гагцхүү Д.Саранцэцэг гэж хүний гэрчийн мэдүүлэг байгаа. Гэтэл уг гэрч нь өөрөө Б.Дөлгөөний ээж бөгөөд түүний мэдүүлгийг дангаар үнэлэхэд эргэлзээтэй юм.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 75.2.1, 75.2.2 дахь хэсгүүдэд заасан гэрээний талаарх маргааны хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа болох 6 жилийн хугацаанууд дууссан. Л.Нямдорж нь 39/1, 39/2 тоот амины орон сууцнуудыг удаа дараа банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж байсан. Гэтэл энэ бүх хугацаанд ийм үйл явдал болж байхад Б.Дөлгөөн ямар ч маргаан гаргаж байгаагүй. Үүнээс үзэхэд тэрээр 39/1 тоот сууцны өмчлөгч биш гэдэг нь харагдаж байгаа. Мөн бие даасан шаардлага гаргаад байгаа гуравдагч этгээд нэхэмжлэгч талыг дэмжээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь бие даасан шаардлага гаргасан бол гуравдагч этгээд нь өөрөө нэхэмжлэгч болон хариуцагч нарын байрын эсрэг байр суурьтай ажиллагаанд орж явдаг, энэ ч үндэслэлээр шүүгч Ц.Батбаярыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцуулсан. Гэтэл одоо түүний байр суурь өөрчлөгдөөд яваад байгаад гайхаж байна. Л.Нямдорж нь анх байраа барьцаалж манай байгууллагаас хоёр ч удаа зээл авсан. Улмаар мөнгөний хэрэгцээ гарсан гээд байраа бидэнд худалдахаар санал тавьсныг манай банк бус санхүүгийн байгууллага хүлээн аваад зээлийг олгосон. Бид Л.Нямдоржийн нэр дээрх гэрчилгээ, бусад бичгийн баримтуудыг хууль ёсны дагуу шалгаад л байрыг авсан. Тэрнээс биш ямар нэг хууль бусаар 39/1 тоотын өмчлөгч болчихоод байгаа зүйл байхгүй. Хэрэв Б.Дөлгөөний эрх ашиг нь зөрчигдөөд байгаа юм бол Н.Банзрагчаас нэхэмжлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна. Манай зүгээс тодруулсан үндэслэлтэй нь танилцах хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  

 

Хариуцагч Н.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Н.Банзрагч нь Б.Дөлгөөний ээж, аавтай төрөл садангийн улсууд бөгөөд 39/1 тоот амины орон сууцыг өөрийн хүү болох Л.Нямдоржид 300,000,000 төгрөгөөр авч өгөхөөр нэхэмжлэгч Б.Дөлгөөнтэй амаар тохирсон байдаг. Гэвч мөнгөний бололцоо гараагүй учир тэрээр орон сууцыг нь чөлөөлж өгсөн. Н.Банзрагч нь хүү Л.Нямдорж нь яагаад 39/1 тоотыг аваад буцааж өгөхгүй байгааг, мөн яагаад бусдад худалдсан, зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдэхгүй байгаа. 39/1 тоот орон сууц нь Б.Дөлгөөний өмч мөн гэдэг дээр бид маргахгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг ч бид эсэргүүцэхгүй байгаа. 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Нямдоржид 39/1 тоот орон сууцыг шилжүүлсэн орон сууцны бэлэглэлийн гэрээн дээр Л.Нямдорж өөрөө гарын үсэг зураагүй, Н.Банзрагч зурсан тал дээр бид маргахгүй байгаа. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна, гэхдээ хариуцагч талаас хуульд заасан нэмэлт хугацаа авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.

 

Хариуцагч Л.Нямдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Л.Нямдорж нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 39/1 тоот амины орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр нэр дээрээ шилжүүлэн авсан. Уг амины орон сууц нь хууль ёсны дагуу Л.Нямдоржийн өмчлөлийн байр юм. Тэрээр Б.Дөлгөөний өмчлөлийн орон сууцыг хүчээр булаан авсан зүйл байхгүй, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр л байрны хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд ердөө бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон эсхүл бэлэг хүлээн авагч бэлэглэгчийн эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд л бэлэглэлийн гэрээг хүчингүй болгодог. Гэтэл ийм тохиолдол огт гараагүй. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь бүтэн 6 жилийн дараа буюу 2012 онд бэлэглэлийн гэрээ үйлдэгдсэнээс хойш өмчлөлийн асуудлаар маргаан гаргаж байгаа нь өөрөө сэжигтэй. 39/1 тоот орон сууцны хувийн хэрэгт Ц.Батбаяраас Л.Нямдоржид шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнээс өөр ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч нарын яриад байгаа шиг ямар нэг худалдах-худалдан авах гэрээ энэ хэрэгт баримтаар авагдаагүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн ярьж байгаа шиг халхавчилж хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгт байхгүй, зөвхөн талуудын тайлбар л байна. Иймд нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаан дээр дэлгэрүүлж, тодруулан ярьж байна. Гэхдээ бид хугацаа авах шаардлага байхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Н.Банзрагч, “Инвескор ББСБ” ХХК-д холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай шаардлагуудыг, харин хариуцагч Л.Нямдорж болон “Инвескор ББСБ” ХХК-д холбогдуулж тэдний хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөрбайгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Батбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба Ц.Батбаяр нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг гаргажээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагуудыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1/ Нэхэмжлэгч Б.Дөлгөөний шаардлага:

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо /16094/,Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 91.2 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ц.Батбаярын өмчлөлд, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Нямдоржийн өмчлөлд, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Инвескор ББСБ” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна /хх 58-180 хуудас/.    

 

 “...Нэхэмжлэгч Б.Дөлгөөний ээж болох Д.Саранцэцэг нь өөрийн эзэмшдэг  10 хувийн хувьцаагхудалдсан. Уг хувьцааны төлбөрт нь 39/1 тоот хаягт байрлалтай амины орон сууцыг хүлээн авсан. Ер нь бол Д.Саранцэцэг нь 39/1 тоот орон сууцыг охин Б.Дөлгөөндөө зориулж авч өгсөн ба тухайн үед Б.ДөлгөөнМонгол улсад байгаагүй учир Д.Саранцэцэг нь 39/1 тоот амины орон сууцыг өөрийн авга эгч болох Н.Банзрагчийн хүү Л.Нямдорж руу түр шилжүүлүүлсэн. Одоо Б.Дөлгөөн өөрийн өмчөө буцаан авах гэхэд Л.Нямдорж нь өөр этгээд рүү хууль бус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна” гэж нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагуудын үндэслэлээ тайлбарласан. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Дөлгөөнд маргааны зүйл болох 39/1 тоот амины орон сууцыг өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүссэн тул уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар аливаа шаардлага гаргах эрхтэй гэсэн агуулгаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. 

 

Өмчлөх эрх хуулийн дагуу болон хэлцлийн үндсэн дээр үүсэх боломжтой ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, мөн аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлж байгаа бол уг хэлцэл болон холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох учиртайг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгүүдэд заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийн хүрээндээ хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхээр дамжуулан авахаар хүсэлт гаргах эрхтэй байдаг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Б.Дөлгөөнд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1 тоот хаягт байрлалтай, хувийн сууцны зориулалттай 91.2 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлаар шаардлага гаргах эрх хууль болоод хэлцлийн үндсэн дээр үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Банзрагч, Л.Нямдорж, “Инвескор ББСБ” ХХК-иудад холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, мөн Л.Нямдорж болон “Инвескор ББСБ” ХХК-д холбогдуулж тэдний хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2/ Бие даасан шаардлага:

 

Гуравдагч этгээд Ц.Батбаяр нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцыг Л.Нямдоржид шилжүүлсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...39/1 тоот орон сууцыг Б.Дөлгөөний ээж Д.Саранцэцэгт 10 хувийн хувьцааны төлбөрт тооцож өгөхдөө түүний хүсэлтээр иргэн Л.Нямдорж руу шилжүүлсэн. Түүнээс биш би Л.Нямдоржийг огт танихгүй. Бид төлөх ёстой татвараас зайлсхийх гэж худалдах-худалдан авах гэрээ бус бэлэглэлийн гэрээг байгуулсан. Уг нь бол уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсоноор 39/1 тоот орон сууц буцаад Ц.Батбаярын өмчлөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжин ирэх ёстой. Гэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс уг 39/1 тоот орон сууцыг Б.Дөлгөөний өмчлөлд шилжин очих байх гэж ойлгож энэхүү бие даасан шаардлагыг гаргасан” гэж тайлбарлаж байна. 

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг заасан.

 

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэдэг нь уг хэлцлийг хэрэгжүүлэх, хэлцлийн дагуу эрх болон үүрэг хүлээх хүсэл зориггүй, уг хэлцлийнхээ дагуу ямарваа нэг үр дагавар бий болгохыг зорьдоггүй бөгөөд талуудын хооронд халхавчилсан мөн халхавчлуулсан хоёр хэлцэл хийгдсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл халхавчилсан болон халхавчлуулсан хэлцлийг хийсэн талууд нэг этгээд байх учиртай. 

 

Гэтэл зохигчийн болон гуравдагч этгээдийн тайлбаруудаас үзэхэд маргаан бүхий орон сууцыг анхлан худалдсан, худалдан авсан гэх гэрээний талууд болон гуравдагч этгээдээс хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн бэлэглэлийн гэрээний талууд ондоо байх тул 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн“Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м2 талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дөлгөөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг “Инвескор ББСБ” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Нямдорж болон “Инвескор ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хувийн сууцны зориулалттай байр, худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухайБ.Дөлгөөний нэхэмжлэл,  мөн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ц.Батбаярын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

        

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Н.ХАНГАЛ