Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 40

 

 

 

К.Алманбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, Ители овогт Кендебайгийн Алманбекийн нэхэмжлэлтэй, ХААН банкны Ховд салбарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б\75 дугаар тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Намайг сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. ХААН банкны захирал нь хуулийн дагуу намайг ажлаас халаагүй гэж үзэж байна. ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулахыг хүсч байна.... 99476805 дугаар надад байхгүй....Тухайн үед аудитын шалгалтаар ирсэн хүн намайг камерийн бичлэгийг ол гэсэн боловч би олж чадаагүй. Учир нь бичлэгийг гүйлгэж үзсэн болохоор завсарт нь үлдсэн байж магадгүй. Би хуурамч баримт бичиг үйлдээгүй, тухайн үеийн камерийн бичлэг байгаа” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: ХААН банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгч К.Алманбек нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь хуульд нийцэж, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Учир нь К.Алманбек нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын ноцтой зөрчил гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/231 тоот тушаалаар К.Алманбект 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг сахилгын шийтгэлийг яагаад ногдуулсан бэ гэхээр нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор чөлөө авалгүй ажил тасалж сахилгын зөрчил гаргасан учраас цалинг 20 хувиар бууруулах сахилгын зөрчил гаргасан юм.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт хамааралтай этгээдийн зээлийг холбогдох хороогоор нь шийдвэрлүүлэлгүй олгосон, удирдах ажилтантай зүй бусаар харьцсан, дохиолол хамгаалалтын аюулгүй байдлын ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй, теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй, удирдлагын касс тооцооны хуурамч баримт бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан.

Уг зөрчлүүд нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хийсэн аудитын шалгалтаар илэрсэн. Нэхэмжлэгч нь ХААН банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа кассын үйл ажиллагааны журмыг зөрчсөн.

Тооцооны төвийн эрхлэгч нь тухайн тооцооны төвийн кассын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй учраас гэнэтийн тооллогыг сард 2 удаа хийж байх ёстой.

Банкны хувьд касс гэдэг нь чухал байдаг учраас түүний аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ажиллах ёстой байсан боловч нэхэмжлэгч нь уг үүргээ зохих ёсоор биелүүлж ажилладаггүй мөртлөө удирдлагын кассын хуурамч бичиг баримт үйлдсэн байгаа юм. Тухайн тооцооны төвийн эрхлэгч нь тооцооны төвийн зээлийн хорооны дарга нь байдаг.

Зээлийн хорооны дарга нь тухайн тооцооны төвд шийдвэрлэгдэж байгаа зээлүүдийг хороогоороо шийдвэрлэж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх мэдэл бүхий албан тушаалтан юм.

Нэхэмжлэгч нь уг эрх мэдэл бүхий албан тушаал дээр ажиллаж байхдаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн байх бөгөөд үүнийг банкны ажилтны хувьд ёс зүйн ноцтой зөрчилд тооцдог.

 Нэхэмжлэгч нь харилцагчид зээл олгож, улмаар тухайн зээлээс өөртөө авч ашиглан буцааж төлдөг үйлдэл гаргасан. Үүнд Б.Айбат гэх хүнд 1,500,000 төгрөгийн зээл гаргаж, эргүүлээд уг зээлийг өөрийн дансанд шилжүүлэн авч санхүүгийн асуудлаа зохицуулсан зөрчил гаргасан.

Мөн зээл олгоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох эрхлэгчтэй хамаарал бүхий этгээдийн зээлүүдийг тухайн тооцооны төв дээр шийдвэрлэхийг хориглодог бөгөөд салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.

Гэтэл өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон байсан. Үүнийг нь тодруулж асуухад нэхэмжлэгч нь ийм журам байдаг гэдгийг мэдээгүй гэх зэрэг хариуцлагагүй хариулт өгч байсан. Мөн зээлийг олгохдоо эрхлэгч нь хяналт тавих үүрэгтэй байхад зээлийг хяналтгүйгээр олгосон зөрчил гаргасан.

Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг журмын дагуу хийгээгүй юм. Зээлдэгч нь банкнаас авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлэхэд эргэн төлөлтийн хуваарийг банк нарийн журмын дагуу гаргаж өгдөг.

Гэтэл эргэн төлөлтийн хуваарийг А.Болатбек гэх зээлдэгчид буруу хийж өгөн, эргэн төлөлтийг нь буруу хийлгэж, алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчлүүд нь аудитын шалгалтаар илэрч, холбогдох нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа юм.

Аудитын тайланг нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Зөрчил гаргасан гэдэг нь нотлогдон тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэрээр:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хариуцагч ХААН банкны салбарт холбогдох ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай К.Алманбекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтанд тулгуурлаагүй нь хуулийг зөрчиж байна гэж байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа үндэслэлээ: Нэхэмжлэгч К.Алманбекийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, нэгжийн дотоод хяналтын тогтолцоог зохистой түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт холбоотой этгээдийн зээлийг холбогдох шатны зээлийн хороогоор шийдвэрлэлгүй олгосон, удирдлага дахь ажилтанд зүй бус шаардлага тавьж журам зөрчсөн үйлдэл хийлгэсэн, дохиолол хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй, теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй удирдлагын касс тоолсон хуурамч баримт бурдүүлсэн, удирдлага дахь ажилтнаа журмын дагуу ажиллуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй болон үйлдлээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь Хаан банкны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Б/75 тоот тушаал, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд К.Алманбекийг сахилгын зөрчил гаргасан эсэх, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан ноцтой зөрчил гаргасныг нотолж тодорхойлоогүй, шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нйицэхгүй байна.

 Хариуцагч нь нэхэмжлэгч К.Алманбек нь ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан нь Ховд салбарын харьяа Ховд тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитын тайлангаар нотлогдоно гэж тайлбарладаг боловч К.Алманбекийг зөрчил гаргасан болох нь аудитын тайлан болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү “гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч К.Алманбек нь Хаан банкны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Хаан банкны Ховд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч К.Алманбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Хариуцагч Хаан банкны Ховд салбарын захирал нь нэхэмжлэгч К.Алманбекийг нийт 9 зөрчил гаргасан гэж үзэн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б/75 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Гэтэл ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ болгосон  9 зөрчлөөс “сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, нэгжийн дотоод хяналтын тогтолцоог зохистой түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй /дотоод аудитын тайланд К.Алманбекийн гаргасан зөрчил гэж тусгагдаагүй1 , ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн /2016.08.10/, өөрт холбоотой этгээдийн зээлийг холбогдох шатны зээлийн хороогоор шийдвэрлүүлэлгүй олгосон /2016.04.08/, удирдлага дахь ажилтанд зүй бус шаардлага тавьж журам зөрчсөн үйлдэл хийлгэсэн /дотоод аудитын тайланд К.Алманбекийн гаргасан зөрчил гэж тусгагдаагүй1/, удирдлага дахь ажилтнаар журмын дагуу ажиллуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй /дотоод аудитын тайланд К.Алманбекийн гаргасан зөрчил гэж тусгагдаагүй[1] ” гэх 6 зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” байна[2]

            Мөн Хаан банкны Дотоод аудитын газраас Ховд салбарын харъя Ховд тооцооны төвд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 хоногийн хугацаанд хийсэн иж бүрэн аудитын тайланд бичсэн “дохиолол хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллагаагүй /2017.03.30 өглөө 7 цаг 45 минтад/, теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй /тодорхой хугацаа байхгүй/, удирдлагын касс тоолсон хуурамч баримт бүрдүүлсэн /2017.02.13-2017.03.15/” гэх 3 зөрчлүүдийг хариуцагч үгүйсгэж маргадаг бөгөөд тухайн зөрчлүүдийн эх сурвалж нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл дотоод аудитын тайлан, тэмдэглэлээс өөр анхан шатны баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар “шүүхэд урдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” бөгөөд хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотолж ирүүлсэн дотоод аудитын тайланг шүүх дангаар нь мөн зүйлийн 40.1, 40.2-т зааснаар “тал бүрээс нь харьцуулан үзэх, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, Хаан банкны Ховд салбарын захирлын  2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б/75 тоот тушаалыг хүчингүй болгож, К.Алманбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

            Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг 840.000 төгрөгөөр тооцож, нийт 3 сар 7 хоногийн хугацааны нөхөн олговорт 2.793.488 төгрөгийг хариуцагч Хаан банкны Ховд салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан К.Алманбекийн хариуцагч Хаан банкны Ховд салбарт холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, Хаан банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, К.Алманбекийг Хаан банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2793488 төгрөгийг Хаан банкны Ховд салбараас гаргуулж К.Алманбекэд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар К.Алманбекийн гомдол нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Хаан банкны Ховд салбараас 129845 төгрөг гаргуулж, төрийн сангийн 110000321668 тоот дансанд оруулсугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгч К.Алманбек түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                                               Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

                                                                                                М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас ар тал

[2] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас