Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01144

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

            Дугаар 183/ШШ2017/01144

                          Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байр, Голомт банк /РД:2075377/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж-39, “Корпорейт хотел энд Конвейшн центр”-ийн 8 дугаар давхарт байрлах, “Алтандорнод Монгол” ХХК /РД: 2112868/

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, шилжүүлсэн төлбөр, хохирлын хамт нийт 34 107 602 452 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч Голомт банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтандорнод Монгол ХХК болон Япон улсын Иточу корпорацийн хооронд 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 50-MI-ZLT-MBL-E079-0, 50-MI-ZLT-MBL-E080-0, 50-MI-ZLT-MBL-E081-0, 50-MI-ZLT-MBL-E082-0, 50-MI-ZLT-MBL-E083-0 худалдааны гэрээнүүдийн төлбөр тооцоог гүйцэтгэхээр Алтандорнод Монгол ХХК нь Голомт банкаар нийт 1 782 360 263 иенийн дүнтэй таван аккедитивийг Япон улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээлгэсэн. Уг аккердитивийг нээлгэх зорилгоор Алтандорнод Монгол ХХК нь 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай дараах аккредитивийн гэрээ байгуулсан. Үүнд аккредитив 6050/ZLT/07 гэрээний №АГ0100080001 дүн 295 168 499 иен, аккредитив 6052/ZLT/07 гэрээний №АГ0100080002 дүн 426 683 592 иен, аккредитив 6054/ZLT/07 гэрээний №АГ0100080003 дүн 335 393 651 иен, аккредитив 6056/ZLT/07 гэрээний №АГ0100080004 дүн 403 804 565 иен, аккредитив 6059/ZLT/07 гэрээний №АГ0100080005 дүн 321 309 956 иенийн гэрээг байгуулсан. Дээрх гэрээний үүргийн дагуу аккердитивийн төлбөр хүүгийн хамтаар 2 092 490 948 иен буюу тухайн үеийн ханшаар 31 282 739 672 төгрөгийг Голомт банк нь 2009 онд Алтандорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Алтандорнод Монгол ХХК нь бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Япон улсын худалдааны арбитрын шийдвэрээр Алтандорнод Монгол ХХК болон Япон улсын Иточу корпорацийн хооронд байгуулсан нийт 8 475 710 335 иенийн дүнтэй 19 худалдааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүний дотор Голомт банк болон Алтандорнод Монгол ХХК-ийн байгуулсан дээрх аккредитивийн гэрээнүүдээр санхүүжигдсэн худалдааны хэлцлүүд  хамрагдсан байна. Үүний үндсэн дээр Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг Алтандорнод Монгол ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 329 тоот захирамжаар шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хүчингүй болгосон. Нэгэнт хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 1033 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсон тул шүүх хэргийг дахин хянан хэлэлцсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр  бус гэж үзэж аккредитивийн гэрээнүүдийн дагуу Алтандорнод Монгол ХХК-иас 31 282 793 672 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Голомт банк Алтандорнод Монгол ХХК-ийн байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцааж шаардаж байгаа тул Алтандорнод Монгол ХХК-ийн өмнөөс даалгавраар шилжүүлсэн төлбөр хохирол болох гэрээний дагуу олох байсан орлогыг хүүгийн хамт нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Голомт банк, хариуцагч Алтандорнод Монгол ХХК нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай аккредитивийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.

Талууд нэхэмжлэлийн шаардлага болох 34,107,602,452 төгрөгнөөс 20,607,602,452 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 13,500,000,000 /Арван гурван тэрбум таван зуун сая/ төгрөгөөр тохиров. Ингэхдээ талуудын хооронд шүүх болон хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг маргаануудыг нэгдсэн байдлаар эвийн журмаар хэлэлцэн тохиролцож дуусгавар болгож буйтай холбогдуулан ийнхүү бууруулж байгаа болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 13,500,000,000 /Арван гурван тэрбум таван зуун сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр болж талууд гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                              

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Алтандорнод Монгол ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, шилжүүлсэн төлбөр, хохирлын хамт нийт 34 107 602 452 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 34,107,602,452 төгрөгнөөс 20,607,602,452 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 13,500,000,000 /Арван гурван тэрбум таван зуун сая/ төгрөг төлөх,  төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцжээ.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Голомт банкны нэхэмжлэлтэй Алтандорнод Монгол ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 34,107,602,452 төгрөгнөөс 20,607,602,452 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 13,500,000,000 /Арван гурван тэрбум таван зуун сая/ төгрөгийг төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,695,962 төгрөгнөөс тал хувь болох 85,347,981 төгрөгийг улсын төсвөөс, 85,347,981 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ