Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1466

 

2020           08            10                                      2020/ШЦТ/1466

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч П.Ганбаатар,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У д холбогдох эрүүгийн 1902 00000 0201 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.3 дахь заалтад заасан “Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 43.1.4 дэх заалтад заасан “Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 43.1.7 дахь заалтад заасан “Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж,

Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Б-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар өөрийн хамаарал бүхий “0 ” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон буюу Жижиг дунд үйлдвэрийг  хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудыг зээл олгох журмыг зөрчиж зээл олгоход хатгаж, өөрийн хамаарал бүхий “0 ” ХХК-нд 800.000.000 төгрөгийн зээл авч, зээлийг зориулалтын бусаар зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Юуны өмнө жижиг дунд үйлдвэрийн асуудалд холбогдоод өнөөдрийг хүртэл энэ асуудал маань даамжраад энэ шатанд ирсэнд нь гэмшиж байгаагаа шүүгч болон прокурорт хэлье. Өмгөөлөгч нарын зүгээс надад энэ Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, үндэслэл, үр дагаврын талаар маш тодорхой тайлбарлаж өгсөн. Намайг гэм буруутай гэж үзэж байгаа энэ асуудал дээр би ямар нэгэн байдлаар маргахгүй гэдгээ илэрхийлж байна. Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийг нь зээлийн хүүтэй хамт олгосон өдрөөс нэг сарын дотор бүрэн хугацаанд нь төлж барагдуулсан. Мөн хэрэг шалгах үйл ажиллагааны явцад хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж дуудсан хугацаанд нь очиж мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгч, хариу тайлбараа биеэрээ болон бичгээр өгч, өмгөөлөгчтэйгээ хамт очиж байсан. Дахин энэ хэрэг дээр маргахгүй гэдгээ хэлж байна. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөлүүд байдлыг бас харгалзан үзнэ үү гэдгийг шүүгчээс хүсч, надад торгуулийн арга хэмжээг оногдуулж өгнө үү. Би өөрийнхөө хүсэлтийг удаа дараа шүүгчид уламжилж байсан. Би энэ жижиг дунд үйлдвэрийн үйлчилгээг дэмжих тухай хуулийн ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Би яагаад энэ үг, өгүүлбэрүүдийг хэлж байна гэхээр энэ маань бас хөнгөрүүлэх нөхцөлд орох болов уу гэж бодож байна. Т гэдэг залуутай төрийн ордонд уулзаж байсан. Энэ хүн төрийн ордонд байнга явдаг. Мэдээж ажлын хэсэг дээр өөрийн биеэр орж ирж хуулийнхаа мэргэжилтэнгүүдтэй хамтарч  хуулийнхаа төслийг мэтгэлцэж байсан. Т-ийн мэдүүлсэнчлэн утсаар ярихдаа дарамталсан асуудал бол байхгүй, би давтан хэлмээр байна. Миний хүмүүжлийн хувьд, боловсрол, мэдлэгийн хувьд ч тэр хүнийг дарамтлах, Т-ийн мэдүүлэг дээр байсанчлан тийм ёс суртахуун надад бол байхгүй. Би мөрдөн байцаалтын явцад удаа дараа мөрдөн байцаагчид хүсэлт гаргаж байсан. Би Төгсбилэгтэй нүүр тулъя, нүүрэлдэх хүсэлт гаргаж өгсөн. Тэгэхэд миний энэ хүсэлтийг авч хэлэлцээгүй, надад ийм боломжийг олгоогүй гэдгийг хэлье. Жижиг дунд үйлдвэрийн сангаас 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А33/19 тоот албан бичиг гэж ярьж байгаа. Энэ нь өөрөө тухайн “0 ” компанид энэ бичиг нь ирсэн. Ер нь бол энэ яаж үүссэн юм бэ гэвэл 2017 онд энэ эмийн үйлдвэр хийх гээд “0 ” үйлдвэрийн компани маань өөрөө Батзориг сайдаас өмнө Монгол Улсын Засгийн Газар Хүнс Хөдөө Аж Ахуйн Яаманд хүсэлт өгөөд энэ төсөл эхэлсэн. Эхлээд энэ төсөл дээрээ 600.000.000 төгрөг авсан. Уг төслийг маш сайн төсөл байна гээд эмийн үйлдвэрлэлийг олон улсын стандартын дагуу импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа гэдгийг Засгийн газар дэмжээд, эхний ээлжинд энэ жилийнхээ хугацаанд эдийн засаг нөхцөл байдал бололцоо бага байгаа учраас 600.000.000 төгрөгийг олгосон. Тэр төсөл дээр явж байгаа залуучууд маань энэ төсөл амжилттай хэрэгжих байх гээд үргэлжлүүлээд жилд та нар энийгээ аваарай, эхлээд манай энэ мөнгөөр эхнийхээ ажлуудыг танайх өөрсдийнхөө ажилтанд юмаа нэмэгдүүлээд яваа гэж ажил эхэлсэн. Ер нь бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гэдэг бол ямар нэгэн Улсын их хурлын гишүүний эрх мэдэлтэнгээс хамаарахгүй, энэ хүмүүс өөрсдөө итгэл үнэмшилд зориулаад ажлаа хийгээд өдөр тутамд үйл ажиллагаа явуулж байгаа. Хэн нэгэн хүнээс юмаа асууж, зөвлөж энийг хийх үү, тэрийг хийх үү, энэ бол мэргэжлийн баг олон улсын мэргэжилтэнгүүдтэй ажилласан ийм л төсөл. Энэ төслийг 2017 онд эхний санхүүжилтээ авчихаад явж байгаад дараа нь 2018 онд ахиад дараагийнхаа юмыг авсан. Авахад өнөөдөр хавтаст хэрэгт мөн адил байгаа. Т гэдэг шинээр орсон энэ залуу бичиг баримт бүх юмаа анхнаас нь эхлээд өгөө, та нарын түрүү жил авсан нь энд хамаагүй гэж удаа дараа “0 ”-д ийм агуулгатай бичгүүд өгсөн. 2 янзын бичиг өгсөн. Үүнд мэдэгдэл хүргүүлэх тухай гээд та нар дахин манай компаниас бид нарын боловсруулсан журам тендерт дахин оролцох, та нарын урд авсан жижиг дунд үйлдвэрийн сангийн энэ зээлийн үргэлжлэл байхгүй. Бидэнтэй дахиад харьц гэсэн ийм юмыг бичгээр дахин өгсөн. Энэ нотлох баримт байгаа гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Энэ дээр төслийн шийдвэрт холбогдох зээлийн гэрээ, мөн барьцаа хөрөнгийг хамгийн анх авахдаа барьцаа хөрөнгө маш сайн хангалттай байх ёстой гээд 2 тэрбум гаран төгрөгийн барьцаа хөрөнгө авсан учраас Ариунболд гэдэг хүн очиж төслийг дэмжиж, хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн. Тэр хүн энэ дээр авсан зүйл байхгүй. 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэдгийг шүүгчид албан ёсоор мэдэгдье. Ер нь эм үйлдвэрлэх эмнэлгийн тоног төхөөрөмж авахад Монгол улсын хуулиар онцгой, тусгай, зөвшөөрөлтэй, лицензтэй авдаг. Нэг компани байгууллагадаад хэдэн залуучууд би ийм зүйл хийх гэж байна гэхэд ямар ч юм авдаггүй. Тийм учраас ямар ч 83 жилийн түүхтэй Монгол улсын 00000  компанид очиж төслөө танилцуулаад тэр төслийг дэмжээд, тоног төхөөрөмжийг авах гадны харилцагч нартай холбож өгөөд, ингэж л банкаар дамжуулсан түүхийг хэлдэг. Манай өмгөөлөгч нэмж хэлэх байх гэж бодож байна. Өдөрт 800.000.000-1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зөвхөн энэ 10 дугаар сард байна. Үүнийг манай өмгөөлөгч Сайнгэрэл тусгайлан ажиллаад надад энэ мэдээллийг өгч байсан. 2018 оны жижиг дунд үйлдвэрийн сан авсан гэдэг 26 тэрбум төгрөгийн орлого концернд орсон. Хаан банктай ямар үйл ажиллагаа явуулах вэ гэвэл шугамын зээл, тухайн сар болгоны 12-ны өдөр өөрсдөө дансанд байгаа мөнгөнөөс ямар нэгэн удирдлагаас нь үл хамаарч шууд автоматаар авдаг эрхтэй. Энэ талаар манай өмгөөлөгч сайн тайлбарлах байх. Хэрвээ орон сууцны ипотекийн зээлтэй байлаа гэж бодоход эхнэр нь зээлтэй байлаа гэхэд нөхрийнх нь картнаас автоматаар татагдана уу гэхээс биш энэ мөнгө өнөөдөр хүүхдийн төлбөр, эмчилгээнд явах ёстой гэсэн ойлголт байхгүй. Хувь хүн дээр, аж ахуйн нэгж дээр ч тэр автоматаар татагддаг. Хаан банкинд энэ баримтаа өгсөн байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна. Яагаад гэвэл барилгын ажил нь явагдаж байсан хана, дээвэр нь онгорхой байх үед эмийн тоног төхөөрөмжөө оруулж ирж байсан. Энэ дээр маш яаралтай байж сувилуулахын тулд төлбөр тооцоонуудыг шилжүүлж байсан. Барилга баригдаад дууссаны дараа ямар нэгэн тоног төхөөрөмж, ялангуяа эм бэлтгэх зүйл чинь маш нарийн зүйл. Энэ дээр тоног төхөөрөмжийг том компаниар төлбөр тооцоо хийнэ үү гэхээс биш анх удаагийн компанитай ямар ч баталгаа гаргаж өгөхгүй. Хичнээн 100 хувь төлөөд авах байсан ч, яагаад гэвэл манай тоног төхөөрөмж, тэр улсын тоног төхөөрөмж нь Монгол улсын мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн хамгаалах яамын зүйл заалт онцгой зөвшөөрөлтэй нийцэх үү, үгүй юу мэргэжлийн хяналттай нийцэх үү, үгүй юу дүрэм зөрчиж тэр аж ахуй нэгж хил гааль дээр саатагдахаас маш их хамаардаг. Өөрийнх нь нутаг дэвсгэрээс 100 хувь төлөгдсөн байсан ч гэсэн гаргахгүй. Яагаад гэвэл тухайн орны бүх зөвшөөрөл нь байж хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж итгэмжлэгдсэн лиценз тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр тоног төхөөрөмж гардаг гэдгийг хэлэхийг хүсч байна. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн энэ асуудал бол байхгүй гэдгийг онцолж хэлье. Банкны автомат систем автоматаар татдаг. Хаан банк өөрөө сая гаруй харилцагчтай. Аж ахуй нэгж, хувь хүн тэр болгоныг нэг теллер юм уу, нэг хүн шалгаад явдаг юм уу, он сар өдрөөрөө бүх юм програмчилсан автоматаар татагддаг. 5 дахь өдрийн орой тэр мөнгө татагдсан байхад 13-ны өдөр дансны хуулга дээр 00  800.000.000 төгрөг 10-нд бүтэн сайн өдөр тэдэн зуун сая төгрөг гээд гүйлгээгүйгээр данс руу нь хагас бүтэн сайнд ч гэсэн гүйлгээ орж ирдэг. Ер нь энэ компанийн өөрийн онцлог нь өнөөдөр бид нар Ковид-19 гэж үүний өмнө гарсан саарс бусад бүх юмнууд дээр дэлхийн хамгийн сайн гэх олон улсын эмнэлгийн эм болох эмийн үйлдвэрүүдтэй харилцдаг түүхэн уламжлалтай. Тухайн дансанд 2, 3 хоногт бол тэрбум гаран төгрөг орсон, дансны хуулга баримтаас харагдана. Би энэ санд байдаг. Эдийн засгийн байнгын хороонд, нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хороонд байдгийн хувьд эрүүл мэндийн асуудал өөрөө Боловсролын дэд сайд байсны хувьд боловсролын асуудал хүмүүсийн нийгмийн асуудал дээр илүү түлхүү анхааралтай ажиллаж байдаг юм гэдгийг эрхэм шүүгчид хандаж хэлэхийг хүсч байна. Би эрхэм шүүгч, прокурорт нэг зүйлийг анхааруулахыг хүсч байна. Миний ярьж байгаа зүйлүүд маань эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үүднээс хэлж байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн хүнтэй маргалдаж, хэн нэгэн хүний хэлсэн ярьсантай тэгж маргалдахгүй, би гэм буруугаа хүлээж гэмшиж байгаагаа дахин хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна. Миний бие 2000 оны эхээр 2005 онд бүдүүн гэдэсний хорт хавдраар 4 дүгээр үед орсон. Монгол улсад эрүүл мэндийн салбарт бараг бүдүүн гэдэсний дуран байхгүй үед Оросын холбооны улсад очоод бүдүүн гэдэс болон миний хэвлийн хэсэг нээлттэйгээр хагалгаанд орж дахин надад амьдрах ийм боломжийг олгосон юм. Тэрнээс хойш миний биеийн байдлууд маш муу удаа дараа өвдсөн. 2011 оны үед хуралд гадагшаа ажлаар явж байгаад Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагад байж байгаад бас тэнд ухаан алдаж унаад ингээд явсан. Намайг сэрэхэд “мемто” байна гээд аягүй хүнд цус алдалт явагдаад Франц улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Азаар надад эмч нь Монгол улсад ирж байсан эмч байсан. Франц улсаас 14 хоногийн дараа ирж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад бүтэн норкозтой дууны хөвчний хавдраар хагалгаанд орсон. Энэ бол нилээн аюултай та ингэж байх ёстой, та дугарч ярьж болохгүй эмнэлгийн гам бариад байж байх ёстой гэтэл Бүгд Найрамдах Солонгос улсад Ковид-19 гэдэг өвчин гараад надад эмч нар орж ирээд та маш яаралтай Монгол улс руу явах эрхтэй гээд 2 хоногийн дараа 2 дугаар сарын 7-ны өдөр та мөлхөөд ч хамаагүй яв, та манай улсад байж болохгүй, ийм том хагалгаатай гэж хэлээд эм тариануудыг бүгдийг надад өгөөд өөрийнхөө найз нөхдийн таньдаг хүмүүсийн тусламжтайгаар энэ хавар Монгол улсдаа ирээд би эмч эмнэлгийн хяналтад орсон. Мэдрэл, хоолой хөвчний хувьд манай улсын хэмжээнд тоног төхөөрөмжийн болон мэргэжилтнүүдийн бэлтгэл хангалтгүй байдаг юм байна лээ, энийг өөрийн биеэр үзсэн. Тэрнээс хойш чанга ярьж болохгүй байнгын цус алдалттай, биеийн зовиуртай, шаналгаатай, дээр нь миний зүрх болон бусад өвчнүүд бол хавар удаа дараа эмнэлэгт 3 удаа хэвтсэн. Дандаа зүрхний атак, шигдээсийн байдалд орж өвчний улмаас бие суларч дархлааны байдлаас болоод стресс, тайван биш, санаа зовсон энэ хүнд нөхцөл байдлын хувьд миний эрүүл мэндийн байдал ийм байгаа. Хамгийн сүүлд 2013 онд Германы мэдрэлийн хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд надад мэдрэлийн гарал гэдэг бол өөрөө стрессийн гаралтай байдаг. Зүүн нүд тухайн үед юм харах боломжгүй болж эмчлүүлж байсан. Дахин мэдрэлийн гаралтайгаар миний баруун тал хүзүү, сээр нуруунд, баруун тал мэдээгүй болно гэсэн үндсэн дээр хавдар байна гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар мэдрэлийн  онош нь байгаа, оношилгоотойгоор өөрсдийнхөө эрүүл мэндийн хэллэгээр хэлдэг юм байна лээ. Тэр хавдартайгаар 8 сард дахин үзүүлж хүзүү, сээр энэ хэсгийнхээ өндөр мэргэжлийн эмчид үзүүлтэл та ийм байж болохгүй яаралтайгаар эмнэлэгт хэвт гэсэн. Би 7 дугаар сарын 31-ний хуралдаанаас хойш стресс, ачаалал маань нэмэгдэж биеийн байдал илт доройтсон. Энэ хавдрыг маш хүнд байдалд орсон хойно нь авна уу гэхээс манайд бол энэ хавдрыг авч чадахгүй баруун тал мэдээгүй болно гэж хэлсэн. Миний өвчний түүх дээр байгаа гэдгийг уламжлаад хэлье. Дахиж хэлэхэд миний хэлж ярьж байгаа зүйлүүд маань эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үүднээс хэлж байгааг минь ойлгож хүлээж аваарай” гэх мэдүүлэг,[1]

 

Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “0  ХХК нь 2018 онд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаас зээлээ бүгдийг нь төлж хаасан” гэх мэдүүлэг,[2]

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] 5 хавтаст хэргийн 67 дугаар хуудас

 

...........................................................................................................................................................

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.3 дахь заалтад заасан “Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 43.1.4 дэх заалтад заасан “Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 43.1.7 дахь заалтад заасан “Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж,

Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Б-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар өөрийн хамаарал бүхий “0 ” ХХК-д 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон буюу Жижиг дунд үйлдвэрийг  хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудыг зээл олгох журмыг зөрчиж зээл олгоход хатгаж, өөрийн хамаарал бүхий “0 ” ХХК-нд 800,000,000 төгрөгийн зээл авч, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

шүүгдэгч Б.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гэм буруутай гэж үзэж байгаа энэ асуудал дээр би ямар нэгэн байдлаар маргахгүй гэдгээ илэрхийлж байна. Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх,[1]

Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0  ХХК нь 2018 онд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаас зээлээ бүгдийг нь төлж хаасан...” гэх,[2]

Гэрч Ч.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-нд “0 ” ХХК-ийн Хаан банкны 5163080019 дугаартай дансаар 800 сая төгрөгийг авсан. 800.000.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн. Төлсөн шалтгаан бол төслөөс хэрэгжүүлсэн мөнгийг хууль бусаар олгосон, буцааж төл гэсэн шаардлага УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа тул манай компани ЖДҮ-ээс авсан 1,5 тэрбум төгрөгийг төлсөн байгаа...” гэх,[3]

Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...салбар хариуцсан сайд Б.Б-ийн зүгээс надад дараах иргэн, хуулийн этгээдийг дэмжихийг даалгасан. Надад дээрх нэрийг Б.Б сайд нэг өдөр бүгдийг нь шууд хэлэхгүй л дээ. Нэг хоёроор нь цувуулж увуулаад л хэлдэг байсан. Ямар ч байсан сайд надад хэлэхдээ түүний компани шүү л гэж албан тушаалтны нэр, хуулийн этгээдийн нэрийг хэлдэг. Хэлэхдээ надад цаасанд бичсэн байдлаар бус зөвхөн амаараа л хэлдэг байсан. Тэгээд надад Б.Б сайдын захиж хэлсэн хуулийн этгээд, иргэдийн төсөлд хорооны хурал дээр санал авахад миний зүгээс дэмжих саналыг өгдөг. Мөн хорооны дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга Д.Э  хорооны гишүүддээ хандаж хорооны хурал дээр албаны байдлаар дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү гэж хэлээд хурлыг удирдаад дээрх төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг...” гэх,[4]

С.Т-ийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... УИХ гишүүн Б.У над руу шууд утсаар ярьж “сайдад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзээд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь шийдээдэх, сайд чинь бүтнэ гэсэн байхад та бүтээгээдэх” гэсэн өнгө аястайгаар ярьж байсан. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танай байгууллагаас миний албан өрөөнд хийсэн нэгжлэгээр тэмдэглэлийн дэвтрийн завсарт байсан дээрх албан тушаалтнууд болон хуулийн этгээдийн нэрсийг бичсэн миний гар ноорог буюу хар дансыг би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалын хавсралт дахь 134 төсөлтэй холбогдуулан хөтөлж байсан юм...” гэх,[5]

С.Т-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...УИХ-ын гишүүн над руу утсаар ярьж “өөрт хуваарилагдсан мөнгөө авъя” гэдэг байдлаар хэлж байсан. Би яг гишүүн бүрт мөнгө хуваарилагдсан талаар мэдэхгүй. УИХ-ын гишүүн  Б.У над руу А-88 дугаартай тушаал гарах үеэр миний 99111515 дугаарын утас руу утаснаасаа залган ярьж байсан. Тэрбээр яагаад манай компани тэнцээгүй юм бэ, авах ёстой юм аа би авах ёстой гэсэн утгатай зүйл ярьж байсан. Б.У гишүүний гэх “0 ” ХХК-ний төсөл нь хууль журамд заасан шаардлагыг хангаагүй тул тэнцээгүй санхүүжилтээс хасагдсан байсан.

Үүнээс болж Б.Б сайдын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-88 дугаартай тушаал гарснаас эхлээд л надад дарамтууд ирж эхэлсэн. Б.Б сайд надад “...Чи яагаад УИХ-ын гишүүдийн төслийг онцгойлон анхаарч шийдвэрлэ гээд байхад Б.У гишүүний төсөл хасагдчихсан юм бэ? Над руу Б.У гишүүн байнга яриад төвөгтэй байна. Би ч журмынхаа дагуу анхан шатны шаардлага хангахгүй байсан тул хасагдсан гэдгийг тайлбарлан хэлэхэд миний тайлбарыг хүлээж авахгүйгээр миний өмнөөс “ ... угаасаа авах ёстой юм аа би авах ёстой" гээд өөрийнхөөрөө яриад байсан. Мөн тэрбээр "...би сайдтай чинь яриад тохирчихсон байгаа. Удахгүй дараагийн шалгаруулалт явагдах юм байна лээ. Тэр үеэр чи анхаараарай” гэж хэлэхээр нь би сангийн үндсэн үйл ажиллагаа болох зөвлөх үйлчилгээний талаар танилцуулсан, шалгараагүй үндэслэлтэй нь танилцаж материалаа буцаан авч дахин бэлтгээрэй гэсэн утгатай зүйл хэлсэн.

Улмаар 2018 оны 07 дугаар сард, улсын баяраас эхлэн Б.У гишүүн над руу утсаар “... төсөл сонгон шалгаруулах ажил чинь юу болж байна, одоо хурдан эхлэмээр байна” гэх мэтээр удаа дараа ярьж, бараг Б.Б сайдаас илүү надад үүрэг чиглэл өгч байсан гэж ойлгож болно.

Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Б сайдын “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 дугаартай тушаал гарч санхүүжилт олгох хуулийн этгээдүүдийн нэрсийг гаргасан. Уг жагсаалтанд Б.У гишүүний “0 ” ХХК-нд 800.000.000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн. Тушаал гарсан даруйд л Б.У гишүүн над руу залгаж “...за тушаал гарлаа, одоо бүх асуудал чиний мэдэлд очлоо гэсэн үг. Ийм учраас чи маш хурдан, эхний ээлжинд манай санхүүжилтийг олго” гээд л ярьж эхэлсэн.” гэх,[6]

Ж.Б-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны 4 дүгээр сарын 03-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлж буй төслийг хүлээж авсан. Төсөл хүлээж авах хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 18 билүү 19-ний өдөр миний 99111398 дугаарын утас руу гаднаас 991188 тай дугаараас дуудлага ирэхээр нь автал үл таних эмэгтэй хүн байсан. Тэрбээр надад “би УИХ-ын гишүүн У  байна. Чи яагаад манай төслийг авахгүй байгаа юм бэ? наадахыг чинь намаас гишүүдэд хуваарилсан дүнг би мэдэж байгаа. Би гишүүн юм чинь авах ёстой” гэж хэлсэн. Түүнд би төсөл хүлээж авах хугацаа дууссан, одоо төсөл хүлээж авах боломжгүй гэдгээ хэлснээр бидний дунд утсаар ярьсан яриа дууссан.” гэх мэдүүлгүүд,[7]

“0 ” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа,[8] “0 ” ХХК-ийн дүрэм,[9]

“000  ” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа,[10]

“Б ” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа,[11]

“00 ” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа,[12]

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “0 ” ХХК-ний хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 141/2018/3-64 дугаартай зээлийн гэрээ,[13]

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан “0 ” ХХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ,[14]

 0  ХХК-ний Хаан банкны 5163080019 тоот дансны хуулга,[15]

“00 ” ХХК-ний хаан банкны 5003009561 тоот дансны хуулга,[16]

Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаал, хавсралт,[17]

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас хөрөнгийг эрх бүхий нитийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэргийн баримтад шинжилгээ хийсэн аудитын шинжилгээний тайлан,[18]

Эд мөрийн баримтаар хураан авсан А4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн баримт 1 хуудас,[19]

.................................................... [20] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж, төсөл нь дэмжигдсэн 80 иргэн, хуулийн этгээдийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-125 дугаар тушаалын хүрээнд санхүүжүүлэх хуваарийг нэгдүгээр хавсралтаар баталж, уг хавсралтад “0 ” ХХК-д 800,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

 

“0 ” ХХК нь хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагдсан, 2007 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Б У  65,4 хувийн, “Б ” ХХК 34,6 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдэж, 2015 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр “000  ” ХХК 100 хувийн, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Б ” ХХК нь 100 хувийн, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “000  ” ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдэж байсан байх ба 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ргэн С.С-д 100 хувийн хувьцаа шилжсэн байна.

 

“000  ” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар “000  ” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б У г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.

 

Иймээс “0 ” ХХК нь Б У гийн хамаарал бүхий хуулийн этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Б.У нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “0 ” ХХК-д зээл олгох уг шийдвэрийг гаргуулахын тулд Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.3 дахь заалтад заасан “Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 43.1.4 дэх заалтад заасан “Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 43.1.7 дахь заалтад заасан “Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж,

Монгол Улсын Их Хурлын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б т хууль бусаар нөлөөлж, улмаар Б.Б нь уг яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Т т болон холбогдох албан тушаалтанд уг “0 ” ХХК-г дэмжих талаар хууль бус үүрэг чиглэл өгсөн байх бөгөөд Б.У нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Т рүү удаа дараа утсаар ярьж нөлөөлж Монгол Улсын Их Хурлын гишүүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Б.Б , Д.Энхбат, С.Т нарыг төслийг сонгон шалгаруулах үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хууль бус сонгон шалгаруулалт явуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан шаардлагуудыг зөрчиж 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “0 ” ХХК-нд 800.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт “Улс төрд нөлөө бүхий этгээд гэж ...Улсын их хурлын гишүүнийг ... ойлгоно” гэж заажээ. 

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэх үед Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрх эдэлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар[21] тогтоогдсон тул түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.У нь бусдыг дээрх эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн хатгагч гэж үзэх үндэслэлтэй.

 

Ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчөөр дамжуулан оролцох ардчилсан ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.У нь Монгол Улсын иргэдийн олонхийн саналыг авч Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд ард түмнийг төлөөлөн сонгогдож, уг албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулж, цаашлаад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн шударгаар хөдөлмөрлөж, сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэг авах эрхэд давхар халджээ.   

 

Нийслэлийн Прокурорын газраас Б.У г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.У-ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Ийм шүүгдэгч Б.У г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.ХХХ

 

Шүүгдэгч Б.У болон түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.У-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “0 ” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар 800.000.000 төгрөгийн санхүүжилт авсан байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буцаан төлсөн[22] байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.У гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Б.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Б.У д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 5 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Б.У д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн, мөн хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулах” саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн шударгаар хөдөлмөрлөж, сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэг авах эрхэд давхар халдсан байх тул түүнд торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв. 

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хатгагчид гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж заасан.

 

          Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх хэргийн гүйцэтгэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээсэн үндэслэлээр прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгуулийн ял оногдуулжээ.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

         

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.У г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.У г хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А-4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн баримт 1 хуудсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.У г улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Б.У нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 800.000.000 төгрөгийг төлсөн болохыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А-4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн баримт 1 хуудсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.У д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ     

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] 5 хавтаст хэргийн 67 дугаар хуудас

[3] 1 хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас

[4] 1 хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас

[5] 1 хавтаст хэргийн 196-199 дүгээр хуудас

[6] 1 хавтаст хэргийн 201-206 дугаар хуудас

[7] 6 хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас

[8] 1 хавтаст хэргийн 242 дугаар хуудас

[9] 3 хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас

[10] 1 хавтаст хэргийн 243 дугаар хуудас

[11] 1 хавтаст хэргийн 244 дүгээр хуудас

[12] 1 хавтаст хэргийн 245 дугаар хуудас

[13] 3 хавтаст хэргийн 51-59 дүгээр хуудас

[14] 3 хавтаст хэргийн 60-67 дугаар хуудас

[15] 1 хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[16] 3 хавтаст хэргийн 115-152 дугаар хуудас

[17] 5 хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас

[18] 1 хавтаст хэргийн 118-123 дугаар хуудас

[19] 5 хавтаст хэргийн 181-181 дүгээр хуудас

[20] Хавтаст хэрэгт хавсаргасан

[21] 5 хавтаст хэргийн 231-233 дугаар хуудас

[22] 1 хавтаст хэргийн 28 дугаар хуудас