Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 24

 

Их-Уул сумын Эрүүл мэндийн

төвийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.Д-ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаарсарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Ариунзаяа анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрхлэгч эмчээр томилогдсон. С.Д нь ажлаа өгөхдөө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг чи өөрөө зохицуулаарай гэж байсан. Өмнө нь ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авсан хүний оронд хүн ажилд авахдаа болон түр гэрээт жолооч ажилд авахдаа бүр томилсугай гэж тушаал гаргасан байсан. С.Д-ын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9, 10, 11, 12, 13 тоот тушаалууд хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулж, үндэслэлгүй тушаалуудаас болж манай байгууллагад учирсан хохирол болох 5106454 төгрөгийг хариуцагч С.Д-аас нэхэмжилсэн. Гэхдээ одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С.Д-аас байгууллагад учирсан хохирол 1768072 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байна. С.Д Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа Г.Баянзулыг ажлаас чөлөөлсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.Баянзул ажилдаа эргүүлэн томилогдсон ба одоог хүртэл манай байгууллагад ажиллаж байгаа. Манай байгууллагын зүгээс Г.Баянзулд ажилгүй байсан хугацааны цалинд 1.768.072 төгрөг өгсөн байгаа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж С.Д-аас 1.768.072 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Д анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1.768.072 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн төв нь Г.Баянзулд учирсан хохирлыг арилгасан гэх баримт нь хэрэгт байхгүй байна. Сая нэмэлтээр төлбөрийн хүсэлт гэх баримтыг хэрэгт хавсаргасан байна. Гэхдээ төлбөрийн хүсэлтийг аливаа байгууллагын дарга нягтлан 2 ямар ч байдлаар хуурамчаар үйлдэж болно. Төлбөрийн хүсэлт нь Эрүүл мэндийн төвийн төсвөөс мөнгө гарсан гэдгийг нотлохгүй. Баянзулын дансанд мөнгө орсон гэх баримт нь байхгүй байна. Мөн Эрүүл мэндийн төвд хохирол учирсан талаар аудитын дүгнэлт байхгүй байна. Иргэний хуульд гэм хорын хохирлыг хохирол учруулсан албан тушаалтан төлнө гэж заасан байдаг. Миний хувьд төрийн байгууллагад албан тушаал хашсан зүйлгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн учраас энэ хохирлыг төлөхгүй гэж ойлгож байна. Түүнчлэн би Г.Баянзулын шүүхийн шийдвэрийг 2016 оны 01 сарын 26-нд гардаж авсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 27-нд энэ хүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Ингэхдээ давж заалдах гомдол гаргах боломжтой шүү гэж хэлсэн. Гэтэл Б.Ариунзаяа давж заалдах гомдол гаргах хугацаа байсаар байтал давж заалдаагүй байж одоо надаас мөнгө нэхэж байгаа нь санаатай үйлдэл юм. Б.Ариунзаяагийн үндэслэлгүй тушаалуудаас болж 3 сая гаран төгрөг төлөх шийдвэр гарсан байдаг. Төрийг төлөөлж байгаа прокурор үүнийг Б.Ариунзаяагаас нэхэмжлэх хэрэгтэй. Энэ тал дээр прокурорыг бодож үзээч ээ гэж хэлэх байна. Эрүүл мэндийн төвийн төсвийг Засаг даргын тамгын газраас батлагддаг гэж ярьж байсан. Байгууллагынх нь төсөв хаанаас батлагддагийг энэ хүн мэдэхгүй, ямар учиртай нэхэмжлэл гаргаж байгаагаа ойлгохгүй байна. Эцэст нь хэлэхэд Б.Ариунзаяаг хүн чанартай байгаач гэж хэлэх байна гэжээ.

Прокурор Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр, төрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Баянзулын ажилгүй байсан хугацааны цалин болох 1768072 төгрөгийг С.Д-аас гаргуулах үндэслэлтэй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д-аас 1768072 /нэг сая долоон зуун жаран найман мянга далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 43239 /дөчин гурван мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй С.Д миний биеийг оролцуулан шийдвэрлэсэн иргэний хэргийн талаар Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийдвэрт гомдол гаргах нь:

Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн арга зүйч Г.Баянзулыг тус байгууллагаас хувьдаа мөнгө шамшигдуулсан болон албан тушаалаа урвуулан ашигласаных нь төлөө тухайн үед миний бие эрхлэгч эмч байхдаа Эрүүл мэндийн төвийн ажлыг сайжруулах албан үүргийнхээ хүрээнд ажлаас нь чөлөөлсөн болно. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалин гэж 1.768.072 төгрөгийг надаар гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гомдлын үндэслэл:

-Г.Баянзулын ажилгүй байсан хугацааны цалин 1.768.072 төгрөгний хохирол болох мөнгийг Г.Баянзул гардаж авсан талаар тодорхой баримт байхгүй.

-Эрүүл мэндийн төвд учирсан хохирлын талаар дээд шатны байгууллагын болон Аудитын гаргасан шийдвэр байхгүй.

- Хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх, гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх, аудитын байгууллага хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх гэсэн байх заалтууд нь нийцэхгүй байна.

-Иргэн хуулийн 497.7, 498.2, 498.4 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг С.Д миний биеэр төлүүлэх шийдвэр гарсан нь хохирлыг анх нэхэмжлэх үндэслэл бий болгосон шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулийнхаа задаргаанд нийцэгдэж шийдэгдээгүй байгаа.

Ийм учир иргэн миний биеийг хохирол барагдуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 дэх зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь хариуцагч С.Д-т холбогдуулан байгууллагад учирсан хохирол 1.768.072 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус төвийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйчээр ажиллаж байсан Г.Баянзулыг ажлаас чөлөөлсөн боловч Завхан аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр Г.Баянзулыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 1.768.072 төгрөгийг Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөсгаргуулж Г.Баянзулд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч байгууллага нь Г.Баянзулд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 1.768.072 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 дэх хэсгүүдийн агууллагаас харахад Бусдын эд хөрөнгөнд гэм хор учируулсан этгээд түүнийг нөхөн төлөх үүрэгтэй, хэрвээ төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Хэрвээ төрийн албан хаагч өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч Их-уул сумын Эрүүл мэндийн төв нь дээрх хуулийн зүйл хэсгүүдэд зааснаар 1.768.072 төгрөгийг хариуцагч С.Д-аас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Д-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43239 улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ