Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00143

 

Б.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар магадлалтай,

Б.Оын нэхэмжлэлтэй

“Ш Г”ХК-д холбогдох

Ажлаас халагдсаны тэтгэмж 125.945.395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй., Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийн 5.17-д Салбар, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоог нь цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан ...уг ажилтанд албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийн хувь хэмжээг хамтын гэрээгээр тохиролцон олгоно, мөн “Ш Г”ХК-ийн захиргаа, ҮЭХ хоорондын байгуулсан хамтын гэрээний 6.2.2-т ...цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад ...11-15 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно гэж тус тус заасны дагуу “Ш Г”ХК нь надад ажлаас халагдсаны тэтгэмжийг өгөх үүрэгтэй болно. Би энэ талаар тус компаний Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс болон ҮЭХ-нд тус тус өргөдөл гаргаж асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл комисс нь хариу өгөөгүй. Иймд “Ш Г”ХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох 47.808 ам доллартай тэнцэх 125.945.395 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-т заалт нь компани цомхотгол хийгээд орон тоо цөөлсөн байвал “Ш Г”ХК, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 6.2.2-т Тухайн ажилтан компанид ажилласан хугацаанаас хамаараад нэг удаагийн ажлаас халагдсан тэтгэмж авах ёстой байгаа. Яг энэ 40.1.1 дэх заалтаар халагдсан тохиолдолд. Би “Ш Г”ХК-д 12 жил 6 сар ажилласан учир 12 сарын тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжилж байгаа дүн маань би 3 сарын тэтгэмж авсан зөрүү 9 сарын тэтгэмж 125.945.395 төгрөг нэхэмжилж байгаа. Хамтын гэрээний 6.2.2-дах заалтын дагуу компаний удирдлагуудад энэ талаар хүсэлтийг тавьсан боловч хариу өгөөгүй учир би маргаан таслах комисст хандсан. Эргэж мэдэгдэнэ гэсэн боловч мөн хариу өгөөгүй учир хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байсан учир шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Оыг “Ш Г”ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны Б/176 дугаар Бизнес хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. “Ш Г”ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан 1 сар, түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Б.Од 3 /нэг сарын дундаж цалин 6906.25 ам.доллар/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 20.718,75 ам.доллар болон ажил нэг удаа олгодог бонус 3984.37 ам.доллар буюу нийт 62.388.830,06 төгрөг олгосон. Тэрээр 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс оффис менежерээр ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс бизнес хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байх ба таны амьдралыг дэмжих зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №25 дугаар тогтоолоор амины орон сууц худалдан авахад зориулж 52,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. /20, 30 жил ажилласан олон ажилтны хэнд нь ч олгоогүй буцалтгүй тусламжийг танд олгосон байдаг/ Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл маань Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн. “Ш Г”ХК-аас Б.Од 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу нийт 62.388.830 төгрөгийг өгсөн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн учир дахин төлөх үүрэг байхгүй. Хамтын гэрээний 6.2.2 дахь заалт нь байгаа. Хөдөлмөрийн хуулийн 40.1-т зааснаар орон тоог цомхотгох гэсэн үндэслэлээр халсан тул хамтын гэрээний заалт хамаарахгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 3.1.2-т Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэнэ гэдэг. Хамтын гэрээний дагуу Б.О хэдий хугацаанд компанид ажилласан бэ гэдэг нь ач холбогдолтой. Ингээд харахаар 2010 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн гэрээнээс харахад 8 сар ажилласан байгаа юм. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 5,312 ам.доллар байсан үүнийг 12-оор үржүүлж нэхсэн байгаа. Үүнээсээ 3 сарын тэтгэмж болон нэг удаа олгосон тэтгэмжээ хасахаар 43,025.72 доллар харагдаж байгаа. Хэрвээ хамтын гэрээ үйлчилнэ гэж үзвэл ажилласан жилээс нь харахад 6 сарын тэтгэмж олгох ёстой гэж бодоход 11,153.75 ам доллар буюу 29.383.439 төгрөг шаардах эрхтэй байж болох юм. Нэг сарын цалин 5,312 доллар үүнийг 6 сараар үржүүлээд 31,872 доллар үүнээс тушаалын дагуу төлөгдсөн төлбөр бонус 20,708 ам.доллар хасахаар 11,153.75 доллар болж байгаа бөгөөд үүнийг шүүхэд хандсан өдрийн ханшаар шилжүүлэн бодож үзэхэд 29.383.439 төгрөг болж байгаа. “Ш Г”ХК-д үүргээ биелүүлэхгүй ажилтнаа хохироосон мэт харагдаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд нийгмийн баталгааг хангахад чиглэсэн олон арга хэмжээ авч байсны нэг нь орон сууц худалдан авахад нь зориулж 52 сая төгрөгийн буцалтгүй тусламж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгоход нөүтбүүк, агаар цэвэршүүлэгч зэргийг хувьд нь өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оын “Ш Г”ХК-д холбогдуулан гаргасан ажлаас халагдсаны тэтгэмж 125.945.395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч “Ш Г”ХК-иас 21.574.766,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлээс 104.370.628 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтад ...57.1,56 дугаар зүйлийн 56.1...,” “...чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч “Ш Г”ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 265.824 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Хамтын гэрээний 6.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Б.О тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.” гэж зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг бүрэн, хэрэгт ач холбогдолтой талаас нь судлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсгийн 5 дугаар талд “...Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ажилласан жилтэй холбоотой хэсгийг нотолж чадаагүй учир нотлогдож байгаа хугацаа буюу 8 жилээр тооцож 5312 ам.доллар*2 634.40 төгрөг=13 993 932 төгрөг*6 сар=83 963 596,8 төгрөг-62 388 830,6 төгрөг = 21 574 766,8 төгрөгийг ““Ш Г”ХК-иас гаргуулах үндэслэлтэй.” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Намайг 12 жилийн хугацаанд тус компанид ажилласан болохыг нотлох баримтыг давж заалдах шатны шүүх бүрэн, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй. Тодруулбал: “Ш Г”ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 3.3.2-т “Тус компанид өөрийн үндсэн мэргэжлээрээ тасралтгүй тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан албан тушаалын болон цалингийн 40% хүртэл сар бүр олгоно.” гэж заасны дагуу надад сар бүрийн үндсэн цалин дээр 11 жилээс дээш жил ажилласан тул 30%-ийн удаан жилийн нэмэгдэл цалин нэмж олгодог байсан бөгөөд миний нийгмийн даатгал ч үндсэн цалин дээр удаан жилийн нэмэгдэл нэмэгдсэн дүнгээр төлөгддөг байсныг Нийгмийн даатгалын дэвтрийн шимтгэл төлсөн бичилтээр тодорхой харагддаг. Дараах хүснэгтээр “Хамтын гэрээ”-нд заасны дагуу, ажилласан жил нэмэгдсэн хэмжээгээр удаан жилийн нэмэгдлийн хэмжээ нэмэгдсэн тухайн гурван сарын цалингийн хэмжээг түүвэрлэн харуулсан бөгөөд хавсралтаар хүснэгтийг бүрэн оруулав. /Хүснэгт/ Гэтэл давж заалдах шатны шүүх нийгмийн даатгалын дэвтэр буюу шимтгэл төлсөн дүн, бичилтийг /хх-ийн 57-58/ хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэлгүй зөвхөн бөглөгдсөн жилийг тоолох хэмжээнд үнэлсэнд гомдолтой байна. Намайг ажлаас халагдах үед хариуцагчаас 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцохдоо “Хамтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3.2-т заасны дагуу 11-15 жил хүртэл ажилласан тул үндсэн цалин 5312 ам.доллар дээр удаан жилийн нэмэгдэл 30% болох 1593,6 ам.долларыг нэмж нийт 6905.6 ам.доллараар тооцон 3 сарын тэтгэмжид 20716.8 ам.доллар, үүн дээр Хөдөлмөрийн гэрээний 3-т заасан жилийн бонусаас ажилласан сард ногдох 3585,93 ам.долларыг нэмж, нийт 24302.73 ам.доллар шилжүүлсэн нь намайг 12 жил ажилласан болохыг нотлож байгаа бөгөөд тус баримт хавтаст хэргийн 55, 56 талд байгааг шүүх үнэлсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүх надад олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хөдөлмөрийн гэрээний 3-т заасан жилд нэг удаа олгодог бонус болох 3585.93 ам.долларыг хариуцагчаас төлсөн тэтгэмжийн дүнд оруулан тооцож 9 205 082 төгрөгийг хасаж бодон тоо, тооцооллын алдаатай шийдвэр гаргасан. Дээрхээс үзэхэд шүүх миний цалингийн хэмжээ, нэмэгдлийн хувь хэмжээ, тэтгэмж олгох хэмжээг тодорхой тогтоож тооцоолол хийгээгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой дордуулсан. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд дээрхи нөхцөл байдалд цалин хөлс, нэмэгдлийн хувийг харьцуулан харвал сард олгох удаан жилийн нэмэгдлийн хувь 30 байгаа нь ажилтан тухайн байгууллагад 11-аас дээш жил ажилласныг батлах үйл баримт хангалттай тогтоогдож байхад шүүх анхаарч тодруулалгүй шийдвэрлэсэн нь шүүх хууль бус байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Шийдвэрээр нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаас 21 574 766.8 төгрөгийг хангаж, 104 370 628 төгрөгийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хамтын гэрээ бүх ажилтныг хамаарч үйлчилнэ гэсэн заалтыг хамтын гэрээнд заасан агуулга нөхцөл бүх ажилтанд хамаатай гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Хамтын гэрээний 6.2.2 дахь заалт бол бүх ажилтанд хамаарч үйлчлэх заалт биш бөгөөд тодорхой урьдач нөхцөл бүрдсэн тохиолдолд тодорхой зарим ажилтанд хамаарч үйлчлэх заалт юм. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр цомхотголд орсон, өөр ажилд шилжүүлэх боломж байгаагүй, компанид хэдэн жил ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтийн дагуу эдгээр нөхцөл шаардлагыг хангасан ажилтанд хамаарч үйлчилнэ. Нэхэмжлэгч Б.Оыг үйлдвэрийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэлт хийсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй, түүнчлэн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан тул үйлдвэрлэлийн гүйцэтгэх ажилтан биш удирдах албан тушаалд ажиллаж байсан тул хамтын гэрээний 6.2.2 дахь заалтад хамаарахгүй юм. Нөгөө талаас үйлдвэрлэлийн гүйцэтгэх ажилтнуудтай шууд харьцуулж адилтган үзэх боломжгүй, илүү өндөр хангамж, цалин хөлс авч ажиллаж байсан албан тушаалтан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг нь олгосон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ш Г”ХК-д холбогдуулан хамтын гэрээний дагуу олговол зохих тэтгэмж 125 945 395 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Оын нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 21 574 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч тэтгэмжийн хэмжээг буруу тодорхойлсон байх тул залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж,  харин магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Б.О нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн “Ш Г”ХК-д бизнес хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б\176 дугаар тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь хамтын гэрээний 6.2.2-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх үед 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаас 3 сарын тэтгэмжийг авсан тул үлдэх 9 сарын тэтгэмж 47 808 ам.доллар буюу /5312х9/ 125 945 395 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд Б.Оын сарын үндсэн цалин 5312 ам.доллар, тус байгууллагад нийт 8 жил ажилласан үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох бөгөөд “Ш Г”ХК нь уг хуулийн дагуу болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний дагуу Б.Од тэтгэмж олгох үүрэгтэй байна. “Ш Г”ХК-ийн захиргаа, ажилтнуудын төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2016 оны 05 сарын 04-ны өдөр байгуулсан хамтын гэрээний хугацаа 2017 оны 05 сарын 04-ний өдөр дууссан боловч гэрээний 10.6-д “...хоёр талаас санал гаргахгүй бол гэрээний үйлчлэх хугацааг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцогдож үргэлжлүүлэн мөрдөнө...” гэж зааснаар хамтын гэрээ хүчинтэй, талууд гэрээг мөрдөх журамтай байна.

Хамтын гэрээний 6.2.2 дахь хэсэгт “Үйлдвэрийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэлт хийж ажлын байр цөөлөх, цомхотгох тохиолдолд өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сарын, 11-15 жил ажилласан бол 12 сарын, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компани олгоно гэж заажээ. Хамтын гэрээний энэ нөхцөл нь тус байгууллагын бүх ажилтанд хамааралтай бөгөөд удирдах албан тушаалтанд хамаарахгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгч 8 жил ажилласан нь тогтоогдсон тул хамтын гэрээний 6.2.2-т зааснаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй ба “Ш Г”ХК нь 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 20 718 ам.доллар, жилд олгодог бонус 3 984 ам.доллар нийт 24 703 ам.доллар буюу 62 388 830,6 төгрөгийг олгосон хэдий ч, тэтгэмжийг бүрэн олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх олговол зохих тэтгэмжийн хэмжээг тодорхойлохдоо тэтгэмжид хамаарахгүй, 3984 долларын урамшуулалыг хассан нь буруу болохоос гадна ажил олгогч үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бус нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулалыг багтаасан дүнгээр буюу сарын 6906 ам.доллараар бодож дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг зөвшөөрч олгосон байгааг анхаараагүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч 3 сарын тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр тодорхойлон, үүнийг зөвшөөрч төлсөн тул Б.О нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авахаас 3 сарын тэтгэмжийг авсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь үлдэх 3 сарын тэтгэмж 41 981 798 төгрөгийг шаардах эрхтэй байна. /5312 ам.доллар х 3 сар төгрөг = 15 936 ам.доллар х 2 634.40 сар = 41 981 798/

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй боловч дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...21 574 766,8...гэснийг ...41 981 798... гэж, ...104 370 628...гэснийг  ...83 963 597 ...гэж, “2 дахь заалтад ...57.1, 56 дугаар зүйлийн 56.1..., “...чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч “Ш Г” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 265.824 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж өөрчлөлт оруулсугай.” гэснийг “2 дах заалтыг “...дурдсугай...гэснийг дурдаж, хариуцагчаас 367 858 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 265 824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА