| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2018/0460/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1079
Д.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Д.Б,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Д.Бд холбогдох 1810 0132 40426 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бөөрийнхөн овгийн Дүгэрсүрэнгийн Батням, 1968 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 321 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧВ68071172/;
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хоёрдугаар давхарт иргэн Б.Бтай маргалдаж, түүний уруул орчим нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөрийнхөн овгийн Дүгэрсүрэнгийн Батнямыг цагаатгаж, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.Б намайг шүүхийн байрны хоёр давхарт түлхээд нарийхан коридорт аваачиж байгаад миний уруул хэсэгт цохисон. Яг энэ үед Энхжаргал хажууд байсан ба цагдаа дуудаарай гэж намайг хэлэхэд нэг цагдаа ирээд Д.Быг холдуулж хүчрэхгүй байсан ба дахин нэг цагдаа ирж салгасан.
Анхан шатны шүүх хохирогч Б.Б, гэрч Г.Энхжаргал нарын мэдүүлэг нь тухайн үед шүүх хуралдааны дэг сахиулахаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нар болох энэ хэргийн талаар хувийн сонирхолгүй гэрч Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нарын “Д.Б, Б.Б хоёр нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байгаагүй. Хохирогчийг харахад шарх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүх эмнэлгийн №6667 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Б.Бы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр буюу нүүр рүү чиглэсэн цохилтоос үүссэн” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн материалаар гаргасан №989 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч Б.Бы биед гэмтэл учирсан эсэх, хэдэн удаагийн, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон баримт бөгөөд харин хэргийн үйл явдал болоод гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг нотолсон баримт биш юм...” гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйпийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Б намайг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжийн дагуу Г.Батнямын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Энхжаргалд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирэх үед шүүхийн байранд надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, хэл амаар доромжилж миний биед халдаж гэмтэл учруулсан болох нь гэрч Г.Энхжаргалын мэдүүлгээр хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх гэрч Г.Энхжаргалын мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй, түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй гэж дүгнэж, Д.Б надад гэмтэл учруулж байх цаг хугацаанд байгаагүй гэрч Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нарын мэдүүлгээр Д.Б нь хохирогч Б.Бы нүүрэнд буюу уруул руу цохисон болох нь нотлогдохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Түүнчлэн анхан шатны шүүх №6667 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, №989 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч Б.Бы биед гэмтэл учирсан талаар тогтоосон баримт гэж дүгнэсэн атлаа хэргийн үйл явдал болоод гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг нотолсон баримт биш гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Хохирогч Г.Болорчулуун миний бие эдгээр шинжээч нарын дүгнэлтийг надад тухайн цаг хугацаанд гэмтэл учирсан болохыг нотолсон баримт гэж ойлгож байгаа харин шинжээч нар гэмтлийг хэн гэдэг этгээд учруулсан эсэх талаар тогтоох үүрэггүй бөгөөд харин тухайн гэмтлийг хэн учруулсан, гэмт хэргийг үйлдсэн эдгээдийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоосон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан гэрч Г.Энхжаргал, хохирогч Б.Б нарын мэдүүлгийг шүүх хуралд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэргийн үйл баримтыг нотлохгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн, шүүхэд гэрчээр дуудагдан ирсэн “хэргийн үйл баримтыг хараагүй, цохих явцыг мэдэхгүй, мэдэх боломжгүй хэрэг үйлдэгдсэн гэх газрын нэгдүгээр давхарт байсан, сүүлд нь дуудагдан гарч ирж маргааныг зохицуулсан гэх цагдаагийн ажилтан Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нарын мэдүүлгийг хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтын ач холбогдолтой гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хуулийг ноцтой зөрчсөн байна.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр” гэж хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.
Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн Б.Бтай тус шүүхийн байрны 2 дугаар давхарт “зээлсэн 13.000 доллараа төл, өөрийнхөө зээлсэн мөнгийг төлөхгүй байж хүний хэрэгт гэрчээр оролцох гэж байгаад нь дургүйцэж, урьдны таарамжгүй харилцаа, өр зээлийн асуудлаас шалтгаалсан сэдэлт санаа зорилгоор хохирогч Б.Быг нүүр хавьд нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд гэрч, хохирогч аль нь ч “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэг хүлээсэн байдаг бөгөөд хэрэв худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж мэдүүлэг авсан байдаг тул тэдний мэдүүлэг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, Д.Бын гэм буруутай болохыг нотлох гол баримт мөн болно.
Хэрэгт авагдсан хохирогч Б.Бы “...намайг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр намайг гэрчээр дуудсан юм. ...Иргэний хэргийн шүүхийн байранд ирээд хоёр давхар руу шатаар өгсөөд хоёрдугаар давхарт гарч ирэхэд араас Батням шатаар орилоод хүрээд ирсэн. Ирэнгүүтээ надруу дайрч, тэгээд хана руу хувцаснаас татаад нааш, цааш түлхэж, савчих үедээ миний эрүү тус газар цохисон. ...ингээд маргааш өглөө нь шүүх эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү тус газар хөхөрч, завьжны дотор хэсэгт язарч, цус хуралт үүссэн байсан бөгөөд тархи доргисон байсан, ...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх,
Гэрч Г.Энхжаргалын “...би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 15.30 минутанд шүүх хуралд суух шаардлагатай байсан тул ирсэн. Миний шүүх хуралд Болорчулуун гэрчээр оролцох шаардлагатай байсан тул би гуйгаад хамт ирсэн. Тэгээд Болорчулуунтай шүүх хурал руу орох гээд хоёрдугаар давхар руу шатаар дээшээ гараад байж байтал гэнэт Батням бид хоёрын араас гарч ирснээ шууд л Болорчулуун руу дайраад хашигчаад цохих гээд дайраад байсан тул Болорчулуун хойшоо ухраад бултаад байсан боловч хананд тулсан. Батням Болорчулууны нүүр рүү баруун гараараа чи тэр мөнгө өг гээд цохиод байсан. Тэгээд “цагдаа байна уу” гээд орилсон чинь доороос хоёр цагдаа ирээд салгасан” гэх мэдүүлгүүд нь шүүх хуралд өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүтэй зүйл огт байхгүй, үг ярианы хувьд хэрэгт өгсөн мэдүүлгээсээ өөр үг хэллэгээр хэлж ярьсан байгаа болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №6667 дугаартай дүгнэлт шүүх хуралд оролцсон хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байхад шүүх хурал дээр шүүгдэгчийн илтэд худал мэдүүлэг болон хэргийн талаар мэдэхгүй, зөвхөн маргалдаж байсныг харсан, ач холбогдолгүй мэдүүлэг өгсөн гэрч нарын үгийг хэрэг шийдвэрлэхдээ анхааран үзсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.
Үйлдэл, үр дагаврын хоорондох шалтгаант холбоо байгаа эсэхэд шүүгч бодитой дүгнэлт хийгээгүй байна. Д.Бын хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны явцдаа шүүх хуралд гэрчээр оролцуулахгүй гэж марган гараа савчуулан орилж хашгирч дайрч байх явцдаа түүний толгой, эрүү, уруул хавьд цохигдсоноос “Б.Бы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр буюу нүүр рүү чиглэсэн цохилтоос үүссэн” гэх шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн болохыг нотолсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт харилцан бие биенийгээ нотлож хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэгдэж байгаа болно.
Гэтэл тэдний урьдны маргаантай байгаа асуудлыг нотолсон баримт болох шүүхийн шийдвэрүүдийг Д.Быг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчиж байна. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь зөвхөн яллагдагч, хохирогчийн хувьд урьдны таарамжгүй харилцаатай болохыг нотлох, хэрэг гарах шалтаг шалтгаан, яллагдагчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт санаа зорилгыг тодорхойлж байгаа баримт юм.
Иймд анхан шатны шүүхийн гаргасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би хохирогч Б.Бд огт гар хүрээгүй ба нэг алхам зайтай зогсож байсан. 13.000 доллар өг гэж шаардсан нь үнэн. Анх Энхжаргал гэдэг гэрч намайг Б.Бы шанаа, нүүр рүү цохиод байсан гэж олон тоон дээр мэдүүлэг өгсөн байсан ба шүүх хуралд Д.Б цохиогүй, нааш цааш түлхэж савж байхдаа гэмтэл учруулсан байх гэж мэдүүлж анхны мэдүүлгээсээ буцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хоёрдугаар давхарт иргэн Б.Бтай маргалдаж, түүний уруул тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Гэтэл анхан шатны шүүх гэрч Г.Энхжаргалыг ашиг сонирхолын зөрчилтэй, түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй,
мөн хохирогч Б.Б, гэрч Г.Энхжаргал нарын мэдүүлэг нь тухайн үед шүүх хуралдааны дэг сахиулагчаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нар болох энэ хэргийн талаар хувийн сонирхолгүй гэрч Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнээд “талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б, гэрч Г.Энхжаргал нарын мэдүүлгийг шүүх хуралд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэргийн үйл баримтыг нотлохгүй, шүүхэд гэрчээр дуудагдан ирсэн “хэргийн үйл баримтыг хараагүй, мэдэх боломжгүй” хэрэг үйлдэгдсэн гэх газрын нэгдүгээр давхарт байсан, сүүлд нь дуудагдан гарч ирж маргааныг зохицуулсан гэх цагдаагийн ажилтан гэрч Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нарын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүх хуралдаанд гэрч Г.Энхжаргал /хх-145/ “...Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Батням, Болорчулууны уруул хэсэг рүү нь цохисон гэж хэлсэн. Олон дахин цохисон гэж хэлээгүй...” гэж, хохирогч Б.Б /хх-143/ “...миний зүүн тал руу дайраад намайг сэгсрээд байсан, ...түүнийг гарсны дараа миний уруулын баруун доод эрүүний хэсэгт сонин болсон байсан, ...шүүгдэгчийн зүгээс яг миний нүүр рүү чиглэсэн үйлдэл хийгээгүй. Сэгсэрч байхдаа гар нь гулсаад намайг цохисон байх...” гэж,
мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхжаргал /хх-12/ “...Батням Болорчулууны нүүр рүү баруун гараараа чи тэр мөнгө өг гээд цохиод байсан...” гэж, хохирогч Б.Б /хх-5/ “...ирэнгүүтээ надруу дайрч тэгээд хана руу хавцаснаас татаад нааш, цааш түлхэж савчих үедээ миний эрүү тус газар цохисон...” гэж тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд шүүх дээрх мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж, няцааж буй нь ойлгомжгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Иймд хохирогч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Д.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ М.АЛДАР