Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00066

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичиг Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Д.Сарангэрэл,

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч П.Отгонзул, Д.Пүрэвсүрэн, Л.Мягмарсүрэн,

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор, шүүгдэгч Б.Бямба-Очир, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар О.Нармандах, Б.Бямба-Очир, Г.Хонгор нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201606000069 дугаартай, 132/2016/0055/э индекстэй хэргийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурагч, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг За-2-3 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Улаанмалгайт овгийн Отгонзулын Нармандах /РД:ГЖ99120411/

Шүүгдэгч Б.Бямба-Очир: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Спортын дунд сургуулийн сурагч, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг 6-6 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Ямаачин овгийн Баасанжавын Бямба-Очир /РД:ГЮ98050919/

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хонгор: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 4-5 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Хатанбаатар овгийн Гомбодавгын Хонгор /РД:ГЮ99120110/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Бямба-Очир, О.Нармандах, Г.Хонгор нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в-5-1 тоотод оршин суух иргэн Д.Сарангэрэлийн "Тэс" гэх нэртэй хүнсний мухлагт нэвтрэн   орж   шунахайн сэдэлтээр эд зүйлс хулгайлан авч 777 100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандахын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Иймд шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бямба-Очирын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хонгорын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

201606000069 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Сарангэрэлийн Би Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2в-5-1 тоотод хувиараа тамхины мухлаг ажлуулдаг юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед босоод галаа түлчихээд үнс асгах гээд гарсан чинь манай дэлгүүрийн ард талд байдаг гражийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гайхаад очоод харахад манай гражийн цоожийг даавуугаар ороогоод цүү цуургыг нь сугалсан байсан. Тэгээд цаашаа дэлгүүр рүүгээ ороход дэлгүүрийн хоёр  давхар хаалганы  дээд  хэсгийг  цөм   цохьсон  байсан. Тэгээд л цагдаа дуудчихаад дэлгүүрт байсан бараануудаа тулгаж үзэхэд 31 блок тамхи, 30 ширхэг асаагуур, 11 ширхэг шоколад алга болсон байсан гэх мэдүүлэг /хх 30 тал/,

Гэрч Б.Нямлхагвын… Би Тэс нэртэй тамхины мухлагт хэзээ бүс тавьсан гэдгээ  сайн   санахгүй   байна.   Миний  Тэс   гэх   нэртэй  дэлгүүрт  тавьсан бүс Отгонхуяг гээд миний танил залуугийн бүс байгаа юм. Тэр бүсийг тавьдаг өдөр Отгонхуяг бид хоёр манай гэрийн цаахан талд таарсан. Тэгсэн Отгонхуяг нэг тольтой пойлуусан бүс өвөртөө хийсэн байсан. Тэгээд тэр бүсээ нэг шил архинд тавьмаар байна гээд надад өгсөн. Тэгээд архинд тавих гээд бид хоёр явж байхад Отгонхуяг нэг айлд орчихоод ирье гээд явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь би бүсийг нь аваад "Тэс" гэх нэртэй тамхины мухлагт очоод 5 хайрцаг Алтан навчис гэдэг нэртэй тамхинд тавьсан. ...Тэгээд Жавын эхнэр тамхины мухлаг руугаа орж бүсийг маань авч өгөх гээд орсон чинь бүс маань байхгүй байсан. Тэгсэн хулгай орохдоо хамт аваад явсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-н 31-32-р тал/

Гэрч Ч.Баасанжавын Манайх Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг 2в-5-1 тоотод хувиараа тамхины мухлаг ажлуулдаг юм. Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу биеэ үзүүлэхээр явсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө намайг Улаанбаатар хотод байж байхад 07 цагт манай эхнэр Сарангэрэл манай хүнсний мухлагт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед над руу залгаад нэг хүн ирчихээд бүсээ авна гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 8000 төгрөг аваад бүсийг нь өгчих. Бүс нь дэлгүүрийн орны гудсан доогуур байгаа гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй манай эхнэр над руу дахиж залгаад нөгөө бүс нь байхгүй байна гэж хэлэхээр нь тэгвэл хулгайч авсан юм байгаа биз дээ гэж хэлсэн. Манай дэлгүүрт 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нямлхагва гээд 50 орчим насны хүн 5 хайрцаг Алтан навчис аваад өнгөлсөн төмөр бүс тавьсан юм гэх мэдүүлэг /хх-н 33-34-р тал/

Гэрч М.Отгонхуягийн Би он сарыг нь сайн санахгүй байна. Тэр өдөр гэрээсээ өөрийн зүүдэг төмөр өргөн тольтой шаргал өнгийн бүсээ тавьж архи уух гээд аваад гарсан. Тэгээд "Тээл" гэх нэртэй дэлгүүрт тавих гэтэл аваагүй юм. Тэгэхээр нь доошоо уруудаад явж байсан чинь миний танил Нямлхагва таарсан. Тэгээд би Нямлхагвад миний энэ бүсийг ганц шил архиар тавьж чадах уу гэхэд би дэлгүүрт орчихоод ирье гээд орсон. Би Нямлхагвыг дэлгүүрт орсны дараа айлд орчихоод гараад ирсэн чинь Нямлхагва байхгүй болсон байсан. Тэгээд би маргааш өглөө Нямлхагва дээр очоод бүс яасан бэ гэхэд би 3 хайрцаг тамхинд тавьсан юм гэж хэлсэн. Сүүлд миний бүсийг тавьсан дэлгүүрт хулгай орсон гэж Нямлхагваас сонссон. Надад сая харуулсан бүс миний бүс мөн байна гэх мэдүүлэг /хх-н 35 тал/

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хөрөнгө үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ны Орхон салбарын шинжээчийн 6/16/31 тоот үнэлгээгээр алдагдсан эд зүйлийн үнэлгээг 777100 төгрөг гэсэн дүгнэлт /хх-н 37-40 тал/

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Булган  аймгийн  шүүхийн шинжилгээний   үндэсний   хүрээлэнгийн   шинжээчийн   27  тоот   хэргийн   газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 14 гэж дугаарласан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөр нь сэжигтэн Б.Бямба-Очироос хураан авсан хар өнгийн эрээн түрийтэй гутлын баруун хөлний гутлын улны мөртэй тохирч байна. Ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна" дүгнэлт /хх-н 42-44 тал/

Хэргийн   газрын  үзлэгийн  тэмдэглэл,   гэрэл  зургийн  үзүүлэлтүүд   14 ширхэг /хх-н 8-11 тал/

Эд зүйл хураан авах тогтоол /хх-н 12 тал/

Хураан авсан тэмдэглэл /хх-н 13 тал/

Насанд хүрээгүй этгээд Г.Хонгорын насыг тоолсон тэмдэглэл /хх-н 14-15 тал/

Насанд хүрээгүй этгээд Б.Бямба-Очирын насыг тоолсон тэмдэглэл /хх-н 16-17 тал/

Насанд хүрээгүй этгээд О.Нармандахын насыг тоолсон тэмдэглэл /хх-н 18-19 тал/

Шүүгдэгч Б.Бямба-Очирын "Миний бие найз Нармандах, Хонгор нарын хамт 2016 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт орших "Тэс" хүнсний дэлгүүрийн эхний хаалгыг нь татаж түлхэж байгаад дараагийн хаалганы дээд талын банзыг нь хулгайлан авч орсон ба энэ үед Хонгороо нохой хуцуулахгүй саатуулаад хүлээж байсан юм. Тэгээд ороод ээлди клаб, майлд сээвэн, улаан шонхор, улаан вэст зэрэг тамхинаас тус тус 1 паачиг, 3 хайрцаг чэнж эсэ, хар хорин гэсэн нэртэй шоколад 3 ширхэг тэгээд нэг бүс авсан. Асаагуур 13-14  ширхэг. Бид гурав хоорондоо ярилцаж байгаад хулгай хийдэг. Дарамталдаг хүн байхгүй. Өлсөөд хулгай хийдэг.  РС тоглох мөнгө олохын тулд хулгай хийдэг.  Бид нар хулгай хийхдээ цагаан өнгийн алчуур, цэнхэр өнгийн цамц зэрэг зүйл ашигласан. Цагаан өнгийн алчуураар нь цоожийг нь боосон цэнхэр өнгийн цамцаар нь гутлаа гадуур нь боосон юм" гэх мэдүүлэг /хх-н 58-59, 73-74 тал/

Насанд хүрээгүй яллагдагч О.Нармандахын   "миний   бие   найз   Б.Бямба-очир,   Хонгор нарын хамт 2016 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 6  дугаар   багийн   нутагт  орших  Тэс  хүнсний дэлгүүрийн эхний хаалгыг нь татаж түлхэж байгаад онгойлгоод  дараагийн хаалганы дээд талын банзыг нь хугалан авч ороод ээлди клаб, майлд сээвэн, улаан шонхор, Улаан вэст зэрэг тамхинаас тус тус 1 паачиг, 3 хайрцаг чэнж эссэ, хар хорин гэсэн нэртэй шоколад 3 ширхэг, тэгээд нэг бүс авсан. асуугуур 13-14 ширхэг, Бид гурав ярилцаж байгаад хулгай хийдэг. Ямар нэгэн дарамталдаг хүн байхгүй. Зарим үедээ өлсөөд, писи тоглох мөнгө олохын тулд хулгай хийдэг. Бид нар хулгай хийхдээ цагаан өнгийн алчуур, цэнхэр өнгийн цамц зэрэг зүйл ашигласан. Цагаан өнгийн алчуураар нь цоожыг нь боосон цэнхэр өнгийн цамцаар нь гутлаа гадуур нь боосон юм" гэх мэдүүлэг /хх-н 62, 67-68 тал/

Насанд хүрээгүй яллагдагч Г.Хонгорын "Би 2016 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна. Шөнийн 3 цагийн үед 4 хэсэгт байдаг "Тэс" хүнсний дэлгүүрт Бямба-Очир, Нармандах нартай бүлэглэн хашааг нь давж ороод хойд талын гражийн хаалгыг Бямба-Очир, Нармандах хоёр онгойлгосон ба хэрхэн яаж онгойлгосныг би мэдэхгүй байна. Тухайн үед би дэлгүүрийн гадаа хүн хараад зогсоод үлдсэн ба тэр хоёр дотогшоо ороод 20-30 орчим минут болоод сургуулийн хүүхдийн үүрдэг хар өнгийн үүргэвчинд нэлээд их хэмжээтэй юм. Шөнийн 03 цагт авч гарч ирсэн. Тэгээд тэндээсээ шууд бид гурав Нармандахын гэрт очсон ба Нармандахын гэр нь 200-300 орчим метр зайтай байдаг. Нармандахын гэрт гаргаж үзтэл улаан шонхор нэртэй пачиг тамхи, улаан вэст тамхи пачгаар 3 хайрцаг эссэ нэртэй тамхи зэрэг байсан ба хар хорин нэртэй шоколад 4 ширхэг өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй. Бид гурав тамхийг нь бүгдийг нь татаад дуусгасан. Школадыг нь хуваагаад идсэн. Нармандах хулгай хийх санааг гаргадаг. Намайг хулгай хийхэд хэн нэгэн хүн дарамтлаагүй. Бид нар хулгай хийхдээ цагаан өнгийн алчуур, цэнхэр өнгийн цамц зэрэг зүйл ашигласан. Цагаан өнгийн алчуураар нь цоожийг нь боосон цэнхэр өнгийн цамцаар нь гутлаа гадуур нь боосон юм " гэх мэдүүлэг /хх-н 64-65, 70-71 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор, Б.Бямба-Очир нар нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в-5-1 тоотод оршин суух иргэн Д.Сарангэрэлийн "Тэс" гэх нэртэй хүнсний мухлагт нэвтрэн   орж   шунахайн сэдэлтээр эд зүйлс хулгайлан 777 100 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Сарангэрэл, гэрч Б.Нямлхагва, Ч.Баасанжав, М.Отгонхуяг нарын мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ны Орхон салбарын шинжээчийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Булган  аймгийн  шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн  шинжээчийн   27 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул Насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор, шүүгдэгч Б.Бямба-Очир нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Сарангэрэлд 777 100 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирол төлбөр төлөгдсөн талаар хохирогч мэдүүлж байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор нарт оногдуулах шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч Б.Бямба-Очирын хувьд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад 18 насанд хүрсэн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөний алчуурны тасархай, цэнхэр өнгийн цамцны хэсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч утсгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, эрээн өнгийн түрээтэй 1 хос гутлыг шүүгдэгч Б.Бямба-Очирт, хар өнгийн үүргэвчийг насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандахад буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Ямаачин овогт Баасанжавын Бямба-Очир, Улаанмалгайт овогт Отгонзулын Нармандах, Хатанбаатар овогт Гомбодагвын Хонгор нарыг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Отгонзулын Нармандах, Гомбодагвын Хонгор, шүүгдэгч Баасанжавын Бямба-Очирт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бямба-Очир нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөний алчуурны тасархай, цэнхэр өнгийн цамцны хэсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч утсгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эрээн өнгийн түрээтэй 1 хос гутлыг шүүгдэгч Б.Бямба-Очирт, хар өнгийн үүргэвчийг насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандахад буцааж олгох, насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор, шүүгдэгч Б.Бямба-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай..

5.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  62 дугаар  зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч О.Нармандах, Г.Хонгор нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Цагдаагийн байгууллага болон хууль ёсны төлөөлөгч нарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т  зааснаар шүүгдэгч Б.Бямба-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНДУЛАМ