Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01438

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

           Дугаар 183/ШШ2017/01438

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 15 дугаар байр, 45 тоотод оршин суух, Долоон овогт Норовын Пүрэвдулам /Регистрийн дугаар:ХИ53072667/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 2 А байр, 41 тоотод оршин суух, Бунжаа овогт Рашийн Батбаясгалан /Регистрийн дугаар:ШЗ76030561/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байр, 53тоотод оршин суух, Дархан овогт Энэбишийн Золзаяа /Регистрийн дугаар:ХГ83050506/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байр, 323 тоотод оршин суух, Боржигин овогт Доржсүрэнгийн Наранцэцэг /Регистрийн дугаар:ХИ78042769/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу гудамж, 14 дүгээр байр, 5 тоотод оршин суух, Чулуут овогт Нэмэхбаярын Эрдэнэбаяр /Регистрийн дугаар:ХБ70111373/,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан 96 дугаар байрны 907 тоотод оршин суух, Даш овогт Цагааны Басбаяр /Регистрийн дугаар:ТЖ70010972/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 91 байр, 16 тоотод оршин суух, Боржгон боролзой овогт Болдын Эрдэнэтуяа /Регистрийн дугаар:ЧО79101308/,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 91 байр, 16 тоотод оршин суух, Харчу овогт Цэнд-Аюушын Жавхлантөгс /Регистрийн дугаар:УГ79111717/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 103/3 байр, 16 тоотод оршин суух, Олхонууд овогт Мижиддоржийн Төрмөнх /Регистрийн дугаар: ЧЗ68072013/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Виста ХХК байр 703 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон оффис, харуулын байранд байрлах, “Могул Скай” ХХК /Регистрийн дугаар:5087384/,

Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, өөрийн байранд байрлах, Улаанбаатар хотын банк /Регистрийн дугаар:2637545/-д холбогдох

Барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал,  Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагч “Могул Скай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбүрэн, С.Ичинхорлоо, хариуцагч Улаанбаатар хотын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.   

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар 2012 онд “Могул таун” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжид байрлах “Могул таун” хотхоны 1А байрнаас нэхэмжлэгч Н.Пүрэвдулам 306 тоот, Р.Батбаясгалан 406 тоот, Э.Золзаяа 105 тоот, Д.Наранцэцэг 204 тоот, Н.Эрдэнэбаяр104 тоот болон ГГ-47, ГГ-48 тоот автозогсоол, Ц.Басбаяр 906 тоот орон сууцыг тус тус худалдан авсан байдаг.  Гэрээ байгуулах үед байсан 1А байр нь 98 дугаар байр гэсэн дугаартай болж хаягжилтад өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж барагдуулж, одоо уг орон сууцнуудад оршин сууж байгаа.

“Могул скай” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11/15 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, хавсралтаар өөрийн 50 хувийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч “Могул таун” ХХК-ийг хувьцаагаа шилжүүлж хасагдахад нь хувьцаанд ногдох хөрөнгө, төлбөрт тооцон тус хотхоны 1А байрны нэхэмжлэгч нарын дээрх орон сууцнуудыг “Могул таун” ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүний дагуу “Могул таун” ХХК төлбөрт авсан орон сууцнуудаас нэхэмжлэгч нарт худалдан борлуулсан байдаг. Энэ талаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны  637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолд дурдаж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч 6 иргэнийг уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн байдаг. Гэвч Иргэний хуулиар олгогдсон захиран зарцуулах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй 1-4 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарын хувьд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 907 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-02 тоот автомашины зогсоолыг анх иргэн Ц.Одонгийн “Могул Скай” ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээг харилцан тохиролцож эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, улмаар 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Могул скай” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г  шинэчлэн байгуулж, худалдан авсан. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3828 дугаар шийдвэрээр Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарыг уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалган шийдвэрлэсэн.. Иргэн бидний хувьд иргэн Ц.Одонгийн “Могул Скай” ХХК-тай байгуулсан гэрээг шилжүүлэн авсан бөгөөд уг гэрээ нь Улаанбаатар хотын банк болон “Могул Скай” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-нээс өмнө байгуулагдсан байхаас гадна тухайн үед “Могул Скай” ХХК нь бидэнд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаатай талаар огт мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулахаар холбогдох баримтыг бүрдүүлэн бүртгэлийн хэлтэст хандан дээрх орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож баталгаажуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “Могул Скай” ХХК нь зохих этгээдийн зөвшөөрлийг авч барьцааны гэрээ байгуулах ёстой байтал мэдэгдээгүй хийсэн байх тул дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Өөрөө хэлбэл “Могул Скай” ХХК нь захиалгын гэрээний дагуу бусад этгээдэд дээрх орон сууц болон, автомашины зогсоолыг өмчлөх эрх үүсчихсэн байхад бусдын өмчлөлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьж иргэн бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Нэхэмжлэгч М.Төрмөнхийн хувьд “Могул скай” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 09 дүгээр сарын 04, 23-ны өдөр тус тус “Нэмэлт гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 207 тоотод байрлах, 100.53 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ-2-55 автомашины зогсоолуудын хамт худалдаж авсан. Улмаар гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дугаар бүхий шийдвэрээр түүнийг уг орон сууц автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон билээ. Уг шийдвэрийн дагуу Улсын бүртгэлд хандсан боловч бүртгэхээс татгалзсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, бүртгэлийн байгууллагыг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д “Гэрээний стандарт нөхцөлд хамаарах  хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу “Могул Скай” ХХК болон Улаанбаатар хотын банкны хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот зээлийн барьцааны гэрээнээс дээрх иргэдийн өмчлөлийн хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор уг гэрээнд зарчмын өөрчлөлт орохгүй, уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд “Могул Скай” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бусад эд хөрөнгөөс гаргуулах боломжтой гэж үзэж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 56, 57, 106 дугаар зүйл заалтуудыг баримтлан Улаанбаатар хотын банк “Могулскай”ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн гудамж Могул таун хотхон 98 дугаар байрны 306, 406, 105, 204, 104, 907, 207, 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-02, 1А-09, ГГ-2-55 тоот автозогсоол холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: “Могул Скай” ХХК нэхэмжлэгч нартай гэрээг байгуулах үед худалдан авах гэж буй байр бүхэлдээ банкны барьцаанд байгаа талаар мэдэгдээгүй гэдгийг шүүхийн шийдвэрүүдэд дурдсан, дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т ирээдүйд бий болох хөрөнгө барьцааны зүйл байж болох ч энэ нь тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд бүрэн шилжсэнээр ирээдүйд бий болсон хөрөнгөөр барьцаа хангагдах шаардлага үүсэхээр заасан. Гэтэл “Могул скай” ХХК нь тухайн орон сууцны хорооллын барилгын явц 30 хувьтай байхад 2011 онд дуусаагүй барилгын гэрчилгээг авч Улаанбаатар хотын банкинд барьцаалсан. Уг барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн улсын комиссын актаар хүлээн авсны дараа ч “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд 100 хувь шилжиж бүртгэгдсэн баримтгүй байна. Мөн барьцааны гэрээнд заасан 30 хувь гэдэгт нэхэмжлэгч нарын орон сууц орж байгаа эсэх тодорхойгүйгээс гадна тухайн үед барилгыг 81 айлын орон сууц байхаар төсөөлж барьцааны гэрээнд тусгагдсан бол барилга ашиглалтанд ороход 93 айлын орон сууц болсон байна. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар ипотек улсын бүртгэлд бүртгэгдснээр үүсэх тул дээрх барьцаанд заасан ирээдүйд хийгдэх гүйцэтгэл хэсэг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасантай нийцэхгүй, барьцаа өөрөө тодорхой бус байна. Мөн зээлдэгч компани 2010 оноос хойш буюу зээлийн харилцаа үүсэхээс ч өмнө, дараа нь ч орон сууцыг худалдан борлуулах зарыг нээлттэйгээр олон нийтэд тавиад байхад банк эрхээ хэрэгжүүлээгүй, барьцааны зүйл хэрхэж байгаа талаар гэрээнд заасны дагуу хяналтаа тавиагүй байна. Хэрэв банк анхаарал хандуулсан бол иргэд ингэж хохирохгүй байх боломжтой байсан.

Нэхэмжлэгч 9 иргэн бүгд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон, хууль ёсны өмчлөгч билээ. Мөн бүгд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ асуудлаар хандсан боловч бүгдэд нь “Могул Скай” ХХК болон Улаанбаатар хотын банкны 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй гэсэн хариуг өгч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаагүй, материалыг буцаасан байдаг. Энэ талаарх нотлох баримтыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа,Ц.Жавхлантөгс нарын хувьд барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө байгуулагдсан гэрээг эрх шилжүүлж авсан, тэдний өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ч мөн л барьцааны гэрээний дагуу уг хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэлтэй хэвээр байна. Энэ нь нэхэмжлэгч нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчтэй байх, өмчөө өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэвээр байна.

Нэхэмжлэгч нарын өмчлөх эрх бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэсэн банкны тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын бүртгэлд бүртгүүлэх эрх хэзээ үүсэх вэ гэхээр тухайн барилгыг улсын комисс хүлээн авсны дараагаас үүсэхээр гэрээнд заасан байгаа. Гэтэл улсын комисс барилгыг 2015 онд хүлээн авч, энэ эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгчдийг шаардахаас өмнө худалдан авсан байр нь барьцаанд тавигдсан байсан. Нэхэмжлэгч нар бүгд шударга өмчлөгчид. Банкны барьцааны эрх нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өмчөө захиран зарцуулах эрхтэй хэрхэн яаж өрсөлдөх талаар энд яригдаж байна.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасныг үндэслэн Зээлийн барьцааны гэрээний 3.9-д заасан барьцааны зүйлээс нэхэмжлэгч нарын өмчлөлд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Мөн энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч Г.Төрмөнхийн ГГ-2-55 тоот авто зогсоол нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээний зүйл гэсэн хариуцагчийн тайлбарт маргахгүй гэв.

 

Хариуцагч “Могул Скай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Могул Скай” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Могул таун” нэртэй 315 айлын орон сууцны хотхон байгуулж байгаагаа тайлбарлаад тус хотхоны 1А байрны барилгад шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн хэмжээтэй барилгын санхүүжилтийн зээл хүссэн. Улмаар Улаанбаатар  хотын банктай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 1А байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, уг хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй автомашины зогсоолыг барьцаалсан. Тухайн үед 1А барилгад арматур нийлүүлэхээр санал ирүүлсэн “МҮХК” ХХК Улаанбаатар хотын банктай тохиролцон зуучилж 2,5 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж өгсөн бөгөөд зээлийн гэрээнд  “Зээлдэгч зээлийг арматур худалдан авахад ашиглана.” гэж зааснаас маргааны үндэслэл үүссэн юм. Энэ заалтаар гэрээний талуудын чөлөөт байдлыг алдагдуулж, улмаар төлөвлөсөн ажлыг алдагдуулж зээлээ эргэн төлөх чадварыг доройтуулснаар өнөөдрийн энэ байдал үүсэх шалтгаан болсон. Гэхдээ манай компанийн зүгээс Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрсдийн бүх боломжоо ашиглан зээлээс тодорхой хэсгийг төлсөн байгаа. Түүнчлэн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцоогоо судалж арга хэмжээ авч ажиллаж байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дээрх дуусаагүй барилгыг барьцаалсан талаар нэхэмжлэгч иргэд мэдээгүй.

Уг 98 дугаар байр нь 3564 мкв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын Ү-2206018350 дугаарт “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд 2011 оны 6 дугаар сард бүртгэгдсэн бөгөөд манай компани өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд банкны барьцаанд барьцаалж зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 101.2-т зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар барилгын үйл ажиллагааг дуусгахын тулд хийсэн бизнесийн үйлдэл. Энэ үйлдлээрээ нэхэмжлэгч иргэдийн өмчлөх эрхэд хохирол учруулж тэдний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй. Зээлийн гэрээний үүргийг манай компани өөрөө арилган биелүүлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Манай компани 2010-2015 он хүртэл Апрель компанитай гэрээг байгуулан, “Могул таун” хотхоны талаар иргэдэд нээлттэй сурталчилгаа явуулж борлуулалтын ажиллагааг эхэлсэн. Анх зээлийн гэрээг байгуулах үед зарим иргэдтэй орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан талаар банкинд мэдэгдэж байсан. Бид банкнаас нийт 3,5 тэрбум төгрөгийг зээлж, энэ хугацаанд 3,3 тэрбум орчим төгрөгийг төлсөн. Ингэж зээлийг төлж байгаа мөнгө нь иргэдийн захиалгаар бариулах гэрээний дагуу мөнгө орж ирж байгаа явдал байсан. Уг барилга дан ганц банкны хөрөнгөөр бүтээгүй, иргэдийн мөнгөн хөрөнгө орсон хөрөнгө. Одоо зээлээс 1,8 тэрбум төгрөг дутуу байгаа. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т барьцааны зүйлээс үүргийг хангахад тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Дээрх 98 дугаар барилгыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч 100 хувийн гүйцэтгэлтэй болсноор барилгын үнэ их хэмжээгээр нэмэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 24 орчим тэрбум төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. Гэтэл банк 2 тэрбум төгрөгийг 24 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа нь орон сууцыг худалдан авсан оршин суугчдын эрхийг хөндөж байгаа. Анх 98 дугаар байрыг 83 айлын орон сууц байхаар тооцоолж банкны зээлийн барьцаанд барьцаалсан ч улсын комисст хүлээлгэн өгөхөд 93 айлын орон сууц болсон нь үнэн. ГГ-2-55 тоот авто зогсоол нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээнд заагдсан 80 хувийн гүйцэтгэлтэй байсан автозогсоолд хамаарч байна. Бусад автозогсоол болон орон сууцнууд нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн барьцааны зүйл мөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Улаанбаатар хотын банк шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар хотын банк нь “Могул скай” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны 17025, Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.” гэж заасны дагуу “Могул Скай” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж хуульд заасан шаардлагыг хангуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэхүү барьцаа хөрөнгөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцнууд  хамаарч байгаа бөгөөд банктай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсны дараа “Могул Скай” ХХК нь иргэдтэй гэрээг байгуулан худалдан борлуулсан үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл банкинд мэдэгдэж, зөвшөөрлийг нь авахгүйгээр барьцаа хөрөнгийг дур мэдэн бусдад худалдсан байна. Зээлдэгч “Могул Скай” ХХК нь одоог хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх барьцааны бүртгэл хүчинтэй хэвээр байгаа. “Могул Скай” ХХК-тай  зээлийн болон барьцааны  гэрээ байгуулах үед өмчлөгч нь тус компани байсан тул банкны хувьд орон сууц захиалсан иргэний зөвшөөрлийг авах шаардлагагүйгээс гадна үүнийг мэдэх ч боломжгүй юм. Банкнаас зээлдэгчтэй байгуулсан Зээлийн барьцааны гэрээний бүртгэл нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн болно. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан бөгөөд хууль ёсны өмчлөгчөөр “Могул Скай” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Могул Скай” ХХК нь 2011 онд нийт 3,5 тэрбум төгрөгийг зээлсэн ч үүргээ гүйцэтгээгүй тул шүүхэд хандсан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул Скай” ХХК-иас 2,055,460,140 төгрөг гаргуулж манай банкинд олгохоор, хэрэв шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох орон сууц, авто зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэдгийг шүүх дүгнэсэн байгаа. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 190 орчим сая төгрөг төлөгдөж, одоо 1,8 тэрбум төгрөгийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Банк “Могул Скай” ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа 30 хувийн дуусаагүй барилга, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, мөн хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт бүхэлд нь барьцаалж энэ тухай гэрээндээ тусган, бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нарын тухайд барьцааны гэрээ байгуулагдснаас хойш худалдах худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэзээ хэрэгжиж эхлэх талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэрт тодорхой дурдсан тул хүчин төгөлдөр шийдвэртэй, шийдвэрлэгдсэн асуудал. Өөрөөр хэлбэл “Могул Скай” ХХК төлбөрөө төлж дуусган барьцаанаас хөрөнгийг чөлөөлснөөр нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэрэгжиж эхлэх талаар дүгнэсэн байгаа. Бид барьцаанд авахдаа уг хөрөнгөд үүрэг ногдуулсан эсэхийг бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч, ямар ч үүрэг ногдоогүй гэдгийг мэдсэний үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Мөн Зээлдэгч “Могул Скай” ХХК-иас зээлийн гэрээг байгуулснаас хойш 3,3 тэрбум төгрөг төлсөн ч зээлийн төлөлт хийгдэхэд гүйлгээний утгад иргэдийн нэр тухайлан зааж орж ирдэггүй байсан тул үүнийг банк мэдэх боломжгүй. Иймд барьцааны эрх нь өмчлөх эрхээс түрүүлж үүссэн, барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Пүрэвдулам нарын нэр бүхий 9 иргэн нь “Могул Скай” ХХК, Улаанбаатар хотын банкинд холбогдуулан Улаанбаатар хотын банк, “Могул Скай” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Улаанбаатар хотын банк эс зөвшөөрч маргав.

Хариуцагч “Могул Скай” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч  Н.Пүрэвдуламыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 306 тоот орон сууцны, Р.Батбаясгаланг мөн байрны 406 тоот орон сууцны,  Э.Золзаяаг 105 тоот орон сууцны, Д.Наранцэцэгийг 204 тоот орон сууцны, Н.Эрдэнэбаярыг 104 тоот орон сууц болон ГГ-47, ГГ-48 тоот автозогсоолын, Ц.Басбаярыг 906 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон байна. /1ххэргийн 75-94 дэх тал/

“Могул скай” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 11/15 тоот тогтоолоор 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1А дугаар байрнаас нэр бүхий орон сууцыг “Могул таун” ХХК-д шилжүүлж, улмаар “Могул таун” ХХК нь нэхэмжлэгч Н.Пүрэвдулам, Р.Батбаясгалан, Э.Золзаяа, Д.Наранцэцэг, Ц.Басбаярт, Н.Эрдэнэбаяр нартай 2012 онд орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг тус тус байгуулсан, нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн талаар шүүхийн дээрх шийдвэрт дурдсан байна.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3828, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоолын, нэхэмжлэгч М.Төрмөнхийг мөн байрны 207 тоот орон сууц, 1А-09, ГГ-2-55 тоот автозогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоосон байна. Шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр гэдэгт зохигчид маргаагүй. /1ххэргийн 111-117, 134-137 дахь тал/

Түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Могул скай” ХХК-иас 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт зээлийн болон барьцааны гэрээний дагуу нийт 2,055,460,140 төгрөгийг гаргуулан, Улаанбаатар хотын банкинд олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

“Могул Скай” ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах Г-97 тоот автозогсоолын зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй барилгыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан болох нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Мөн орон сууц захиалсан иргэдийн зөвшөөрлийг аваагүй үндэслэлээр дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Могул Скай” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. /1ххэргийн 229-242, 2ххэргийн 1-7 дахь тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан хэдий ч тухайн хэргийн оролцогч биш этгээдийн хувьд үйл баримтын талаар маргах эрх нээлттэйгээс гадна Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрт нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэл болсон барьцаа Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан шаардлагыг хангасан эсэх асуудлыг шийдвэрлээгүй тул шүүх нэхэмжлэгч иргэдийн шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч иргэдийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулахаар бүртгэх чиг үүрэг бүхий байгууллагад нэхэмжлэгч Н.Пүрэвдулам, Р.Батбаясгалан, Д.Наранцэцэг нар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, нэхэмжлэгч Э.Золзаяа, Н.Эрдэнэбаяр нар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, нэхэмжлэгч Ц.Басбаяр 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр тус тус хандсан ч барилга бүхэлдээ Улаанбаатар хотын банкны барьцаанд бүртгэлтэй шалтгаанаар бүртгээгүйгээс гадна нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарт 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон ч Улаанбаатар хотын банкны барьцааны эрх бүртгэлтэй хэвээр талаар хариуг өгсөн байна. /1ххэргийн 19,31,41,51,61, 2ххэргийн 47,139 дэх тал/ Мөн нэхэмжлэгч М.Төрмөнх бүртгэлийн байгууллагад холбогдуулан өмчлөх эрхийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэхийг даалгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан явдал энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хэргийг хянан шийдвэрлэв.  /1ххэргийн 138-143, 2ххэргийн 8-12 дахь тал/

Нэхэмжлэгч нар нь орон сууц, автозогсоолыг худалдаж авсан үйл баримт тогтоогдсоноос гадна уг барилга нь 30 хувийн гүйцэтгэлтэй, автозогсоол 95 хувийн гүйцэтгэлтэй байхдаа “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, дээрх хөрөнгөд Улаанбаатар хотын банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний дагуу үүрэг ногдуулсан, өөр үүрэг ногдуулсан бүртгэл байхгүй, зээлийн нэмэлт барьцааны гэрээ хамааралгүй болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.  /1ххэргийн 175-225, 2ххэргийн 150 дахь тал/

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарын хувьд Ц.Одон, “Могул Скай” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1А/79 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, улмаар 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1А/79 тоот гэрээг шинэчлэн байгуулсан гэдэгт зохигчид маргаагүйгээс гадна нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарыг уг байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоолын өмчлөгчөөр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049443, Ү-2206049444 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /1ххэргийн 97-109, 120, 121 дэх тал/

Хариуцагч “Могул Скай” ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй дуусаагүй барилга, автозогсоолоос нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарт холбогдох хэсгийг өмчлөлд нь шилжүүлэлгүй гуравдагч этгээд болох Улаанбаатар хотын банкны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан “барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болох бусад хязгаарлагдмал эрхийн талаар бичгээр мэдэгдэх”, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөнөөс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл болсон байна.

Иймд Улаанбаатар хотын банк, “Могул Скай” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.9-д заасан барьцааны зүйлээс нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарын өмчлөлийн орон сууц, автозогсоолыг барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв. Нэгэнт тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарын орон сууц, автозогсоолыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 3-т “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хүсэл зоригоос гадуур нөхцлийн улмаас өмчөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа болох нь тогтоогдож байх тул барьцааны зүйлээс нэхэмжлэгч Н.Пүрэвдулам, Р.Батбаясгалан, Э.Золзаяа, Д.Наранцэцэг, Н.Эрдэнэбаяр, М.Төрмөнх, Ц.Басбаяр нарын хөрөнгөд хамаарах хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцох нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан  өмчийн халдашгүй байдлыг хангах иргэний эрх зүйн тулгуур зарчимд нийцнэ гэж дүгнэв. Мөн барьцаалагч банкны зүгээс хэрэгжүүлэх үүргийн эрх зүйн шаардах эрх нь өмчлөгч өөрийн өмчийг хуульд заасан хэмжээ хязгаарын дотор захиран зарцуулах эрхийг хязгаарлах үндэслэл болж чадахгүй байна гэж үзэв.

Шүүх ийнхүү барьцааны гэрээнээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн зүйлд хамаарах хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар барьцааны гэрээний үлдэх хэсэг хүчин төгөлдөр хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн барилга ашиглалтад орсноос хойш хариуцагч “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжсэн талаарх баримтгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул барилгын ирээдүйд бий болсон хэсэгт хамаарах барьцаа Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасантай нийцээгүй, энэ талаарх барьцааны гэрээний холбогдох хэсэг тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч М.Төрмөнхийн худалдан авсан ГГ-2-55 тоот автозогсоол нь Улаанбаатар хотын банк болон “Могул Скай” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээний зүйл болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй, нэмэлт барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрхийг нэгтгээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Улаанбаатар банк, “Могул Скай” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.9-д заасан барьцаа хөрөнгөнөөс нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоолд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Пүрэвдулам, Р.Батбаясгалан, Э.Золзаяа, Д.Наранцэцэг, Н.Эрдэнэбаяр, М.Төрмөнх, Ц.Басбаяр нарын мөн байрны 306, 406, 105, 204, 104, 207, 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-09 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,267,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хангагдсан хэмжээгээр тооцож тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч нарт олгов. Мөн нэхэмжлэгч М.Төрмөнх улсын тэмдэгтийн хураамжид 1,277,667 төгрөг төлөхөөс 1,302,700 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нар 1,315,962 төгрөг төлөхөөс 1,203,500 төгрөгийг тус тус төлсөн байх тул илүү төлсөн хэсгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Төрмөнхөд, дутуу төлсөн хэсгийг Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нараас гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Улаанбаатар банк, “Могул Скай” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.9-д заасан барьцаа хөрөнгөнөөс нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоолд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Пүрэвдулам, Р.Батбаясгалан, Э.Золзаяа, Д.Наранцэцэг, Н.Эрдэнэбаяр, М.Төрмөнх, Ц.Басбаяр нарын мөн байрны 306, 406, 105, 204, 104, 207, 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-09 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс ГГ-2-55 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,267,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25,033 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Төрмөнхөд, дутуу төлсөн 112,462 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нараас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч “Могул Скай” ХХК, Улаанбаатар хотын банкнаас  8,242,380 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Пүрэвдуламд 912,150 төгрөг, Р.Батбаясгаланд 786,450 төгрөг, Э.Золзаяад 844,941 төгрөг, Д.Наранцэцэгт 924,150 төгрөг, Н.Эрдэнэбаярт 1,532,250 төгрөг, Б.Эрдэнэтуяа, Ц.Жавхлантөгс нарт 1,315,962 төгрөг, М.Төрмөнхөд 1,165,167 төгрөг, Ц.Басбаярт 761,310 төгрөгийг тус тус олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ