Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2017/00458/И |
Дугаар | 02363 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 02363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 125-405 тоотод байрлах, “Ти Ай ложистик” ХХК /РД: 5502802/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн наран 6-128 тоотод байрлах, “Нордлайн” ХХК /РД: 5180503/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, “Оргил худалдааны төв”-д байрлах, “Голден свит” ХХК /РД: 5031621/ нарт холбогдох,
342 295 269 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
194 135 659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагч “Нордлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр, хариуцагч “Голден свит” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нордлайн” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нордлайн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 3-наас 29-ний хооронд 11 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан ба өнөөдрийг хүртэл гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна. Иймд тээвэрлэлт, зуучлалын хөлс 64 045 евро буюу 170 157 958 төгрөг, алданги 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Нордлайн” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нордлайн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 3-наас 29-ний хооронд “Нордлайн” ХХК-ийн нэрээр “Голден свит” ХХК нь 3 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан ба өнөөдрийг хүртэл гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна. Иймд тээвэрлэлт, зуучлалын хөлс 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгргийг “Голден свит” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Нордлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нордлайн” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ти Ай Ложистик” ХХК-тай Ачаа тээврийн зуучлалын гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний дагуу “Нордлайн” ХХК нь өөрийн бараанаас гадна өөрийн хувьцаа эзэмшигчийн бусад компаниуд болох “Голден свит” ХХК, “Сээкл” ХХК-дын өмнөөс тэдгээр компаниудын барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг “Ти Ай Ложистик” ХХК-д өгдөг байсан. “Голден свит” ХХК нь 2014 онд ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас нийт 64 663.03 еврогоор 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13 198.16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3 597.43 кг, 286 хайрцаг Гауда нэрийн бяслаг худалдан авч, “Ти Ай Ложистик” ХХК-д захиалга өгч Улаанбаатар хот руу төмөр замаар РONU2853707 дугаартай чингэлэгг тээвэрлүүлсэн. “Голден свит” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул алдагдсан бяслагийн үнэ 59 678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65 000 еврогийн хохирлыг барагдуулж өгөхийг “Ти Ай Ложистик” ХХК-иас шаардсан. “Ти Ай Ложистик” ХХК нь Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн албанд хохирол төлүүлэх талаар гомдол гаргаж, 6 сарын дотор шийдүүлнэ гэсэн ч амжилт олоогүй, 1 жилийн дараа гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн хариуг “Ти Ай Ложистик” ХХК-д Улаанбаатар төмөр зам 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. “Голден свит” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх талаар “Ти Ай Ложистик” ХХК нь амлалт өгсөн ч арга хэмжээ авахгүй байсан тул бид 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс тэднээр хийлгэсэн тээвэрлэлтийн төлбөрөөс суутган авсан. Үүнийг “Ти Ай Ложистик” ХХК нь зөвшөөрч 65 000 еврогоо тээвэрлэлтийн төлбөрөөс хасч тооцуулах албан бичиг ирүүлж байсан. “Нордлайн” ХХК нь “Голден свит” ХХК-д учирсан хохирлыг шаардах, суутган тооцох эрхтэй. “Ти Ай Ложистик” ХХК-ийн нэхэмжилсэн 2014 оны 7 дугаар сарын тээврийн хөлс 78.615 еврог хохиролд суутган тооцсон тул уг төлбөрийг нэхэмжлэх, алданги тооцох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч “Голден свит” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Нордлайн” ХХК нь нэхэмжлэгч “Ти Ай Ложистик” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/18 дугаар гэрээг үндэслэн “Голден свит" ХХК-ийн ачааг “Ти Ай Ложистик” ХХК-иар ачуулж байсан. Энэ дагуу одоо нэхэмжлэгчийн манай компаниас нэхэмжилж байгаа CSUU02216458 EMJU5623937, PONY 2853707 тоот чингэлгүүдээр манай ачаа ачигдсан.Манай компани нэхэмжлэлд дурдсан тээврийн болон зуучлалын төлбөрөөс “Ти Ай Ложистик” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 1424 дугаар нэхэмжлэхийн дагуу CSUU02216458 EMJU5623937 дугаар 2 чингэлэгийн тээврийн болон зуучлалын хөлс болох 10 600 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгасан болно. Харин PONY 2853707 тоот чингэлэгтэй ачаа нь алдагдаж манай компанид 59 680.50 еврогийн хохирол учирсан тул энэхүү ачааны тээврийн болон зуучлалын хөлсийг төлөх үндэслэлгүй. Иймд манай компанид холбогдуулан гаргасан “Ти Ай Ложистик” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч “Нордлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Ти Ай Ложистик” ХХК-ийн ХБНГУ дахь төлөөлөгч нь манай захиалгыг хүлээн авч, тариф санал болгосон бөгөөд бид зөвшөөрснөөр тэд ачааг тээвэрлэж, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр энэ талаарх мэдээг ирүүлсэн. Энэхүү тээвэрлэлтийн PONY2853707 дугаартай чингэлэгт “Голден свит” ХХК-ийн ачаа болох ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас худалдан авсан нийт 64 663.03 еврогийн үнэ бүхий 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13 198.16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3 597.43 кг, 286 хайрцаг Гауда нэрийн бяслагийг ачуулсан. Уг ачаа бидэнд санал болгосон хугацаанаасаа хоцорч ирсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Ти Ай Ложистик” ХХК-ийн Улаанбаатар дахь менежер ачаа ирснийг мэдэгдсэн. “Голден свит” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох алдагдсан бяслагийн үнэ 59 678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65000 еврогийн хохирлыг барагдуулж өгөхийг “Ти Ай Ложистик” ХХК-иас шаардсан боловч хохирол төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэдийгээр алдагдсан ачаа нь “Голден свит” ХХК-ийн өмч боловч “Голден свит” ХХК-ийн хүсэлтээр уг ачааг “Нордлайн” ХХК нь хариуцан “Ти Ай Ложистик” ХХК-тай байгуулсан гэрээгээр ачуулсан бөгөөд “Голден свит” ХХК нь шаардах эрхээ манай компанид шилжүүлсэн тул РONU2853707 чингэлээр ачигдсан ачааны хохиролыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бидний хооронд байгуулагдсан “Ачаа тээврийн зуучлалын гэрээ”-ний 1.1 дэхь заалтын дагуу “Ти Ай Ложистик” ХХК нь импортын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Энэ гэрээг байгуулсан гол зорилго бол бид ачуулсан бараагаа нэгдүгээрт богино хугацаанд хүлээн авах, хоёрдугаарт бүрэн бүтэн хүлээн авахад оршино. Гэтэл тээвэрлүүлсэн бараа бүрэн бүтэн ирээгүй учраас “Ти Ай Ложистик” ХХК нь бидэнд учруулсан хохиролоо хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Иймд “Ти Ай Ложистик” ХХК-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу алдагдсан бяслагны үнэ 59 678.42 евро буюу 155 292 797 төгрөг, бяслагийг худалдаад олох ёстой байсан ашиг болох 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг “Ти Ай Ложистик” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Ти ай ложистик” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Голден Свит” ХХК-ийн ачаа нь “Ти Ай Ложистик” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдаагүй. Тиймээс алдагдсан бяслагны үнэ болон худалдаад олох ёстой байсан ашгийг төлөх үндэслэлгүй. “Голден Свит” ХХК-ийн РONU2853707 дугаартай чингэлэг нь “Нордлайн” ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй. “Нордлайн” ХХК нь 2013 оны 10 дугаар сард бичгээр гэрээг манай компанитай байгуулсан бөгөөд энэ гэрээгээр “Голден Свит” ХХК-ийн ачааг ачуулсан гэж байгаа боловч энэ талаар гэрээнд ямар ч заалт байхгүй байна. “Голден Свит” ХХК нь бие даасан хуулийн этгээд учраас бичгээр байгуулах шаардлагатай байсан. Хоёр тусдаа хуулийн этгээдийн ачаа тээвэр нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр дугаартай, өөр өөр тоо ширхэгтэй контейнэрээр ирсэн, нэг нь бичгээр байгуулсан гэрээтэй, нөгөө нь огт гэрээ хийгээгүй байхад тээвэр зуучийн компанид тээвэр зуучийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй компани нь нөгөө компанидаа эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн гэсэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгох үндэслэл байхгүй. Ачаа замдаа алдагдсанд нэхэмжлэгч тал буруугүй тул хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК нь хариуцагч “Нордлайн” ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын болон ачаа тээврийн хөлсөнд 64 045 евро буюу 170 157 958 төгрөг, алданги 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөг, хариуцагч “Голден свит” ХХК-д холбогдуулан 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Нордлайн” ХХК нь нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК-д холбогдуулан алдагдсан барааны үнэ 59 678.42 евро буюу 155 292 797 төгрөг, олох байсан ашиг 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч “Нордлайн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...“Ти Ай ложистик” ХХК-ийн ачуулсан чингэлэгт байсан бараа алдагдсан тул уг үнийг тээврийн болон зуучлалын үлдэгдэл төлбөрт суутган тооцсон” гэж, хариуцагч “Голден свит” ХХК нь “...2 чингэлгийн төлбөрийг төлсөн, үлдэх 1 чингэлэгт байсан бараа нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдсан тул төлбөрийг төлөхгүй” гэж, нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...1 чингэлэгт байсан бараа алдагдсанд нэхэмжлэгч буруугүй тул түүний хариуцлагыг хариуцахгүй, олох байсан ашиг нь нотлогдоогүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хариуцагч “Нордлайн” ХХК-д холбогдох 255 236 937 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК болон хариуцагч “Нордлайн” ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13/18 дугаартай ачаа тээврийн зуучлалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Гэрээний 1.1, 6.4-т зааснаар талууд уг гэрэгээрээ импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцож, гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Гэрээний зүйл, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан тээвэр зуучлалын харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу нэхэмжлэгчид хариуцагч “Нордлайн” ХХК-ийн захиалгын дагуу импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, мөн хариуцагчийн хүсэлтийн дагуу хамгийн тохиромжтой богино, хугацаа бага зарцуулах тээврийн замналыг, үйлчилгээний үнэ тарифыг хариуцагчид санал болгох, мөн тээвэрлэлттэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээллэр хангах, хариуцагчид тээврийн хөлсний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу гадаад валютаар төлөх үүрэг тус тус үүссэн байна.
Хариуцагч нь дээрх гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 03-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 11 ширхэг чингэлгийг хүлээн авч, тээврийн хөлсийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй байх бөгөөд уг тээврийн хөлс нийт 64 045 евро болсныг баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч талын авлага, алдангийн тооцоо болон нэхэмжлэгчээс хариуцагчид илгээсэн нэхэмжлэхээр дээрх 11 ширхэг чингэлгийн тээврийн хөлс нийт 64 045 евро болсон нь нотлогдож байна /1 дүгээр хавтаст хэргийн 209-210, 221-222 дугаар тал/.
Нөгөөтэйгүүр, хариуцагчийн татгалзалын үндэслэл болох “...РONY2853707 дугаартай чингэлэгт тээвэрлүүлсэн алдагдсан бараа бүтээгдэхүүний үнэ 59 678.42 еврог дээрх тээврийн хөлснөөс суутгасан” гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн тээвэрлүүлсэн дээрх 11 ширхэг чингэлгийн тээврийн хөлсийг бусдад төлж, хариуцагч нь уг 11 ширхэг чингэлгийг хүлээн авсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг гэрээний үүрэг болох тээврийн хөлсийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д зааснаар тээврийн хөлс 64 045 евро буюу 170 157 958 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монголбанкны зарласан еврогийн ханш 2656.85 монгол төгрөгөөр харьцуулан нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг Монгол мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай харшлаагүй байна.
Талууд гэрээний 3.1.2-т алдагийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалттай нийцэж байна. Гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нь тээврийн хөлсийг ачааг хүлээн авсан тухайн сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Гэвч дээрх 11 чингэлгийн тээврийн хөлснийг нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчаас нэхэмжилсэн байх боловч хариуцагч нь уг төлбөрийг төлөөгүй байх бөгөөд гэрээний 3.1.2-т заасан алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүрэг болох нийт 170 157 958 төгрөгийн 50 хувиас илүү гарч байх тул нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 50 хувиар тооцон 85 078 979 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох тул шүүх алдангийн хэмжээг илт их гэж үзэн 45 000 000 төгрөгөөр тогтоов.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч “Нордлайн” ХХК-иас тээврийн хөлсөнд 170 157 958 төгрөг, алдангид 45 000 000 төгрөг, нийт 215 157 958 төгрөгийг шаардах эрхтэй байна.
2. Хариуцагч “Голден свит” ХХК-д холбогдох 87 058 332 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч “Голден свит” ХХК нь нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК болон хариуцагч “Нордлайн” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/18 дугаартай ачаа тээврийн зуучлалын гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 3 ширхэг чингэлгийг нэхэмжэгчээр зуучлуулан тээвэрлүүлэн хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэрээг хэдийгээр нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК болон хариуцагч “Нордлайн” ХХК-ийн хооронд байгуулагдсан боловч хариуцагч “Голден свит” ХХК нь өөрийн нэрээр 3 чингэлгийг тээвэрлүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байх тул талуудын хооронд 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3-т зааснаар мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу нэхэмжлэгчид хариуцагч “Голден свит” ХХК-ийн захиалгын дагуу импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, мөн хариуцагчийн хүсэлтийн дагуу хамгийн тохиромжтой богино, хугацаа бага зарцуулах тээврийн замналыг, үйлчилгээний үнэ тарифыг хариуцагчид санал болгох, мөн тээвэрлэлттэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээллэр хангах, хариуцагчид тээврийн хөлсний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу гадаад валютаар төлөх үүрэг тус тус үүссэн байна.
Хариуцагч нь хэлцэлийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 03-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 3 ширхэг чингэлгийг хүлээн авсанаас 1 ширхэг буюу РONY2853707 дугаартай чингэлгийн тээврийн хөлсийг төлөөгүй талаар маргаагүй байхаас гадна “2 ширхэг чингэлгийн тээврийн хөлсийг төлсөн” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар төлсөн гэж үзэх уг үйл баримт тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч талын авлага, алдангийн тооцоо болон нэхэмжлэгчээс хариуцагчид илгээсэн нэхэмжлэхээр дээрх 3 ширхэг чингэлгийн тээврийн хөлс нийт 21 855 евро болсон нь нотлогдож байхаас гадна /1 дүгээр хавтаст хэргийн 209-210, 221-222 дугаар тал/ хариуцагч нь уг үнийн дүнг баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Иймд хариуцагчийг гэрээний үүрэг болох тээврийн хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д зааснаар хариуцагчаас тээврийн хөлс 21 855 евро буюу 58 038 888 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Голден свит” ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргахад Монголбанкны зарласан еврогийн ханш 2684.21 монгол төгрөг байх боловч нэхэмжлэгч нь уг ханшаар бус шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монголбанкны зарласан еврогийн ханш 2656.85 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн үнийн тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Монголбанкны зарласан еврогийн ханшийн бага ханшаар нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсонг буруутгах боломжгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол алданги шаардах эрхгүй. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар тээвэр зуучлалын гэрээний гол нөхцөлийн талаар тохирсон байх бөгөөд харин алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд бичгийн гэрээгээр алдангийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь алданги 29 019 444 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч “Голден свит” ХХК-иас тээврийн хөлсөнд 58 038 888 төгрөгийг шаардах эрхтэй байна.
3. Хариуцагч “Нордлайн” ХХК-ийн 194 135 659 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “Голден свит” ХХК нь нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК-иар РONY2853707 дугаартай чингэлэгийг тээвэрлүүлэх явцад алдагдсан бараан үнэ 59 678.42 евро буюу 155 292 797 төгрөг, олох байсан ашиг 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг шаардах эрхийг хариуцагч “Нордлайн” ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлтэй харшлаагүй байна. Иймд хариуцагч нь уг гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч “Голден свит” ХХК нь нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК болон хариуцагч “Нордлайн” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/18 дугаартай ачаа тээврийн зуучлалын гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 03-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 3 ширхэг чингэлэгийг зуучлуулан тээвэрлүүлэн хүлээн авсанаас РONY2853707 дугаартай 1 ширхэг чингэлэгт байсан эд зүйл алдагдсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67 дугаар зүйлд зааснаар төмөр замын байгууллага нь тээвэрлүүлэхээр өгсөн ачааг хүлээн авсан цагаас эхлэн түүнийг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл уг ачааг бүрэн бүтэн байлгах хариуцлага хүлээх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлийн гэрээ бус, харин мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Түүнчлэн, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж РONY2853707 дугаартай 1 ширхэг чингэлэгт байсан эд зүйл алдагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар алдагдсан эд зүйлийн үнэ болон түүнийг зарж борлуулснаас олох байсан ашиг, орлого буюу хохирол шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч “Нордлайн” ХХК-иас 215 157 958 төгрөгийг, хариуцагч “Голден свит” ХХК-иас 58 038 888 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69 098 423 төгрөгийг, хариуцагч “Нордлайн” ХХК-ийн 194 135 659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Нордлайн” ХХК-иас 215 157 958 төгрөг, хариуцагч “Голден свит” ХХК-иас 58 038 888 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69 098 423 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Ти Ай ложистик” ХХК-д холбогдох, 194 135 659 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Нордлайн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 027 376 төгрөгийг, хариуцагч “Нордлайн” ХХК-иас төлсөн 1 128 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нордлайн” ХХК-иас 1 233 740 төгрөг, хариуцагч “Голден свит” ХХК-иас 448 144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.