| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 160/2017/0123/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 48
|
|
Прокурор Н.Ц
Цагаатсан этгээд Х.Ц, Ш.Б
Цагаатсан этгээдийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Батхүү
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цын бичсэн эсэргүүцэл, цагаатсан этгээд Х.Цын гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн, Ш.Б, Х.Ц нарт холбогдох 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Н овогт Шгийн Б
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Х Ц,
Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цд 2 000 000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1 000 000 төгрөгийн хээл хахууль авсан, Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхолын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Бт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1 000 000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Бт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар, Х.Цд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай цагаатгах тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Х Ц нь хээл хахууль өгөх, шүүгдэгч Н овогт Шгийн Б нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгаж, Шүүгдэгч Ш.Бт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, шүүгдэгч Х.Цд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолуудыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож, 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Ш.Б, Х.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Ш.Бийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай 30 000 000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Ш.Б, Х.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ш.Б, Х.Ц нар нь хохирлоо арилгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Цагаатгагдсан этгээд Х.Цын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 тоот цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь 2015 оны 8 сард Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Бт 1 000 000 төгрөг өгч үндсэн багш болсон нь үнэн болно. Энэ хэргийг нотлогдохгүй байна гэх үндэслэлээр цагаатгаж байгаад гомдолтой байна. Би хүн гүтгээгүй. Иймд хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Прокурор Н.Цын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ц би, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай цагаатгах тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
-Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын өрөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цд 2.000.000 төгрөг өгвөл үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
-Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн захирал Ш.Бт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. Тус прокурорын газраас Ш.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, Х.Цд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Ц нь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг шууд нотолж байгаа нотлох баримт нь шүүгдэгч Х.Цын хэргээ хүлээсэн мэдүүлэг бөгөөд бусад гэрч Т.Б, Т.О, Д.Н нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Ц нь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна гэж үзлээ, шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Ц, Ш.Б нарыг цагаатгаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүх нь хэрэгт авагдсан Х.Цын “Өгиймандал” ХЗХ-оос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, гэрч Т.Б, П.М нарын мэдүүлэг, Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/37 дугаар тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар болон бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Ц нь Өгийн мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авсан, шүүгдэгч Ш.Бийн гэрт очиж түүнтэй уулзсан, Х.Ц нь үндсэн багшийн албан тушаалд томилогдсон гэх нөхцөл байдлуудыг нотолж чадаж байна гэж дүгнэсэн атлаа хэргийг цагаатган шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан ба гэрч нарт худал мэдүүлэг өгвөл Эруүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, хуульд заасан журмыг баримтлан мэдүүлэг авсан байх бөгөөд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн гэрч Б.Бөхбат, Д.Н, Т.О, яллагдагч Х.Ц нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Ц нь “...Би яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед нөхөр Т.Б мотоциклоор Ш.Бийн гадаа хүргэж өгөөд буцсан. Намайг мөнгө өгөх гэж 1 сая төгрөгөө бэлдээд аваад орсныг мэдэж байсан. Ш.Бт 1 сая төгрөг өгөх болсон шалтгааны талаар би нөхөр Т.Бын төрсөн эгч Т.Од ярьсан чинь юу боллоо гэж 2 сая төгрөг өгдөг юм, талыг нь өгөхгүй юу олдохгүй байна гэж хэл гэснийх нь дагуу тэгж тал мөнгийг нь өгсөн юм. Энэ талаар Т.О эгч мэдэж байгаа. Ингээд намайг 1 сая төгрөг өгсний дараа шинэ хичээлийн жил эхлэхэд өөрөө өөрийнхөө гаргасан тушаалаа надад өрөөндөө дуудаж оруулж ирээд гардуулан өгч өөрийнхөө хавтаст хийгээрэй гэж байсан. Би удалгүй анги даасан багш болж, цалин дээр маань анги даасан багшийн нэмэгдэл цалин олгуулах болсон.” гэж мэдүүлсэн /хх-ийн 241-242 хуудас/ бөгөөд гэрч Т.Бын “...2015 оны зун 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Х.Цын сургуулийн захирал Ш.Б нь эхнэрийг маань дуудаж, Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн, цагаан идээ, хонь тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш манай эхнэрт сайхан ханддаг болсон гэсэн. Тэгээд удалгүй Ш.Б захирал нь гэртээ дуудаж эхнэр Х.Цтай уулзаж үндсэн багшийн орон тоо гарч байна, чи аймгийн боловсролын газар луу явж сонгон шалгаруулалтад орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2 сая төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна гэж хэлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Х.Ц маань захиралтайгаа очиж уулзсан өдрөө надад ирж хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч Оюунзулд хэлэхэд их уурлаж, шууд 2 сая төгрөг өгнө гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжид 1 сая төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэл гэж байсан. Энэ байдлаа Оюунзул эгчид нэг, нэгэнгүй хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр Өгийнуур сумын Өгий мандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1 сая төгрөгийг нь бэлнээр Ш.Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Тухайн өдрийг нь санахгүй байна зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх, би эхнэрээ өдөр 13 цагийн үед байх Ш.Б захирлын гэрийнх нь гадна өөрөө мотоциклоороо хүргэж өгч байсан. Удалгүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Ер нь анх ярихдаа 2 сая төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж энхэр маань тухайн үед хэлж байсан. Энэ асуудлын талаар Оюунзул эгч, сургалтын менежер Нямдулам нар сайн мэдэж байгаа өөр бусад хүмүүс тэр болгон мэдэхгүй байгаа байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 199 хуудас/, Гэрч Т.Оын “...Би өдрийг нь санахгүй байна, 2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Т.Б, эхнэр Х.Ц нар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Ш.Б намайг дуудаж уулзаад үндсэн багшийн орон тоо гарсан. Чи сонгон шалгаруулалтад орох уу, эсхүл надад 2 сая төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтад орно гэвэл Нямдорж багшийн хамтаар аймгийн боловсролын газар луу сонгон шалгаруулалтад ор, аймгийн боловсролын газраас чамайг унагана 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтад оруулалгүйгээр би аргалж, үндсэн багшийн орон тоон дээр авна гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр хоёр одоо яах вр гэж надаас зөвлөгөө аваад ирэхээр нь би сонгон шалгаруулалтад ороод үзвэл яадаг юм, шалгалтыг өг гэсэн чинь сонгон шалгаруулалтад орох юм бол тэртээ тэргүй захирал өөрөө цааш нь хэлээд шалгалтад унагачихна сүүлд нь дарамтлаад байж магадгүй, тийм болохоор нэхсэн мөнгийг нь өгөөд ажилдаа орчих юм бол дараа нь надад ямар нэгэн асуудалгүй гэж ярьж байсан. Тухайн үед нь би бүх мөнгийг нь өгнө гэж юу байдаг юм бэ, тал хагасыг нь олж өгч болох юм уу гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Х.Ц ажилдаа орсон. Би уулзаад нөгөө Ш.Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т.Б бид хоёр сумынхаа Өгий-Мандал хадгаламж зээлийн хоршооноос 5 сая төгрөгийн зээл авч, үүнээс 1 сая төгрөгийг нь бэлнээр Ш.Б захирлын гэрт аваачиж өгсөн. Үлдсэн мөнгийг нь өөрсдөө мотоцикп энэ тэр аваад дуусгасан гэсэн. Би тухайн үед мөнгөө дансаар өгсөн үү, сүүлд нь баримттай гэхэд үгүй захирал дансны дугаараа өгөхгүй байсан. Тэгээд бэлнээр аваад ир гэсний дагуу гэрт нь 1 сая төгрөгийг аваачиж өгсөн гэж байсан. Үлдэгдэл 1 сая төгрөгийг нь суманд 5 жил ажилласан багш нарын тэтгэмжийн мөнгөнөөс өгөхөөр боллоо гэж ярьж байсан. Тухайн үедээ болдог асуудал юм байх гээд өнгөрсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 202-203 хуудас/, Өгий-Мандал нэртэй хадгаламж зээлийн хоршооны барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 200-201 хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл Ш.Б нь Х.Цтай хамт хоёулаа байхдаа түүнээс хээл хахууль авсан, Х.Ц нь хээл хахууль өгсөн бөгөөд уг нөхцөл байдлыг Х.Цын мэдүүлэг болон дээр дурдсан дамжмал нотлох баримтуудаас өөр аргаар шалгаж тогтоох боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй." гэж заасан ба шүүгдэгч Х.Ц нь Ш.Бт 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг гэрт очиж өгсөн гэж мэдүүлсэн нь гэрч Б.Бөхбат, Д.Н, Т.О, Өгиймандал, хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлж авсан талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан тул Ш.Б, Х.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзнэ. Шүүгдэгч Ш.Б нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь хэсэг “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрхийн хүрээнд ажилласан гэх боловч уг хуульд тухайн ажилд томилогдох хүнээс хээл, хахууль авч тушаал гаргаж томилохоор тусгаагүй нь Ш.Бийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсныг нотолж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ Нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим 1.2 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улс нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хууль гаргаж, Авлигалын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг соёрхон баталж, хүчин төгөлдөр болжээ. Уг конвенцийн 3 дугаар бүлэг. Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах, 15 дугаар зүйл. Үндэсний төрийн албан тушаалтныг хахуульдах “төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох.” гэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож байхаар заасан тул Ш.Б, Х.Ц нарыг конвенцийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
|
|
| № |
Шүүгдэгч Ш.Бийн үйлдэл нь Хээл хахууль авах, Х.Цын үйлдэл нь Хээл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
“Энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэргийн онцлог шинжийг анхаарч үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Х.Цыг тухайн цаг хугацаанд хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан, түр багшийн орон тоон дээр ажиллаж байгаа, энэ хэргийн дараагаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалаар үндсэн багшийн орон тоон дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Дээрх нөхцөл байдал нь цагаатгагдсан этгээд Х.Ц, тэдгээрийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, прокурорын эсэргүүцэлд дурдагдсан мэдүүлгүүдийн нотлох баримтууд нөлөөлж байгаа. Хэргийн шинжийн онцлогийн тухайд ярих юм бол Монгол улс 2005 онд Авлигын эсрэг гэрээ, конвенцэд нэгдэн орсон байдаг. Энэ конвенцийг Монгол улсын хуулийн адил дагаж мөрдөх ёстой. Конвенцэд зааснаар авлигын гэмт хэргийг ил болон далд гэж 2 ангилдаг. Энэ хэргийн онцлог нь шүүгдэгч Ш.Бийн гэрт далд хэлбэрээр үйлдэгдсэн. Хажууд нь харсан, үзсэн хүн байдаггүй. Тийм учраас далд хэлбэрээр үйлдэгдсэн хэргийг нотлохын тулд бусад нотлох баримтуудыг үнэлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг үнэлэх ёстой. Хэрвээ Х.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хууль бус гэж үзэх юм бол үүнээс хойш өгсөн мэдүүлгийг үнэлэх ёстой. Х.Цын өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан баримт зэргээр тогтоогдож байгаа. Дээрх нотлох баримтуудыг үндэслэж энэ хэргийг шийдвэрлэх саналтай байна. Анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан байгаа учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан хээл, хахууль авах гэмт хэрэг нь тухайн албан тушаалтан мөнгө авч, хэрэгжүүлэх ёсгүй обьектив үйлдлийг заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа. Захирлын хувьд бусдаас мөнгө нэхээд авч байгаа зүйл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа. Дараагийн нэг асуудал Х.Цыг өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн талаар тайлбар гаргаж байна. Энэ нь Ш.Бийг яллах үндэслэлд хамаарахгүй, харин Х.Цыг яллах үндэслэлд хамаарч нотлох баримтад хамааралтай. Өөрөөр хэлбэл Ш.Бийг өмгөөлөгчтэй байцаагаад Х.Цыг өмгөөлөгчгүйгээр сэжигтэн, яллагдагчаар байцаасан бол ял сонсгосон тогтоол нь хүчингүй болно. Гэхдээ Ш.Б, Х.Ц нарын Авилгатай тэмцэх газарт өгсөн тайлбар, бусад гэрчүүдийн Авилгатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэг зэргээр Ш.Б бусдыг ажилд томилохоор бусдаас мөнгө авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Тэгэхээр Х.Цд ял сонсгоогүй байна, Ш.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ш.Бийн хувьд бусдаас хээл хахууль авсан тогтоогдож байна. Харин Х.Цын хувьд ял халдаах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хэрэв Х.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол бусдын хясан боогдуулсан шалтгаан улмаас хээл хахууль өгсөн, өөрөө Авилгатай тэмцэх газарт өргөдлөө гаргасан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн заалттай. Иймд прокурорын эсэргүүцэл, Х.Ц давж заалдах гомдол 2 үндэслэлтэй байгаа учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Тэр тусмаа анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаах нь зүйтэй байна. Х.Цыг өмгөөлөгчгүй байцаалт өгсөн гэж үзэж байгаа бол байцаалтыг дахин явуулах эрх зүйн үндэс үүсч болзошгүй нөхцөл байгаа.” гэв.
Өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Х.Цын гэрчүүд нэгдсэн санаа зорилготой Ш.Бийн албан үүргийг нь түдгэлзүүлье гэсэн хүсэлт гаргаж байсан гэж байна. Албан ёсоор хүсэлт гаргахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байсан учраас удаа дараа хүсэлтээ гаргасан. Учир нь энэ хэрэгт шалгагдах байхдаа Х.Ц нь ажлаасаа халагдчихаад шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгож байсан. Энэ үйл ажиллагаа нь Ш.Б эрх, үүргээ хэрэгжүүлээд байгаа учраас хийгдээд байгаа үйл ажиллагаа. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх рүү буцаахгүйгээр цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломж байгаа.” гэв.
Өмгөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Х.Цын мэдүүлгийг үндэслээд Ш.Бийг яллаад байдаг. Х.Цын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь өмгөөлөгчгүй авсан учраас хуульд нийцсэн нотлох баримт биш. Мөн энэ хэргийг прокурорын зүгээс Бөхбат, Оюунзул, Нямдулам нарын мэдүүлэг, хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан талаарх нотлох баримтыг үнэлээд шийдвэрлэх боломжтой гээд байна. Нэгэнт энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас дамжмал нотлох баримт хууль байхгүй нэр, томьёогоор Ш.Бийг яллах хууль зүйн үндэслэлгүй байна. Хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан талаарх баримт нь хахууль өгсөн гэдгийг нотлох баримт биш шүү дээ. Энэ нотлох баримтаар Ш.Бийг яллах үндэслэл болохгүй. Х.Цын шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад хахууль өгсөн талаар мэдүүлэг өгөхөөс илүүтэй Ш.Бийг буруутгах гэсэн харлуулах гэсэн мэдүүлгүүд өгөгдсөн байна. Мөн мэдүүлэг өгөх болгонд дарамталдаг, зовоодог гэсэн зүйл тайлбарласан. Тэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Дараагийн нэг асуудал нь Х.Ц авилга өгөөгүй гэдгээ нотолсон тайлбарыг гаргаж өгсөн, тухайн тайлбар нь хавтаст хэрэгт байгаа. Мөн энэ хэрэгт Ш.Бийн нөхөр гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Х.Цыг Ш.Бийн гэрт очоод тусдаа 1 сая төгрөг өгсөн гэсэн үйл баримт нотлогдохгүй байгаа. Ш.Бийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Х.Цаас хахууль авсан гэх шинжүүд байхгүй байгааг шүүх зөвөөр олж хараад прокурорын эсэргүүцэл, Х.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, цагаатгагдсан этгээд Х.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүх Х.Ц нь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Цын хэргээ хүлээсэн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдохгүй байна, яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй тул Х.Цын хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэн түүнийг хээл хахууль өгөх гэмт хэрэг, Ш.Бийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, Х.Ц, Ш.Б нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокуророос шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан хээл хахууль авах гэмт хэрэгт, шүүгдэгч Х.Цыг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан хээл хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, улмаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, шүүгдэгч Ш. Б, Х.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Анхан шатны шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн атал гэрч Д.Н, Т.Б, Т.О нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Ц нь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотлож чадахгүй байна гэж агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийснээс гадна хэрэгт авагдсан яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хээл хахууль өгөх нь өөрт бий болсон хэрэгцээ, шаардлага, ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой, харин хээл хахууль авах нь тухайн хүнд үүссэн хэрэгцээ, шаардлага, нөхцөл байдлыг ашиглан хээл хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож буй үйлдэл юм.
Гэтэл Ш.Б, Х.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан баримтат мэдээлэл буюу нотлох баримтуудыг шүүх буруу үнэлэн, улмаар шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, цагаатгах тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байх тул энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл, цагаатгагдсан этгээд Х.Цын давж заалдах гомдлыг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Х.Ц, Ш.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
М.МӨНХДАВАА