Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 131/2016/0000/Э |
Дугаар | 109 |
Огноо | 2016-07-28 |
Зүйл хэсэг | 096.1., 099.1., |
Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 109
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Иргэдийн төлөөлөгч Ч.Цэцэгмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.Өлзийбаяр, Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Ю.Ганбаатарт, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Баасанбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201505000321 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1970 оны 02 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүп 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВГ70021011 тоот регистрийн дугаартай, Арслан овогт Батмөнхийн Баасанбат,
2. Монгол Улсын иргэн, 1975 оны 09 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүп 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВГ75090518 тоот регистрийн дугаартай, Өөлд овогтой Юндэнбалын Ганбаатар,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Баасанбат нь 2015 оны 10 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар Ю.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож Ю.Ганбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Ю.Ганбаатар нь 2015 оны 10 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар Б.Баасанбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнтэй харилцан зодолдож толгойн тус газарт нь чулуугаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баасанбатын мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн ... Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3-р баг “Цагаан чулуут” гэх газар нутагладаг. Би 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ 09 цагийн орчимд "Баруун булаг" гэх газраас малаа услахаар явсан. Малаа ус руу оруулаад адуу усанд ирэхээр нь очиж унаж явсан морио эвэлсэн. 17 цагийн орчимд малаа уснаас гаргаж гэрлүүгээ явсан. Замдаа "Усан хөтөл" гэх газар малаа туугаад явж байхад Ю.Ганбаатар үхрээ туугаад "Усан хөтөл"-ийн дөрөлжний цаанаас гарч ирээд бид хоёр хоорондоо таарсан. Би Ганбаатарт “чи битгий өвөлжөө рүү малаа явуулаад бай” гэхэд Ганбаатар “та яах гээд байгаа юм” гэсэн би Ю.Ганбаатарт “чи яах гэж хүнийг элэг барьж байдаг юм чамд хэлж байна” гэхэд Ганбаатар хүрч ирээд намайг барьж авахад нь би Ганбаатарыг хойш нь түлхсэн. Тэгэхэд Ганбаатар хойшоо газар суусан. Дараа нь Ганбаатар газраас босч ирээд зүүн гараа далайхад нь би дальдраад тонгойход миний толгойруу тас буугаад явсан. Дараа нь миний толгойноос цус гоожихоор нь би доошоо болоод газар суусан. Тэгэхэд Ганбаатар морио унаад яваад өгсөн. Би босч мориндоо мордох гэхэд толгой эргээд босч чадаагүй. Тэгээд Ганбаатарт зодуулсан газраа малгайгаараа толгойгоо дараад морио бариад суугаад байсан. Харанхуй болсоны дараа манай эхнэр Батцэцэг над дээр хүрч ирэхэд нь би юу болсон талаар эхнэртээ хэлэхэд манай эхнэр Ганбаатар хүрч ирээд юу болсон талаараа хэлэхгүй. Чи хээр үхэх нь байна гэж хэлээд гэрлүүгээ явъя гээд байж байхад араас нь манай хүргэн Мягмарсүрэн, Батзориг нар хонь Ганбаатарын хонинд нийлсэн байна гээд хүрч ирсэн. Миний унаж явсан морийг Мягмарсүрэн унаад явсан. Батзориг мотоциклоор яваад гэрээсээ машинаа унаж ирээд намайг суулгаад би өөрийнхөө гэрт очсон. Гэрээсээ Баян-Овоо сумруу яваад эмнэлэгт очиж толгойдоо 13 ширхэг оёо тавиулсан. Маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 18-нд Баянхонгор аймагт ирж эмнэлэгт хэвтсэн. Ганбаатар газар хойшоо суугаагаараа унаад босч ирэхдээ газраас хавтгай, гонзгой томовтор чулуу аваад шидэхэд миний толгойн баруун дээд хэсэгт уг шидсэн чулуу нь цохисон ... Би 2014 оны 09 сарын 22-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер томаграфын зураг авахуулаагүй. Харин 2015 оны 11 сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлапын үндэсний төвд компьютер томаграфын зураг авахуулсан. Он cap өддрийг дүгнэлт гаргасан Лхагвасүрэн эмч андуурч бичсэн байх. Би өмнө нь эмнэлэгт хэвтэж байгаагүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 158/,
Шүүгдэгч Ю.Ганбаатарын мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн ... Би 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Овоо сумын 3 дугаар баг "Элст толгой" гэх газар өглөө хонь, үхрээ усалж гаргачихаад хониндоо явсан. Үдээс хойш гэртээ ирж унд уучихаад гэртээ байж байгаад үхэртээ явж байхад Насанжаргал, Бямбасүрэн гэх хоёр хүн мотоцикльтой ирсэн. Би тэр хоёрыг манай үхэр дээр очоод байж бай би араас чинь очъё гээд мориор араас нь үхэр дээрээ очоод өөрийнхөө үхэрт байсан Насанжаргалын үхрийг барьж өгөөд байж байхад Баасанбат хонио туугаад согтуу орилоод явж байсан. Насанжаргал, Бямбасүрэн нарыг байхад Баасанбат үхрээ туугаад ир гөлөгөө гэж над руу 60 метр орчим зайнаас орилсон. Би Насанжаргалд чи үхрээ туугаад яв гэж хэлээд би үхрээ туугаад салаад явахад Баасанбат яваад Насанжаргал, Бямбасүрэн нар дээр очиж байгаа харагдсан. Би үхрээ туугаад "Усан хөтөл"-ийн дөрөлжөөр даваад явж байхад Баасанбат араас морьтой хүрч ирээд намайг апна шүү гөлөг минь гэж хэлсэн. Би гөлөг бол чи юу юм гэхэд Баасанбат миний шилэн хүзүүн тус газар барьж явсан уурганыхаа гол хэсгээр цохисон. Би мориныхоо цулбуурыг алдсан тонгойгоод цулбуураа авах гэхэд Баасанбат морин дээрээсээ тонгойгоод намайг мориноос татаж газар унагасан. Намайг босоод иртэл Баасанбат уургаар гэдэсний зүүн талаас бүлсэн. Би барьж явсан ташуураар Баасанбатын гар луу хоёр удаа ороолгосон. Тэгэхэд Баасанбат газрааас чулуу авахад нь би явган зугтаасан. Тэгэхэд Баасанбат араас 2 удаа чулуу аваад шидсэн. Эхний чулуу оноогүй дараагийн чулуу миний зүүн шанаан тус газар цохисон. Тэгээд би зөрүүлээд Баасанбат руу чулуу аваад шидэхэд миний шидсэн чулуу Баасанбатыг оноогүй. Баасанбат араас 2-3 том чулуу шидсэн намайг оноогүй би гүйж очиж мориндоо мордоод Баасанбатыг харахад Баасанбат мориндоо мордсон байгаа харагдсан. Тэгээд би хонин дээрээ очиход Баасанбатын хонь манай хоньтой нийлсэн байсан. Би хонио нийтэд нь хотондоо хураасан. Тэгээд Баасанбат шөнө согтуугаар ирж агсам соггуу тавина гэж бодоод сум руу хэсгийн төлөөлөгчид болсон явдлын талаар хэлэхээр мотоциклоор саахалт айлын Баранз гэх хүний хамтаар Баян-Овоо сумын төв рүү очиж сумын цагдаа Цогтсайханд болсон явдлын тапаар хэлсэн. Дараа нь эмнэлэг орж шанаанаас гарсан цусаа тогтоолгосон тэгээд хөдөө гэртээ очсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,
Гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баян-Овоо сумын 3-р багийн нутаг "Уртын гол"-ын хажуугийн "Баруун булаг" гэх газар 2015 оны 10 дугаар сарын 17-ны едрийн 12 цаг өнгөрч байхад ээж Даваа, нөхөр Баттулга нарын хамтаар цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр аргал түүхээр очиход Баасанбат ах хонио услаад "Баруун булаг" дээр явж байхдаа бид нар дээр 13 цагийн орчимд ирсэн болов уу ирээд бид нарт 2-3 шуудай аргал түүж өгсөн. Бид нар аргалаа 18 цагийн орчимд түүж дуусаад гэрлүүгээ явахад Баасанбат ах гэрлүүгээ явахаар хонио бөөгнүүлээд "Усан хөтөл"-ийн чигтээ туугаад явж байгаа харагдсан. Тэгээд бид нар "Усан хөтөл" даваад гэртээ харьсан өөр мэдэх зүйл байхгүй ... Тухайн өдөр Баасанбат нь архи уугаагүй, бие нь ямар нэг гэмтэл аваагүй явсан. Маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 18-ны едөр Баасанбат ахыг хүнд зодуулаад толгой нь хагарсан талаар эхнэр Батцэцэг нь надад утсаар хэлсэн ...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29/,
Гэрч Ш.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Баасанбат ахынхгай Баян-Овоо сумын 3-р баг "Цагаан чулуут" гэх газар нутаглаж байхад 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баасанбат ах хонио услахаар өглөө хонио туугаад явсан. Би орой үхрээ хурааж ирэхэд манай эхнэр Баасанбат ах хоньтойгоо ирсэнгүй эхнэр нь урдаас нь харах гээд явчихлаа гэж хэлсэн. Би эхнэртэйгээ тугалаа уячихаад Батцэцэг эгчийг ирэхгүй болохоор нь манай эхнэр Цэдэвээ урдаас нь явсан. Би морио аргамжсаны дараа юу болсон юм бол гээд эхнэрийн дүү Мягмарсүрэнгийн хамтаар мотоциклоор араас явахад харанхуйд хээр Батцэцэг эгч манай эхнэр мөн Баасанбат ах ухаан алдсан байдалтай газар хэвтэж байсан. Батцэцэг эгч уйлаад түргэн дуудъя гэж хэлсэн. Би Мягмарсүрэнг чи Баасанбат ахын унаж явсан морийг унаад яв гэж хэлээд гэрлүү нь явуулсан утсаар Баян-Овоо сум руу түргэн дуудсан. Би хонио эрж яваад Ганбаатарын хотонд очиход манайхны хонь Баасанбатын хоньтой нийлсэн байсан. Эргээд Батцэцэг эгч дээр ирэхэд сумаас түргэн ирэхгүй гэнэ гэж хэлсэн. Би гэрээсээ очиж машинаа аваад иръе гэж хэлээд гэртээ очоод машинаа асаагаад Баасанбат, Батцэцэг, Цэдэвээ гурав дээр ирээд Баасанбат ахыг машинд өргөж оруулаад фургон машины арын суудалд суулгаад Батцэцэг, Цэдэвээ нар хажуугаас нь түшээд сумын төв рүү явах замд Баасанбат ах ухаан ороод ёолсон Батцэцэг эгч Баасанбат ахаас яагаад ийм болсон талаар асуухад Баасанбат ах хонь хаачив гэж муухан ярьж байсан. Баян-Овоо сумын эмнэлгийн гадна очиход Батцэцэг эгч, Цэдэвээ нар эмнэлэг рүү орсон. Миний машины суудлын араар ламаар аравнайлуулсан сэржим өргөдөг архи хийсэн байсныг би Баасанбат ахыг ёолоод байхаар нь гаргаж машины кабины гэрлийн жижиг тагаар 1 удаа хийж өгсөн. Баасанбат ах 1 удаа балгасан тэгээд Цэдэвээ, Батцэцэг эгч бид нар эмнэлэг рүү хоёр талаас сугадаж өргөөд оруулсан. Баасанбат ахыг толгойдоо 16 ширхэг оёо тавиулсан талаар Цэдэвээ хэлж байсан тэгээд Баасанбат ах эмнэлэгт эхнэртэйгээ үлдээд би гэлүүгээ явсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30/,
Гэрч Я.Даваагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Овоо сумын 3-р баг "Уртын гол"-ын хажуугийн "Баруун булаг" гэх газар бэр Буяннэмэх, хүү Баттулга нарын хамтаар цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр 12 цагийн орчимд аргал түүсэн. Тухайн үед Баасанбат "Баруун булагаас" хонио усалж яваад бид нар дээр ирж аргал түүж өгсөн. Бид нар аргапаа түүгээд 18 цагийн орчимд байсан болов уу гэрлүүгээ явсан, Баасанбат гэрлүүгээ явахаар хонио бөөгнүүпээд тууж байгаа харагдсан. Баасанбат нь тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Хонь хариулж яваа хүнд хээр хаанаас архи одцох вэ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31/,
Гэрч Б.Цэдэвийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 10 дугаар сарын 17-ны үеэр манайх төрсөн ах Баасанбаттай айл байсан юм. Манай 2-ын мал нийлсэн байдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай ах Баасанбат нь малаа услах гээд өглөө 10 цагийн үед ганцаараа яваад өгсөн. Тэрнээс хойш орой 18 цаг хүртэл манай төрсөн ах Баасанбат нь малаа услах гээд явсанаас хойш ирэхгүй болохоор нь яагаад ирэхгүй байгаа юм бол гээд Баасанбат ахын эхнэр Батцэцэг нь хойноос нь явсан. Тэгээд манай нөхөр Батзориг нь үхэрнээсээ ирэхээр нь яагаад Баасанбат ах Батцэцэг эгч нар ирэхгүй байна гээд би араас нь яваад Баян-Овоо сум 3-р баг "Усан хөтөл" гэх газар очсон чинь Баасанбат ах ухаангүй цус гарсан байдалтай байсан. Харин Батцэцэг эгч сандарсан энэ хүн чинь үхсэн байна ш дээ гээд орилоод байж байхаар нь би тухайн үед гар утастай явж байсан сумын эмнэлэг рүү яриад хээр манай төрсөн ах Баасанбат цустай холилдсон зодуулсан юм шиг цус нөжтэй хээр хэвтэж байна гээд хэлтэл цагдаа руу ярья гэхээр Баян-Овоо сумын цагдаа руу ярьсан. Та нар машин тэрэг олоод сум руу аваад ирээч гэсэн. Тэгээд би машин тэрэг яаж олдог юм бол гээд байж байтал манай нөхөр Батзориг намайг хайгаад мотоцикльтой Мягмарсүрэнтэй хүрээд ирэхээр нь би нөхрөө буцааж гэрлүү нь явуулж машинаа аваад хүрээд ир замаараа мал хараатах гээд явуулсан чинь хэсэг хугацааны дараа манай нөхөр Батзориг машинаа унаад хүрээд ирсэн. Манай нөхөр Батзориг нь Баасанбат ахын мал нь Ганбаатарын малтай нийлсэн байна гээд хүрээд ирсэн. Тэгээд Баасанбатыг машинд өргөж оруулаад харин унаж явсан морийг нь Мягмарсүрэнд унуулаад Батцэцэг, Батзориг бид 3 Баасанбат ахыг аваад сумын эмнэлэг явсан. Сумын эмнэлэг рүү явж байхад замдаа Баасанбат ухаан ороод ёолоод байхаар нь юу болсон талаар Баасанбат ахаас асуусан чинь Ганбаатарт зодуулчихлаа гэж хэлээд Сумын эмнэлэг дээр очоод Батцэцэг эгч бид 2 сумын эмнэлэг орчихоод буцаад гараад иртэл манай нөхөр Батзориг нь машин дотор бага зэргийн архи байхаар нь Баасанбат ахад өгчихлөө өвдөлт нь гайгүй болох байх гээд сууж байсан. Тэгээд Баасанбатыг Батцэцэг эгч бид 2 эмнэлэг рүү аваад орсон 13 оёо тавиад манай ах Баасанбатын эхнэр Батцэцэг нь хараад үлдсэн нөхөр Батзориг бид 2 хөдөө гэрлүүгээ яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33/,
Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 10 сарын 17-ны орой би адуунаасаа гэртээ ирээд хоол идэх гээд сууж байтал манай хүргэн ах Ш.Батзориг ирээд малд явсан Баасанбат ирэхгүй байна араас нь яваад ирье гэхээр нь Батзориг ахтай мотоциклиор араас нь явсан юм. Тэгээд явж байгаад Баян-Овоо сум 3-р баг "Усан хөтөл" гэх газарт иртэл Баасанбат ах ухаангүй газар хэвтэж байсан дээл хувцас нь нил цус болсон байсан. Харин Цэдэв эгч Батзориг ахыг яваад машинаа аваад ир гээд явуулсан. Намайг Батцэцэг эгч Баасанбатын унаж явсан морийг унаад яв гэхээр нь би Баасанбат ахын морийг унаад гэрлүүгээ явсан. Ард Батцэцэг, Цэдэв, Баасанбат нар үлдсэн би гэрлүүгээ морийг унаад явсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41/,
Гэрч Х.Баранзын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт Ганбаатарынхтай айл саахалт байсан юм. 2015 оны 10 сарын 17-ны орой 19 цагийн үед гэртээ өөрийн хүүхэд Эрдэнэ-Очирын хамт байж байхад Ганбаатар нь мотоцикпьтой ирээд Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Усан хөтөл” гэх газарт Баасанбат намайг чулуугаар цохиод Баасанбаттай зодоо хийж байгаад ирлээ гээд Ганбаатарын нүүр нь цус болсон байсан. Тэгээд Баян-Овоо сум яваад эмнэлэг, цагдаа яваад ирье гэхээр нь би хүү Эрдэнэ-Очиртой Ганбаатарыг мотоциклиор сум руу явуулсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44/,
Гэрч Т.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2015 оны 10 сарын 17-ны өдөр манайх Баян-Овоо сум 3-р баг "Цагаан чулуут" гэх газар оршин сууж байсан. 2015 оны 10 сарын 17-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Б.Баасанбат нь малаа услах гээд "Баруун булаг" гэх газар луу морь унаад явсан юм. Тэр өдөр бүтэн манай мал орж ирэхгүй мөн манай нөхөр ирэхгүй орой 21 цагийн үед манай нөхөр ирэхгүй болохоор нь хойноос нь яасан бол гээд явтал манай нөхөр Б.Баасанбат нь Баян-Овоо сум 3-р баг "Усан хөтөл" гэх газар, газар хэвтсэн морь нь хажуу талд сойлттой зогсож байсан. Тэгээд би нөхөр дээрээ очиход манай нөхөр Баасанбат нь малгайгаараа толгой дарсан байдалтай ухаангүй дээл хувцас малгай нь нил цус болсон байсан. Мал нь Ганбаатарын малтай нийлсэн байсан. Би тухайн үед гар утасгүй явж байсан араас манай айлын хүн Цэдэв, Батзориг нар ирэхээр нь Цэдэвийн гар утсаар түргэн дуудсан чинь онцгой заралсан байна та нар ямар нэгэн аргаар унаа олоод сумын эмнэлэг дээр аваад ир гэхээр нь Батзориг машинаа асаагаад ирэхээр нь нөхөр Баасанбатыг машиндаа суулгаад явсан. Харин морийг нь Мягмарсүрэн унаад гэрлүү явсан. Тэгээд Батзоригийн машинаар нөхөр Баасанбатыг суулгаад Цэдэв, Батзориг бид 3 Баян-Овоо сумын төвийн эмнэлэг рүү явах замд манай нөхөр Баасанбат ухаан орохоор нь би нөхөр Баасанбатаас юу болсон талаар асуутал Ганбаатар намайг чулуугаар цохиод би ухаан алдсан гэж надад хэлсэн. Тэгээд Баян-Овоо сумын эмнэлэг дээр очоод цагдаа дуудсан нөхөр Б.Баасанбатыг Баян-Овоо сумын эмнэлэг рүү оруулаад эмнэлэг дээр манай нөхөр Б.Баасанбатын толгой хагарсан байсан тул 13 ширхэг оёо тавиулаад тэндээ эмнэлэгт хэвтүүлээд би хараад хоносон. Манай нөхөр архи их уудаггүй. Ухаангүй байх үед нь очиход архи үнэртэхгүй байсан. Харин сумын эмнэлгийн гадаа Батзориг өвдөлт намдаах зорилгоор бага зэргийн архи өгсөн гэсэн. Архи өгөх үед нь би хажууд нь байгаагүй ... Намайг анх хэргийн газарт очиход манай нөхөр Баасанбат нь ухаан алдсан толгой хэсгээс нь цус гарсан архи уугаагүй байсан. Би гэрч Н.Насанжаргалыг утсаар дарамталсан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46, 181/,
Гэрч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 10 дугаар сарыи 17-ны өдөр Баян-Овоо сумын 3- р багийн нутаг 'Уртын гол" гэх газар эхнэр, хүүхдийн хамтаар Фургон машинд аргал туүсэн орой гэртээ ирээд байж байхад Ганбаатар гэх хүн манайд ирээд Баасанбатад зодуулчихлаа гэж хэлж ирсэн. Ганбаатарын зүүн шанаан тус газраас нь халцарч цус гоожсон байдалтай байсан. Ганбаатар намайг сумын төв оруулаад өг миний мотоциклийн дугуйны хий гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Ганбаатарын хамтаар мотоциклоор Баян-Овоо сумын төв рүү явж цагдаа дээр очиход эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд шөнөдөө буцаж Ганбаатарыг гэрт нь хүргэж өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28/,
Гэрч Т.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Батсүрэн бид 2 аймаг явах гээд Ганбаатар манай малыг хараад манай гэрт үлдсэн юм. Эхнэр бид 2 аймаг орж хоночихоод 2015 оны 10 сарын 17-ны орой 19 цагийн үед би эхнэр Батсүрэнгийн хамт гэртээ очсон чинь гэрт Ганбаатар байсан юм. Тэгээд гэртээ байж байтал Ганбаатар Баранзтай хамт ирсэн ирэхдээ Ганбаатарын нүүр ам нь хавдсан нүүр амаа боосон ирэхээр нь би юу болсон талаар асуусан чинь Ганбаатар нь Баасанбат намайг уургаар нүдэж зодсон гээд хүрээд ирсэн. Баасанбат нь тухайн үед их соггуу байсан учир би зугтаагаад ирлээ гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39/,
Гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 10 сарын 17-ны орой 20 цагийн үед Ганбаатар нь манай гэрт ирээд Баасанбат гэх хүнд зодуулчихлаа гээд хацараас цус гарсан байхаар нь би үзээд эмнэлэг дээр очоод боолт тавиулчих гээд явуулсан. Тэрнээс хойш 2 цагийн дараа Баасанбат нь хүнд зодуулчихлаа гээд дуудлага өгөөд манай эмнэлэг дээр ирсэн байсныг Баасанбаттай уулзахад Ганбаатар гэх хүнд зодуулсан гэхээр нь Баасанбатыг хүлээн авч үзэхэд толгой нь маш гүн шархтай оёдол тавих шаардлагатай байхаар нь би толгойд нь 13 ширхэг оёо тавьсан. Тухайн үед Баасанбат нь архи уусан байхаар нь яагаад архи уусан талаар нь асуухад миний толгой маш их өвдөөд байхаар нь өвдөлтөө намдаах гэж архи уусан гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38/,
Гэрч Г.Цогтсайхны мөрдөн байцаалтанд өгсөн ... Б.Баасанбат, Ю.Ганбаатар нар нь 2015 оны 10 сарйн 17-ны өдөр хүнд зодуулчихлаа гээд дуудлага өгч байсан. 2015 оны 10 сарын 17-ны орой 20 цагийн үед би Баян-Овоо сум дээр байж байтал Баян-Овоо сумын их эмч Г.Отгонжаргал нь манай гэрт хүнд зодуулсан гэх хүн ирсэн байна гэхээр нь би их эмч Отгонжаргалынд очтол Ю.Ганбаатар гэх хүн нь хацарнаас нь цус гарсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуутал Б.Баасанбат гэх хүн нь согтуу ирээд намайг уургаар гэдэс үү цохиод намайг зодлоо гээд байхаар нь Отгонжаргалаар цэвэрлүүлсэн. Тэгээд байж байтал удаагүй эмнэлэгээс дуудлага ирээд хүнд зодуулсан хүн байна гэхээр нь би яваад очтол Б.Баасанбат гэх хүн нь толгойгоо гэмтээсэн байдалтай оёо тавиулаад байж байхаар нь юу болсон талаар асуутал Ю.Ганбаатар гэх хүнд зодуулаад толгойгоо хагалчихлаа гээд байж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161/,
Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015 оны 11 сарын 02-ны өдөр 45 настай Б.Баасанбат гэгчийг үзэж байсан. Мөн түүний дараа 2015 оны 11 сарын 06-ны өдөр давтан шинжилгээ хийсэн. 2015 оны 11 сарын 02-ны өдрийн шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн дух чамархайн яснаас зулай хүрсэн шугаман хугаралтай ба 8 см урт 2.5 см гүн зузаан архагшиж буй эпитрал цус хуралт тодорхойлогдоно. Голын бүрдэл зүүн тийш 8 мм шилжсэн эмгэгтэй байсан байна. 2015 оны 11 сарын 06-ны өдрийн давтан үзлэгт чамархайн ясанд нь 3.8x3.7 см-ын хэмжээтэй трепинац хийж титанан мещь тавьсан байна. 5 см урт 1.1 см зузаан шингэн үүссэн байсан байна. Би 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Баасанбат гэж хүнд үзлэг хийгээгүй. Энэ өдөр техникийн болон хувь хүний алдаанаас болж 2015 оны 11 сарын 02-ны өдрийн шинжилгээний огноог 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэж сольж бичсэн байна ... гэсэн мэдүүлэг 1-р хх-ийн 173-175/,
Гэрч Н.Насанжаргал, Ц.Бямбасүрэн нарыг нүүрэлдүүлсэн байцаалт /1-р хх-ийн 179-180/,
-гэрч Н.Насанжаргалын ... Манайх Баян-Овоо сум 3 дугаар баг “Нарийн" гэх газар намаржиж байсан юм. Миний эзэмшлийн цэнхэр зүсмийн бух Ю.Ганбаатарын үхэр дотор байхаар нь би тухайн өдөр Ю.Ганбаатараас цэнхэр зүсмийн бухаа авахаар болоод манай хажуу талын саахалт айлын Ц.Бямбасүрэн гэх хүний цуг Ганбаатарынд очоод үхэрээс нь бухаа аваад ирье гээд 14 цагийн үед гэрт нь очоод гуйсан чинь явахаар болоод Ц.Бямбасүрэн бид 2 17 цагийн үед Ганбаатарын үхэр байгаа гэх газар болох Баян-Овоо сум 3-р баг Усан хөтөл гэх газарлуу Бямбасүрэнгийн хамт мотоцикльтой явсан юм. Баян-Овоо сум 3-р баг “Усан хөтөл” гэх газар очиход Ганбаатар морьтой үхэрээ хураах гээд явж байхаар нь Бямбасүрэн бид 2 Ганбаатартай уулзсан чинь Ганбаатар манай үхэр Усан хөтөлийн ар талд байгаа гэхээр нь Бямбасүрэн, Ганбаатар бид 3 үхэр дээр очиж бөөгнүүлж байгаад би өөрийн цэнхэр зүсмийн бухаа барьж авч хүлээд Бямбасүрэн, Ганбаатар бид 3 зогсож байсан чинь Усан хөтөл гэх газрын ар талд Б.Баасанбат нь морь унсан хонио туугаад явж байхыг хархад Б.Баасанбат согтуу болтой дуулаад гуйваад явж байхаар нь Ганбаатар , Бямбасүрэн бид 3 Б.Баасанбатыг согтуу байна гэж ярьж байсан. Тэгээд үхэрээ барьж аваад Бямбасүрэн бид 2 үлдсэн. Харин Ганбаатар үхэрээ туугаад гэрлүүгээ явж харагдсан. Харин Бямбасүрэн бид 2 бухаа босгож аваад Бямбасүрэн бид 2 гэр гэрлүүгээ явсан. Бямбасүрэн бид тухайн үед дахин Б.Баасанбаттай таараагүй. Ганбаатар, Бямбасүрэн бид 3 ийг бухаа бариад авсан байхад Усан хөтөл гэх газрын ар талд Б.Баасанбат нь хонио туусан согтуу болтой гуйвсан дуулсан явж байхаар нь Ганбаатар, Бямбасүрэн бид 3 согтуу байна гэж ярьж байсан ... Бямбасүрэн бид 2 тухайн үед Б.Баасанбаттай уулзаагүй бухаа барьж аваад Ганбаатар Бямбасүрэн бид 3 зогсож байхад Б.Баасанбат нь согтуу болтой морьтой хонио туугаад гуйваад дуулаад явж байсан, харин Бямбасүрэн бид 2 Б.Баасанбаттай уулзаагүй ... Ганбаатар Бямбасүрэн бид 3-ийг бухаа барьж аваад зогсож байхад морь унсан хонио туугаад дуулаад явж байсан. Харин үхрээ туугаад ир гөлөгөө гэж орилоогүй би сонсоогүй ... Би тухайн өдөр Б.Баасанбаттай нүүр туулж уулзаагүй харин холоос архи уусан юм шиг гуйвж дайвж явж байсан. Би нүүр тулж уулзаагүй болохоор би тэгж мэдүүлэг өгсөн юм ... гэсэн мэдүүлэг,
-гэрч Ц.Бямбасүрэнгийн ... Манайх Баян-Овоо сум 3-р баг Нарийн гэх газар намаржиж байсан юм. 2015 оны 10 сарын 17 ны өдөр 14 цагийн үед би гэртэй байж байсан чинь Н.Насанжаргал манайд ирээд Н.Насанжаргал нь манай бух Ю.Ганбаатарын үхэр дотор байдаг би бухаа авах гэсэн юм цуг яваад бухаа аваад ирье гэхээр нь би цуг явахаар болоод орой 17 цагийн үед Н.Насанжаргалын хамтаар Насанжаргалын мотоциклоор яваад Баян-Овоо сум 3-р баг “Усан хөтөл” гэх газар иртэл Ю.Ганбаатар үхэрээ хураах гээд явж байсан. Тэгээд Ганбаатартай уулзсан чинь Ю.Ганбаатар нь үхэр “Усан хөтөл” гэх газрын ар талд байгаа гэхээр нь Насанжаргал, Ганбаатар бид 3 үхэр дээр очоод Насанжаргалын үхрийг барьж аваад зогсож байхад Б.Баасанбат нь морьтой хонио туугаад согтуу болтой дуу дуулаад гуйваад явж байсаныг Насанжаргал, Ганбаатар бид 3 хараад согтуу байна гэж ярьж байсан. Тэгээд Б.Баасанбат хонио туугаад согтуу болтой Усан хөтөлийн дөрөлжөөр даваад явсан. Тэгээд Ганбаатар нь үхэрээ туугаад Усан хөтөл даваад яваад өгсөн харин Насанжаргал бид 2 бухаа босгож аваад гэрлүүгээ явсан. Дахиж тэр өдөр Б.Баасанбат, Ганбаатар нартай таараагүй ... Насанжаргал бид 2 тухайн үед Б.Баасанбаттай уулзаагүй харин Насанжаргал, Ганбаатар бид 3 бухаа барьж аваад зогсож байхад Усан хөтөлийн ар талд Б.Баасанбат нь согтуу болтой морь унсан гуйваад дуу дуулаад явж байсан. Насанжаргал Ганбаатар бид 3-ыг бухаа барьж аваад зогсож байхад Б.Баасанбат нь согтуу болтой морь дээрээ гуйвсан дуулаад явж байсан. Харин гөлөгөө үхрээ туугаад ир гэж орилоогүй ... Би яагаад тийм мэдүүлэг өгсөнөө мэдэхгүй би тухайн өдөр Б.Баасанбаттай уулзаагүй харин холоос Б.Баасанбатыг хархад архи ууссан юм шиг гуйвж дайваад явж харагдсан. Би Б.Баасанбаттай нүүр тулж уулзаагүй ... гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 сарын 19-ний өдрийн дахин шинжилгээний 1294 дүгнэлтээ уншиж танилцлаа. Уг дүгнэлтэнд тогтоолд заасан асуултуудад бүрэн хариулт өгсөн. Дүгнэлт хэсгийн 3,4-ийн байрыг сольж бичиж бичилтийн алдаа гарсан байна. Г буюу 4-р асуултын хариу нь дүгнэлтийн 3 дахь хэсэгт тусгагдсан байна. Асуултууд нь бас давхардсан асуултууд байна. Шинжээч эмч С.Батбаярын 2015 оны 10 сарын 20-ны өдрийн дүгнэлт нь тухайн үед цугларсан нотлох баримт болох рентген зураг, өвчний түүх зэргээр үндэслэн хөнгөн зэрэг гэж гаргасан нь үндэслэлтэй юм. Учир нь тухайн үед толгойн компьютер томаграфын зураг байгаагүй тул тухайн үедээ хөнгөн гэж гарсан нь үндэслэлтэй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жарамд хутганаас бусдыг мохоо зүйлд ойлгоно гэсэн байдаг. Чулуу нь мохоо зүйлд орно. 1294 дугаартай дүгнэлтийг шинжээч эмч С.Одончимэг, Ч.Эрдэнэболор бид 3 санал нэгтэйгээр гарсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 542 тоот шинжээчийн ... Ю.Ганбаатарын биед тархины доргилт дунд зэрэг, зүүн хацар хэсгийн зулгарсан шарх гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 53/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 12 тоот шинжээчийн ... Ю.Ганбаатарын биед тархины доргилт дунд зэрэг, хүзүүний нугаламын үений шахагдал, хацарт сорви гэмтлүүд үүссэн байна. Урд гаргасан 2015.10.20-ны өдрийн 542 дугаартай шинжээч эмч С.Батбаярын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. Үүүссэн гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1294 тоот шинжээчийн “Шинжээч эмч С.Батбаярын гаргасан №542 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Баасанбатын биед дух, зулай, баруун чамархайн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлийн гаралтай шинэ гэмтлүүд байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь заалтаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 57-58/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 831 тоот шинжээчийн “Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч С.Батбаярын гаргасан 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 544 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй зөв, ШШҮХ-ийн шинжээч эмч С.Одончимэг, Ч.Эрдэмболор, Ц.Оюун- Эрдэнэ нарын 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1294 тоот дүгнэлт мөн үндэслэлтэй зөв байна. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч С.Батбаярыг дүгнэлт гаргаж буй 2015.10.20-ны үед Б.Баасанбатын толгойн КТГ шинжилгээ хийгдээгүй байсан тул хүнд гэмтэл болох дух, зулай, баруун чамархайн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа оношлогдоогүй байжээ. Харин ШШҮХ-ийн шинжээч эмч С.Одончимэг, Ч.Эрдэмболор, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2015.11.19-ний өдөр дүгнэлт гаргах үед Баасанбатад толгойн КТГ-р дээрх гэмтэл илэрсэн тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон нь үндэслэлтэй байна. Б.Баасанбатын биед дух, зулай, баруун чамархайн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд учирсан нь Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт гэмтлийн хүнд зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг зааж өгсөн байдаг ба 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-т хүнд зэргийн шалгуур тус бүрийг зааж өгсөн. Уг журмын 3.1.2, 3.1.3-т заасан хүнд гэмтлүүд нь 2.2.1-т заасан амь насанд аюултай шалгуурт хамаарна. Б.Баасанбатын толгойн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдэнэ. Гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 6-9/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-14/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 199-205/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 20-21, 208/,
Шүүгдэгч Б.Баасанбатын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 99-100/,
Шүүгдэгч Ю.Ганбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 101-102/,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 91, 97/,
Хохирогч Б.Баасанбатын эмчилгээ хийсэн тухай баримтууд /1-р хх-ийн 109-140/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Ганбаатарын өмгөөлөгчөөс гарган өгсөн шүүгдэгч Ю.Ганбаатарын хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасанбатын өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирлын талаархи 57 хуудас баримт, эмчлүүлсэн тухай болон бусад 13 хуудас баримтууд зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Б.Баасанбат, Ю.Ганбаатар нар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар 2015 оны 10 сарын 17-ны өдөр 18 цагийн орчим харилцан маргалдаж шүүгдэгч Ю.Ганбаатар нь Б.Баасанбатын толгойн тус газар нь чулуугаар цохиж түүний бие махбодид хүнд гэмтэл, шүүгдэгч Б.Баасанбат нь Ю.Ганбаатарын зүүн хацар хэсэгт чулуугаар цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан гэрч Б.Буяннэмэх /1-р хх-ийн 29/, Ш.Батзориг /1-р хх-ийн 30/, Я.Даваа /1-р хх-ийн 31/, Б.Цэдэв /1-р хх-ийн 33/, Б.Мягмарсүрэн /1-р хх-ийн 40/, Х.Баранз /1-р хх-ийн 44/, Т.Батцэцэг /1-р хх-ийн 46, 181/, Б.Эрдэнэ-Очир /1-р хх-ийн 28/, Т.Төмөрбаатар /1-р хх-ийн 39/, Г.Отгонжаргал /1-р хх-ийн 38/, Г.Цогтсахйан /1-р хх-ийн 161/, Г.Лхагвасүрэн /1-р хх-ийн 173-175/, Н.Насанжаргал, Ц.Бямбасүрэн /1-р хх-ийн 179-180/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Баасанбатын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24/, шүүгдэгч Ю.Ганбаатарын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 542 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 53/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 12 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1294 тоот шинжээчийн дахин дүгнэлт /1-р хх-ийн 57-58/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 831 тоот шинжээчийн дахин дүгнэлт /2-р хх-ийн 6-9/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 199-205/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 20-21, 208/ болон Б.Баасанбатын гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ю.Ганбаатар, Б.Баасанбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баасанбат, Ю.Ганбаатар нар нь хэргийн талаар харилцан адилгүй буюу Б.Баасанбатын бие махбодид учирсан хүнд гэмтлийг Ю.Ганбаатар нь учруулаагүй, Ю.Ганбаатарын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг Б.Баасанбат нь учруулаагүй талаар харилцан зөрүүтэй мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан тэдгээрийн өгсөн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд зэргийг харьцуулан шинжлэн судлаад үзэхэд шүүгдэгч Ю.Ганбаатар, Б.Баасанбат нарыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар 2015 оны 10 сарын 17-ны өдөр 18 цагийн орчим харилцан маргалдаж нэг нэгэндээ гэмтэл учруулсан болохыг нотлох хангалттай баримт хэрэгт авагдсан байх төдийгүй, шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх шаардлага байхгүй тул тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Ю.Ганбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Баасанбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Б.Баасанбатын өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирлын баримтуудыг шалгахад тухайн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 5.808.514 төгрөг болж байх тул шүүгдэгч Ю.Ганбаатараас 5.808.514 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баасанбатад олгож шийдвэрлэсэн ба хохирогч Б.Баасанбатын бие бүрэн эдгэрээгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Ю.Ганбаатар нь өөрийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Ю.Ганбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн болон түүний ар гэрийн ахуй амьдрал зэрэг хувийн байдлыг нь харгалзан ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэв.
Харин шүүгдэгч Б.Баасанбатын 2015 оны 10 сарын 17-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь “хөнгөн” ангилалын гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүний үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.Ганбаатар нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлийн 20 тооны ямаа битүүмжилсэн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баасанбатын эзэмшлийн 20 тооны ямаа битүүмжилсэн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ю.Ганбаатарын толгойн рентген зураг 4 ширхэг, шүүгдэгч Б.Баасанбатын толгойн томаграфын зураг 2 ширхэгийг тус тус шүүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Б.Баасанбатын цагаан саарал өнгийн дээл 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.Баасанбат нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Өөлд овогт Юндэнбалын Ганбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Арслан овогт Батмөнхийн Баасанбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Баасанбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ю.Ганбаатарт 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ю.Ганбаатарт оногдуулсан 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ю.Ганбаатараас 5.808.514 төгрөг гаргуулж шүүгдэгч Б.Баасанбатад олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ю.Ганбаатарын толгойн рентген зураг 4 ширхэг, шүүгдэгч Б.Баасанбатын толгойн томаграфын зураг 2 ширхэгийг тус тус шүүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Б.Баасанбатын цагаан саарал өнгийн дээл 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ю.Ганбаатарын эзэмшлийн 20 тооны ямаа битүүмжилсэн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баасанбатын эзэмшлийн 20 тооны ямаа битүүмжилсэн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Б.Баасанбат нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Баасанбат нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ю.Ганбаатараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Ю.Ганбаатарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ю.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Баасанбатад авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
Ч.БАЙГАЛМАА