Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нарт холбогдох

захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчилд холбогдогч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал

Гомдол гаргагч Ц.Батбаяр

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баасанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 58 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Б.Далайжаргал, Ц.Батбаяр нарын давж заалдах гомдлуудаар Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хиад овогт Ганбаатарын Дүүрэнбилэг, 1988 оны 3 дугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Галуут сум, Баянхошуу 6 дугаар багт оршин суух, зөрчилд холбогдох үед Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын орлогч ажилтай байсан, /регистрийн дугаар ВК88032718/

Монгол улсын иргэн, Олохонууд овогт Эрдэнэ-Очирын Тайванжаргал, 1988 оны 3 дугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Галуут сум, Сүмбэр 2 дугаар багт оршин суух, зөрчилд холбогдох үед Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн эмч ажилтай байсан, /регистрийн дугаар ВК88033038/

Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нар нь 2016 оны орон нутгийн сонгуульд Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багт Ардчилсан намаас нэр дэвшихдээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 54-9/б тоотод оршин суугч Ч.Гандэлгэрт санал өгвөл картын бараанд оруулж өгнө гэж амлалт өгсөн,

Э.Тайванжаргал нь Ч.Бат-Өлзийд аавынхаа саналыг өгүүлээрэй гэж 10.000 төгрөгийг өгсөн,

Мөн сонгуулийн санал хураалтын өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын “Халтарын дөрөлжин” гэх газарт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нар санал өгөхөөр явж байсан М.Насанбаярт 20.000 төгрөг өгсөн гэх буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн зөрчилд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Иргэн Б.Далайжаргал, Ц.Батбаяр, Б.Жавзмаа нараас Галуут сумын Сүмбэр 2 дугаар багт АН-аас нэр дэвшигч Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нар нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулахаар гаргасан гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Б.Далайжаргал, Ц.Батбаяр нар гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 58 тоот захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11, 12, 14, 15 дугаар зүйлүүдэд захиргааны зөрчил хянан шалгах ажиллагааны төрөл буюу нотлох баримтын эх сурвалж, тэдгээрийг цуглуулах, бэхжүүлэх, шалгах арга хэлбэр, захиргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талууд оролцогч нарыг тодорхой заасан тул энэ дагуух ажиллагаа шүүхийн өмнөх шатанд бүрэн гүйцэт хийгдэх ёстой.

Цагдаагийн байгууллага нь гомдол мэдээллийн дагуу холбогдох гэрч нарыг бүгдийг асууж шалгасан гэж үзэж байгаа. 2016 онд Галуут сумын Сүмбэрийн 2 дугаар багт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нар нь сурталчилгаа хийж явахдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан /мөнгө, эд зүйл тараах/ зөрчлийг гаргаж хууль бусаар иргэдийн саналыг авах үйл ажиллагаа хийсэн талаар болсон бодит байдлыг үнэн зөвөөр гэрчүүд мэдүүлээд байхад шүүгч нь зөрчлийн талаар тайлбар өгсөн гэхэд эргэлзээтэй байна гэж үндэслэн гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгч нь тайлбар өгсөн хүмүүс нь үнэн зөв тайлбар өгсөн гэхэд эргэлзээтэй байна гэсэн хууль зүйн үндэслэл нь тодорхой биш, бодит байдлыг гэрчлээд байхад юунд эргэлдээд байгаагийн үндэслэлийг гаргалгүй шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нарын гаргасан зөрчил нь тогтоогдсон байхад шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Зөрчилд холбогдогч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолд хэзээ, хаана, ямар зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй, мөн хэн гэгч этгээд гомдлыг хүлээн авч бүртгэсэн, хуулийн дагуу үндэслэл бүхий шалгагдсан гэдэг нь ч эргэлзээтэй байдаг. Зөрчлийн талаар эх сурвалжууд нь тодорхойгүй байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны болж чадаагүй байна.

Учир нь: Зөрчлийн материалын 2-4-р талд авагдсан “Захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл”-д иргэн Б.Далайжаргал, Б.Жавзмаа, Ц.Батбаяр нараас гаргасан гомдол мэдээллийг бүртгэсэн дугаар болон огноо бичигдээгүй, мөн уг мэдээллийг ямар албан тушаалтай хэн гэгч этгээд хүлээн авсан нь тодорхой бус, дээрх зөрчлийг д/ч н.Алтангадаст шалгаж шийдвэрлэх талаар цохсон /гарын үсгийн тайлал байхгүй/ байхад дахин эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч П.Дэлгэржав шалгаж материалжуулсан зэрэг нь ойлгомжгүй байна.  

Мөн иргэн М.Батгэрэлээс зөрчлийн талаар асуусан тэмдэглэлд Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч П.Дэлгэржав нь гарын үсэг зураагүй зэрэг зөрчил дутагдал гаргаж нотлох баримт цуглуулсан байхад эдгээр баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс зөрчлийн материалыг эцэслэн шийдвэрлэсэн нь нь буруу байна.

Иймд Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нарт холбогдох зөрчлийн материалд дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож зөрчлийн материалыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар Б.Далайжаргал, Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Анхан шатны шүүхээс иргэн Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэдэг нь зөрчлийн материалд авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн талаар дүгнэлт хийгээгүй, мөн захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх талаар дурдалгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасан байгааг дурдав.

                Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т

заасныг  удирдлага  болгон ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 58 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Дүүрэнбилэг, Э.Тайванжаргал нарт холбогдох захиргааны зөрчлийн материалд нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт буцаасугай.  

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

             ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ