Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1113

 

                                  

 

 

 

 

 

 

 

 Ө.Тт холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эсэн,

            хохирогч Э.Ц-гийн өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Т.Даваажав, Б.Мөнхзаяа,       

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Тт холбогдох 1810002660331 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...... овгийн Ө.Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, …..., ......., ............, ........., ам бүл ......., ....... хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ...  дүгээр байрны ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ....... дүүргийн ... дугаар хороо, ................ тоотод түр оршин суух, /РД: ........./;

Ө.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ........ дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... дугаар байрны орцонд  М.Б-тэй маргалдаж байх үедээ Э.Ц-гийн эрүүл мэндэд “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...... овгийн Ө.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Э.Ц- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг хэргийн хамт ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ө.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгч дараах алдаанууд гаргасан тул хянан, засаж өгнө үү.

“Нүүрэнд үүссэн гэмтэл том, багаас үл хамааран гэмтлийн зэрэгт орно” гэсэн журам байхгүй үндэслэлээр, эмчийн алдаатай дүгнэлтээр шүүгч буруу шийдвэр гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Гэмтлийг харуулсан фото зураг байхгүй, шинжээч эмчийн дүгнэлтийг 5 сарын дараа бидэнд танилцуулсан зэрэг нь энэ хэрэг зохиомол, хилс хэрэг гэдгийг нотолж байна. Журамд байхгүй, худал тайлбар дүгнэлт хийж, гэмтлийн зэрэг тогтоож шүүхэд хуурамч нотлох баримт ирүүлсэн шинжээч эмчид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаад байна.

 Э.Ц-гийн гарыг хаалганд хавчсан, нүүрийг нь маажсан үйлдэл камерийн бичлэгт байхгүй, байх ч үндэслэлгүй бөгөөд энэ бол цэвэр гүтгэлэг юм. Үүний цаана өс хонзон бий. Тухайлбал: Миний нөхөр Н.Д-ийн мэдүүлгээр хохирогч, түүний нөхөр хоёрын компанийг шалгуулж 30 гаруй сая төгрөгийн татварын торгууль тавиулсан, 100 гаруй сая төгрөгийн хохирол нэхэж шүүхэд хандсан, 41 сая төгрөгийн залилангийн хэрэг үүсгүүлж байсан тухай нийгмийн сүлжээ-фэйсбүүкд зурагтай нь тавьж олон түмэнд хүргэсэнд өширхөж, энэ хэрүүлийг далимдуулж гэртээ ороод 22 секундын дараа нүүрээ өөрөө маажиж, улайлгаад гарч ирсэн юм. Гар хавчсан тухай бид 6 сарын дараа мэдсэн. Камерийн бичлэгт үзлэг хийхдээ “гар хавчсан”, “Ц-ийн нүүр орчим цохих хөдөлгөөн хийхэд” цохисон гээгүй байна, гар өргөөд буулгасан бичлэг бий, худал дүгнэлт гаргасан мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорт хандаад байна.

            Камерийн бичлэгийг шүүх хуралдаан дээр удаашруулж харах гэсэн боловч компьютерийн хүчин чадал хүрээгүй тул камерийн бичлэгийг удаашруулж харах боломж олгоно уу. Би хүний гар хавчиж, нүүр маажаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нөхцөлд хэргийг буцааж бүрэлдэхүүнтэй мөрдөгчдөөр бичлэгийг удаашруулж, үзлэг хийх даалгавар бичиж өгнө үү. Энэ бичлэгээр би хүний гар хавчаагүй, нүүр маажаагүй болох нь тодорхой болно.

Эдгээр үйлдэл нь санаатай хийгдэв үү, хаалга хаах гэснээс болж санаандгүй болсон уу гэдгийг шүүгч ялгаж дүгнээгүй. Хүний гар харалгүй, санаандгүй хаалга хаахдаа хүний гар хавчвал гэмт хэрэгтэн болох уу?, Э.Ц- утсаараа бичлэг хийж Ө.Т-ийн нүүр рүү дайрж байгаад хүүхэд тэвэрсэн хүний гарын хөдөлгөөнд оногдвол хэн буруутай болох вэ.

Надад “шүүхээр яваад алдсан мөнгөө авахыг чинь харна” гэх мэтээр доромж үгийг Билгүүнжаргал хэлж уур бухимдал, бачимдал үүсгэсэн. Үүнээс болоод хаалгыг нь өшиглөсөн үйлдлийг шинжээч эмч нараар тогтоолгох шаардлагатай байсан нь энэ хэргийг буцаан мөрдөх нэг шалтгаан болж байна.

Өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч хэлэлцүүлэлгүй процессийн алдаа гаргалаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “нүүрэнд учруулсан гэмтэл том, багаас үл хамааран гэмтлийн зэрэгт орно” гэж шинжээч эмчийн шүүх хурал дээр хэлсэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хэдийн хэдэд байдгийг тодруулах 5 дахь асуултад хариу ирүүлээгүй юм. Иймд өмгөөлөгч энэ асуултыг дахин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тавих хүсэлтийг шүүгчид гаргахад энэ хүсэлтийг хэлэлцүүлэхгүй, мартсан нь процессийн алдаа болсон.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тохиолдолд нүүрэнд учирсан гэмтэл том, багаас үл хамааран гэмтэлд тооцогдоно гэсэн заалт, журамд байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин тавих хүсэлтийг хэрэгжүүлэх даалгавар бичиж өгнө үү.

Хохирогч шүүх хуралдаан дээр нүүрнээсээ цус гоожсон зураг хэрэгт хавсаргуулсан. Энэ зургийг фотошоп программаар хуурамчаар үйлдсэн байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нөхцөлд шинжээчдээр хуурамч нотлох баримт мөн эсэхийг тогтоолгохоор хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Тийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 1628 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Ц-гийн биед учирсан гэх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дүгээр зүйлд зааснаар гэмтлийн зэрэг тогтоох, гэмтлийн хөнгөн зэрэг гэж үзсэн, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Н.Туяа нь “...Цолмонгийн гэмтэл хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй. ... Уг журмын 2.6 дугаар зүйлд хүний биеийн нийт гадаргуйн нэг хувиас дээш хэмжээтэй гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулахаар заасан. Тухайн журамд заасан хөнгөн гэмтлийн шинж нь бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэлд хамаарахгүй...” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Мөн шүүх дүгнэхдээ “...хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний биеийн нэг хувьд хүрэхгүй ч зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт үүссэн...” гэж дүгнэжээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн тогтоогдсон үйл баримтуудаас харахад Э.Ц-гийн биед учирсан гэх зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн нэг хувьд хүрээгүй, хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй, эрүүл мэнд сарниулаагүй /хохирогч Э.Ц- нь дээрх гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж аваагүй, зовиур арилгах ямар нэгэн эм, тариа хэрэглэсэн талаар баримт авагдаагүй/ зэрэг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон. Шинжээчийн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дүгээр хэсэгт зааснаар гаргасан дүгнэлт нь уг журмын 2.6 дугаар хэсэгт зааснаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд шинжээч эмч Н.Туяа нь “...тухайн журамд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар хэсэгт заасан хөнгөн гэмтлийн шинж нь бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэлд хамаарахгүй гэж...” тайлбарлах боловч энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд тусгагдаагүй зохицуулалтыг үндэслэл болгож байна.

Шинжээч эмч Н.Туяагийн гаргасан “бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэл” нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар хэсэгт заасан нөхцөлөөс үл шалтгаалан гэмтлийн зэрэг тогтоодог тус журамд заасан үндэслэлийг тогтоолгохоор 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.5 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг завсарлах зэрэг хуулийн заалтыг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг гэм буруугийн шатнаас хойшлуулж дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч энэ дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаартай дүгнэлт мөн эргэлзээ бүхий гарсан. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар хэсэгт заасан үндэслэл байгаа эсэх, байгаа бол түүнийг үгүйсгэсэн заалт Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд тусгагдсан эсэх талаар дурдаагүй байсан. Иймд 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн туслахад бичгээр “нэмэлт шинжилгээ хийлгэх, хавтас хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бичлэгийг VLC тоглуулагчаар удаашруулан үзэх” агуулга бүхий хүсэлт гаргасан. Өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтын хүрээнд Ө.Т нь М.Б-тай муудалцаж, улмаар гэрийн хаалгыг нь өшиглөсөн. Тухайн үед Э.Ц- гэрээсээ гарч ирсэн бөгөөд энэ нь камерийн бичлэгт тодорхой харагддаг бөгөөд Э.Ц-гийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Тийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр юм. Ө.Т гэмтэл учруулах үйлдэл хийх боломжгүй байсан нь камерийн бичлэгээр тогтоогддог.

Ө.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь зөрүүтэй, мөн хэрэгт хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийхдээ хууль зөрчсөн, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан боловч уг хүсэлтийг шүүх хүлээж аваагүй атлаа шүүх хуралдааны явцад эргэлзээтэй байдал бий болсны улмаас шүүх хуралдааныг зогсоож шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдохоор байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3  дахь хэсэгт заасан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Ө.Тийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Учир нь Шүүх эмнэлгийн 1628 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Ц-гийн биед учирсан гэх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох, гэмтлийн хөнгөн зэрэг гэж үзсэн бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Н.Туяа нь “...Ц-ийн гэмтэл хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй..., ... Уг журмын 2.6-д хүний биед биеийн гадаргуун 1 хувиас дээш хэмжээтэй гэмтлийг хөнгөн гэмтэлд хамааруулахаар заасан. Гэвч тухайн журамд заасан хөнгөн гэмтлийн шинж нь бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэлд хамаарахгүй...” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Мөн шүүх дүгнэхдээ “...хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй ч зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт үүссэн тул...” гэж дүгнэжээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоогдсон үйл баримтуудаас харахад Э.Ц-гийн биед учирсан гэх зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт зэрэг гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрээгүй, хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй, эрүүл мэнд сарниагүй /хохирогч Э.Ц- нь дээрх гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж аваагүй, зовиур арилгах ямар нэгэн эм, тариа хэрэглэсэн талаар баримт авагдаагүй/ зэрэг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шинжээчийн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гаргасан дүгнэлт нь уг журмын 2.6 дахь хэсэгт зааснаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд шинжээч эмч Н.Туяа нь “...тухайн журамд заасан хөнгөн гэмтлийн шинж нь бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэлд хамаарахгүй гэж...” тайлбарлах боловч энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд тусгагдаагүй зохицуулалтыг үндэслэл болгож байна.

Шинжээч эмч Н.Туяагын гаргасан “бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэл” нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт заасан нөхцөлөөс үл шалтгаалж гэмтлийн зэрэг тогтоодог тус журамд үндэслэлээр тогтоолгохоор 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан.

Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаартай дүгнэлт нь мөн л эргэлзээ бүхий уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан үндэслэл байгаа эсэх, байгаа бол түүнийг үгүйсгэсэн заалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд тусгасан эсэх талаар огт дурьдаагүй байсан. Иймд 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн туслахад бичгээр “нэмэлт шинжилгээ хийлгэх, хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг “VLC” тоглуулагчаар удаашруулж үзэх агуулга бүхий” хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг бичгээр гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтын хүрээнд Ө.Т нь М.Б-д ууралсан уур бухимдлаасаа болж, түүний гэрийн хаалгыг өшиглөж байсан бөгөөд тухайн үйлдлийн улмаас Э.Ц-гийн биед гэмтэл учрахыг мэдэх боломжгүй байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэр юм. 2015 оны Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг хохирлын шинж чанараас хамаарч болон гэм буруугийн хэлбэрээр нь ангилж, зүйлчилсэн байдаг. Тухайлбал хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэх зэрэг зүйлчилсэн байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэж эргэлзээ бүхий гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн гэмт хэргийг хамааруулах мэт хуульчилсан. Харин 2002 оны Эрүүгийн хуульд “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэж гэм буруугийн хэлбэрээр ангилж тодорхойлсон байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдохоор байна. Иймд Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Ц-гийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх дээр хэрэг ирсний дараа шүүгдэгч талаас хүсэлт гарган урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, шүүхээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж давтан дүгнэлтээр “гэмтлийн хөнгөн зэрэг” гэж гарсан.  Үүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдож байна. Шүүхээс тухай бүр хүсэлтийг шийдвэрлэж байсан учир процессийн алдаа гарсан гэж үзэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн зүгээс “цагаатгаж өгнө үү, эсхүл гэм буруугийн хэлбэрийг тогтоож өгнө үү” гэж хоёр өөр зүйл хэлдэг. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаан эхлэхэд “бага мөнгөөр торгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлуудлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эсэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй байсан учраас шүүхэд шилжүүлсэн. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан хэлбэртэй байна” гэж байгаа боловч мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмчийг байцааж байсан талаар хавтас хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичлэгийг шинжлэн судалсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал болон мөн хуулийн 39.7 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдал энэ хэрэгт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ө.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 53 дугаар байрны орцны 6 дугаар давхарт Э.Ц-гийн эрүүл мэндэд “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Ц-гийн “2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хаалга хүчтэй цохих чимээгээр хаалгаа онгойлгоход Ө.Т манай нөхөртэй муудалцаж байсан. Ө.Т нь манай нөхөр М.Б-ыг “гар зайл, хулгайч, луйварчин” гэх мэтчилэн хараалын үг хэлээд зогсож байсан. Тэр үед намайг гар гэж хэлээд түлхэж хаалга хаахыг оролдох үед миний баруун гарын сарвууны арын хэсгийг хаалганд хавчуулаад над руу дайрч зүүн нүдний зовхины доод хэсэгт маажих үед манай давхарт байрлах Т-ийн дүү Б эхнэрийн хамт гарч ирээд эгчийгээ салгаад цаашаа болгохоор нь би гэртээ орж цагдаа дуудсан” /хх 15/,  

гэрч М.Б-ын “Би өнөөдөр гэр рүүгээ орох гээд 14 цаг 20 минутын үед лифтэнд суусан чинь манай орцны 2 давхарын айл болох Д-ийн эхнэр Т гэх эмэгтэй хүүхэд тэвэрчихсэн лифтэнд цуг суусан. Тэгээд чи манайхаас мөнгө луйвардсан луйварчин гэх мэтээр хэл амаар доромжлоод гэр рүүгээ орох гэхэд оруулахгүй луйварчин биз дээ гэж хэлээд хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд манай гэрийн хаалгыг хүчтэй өшиглөөд байхаар нь манай эхнэр цаанаас нь гараад ирэхэд гарыг нь хаалганд хавчаад зүүн нүдний доор нь маажчихсан” /хх 18/,

гэрч Д.Б-ын “орцонд хүмүүс орилоод байхаар нь гараад ирсэн чинь манай эгч болох Т нь зээгээ тэвэрчихсэн хажуу айлын хүн буюу Б-тай маргалдаад зогсож байхаар нь би голоор нь ороод салгасан. Салгаад гэр гэрт нь оруулсан. Тэр эмэгтэй гэр рүүгээ орчихоод буцаж гарч ирээд урчихсан байна гэж байсан” /хх 21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Э.Ц-гийн биед зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 1628 дугаартай дүгнэлт /хх 24/,

Хэргийн материалаар хийсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч эмч нарын үзлэгээр Э.Ц-гийн биед зүүн нүдний доод зовхинд сорви тогтоогдож байна. 2018 оны 1 дүгээр сарын 17-ны шүүх эмнэлгийн үзлэгээр зовхинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба зүүн нүдний доод зовхины сорви нь уг гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний арьс гэмтсэн үед цус гарна. Хүний арьсанд үүссэн зулгаралт нь дунджаар 1-7 хоногт эдгэрэх боломжтой ба арьсны гүн давхаргыг хамарсан үед сорви болон тогтоно” гэсэн 1070 дугаартай дүгнэлт /хх 136-137/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Цолмон гэрийнхээ хаалгыг нээтэл цаанаас нь Т хаалгыг хаах гэж хүчтэй түлхэхдээ Цолмонгийн баруун гарыг хаалганд хавчив. Энэ үед Б нь Т-ийг гэрийнхээ хаалганаас холдуулж, хана руу шахахдаа гар утсаа шалан дээр унагаж байх ба Ц нь Б-ын гар утсыг шалан дээрээс авах үед наад талаас хар хувцастай 170-175 см өндөртэй эрэгтэй хүн тэдэн рүү очиход Т нь Б, Ц нарыг өшиглөх мэт хөдөлгөөн хийснээ, Ц-ийн нүүр орчимд гараараа цохих мэт хөдөлгөөн хийхэд, Ц гэр рүүгээ ороод, түүний хойноос Б орж хаалгаа хаав. 30-35 орчим насны залуу Т-ийн тэвэрч явсан хүүхдийг авч явав. Тэр үед Т нь хаалга руу дайрах ба түүнийг сүүлд гарч ирсэн эмэгтэй хориглож байхад Ц дахин гэрээсээ гарч ирээд нүүрээ зүүн гараараа зааж, Т-тай маргалдаж байгаа бичлэг байв. ... /хх 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ө.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ө.Т болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, Т.Даваажав нараас “журамд байхгүй, худал тайлбар дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоосон тул дахин дүгнэлт гаргуулах тухай, хэргийг мөрдөн байцаалтад буцааж камерийн бичлэгийг дахин судлах шаардлагатай тухай, Ө.Т-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдсан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Учир нь: Анхан шатны шүүх өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хүсэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хохирогчид учирсан гэмтлийн зэргийг хөнгөн гэж дахин дүгнэсэн, мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийх замаар хэрэгт бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаас гадна шүүгдэгч Ө.Т-ийн хохирогч Э.Ц-гийн эсрэг хаалгыг нь хүчтэй түлхэн хаах, гараараа нүүр рүү нь цохих зэрэг дайралтын улмаас хохирогчийн зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэн нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ө.Т-ийн дээрх үйлдлийг болгоомжгүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль ч хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахаар хууль тогтоогч хуульчилжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР          

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ