Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1057

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч Ц.Т,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.А,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Тын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бт холбогдох эрүүгийн 1805037980704 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д.Б, 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ............................ тоотод оршин суух, /РД: ......................../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “............” зочид буудлын 505 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг их гарын мөнгөн аяга, “Mont blanc” загварын үзэг зэргийг хулгайлан авч, бусдад 16.422.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Бийг 4 жил хорих ялаар шийтгэж, Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Д.Бийн цагдан хоригдсон 61 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 16.422.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Тд олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд авагдсан анхны мэдүүлэг нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө өөрчлөгдсөн байсан.

Тухайлбал, би мөрдөн байцаагч Даваадоржтой 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэргийн талаар мэдээлэл авахаар ажил дээр нь очиход гадуур ажилтай байсан бөгөөд утсаар ярихад “... мөнгөн аяганы нэгийг олж өгөх боломжтой боллоо, Д.Б 1 мөнгөн аягыг нь 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна, нөгөө мөнгөн аяга, 3 ширхэг үзэг нь манай найзын гэрт байгаа гэж мэдүүлж байна” гэж хэлсэн.

Түүнчлэн би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материалтай танилцахад яллагдагч Д.Бийн “намайг батлан даалтад гаргавал би тэр мөнгөн аяга, үзэгнүүдийг авч ирье” гэсэн мэдүүлэг байсан.

Мөрдөн байцаагчийн надад утсаар хэлсэн зүйл нь яллагдагч Д.Бийн мэдүүлэгтэй тохирч байгаа юм. Гэтэл Д.Бийн дээрх мэдүүлгийг анхан шатны шүүх  дээр хэлэлцээгүй, анхны мэдүүлгийг өөрчилсөн байх үндэслэлтэй байна.

Яллагдагчийн өгсөн мэдүүлгийн талаар шүүгч прокуророос тодруулга авсан боловч ач холбогдол өгөөгүй.

Мөрдөн байцаагч хулгайд алдагдсан эд зүйлийг олж илрүүлэх талаар ямар ч ажил хийгээгүй. Илрүүлэх боломж байсан хэдий ч санаачилга гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүй.

Мөрдөн байцаалтын явцад Д.Бийн өгсөн мэдүүлгийн дагуу үлдсэн 1 мөнгөн аяга, 3 ширхэг үзгийг олж илрүүлсэн бол хэргийн хохирлын хэмжээ 50 хувиар буурах боломжтой байсан ба Д.Бт оногдуулсан ял шийтгэл ч хөнгөрөх боломжтой байсан гэж үзэж байна.

Д.Баас 1 ширхэг мөнгөн аягыг 200.000 төгрөгөөр барьцаанд авсан Чинзориг гэгчийг олох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй. Мөн гэрч Ч.Сэлэнгийг алтанд явсан, утас нь холбогдохгүй байна гэдэг шалтгаанаар шалгаагүй, олж уулзаагүй, мэдүүлэг аваагүй орхисон. Гэтэл уг этгээд нь Д.Бийн танил, өмнө нь урьдчилан хорих төвд хамт хоригдож байсан, Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй этгээд байсан.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 5-д “... Д.Баас 16.422.500 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Тд олгосугай” гэж заасан.

Гэтэл Д.Б нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, эгчийнхээ гэрт амьдардаг байсан, 2 удаагийн үйлдлээр 16 жил хорих ял шийтгүүлж байсан хүн шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг төлж барагдуулах боломжгүй. Шүүх хэзээ ч биелэгдэхгүй заалт бүхий тогтоол гаргаж байгаад харамсаж байна. Харин шүүх хохирлын хэмжээг багасгах боломж байсанд ач холбогдол өгсөн бол энэ хэрэг бодитоор шийдвэрлэгдэх боломжтой байсан.

Хулгайн эд зүйлийг олж илрүүлэх болон Чинзоригийг олж тогтоон, мэдүүлэг авах шаардлагатай байгаа, хохирлын хэмжээг бууруулах боломж байгаа тул хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах эсвэл шүүх хуралдааныг хойшлуулах тухай миний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй.

Дээрх асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг ... бүрэн илрүүлэх ...”, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “ ... хэргийн бодит байдлыг тогтоох...”, 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох ...”, мөн 12.4 дүгээр зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг тус тус зөрчигдсөн байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би мөрдөн байцаагч н.Даваадоржид “аягыг барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг өгөөгүй. Би согтуу явж байсан учир хорих ангид танилцсан, сайн танихгүй хүнд өгчихсөн. Тэр аяганууд олдохгүй байх. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бт 4 жилийн хорих ял оногдуулсан. Д.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Хохирогч давж заалдах гомдолдоо Д.Бийн ял шийтгэлийн талаар гомдол гаргаагүй, зөвхөн хулгайд алдсан эд зүйлийг биет байдлаар олж авахад дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Надад тусгайлан хэлэх санал байхгүй, шүүгдэгчийн эрхийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч гаргасан давж заалдах гомдолдоо “хэргийг бүрэн гүйцэд илрүүлээгүй, шалгаагүй” гэж байна. Хэрэг нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн байгууллага 1 сарын дотор илрүүлээд, 9 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. “Voyage” зочид буудлын 505 тоот өрөөнд хулгайн гэмт хэрэг гарсныг хэргийн газрын үзлэг, гарын мөрөөр илрүүлж, бэхжүүлсэн. Гарын мөрөнд хийсэн шинжилгээгээр шүүгдэгч Д.Бийн баруун гарын дунд хурууны, зүүн гарын чигчий хурууны хээ таарч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Д.Бийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорьж, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийлгэж, шалгаж тогтоосон. Хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 4 жилийн хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч “эд зүйлээ буцааж авмаар байна, хэргийг прокурорт буцааж дахин шалгуулж эд зүйлийг хэн авсныг олж тогтоомоор байна” гэдэг хүсэлт гаргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Баас мэдүүлэг авахад “батлан даалтад гарахын тулд эд зүйлийг олж өгнө” гэж худал хэлснээ хүлээн зөвшөөрсөн. Аяга авсан хүнийг Сансарт байдаг гэсний дагуу эрүүгийн мөрдөн байцаагч нар Сансарын тунелийн орчмоор хайгаад олоогүй. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч нь 16.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй эсхүл шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар биелүүлэхээр хандах эрхтэй ба ялтан Д.Б нь ял эдэлж байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж, олсон мөнгөөрөө хохирогчийн хохирлыг төлж барагдуулах боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Бт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “............” зочид буудлын 505 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг их гарын мөнгөн аяга, “Mont blanc” загварын үзэг зэргийг хулгайлан авч, хохирогч Ц.Тд 16.422.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь шүүгдэгч Д.Бийн “... “..............” зочид буудлын хамгийн дээд талын давхарт шатаар гараад, баруун тийш эргэхэд оффисын 2 өрөө байсан. Зүүн талын хаалга нь эргэж онгойдог, бөөрөнхий цоожтой байхаар нь бариулнаас нь өөр лүүгээ татаж байгаад, цааш нь мөрлөж хаалгыг онгойлгосон. Тэгээд ороод зүүн гар талын ширээний хажууд байсан шилэн хаалгатай модон шүүгээг онгойлгож үзэхэд, 3 эгнээний дундах эгнээнд нь цаасан хайрцаган дотор 2 ширхэг мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн өрөөний голд байх Г хэлбэрийн ширээн дээр хайрцагтай бал байхаар нь авсан. Тэгээд үүдний ширээний доор байсан бор өнгийн цүнхэнд хийгээд авч гарсан. ...” гэж хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн /хх-52-55/ бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ц.Т /хх-10-11/, гэрч Д.Г /хх-13/, Д.Э /хх-15-16/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-39-42/, хэргийн газраас олж илрүүлсэн, гарын /11 ширхэг/ мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/506 дугаартай дүгнэлт /хх-20/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Бийг хулгайлах гэмт хэргийг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Бт 4 жил хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хохирогч Ц.Т нь “... мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, алдагдсан эд зүйлийг олж, илрүүлэх ажиллагааг хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулснаар гэм буруутай этгээдийг олж тогтоосон байх бөгөөд харин шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсээ нуун дарагдуулах зорилгоор өөр, өөр мэдүүлэг өгснөөс хохирлын эд зүйлсийг биет байдлаар олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ хязгаарлагдсан байна.

Шүүгдэгч Д.Б нь хулгайлагдсан эд зүйлсийг “Ганаа гэх найздаа барьцаанд тавьсан, ... мөнгөн аягыг Чинзоригт барьцаанд өгсөн, үзгийг Энхээ гэдэг найздаа өгсөн” гэж, мөн бусдад дамжуулсан мэтээр өөр, өөр мэдүүлэг өгсөн байх ба тухайн хүмүүс байдаг эсэх нь тогтоогдоогүй байх тул хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь ач холбогдолгүй гэж үзлээ.     

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг үндэслэн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Д.Бт хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь ял эдлэх хугацаандаа хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж, барагдуулах боломжгүй нөхцөл байдал байгаа ч шүүх шийтгэх тогтоолоор хохирлын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзсэн бөгөөд цаашид ч хохирлыг төлж барагдуулах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад хязгаарласан зүйлгүй болно.

Иймд хохирогч Ц.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН