Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 057А

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,      

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,

Хохирогч Б.Дүгэр,    

Иргэдийн төлөөлөгч Х.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Ц.Алтантөгс, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар Х.Бямбасүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201505000177 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-4-27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох 5 ханатай монгол гэрийн хөрөнгөтэй, Өөлд овогт Цэвээндоржийн Алтантөгс, /ВН72111709/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Алтантөгс нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 04-27 тоот хашаанд байх өөрийн гэртээ салсан нөхөр болох Х.Бямбасүрэнг согтуу байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас гэдсэн тус газар хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Х.Бямбасүрэн нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 04-27 тоотод салсан эхнэр Ц.Алтантөгст зодуулан бие махбодидоо хүнд гэмтэл авч 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан Ц.Алтантөгсийн дүү Содномд зодуулж гэмтэл авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Дүгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Аав ээж маань суугаад 23 жил болж байна. Аав маань архи уугаагүй үедээ томоотой даруухан хүн байсан. Архи уусан үедээ л янз бүрийн ааш авир гаргадаг байсан. Надад архи уугаагүй эрүүл үедээ “ээж чинь намайг гэрээс гаргах гэж байгаад өшиглөсөн юм шиг байна лээ” гэж ярьж байсан. Миний хувьд аавыгаа алдсан одоо ээжийгээ алдмааргүй байна. 4 настай жаахан дүүгийн хамт байдаг. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Алтантөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...намайг яваад ороход ёо, ёо үхлээ ханиа гэхээр нь харсан чинь амнаас нь цус гарсан байхаар нь би гэрийн тооноор ороод уруулаа юманд цохиж гэж бодоод чи яасан гэж үхдэг юм гээд цамцны хоёр мөрнөөс нь татаж орноос буулгаад өшиглөөд чирсээр байгаад хашааны хаалгаар гаргасан. Би яг хаана нь өшиглөснөөс санахгүй байна. Ямар ч байсан нэг өшиглөөд татаж унагаад гулдарч чирээд гаргасан юм... гэрийн хойд орон дээр хэвтэж байхад нь хоёр мөрнөөс нь гараараа барьж байгаад гулдарч татаад орноос унагаад өшиглөсөн.. гэрийн тооноор орлоо гэж л уурлаад гэрээс хөөгөөд өшиглөсөн ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63, 65-66, 139 /

Шүүгдэгч Х.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед байх таксины жолооч Мөнхөөгөөр 5-4-27 тоотод салсан эхнэр Ц.Алтантөгсийн гэрт хүргүүлж очсон. Гэр нь цоожтой байхаар нь тооноор ороод унтаж байтал эхнэр Ц.Алтантөгс гаднаас орж ирээд цамцнаас чирч гадаа гаргаад намайг газар унасан байхад миний хэвлий рүү өшиглөчихсөн чинь миний гэдэс дотор хачин болоод явчихсан. .. Би эхнэртэйгээ 20 гаран жил амьдарчихаад шорон оронд явуулчихтай биш гэж бодоод дүү нь зодсон гэж худал мэдүүлэг өгсөн...." гэх мэдүүлэг /хх-ийн 71, 73 /

" ...миний өмнө нь өгсөн мэдүүлгүүд худлаа. Намайг манай эхнэрийн дүү Содном нь хамт явсан залуугийн хамт зодоогүй. Манай эхнэр Ц.Алтантөгс намайг гэрээс чирч гаргаад газар унасан байхад миний гэдэс рүү өшиглөснөөс болж надад гэмтэл учирсан юм... Би гэрийн тооноор орохдоо бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Гэрийн голд өндөр зуух байсан болохоор түүн дээр гишгээд буусан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23, 138 /

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр намайг таксинд явах гээд гарсан чинь Х.Бямбасүрэн нь машинд сууж явж байгаад зах дээр буугаад үлдсэн. Тэгээд үдээс хойш аажуу байхад Х.Бямбасүрэн нь ирээд аваадах хөх толгойд байна гээд согтуу ярихаар нь очиж аваад амьчуулын 5-4-27 тоот хашааны үүдэнд буулгаж өгөөд Х.Бямбасүрэнг хашаа руу яваад орохоор нь явсан. Биед нь харагдах шарх сорви байгаагүй зүв зүгээр байсан..." гэх мэдүүлэг, / 1-р хх-ийн 24-25 /

Гэрч Ж.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш нэлээд аажуу болсон байх үед иргэн Алтантөгс гэдэг хүнээс Баянхонгор сумын 5-4-27 тоотод манай салсан нөхөр Бямбасүрэн гэдэг хүн манайхыг эзэнгүй цоожтой , байхад тооноор орчихсон байна . Тэгээд манай дүү гэдэс рүү өшиглөчихсөн чинь Бямбасүрэн гэдэс хагарчихлаа гээд эвхрээд байна гэснээр дуудлагын жолооч С.Батбаярын хамт уг дуудлага өгсөн газарт очиход уг тоот хашааны гадаа Бямбасүрэн гэгч нь ёолоод хэвтэж байсан. Хажууд нь дуулага өгсөн эмэгтэй хүн байсан. Тэгээд Бямбасүрэн гэгчийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дээр өгчихөөд дараагийн дуудлагандаа явсан... " гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 28, 137 /

Гэрч Г.Тогоодуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... "Алтантөгс ярихдаа Бямбасүрэнг гэрийн тооноор ороод гэрт унтчихсан байхаар нь босгож ирээд гар гээд хөөж байгаад өшиглөчихсөн чинь гэдэс нь хагарчихсан гээд байна гэж л ярьсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30/

Гэрч Д.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...  Алтантөгс өшиглөх нь өшиглөчихсөн юм шиг байгаа юм. Надад ярихдаа гэрээс гаргах гээд татаж байгаад босохгүй байхаар нь өшиглөчихсөн чинь гэдэс хагарчихлаа гээд байсан чинь үнэн байсан байна гэж байсан... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 /

Гэрч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"... Алтантөгс надад ярихдаа Бямбасүрэн намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд гэрээс хөөгөөд зодоод байхаар нь гэрээ цоожлоод холдоод явсан. Буцаад ирэхэд гэрийн тооноор орчихсон байхаар нь уурлаад өшиглөчихсөн чинь бие нь муудаад хагалгаанд орсон гэж байсан ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 /

Гэрч Б.Баяннэмэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ байж байхад Алтантөгс утсаар Бямбасүрэн ирээд агсам тавиад байна ирээд аваадах гэхээр нь 5-4-27 тоотод очиход хашааны үүдэнд Бямбасүрэн нь ганцаараа сууж байсан. Тэгээд дагуулаад явах гэсэн чинь бие өвдөөд байна гээд тонгойгоод байхаар нь гэрээс Алтантөгсийг дуудаад энэ хүний бие нь сайнгүй байх шиг байна гэхэд Алтантөгс нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 46 /

Гэрч Д.Жүгдэрнамжилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 "... 2015 оны 05 дугаар сарын 19-нд нэгдсэн эмнэлэгт жижүүрээр гарч байхад 103 дээр Бямбасүрэнг найз, түүний эхнэр нь гээд 2 хүн дагуулж ирж үзүүлсэн. Үзэхэд ходоод хэвлийгээр өвдөөд байна гэж байсан..." гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 134 /

Гэрч Р.Содномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

" ...Манайх эгч Ц.Алтантөгсийн хашаанд байдаг юм. Миний сонссоноор Бямбасүрэн ахыг гэрийн тооноор орсон гэх шиг болсон. Тэр өдөр намайг гэртээ ирэхэд цагдаагийн  машинтай хүмүүс Бямбасүрэн ахыг аваад явж байгаа харагдсан. Би Бямбасүрэн ахыг зодоогүй. Бямбасүрэн ахыг цагдаа авч явж байх үед нь би ирсэн..." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 39 /

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 309 тоот шинжээчийн:

1. Х.Бямбасүрэнгийн биед нүүрний баруун хэсэг, зүүн далны орчмын зулгаралт, цус хуралт, нарийн гэдэсний 2 газрын хийрхэг язрал, цоорол гэмтлүүд үүссэн байна.

2. Дээрх нүүрний баруун хэсэг, зүүн далны орчмын зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үрэлцэх, шүргэлцэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нарийн гэдэсний 2 газрын хийрхэг язрал, цоорол нь хатуу мохоо ирмэгтэй зүйлд цохигдох, нитрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад нүүрний баруун хэсэг зүүн далны орчмын зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 51 /

Шинжээч С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Би Бямбасүрэнгийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. ... Нүүрний баруун хэсгийн зулгарал, зүүн далны хэсгийн зулгарал цус хуралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба харин нарийн гэдэсний дээд хэсгийн хоёр газрын цоорч урагдсан шарх нь хатуу мохоо зүйлд цохигдох, цохих нитрэгдэх үйлчлэлүүдээр үүссэн байх боломжтой ба гэмтпийн зэргийн хүнд зэрэгт хамааруулсан. Дээрхи нарийн гэдэсний урагдал цоорол нь нэгээс хоёр удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тооноор орж байхад хавчигдах, шахагдах үед бол энэ гэмтэл үүсэхгүй. Энэ гэмтэл нь гадны хүчтэй цохих / тийрэх, өшиглөх/ зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 54-56 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / 1-р хх-ийн 1/, хураан авах тогтоол, тэмдэглэл/1-р хх-ийн 7-8/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол/1-р хх-ийн 9-10,12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 13-17/, шүүгдэгч Ц.Алтантөгсийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 74/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3-р багийн Засаг даргийн 2015.06.30-ны өдрийн 106 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 75/, шүүгдэгч Ц.Алтантөгсийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 76/, шүүгдэгч Х.Бямбасүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 78/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 123/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2016.02.18-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлт, Х.Бямбасүрэнгийн нас барсны гэрчилгээ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч Ц.Алтантөгсийг бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримт байхгүй харин бусдын биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна.

Учир нь талийгаач Х.Бямбасүрэн нь 2015 оны 05 сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар салсан эхнэр шүүгдэгч Ц.Алтантөгсийн гэрийн тооноор орж унтаж байсан байх бөгөөд улмаар шүүгдэгч Ц.Алтантөгс нь гэртээ орж ирхэд салсан нөхөр нь согтуу хэвтэж байхаар нь түүнийг гэрийн эд хогшил хулгайлж архинаас өгчих байх гэж бодон түүнийг орноос буулган гэрээс гаргах гэж чирч гулдрах явцдаа түүнийг өшиглөж биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь ...

-талийгаач Х.Бямбасүрэнгийн ... 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед байх таксины жолооч Мөнхөөгөөр 5-4-27 тоотод салсан эхнэр Ц.Алтантөгсийн гэрт хүргүүлж очсон. Гэр нь цоожтой байхаар нь тооноор ороод унтаж байтал эхнэр Ц.Алтантөгс гаднаас орж ирээд цамцнаас чирч гадаа гаргаад намайг газар унасан байхад миний хэвлий рүү өшиглөчихсөн чинь миний гэдэс дотор хачин болоод явчихсан ... /1-р хх-ийн 23, 138, /

-шүүгдэгч Ц.Алтантөгсийн... намайг яваад ороход ёо, ёо үхлээ ханиа гэхээр нь харсан чинь амнаас нь цус гарсан байхаар нь би гэрийн тооноор ороод уруулаа юманд цохиж гэж бодоод чи яасан гэж үхдэг юм гээд цамцны хоёр мөрнөөс нь татаж орноос буулгаад өшиглөөд чирсээр байгаад хашааны хаалгаар гаргасан. Би яг хаана нь өшиглөснөөс санахгүй байна... /1хх-ийн 62-63, 65-66, 139 / гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь болсон үйл явдлыг харилцан нотолсон, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгчид анхнаасаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт санаа, зорилго байгаагүй буюу шүүгдэгч нь гэртээ орж ирхэд салсан нөхөр нь согтуу хэвтэж байхаар нь түүнийг гэрийн эд хогшил хулгайлж архинаас өгчих байх гэж бодон түүнийг орноос буулган гэрээс гаргах гэж чирч гулдрах явцад хохирогчид гэмтэл учирсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бямбасүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилж, түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Х.Бямбасүрэн нь хэргийн 51 дүгээр хуудсан авагдсан 2015 оны 05 сарын 22-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өөрт учирсан ХҮНД гэмтлийг хэргийн 19-22 дугаар хуудсанд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дээрхи гэмтлийг Ц.Алтантөгсийн дүү Р.Содномд зодуулж уг гэмтэлийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Бямбасүрэн нь нас барсан болох нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0000170851-16 дугаартай нас барсны гэрчилгээ, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Алтантөгс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэргийг 2015 оны 05 сарын 19-ний өдөр үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтантөгсөд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүллээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан SONY CD-R 700 MB гэсэн бичигтэй CD-ийг хэрэгт хавсаргаж, зузаан ултай, цэнхэр өнгийн сандаалан хос гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Алтантөгсөд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Алтантөгс нь  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 50 / тавь / хоног цагдан хоригдсон,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Дүгэр нь гомдол саналгүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, талийгаач Х.Бямбасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Алтантөгсийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246 дугаар зүйлийн 246.2,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Алтантөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй. 

3.  Шүүгдэгч Өөлд овогт Цэвээндоржийн Алтантөгсийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтантөгсийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Алтантөгсөд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтантөгсөд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан SONY CD-R 700 MB гэсэн бичигтэй CD-ийг хэрэгт хавсаргаж, зузаан ултай, цэнхэр өнгийн сандаалан хос гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Алтантөгсөд буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч Ц.Алтантөгс нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 50 / тавь / хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

9. .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтантөгс нь бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Алтантөгсөд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                     ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                                                       Ч.БАЙГАЛМАА