Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 02365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 34 дүгээр байрны 20 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Shao xinsheng /Шау Шин Шэн/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороо, 7/1 дүгээр байр, 9 тоотод оршин суух, Боржигин ургийн овогтой Бөөрөөгийн Байгальмаа /РД:ОЭ66040260/-д холбогдох,

329,626,800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Shao xinsheng /Шау Шин Шэн/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Б.Байгальмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Shao xinsheng /Шау Шин Шэн/-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн би 2015 оны 7 дугаар сарын 28-нд Б.Байгалмаад 290 тонн цагаан будаа зээлээр худалдсан, Б.Байгалмаа надад дээрх будааны үнэнд 1,531,200 юань өгөх ёстойгоос 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200,000 юань, дараа нь 100,000 юань, 2015 оны 11 дүгээр арын 23-нд 32,000 юань, 2016 оны 6 дугаар сарын 20-нд 80,000 юаньд тооцож цаг өгсөн бүгд 611,200 юань өгч одоо 920,000 юанийн үлдэгдэлтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-нд Б.Байгалмаагаас 60 тонн будааг буцаан авсан бөгөөд Б.Байгалмаагаас 230 тонн будааны үнэ авахаар байсан. Ингээд 920,000 юанийн үлдэгдэлтэй болсон талаараа тооцоо хийсэн бөгөөд 400,000 юанийг 2016 онд, 520,000 юанийг 2017 онд өгөхөөр тохирсон ч төлбөрөө өгөөгүй. Ийнхүү явсаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хугацаандаа тохироогүй учир шүүхэд хандсан. Одоо Б.Байгальмаагаас 290 тонн цагаан будааны үлдэгдэл болох 920,000 юань буюу 329,626,800 төгрөгийг Б.Байгалмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

  

Хариуцагч Б.Байгальмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Байгальмаа нь Шау Шин Шэнд бүх төлбөрөө төлсөн. Учир нь 2016 оны 07 сарын 28-ны өдөр 290 тонн цагаан будаа зээлээр худалдаж авсан бөгөөд 1,531,200 юань төлөхөөр харилцан тохирч аман гэрээ хийсэн. Үүний дагуу Шау Шин Шэнд 2015 оны 07 сарын 29-ний өдөр 200,000 юань, 2015 оны 08 сарын 14-ний өдөр 200,000 юань, 2015 оны 08 сарын 19-ний өдөр 100,000 юань, 2015 оны 10 сарын 26-ны өдөр 260,000 юанийг хүү О.Сүхбодиор дамжуулж Шау Шин Шэнтэй хамт явж Чен Хен Вин гэж хүний дансанд шилжүүлсэн байгаа. 2015 оны 11 сарын 15-ны өдөр 60 тонн цагаан будааг Шау Шин Шэн өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэ нь 316,800 юань болсон. 2015 оны 11 сарын 23-ны өдөр 100,000 юань шилжүүлсэн, 2015 оны 11 сарын 23-ны өдөр 32,000 юань бэлнээр, 2015 оны 11 сарын 24-ний өдөр 135,000 юанийг хүү О.Сүхбодиор дамжуулж мөн Чен Хен Вин гэж хүний дансанд шилжүүлсэн, 2016 оны 05 сарын 07-ны өдөр 100,000 юань бэлнээр, 2016 оны 06 сарын 20-ны өдөр 79,200 юань бэлнээр буюу цаг өгсөн, 2016 оны 07 сарын 19-ний өдөр 100,000 юань өгч нийт 1,623,000 юань төлсөн. Б.Байгальмаа нь хүмүүст будаа өгч залилуулсан,  цагдаагаар их явсан, хүнд өвчнөөс болоод сэтгэл санаагаар унаж зарим зарим нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй байсан. 2017 оны 04 сард хүү нь эдгээр баримтуудыг гаргаж ирсэн. Гэрч хэлэхдээ өмнө нь авсан будааны төлбөрийг төлөөд дахин будаа авдаг гэсэн. Иймд өмнө нь ямар нэгэн тооцооны үлдэгдэл байхгүй байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч тал мөн адил өмнөх тооцоогоо бичээгүй байсан. Мөн гэрч  Чен Хен Вин гэж хүнийг нэхэмжлэгчийн эхнэр гэдгийг нотолж өглөө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Shao xinsheng /Шау Шин Шэн/ нь хариуцагч Б.Байгалмаад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 329,626,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эч зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талууд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,531,200 юанийн үнэтэй 290 тонн цагаан будааг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 290 тонн цагаан будааг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч үнийг төлж байсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тооцоо нийлсэн баримт гэх хэргийн 6, 7 дугаар талд авагдсан гар бичмэлийг үндэслэн 920,000 юань буюу 329,626,800 төгрөг шаардсан бол хариуцагч хэргийн 195-104 дүгээр талд авагдсан Хаан банкны гадаад гуйвуулгын даалгаврын баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн цагаан будааны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлажээ.

 

Зохигч хэргийн 6, 7 дугаар хуудсанд авагдсан баримтыг 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр үйлдсэн тухайд маргаагүй бөгөөд уг баримтад “Шошин Shing 290 тонн цагаан будааг нэг бүрийн үнэ 132 юань авсан нийт дүн 1,531,200 юань болсон, одоо үлдэгдэл тооцоо.  920,000 юань тооцох ёстой, үүнээс өгсөн 7 сарын 29-нд 200,000 юань, 7 сарын 18-нд 100,000 юань, 11 сарын 23-нд 100,000 юань, 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100,000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 32,000 юань, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 79,200 юань /79,200 юаньд тооцож цаг өгсөн/ тооцов.Одоо үлдэгдэл тооцоо хүнээс авах ёстой тооцоо. 2016 онд багтааж 400,000 юань тооцоо хийхээр тохиролцов” гэжээ.

 

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 290 тонн цагаан будааны үнэ 1,531,200 юанийн үлдэгдэл 920,000 юань төлөхөөс 2015 оны 7 сарын 29-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нийт 611,200 юань төлж, үлдэх 400,000 юанийг 2016 онд багтааж төлөхөөр баримт үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч Б.Байгальмаа нь нэхэмжлэгч Shao Xinsheng-д 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 200,000 юань, 2015 оны 08 сарын 19-ны өдөр 100,000 юанийг шилжүүлсэн болох нь хэргийн 96, 98 дугаар талд авагдсан Хаан банкны гадаад гуйвуулгын даалгаврын баримтаар, хариуцагчийн хүү О.Сүхбодь нь Сhen Wen Ying гэх хүнд буюу нэхэмжлэгчийн заасан дансаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260,000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 135,000 юань нийт 695,000 юань шилжүүлсэн болох нь хэргийн 100, 102 дугаар талд авагдсан Хаан банкны гадаад гуйвуулгын даалгаврын баримт, шүүхэд хариуцагчийн хүсэлтээр гэрч О.Сүхбодь, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Батцэнгэл нараас авсан мэдүүлгээр нотлогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 11 сарын 15-ны өдөр  60 тонн цагаан будааг 316,000 юаньд тооцож хүлээлгэн өгсөн тухайд зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгө шилжүүлсэн баримт, 60 тонн цагаан будааг өмнө нь үүссэн өөр төлбөр тооцоотой холбоотой, Сhen Wen Ying гэх хүнийг танихгүй гэж тайлбарласан хэдий ч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Иймд хариуцагч Б.Байгалмаагаас 920,000 юань буюу 329,626,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Shao xinsheng /Шау Шин Шэн/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Б.Байгальмаагаас 329,626,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Shao xinsheng /Шау Шин Шэн/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Shao xinsheng /Шау Шин Шэн/-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,806,083 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР