Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1092

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Т.О-т холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр;

шүүгдэгч Т.О-ийн өмгөөлөгч С.Пүрэвдорж;

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтээр Т.О-т холбогдох эрүүгийн 201625012353, 1706038640211 дугаартай хэргүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Т-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Алтан-Өлгийн ..-... тоотод оршин суух,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, /РД:................../,

Т.О нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар” Их дэлгүүрийн автобусны буудлын орчимд иргэн Д.Болдбаатарын халааснаас 250,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S-4” загварын гар утсыг хулгайлсан,

давтан үйлдлээр Б.О-тай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” Худалдааны төвийн орчимд иргэн Г.А-ийн цүнхнээс 190,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S-5” загварын гар утас, бэлнээр 296,000 төгрөг, иргэний үнэмлэх зэргийг хулгайлж нийт 486,000 төгрөгийн хохирол учруулсан,

Дээрх хэрэгт шалгагдаж байхдаа давтан үйлдлээр Д.А-тай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” Худалдааны төвд иргэн Ц.С-ийн 600,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy note edge” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.О-ийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.О-т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Багшбаяр бичсэн дүгнэлтээ: “... Т.О нь Б.Отай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Анугийн цүнхнээс 190,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S5” загварын гар утас, 296,000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 201725011364 дугаартай хэрэгт,

мөн шүүгдэгч Т.О нь С.Б-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Sunday” Худалдааны төвд иргэн Б.Амаржаргалын халааснаас “Samsung Galaxy G5” загварын гар утас хулгайлж, 304,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул хяналтын прокурор И.Ариунсанаа 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 1706038640211 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Т.О-ийн хувьд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр үйлдсэн гэмт хэрэг буюу 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь тогтоогдож байгаа боловч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд үйлдсэн хулгайн гэмт хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Т.О-т холбогдох эрүүгийн 201625012353 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр прокурорт буцаалгахаар дүгнэлт бичсэн. ...” гэв.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.О нь 3 хэрэгт холбогдсон байдаг. Нэг дэх гэмт хэргийг Амгалантай бүлэглэж үйлдсэн, хоёр дахь гэмт хэргийг Б.Отай бүлэглэж үйлдсэн, гурав дахь гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байдаг. “Sunday” худалдааны төвд С.Б-тэй бүлэглэн хохирогч Б.А-ын халааснаас гар утас хулгайлсан хэргийг нэгтгэж шийдэх гэхэд өмнө нь ял хойшлуулсан байгаа учраас нэгтгэж болохгүй байгаа тул дүгнэлт бичсэн” гэв.

 

Шүүгдэгч Т.О-ийн өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.О-т холбогдох эрүүгийн хэргүүдийг хэлэлцэхдээ прокурорын дүгнэлтээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн 201625012353 дугаартай хэргээс үзэхэд Т.О нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Б-ын халааснаас гар утас хулгайлсан, давтан үйлдлээр Б.О-тай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Анугийн цүнхнээс гар утас, бэлэн мөнгө хулгайлсан, Д.А-тай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.С-ийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Мөн Т.О, Б.О нар бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Э-ийн цүнхнээс гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-т 1 жил хорих ял, Б.О-д 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд тус тус бүгд хүчин төгөлдөр байна.

 

Т.О, С.Б нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвд иргэн Б.А-ын халааснаас “Samsung Galaxy J-5” загварын гар утас хулгайлж 304,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, Т.О-ийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь 1706038640211 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Т.О нь ганцаараа болон бусадтай бүлэглэн дээрх 4 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ба тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байжээ.

 

Түүний үйлдсэн гэмт хэргүүдэд хоёр тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлэсний улмаас сүүлд 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн хулгайлах гэмт хэргийг шүүхээр хэлэлцэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал илт дордохоор нөхцөл байдал үүснэ.

Тодруулбал, Т.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлснийг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоол гарах үед мэдэгдэх боломжгүй байснаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэр гарсан байна.

 

Т.От холбогдох хэргүүдэд тус тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан хөнгөн ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх нөхцөл байдал илэрсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.О-т холбогдох эрүүгийн хэргүүдийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН