Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2019/00515/И |
Дугаар | 001/ХТ2020/00303 |
Огноо | 2020-06-30 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00303
С.Б-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00838 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 939 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: С.Б-
Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Гуравдагч этгээд. Н.З
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батболдын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батболд, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-22-ны өдрийн 102/ШШ2016/03316 дугаар шийдвэрийн дагуу Н.З-т 72,200,000 төгрөг төлөхөөр болсон. Тухайн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчид 2019-01-24-ний өдөр 4/2988 тоот мэдэгдэл өгсөн байдаг. Тус мэдэгдэлд С.Б-ы эзэмшлийн БГД-н ..-р хорооны нутаг дэвсгэр ..-р эмнэлгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг 70,700,000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь болох 49,490,000 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдсэн. Тус үнэлгээг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. С.Б-ы эзэмшлийн газар нь 341 м.кв бөгөөд үүнээс барилга барих талбай нь 123 м.кв юм. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд авагдсан зургаас тодорхой харагддаг. Харин бусад 218 м.кв газар нь явган хүний зам, зогсоол, ногоон байгууламж барих төлөвлөгөөтэй газрыг зөвхөн 123 м.кв газрыг үнэлсэнд гомдолтой байна. Тухайн газар нь УБ хотын А бүсэд байрлах, дулаан, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээнд холбогдсон, багадаа 1 м.кв 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх байхад 575,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлсэн тул БГД-н ..-р хороо, ..-р эмнэлгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг 70,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-22-ны өдрийн 102/ШШ2016/03316 дугаар захирамжаар С.Б-аас 72,258,975 төгрөгийг гаргуулж Н.З-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Б-ы эзэмшлийн БГД-н ..-р хороо, ..-р эмнэлэгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж 70,700,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: ..Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар С.Б-д төлбөр төлөх маш их боломжийг олгосон. ..Төлбөр төлөгчид 2019-01-29-ний өдөр шууд мэдэгдэл өгч, газрын битүүмжилж шинжээчийн дүгнэлт гарсан мэтээр ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд С.Б- газраа хоёр ч удаа 500сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оролцуулах хүсэлтэй байна гэж байсан. 2018-12-р сард газрыг битүүмжилж, тогтоолыг танилцуулсан, С.Б- тогтоолыг хүлээж авсан байдаг. ..Үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын стандарт журам зэргээ баримтлан, газрыг ямар аргачлалаар яаж үнэлснээ тодорхой бичсэн. Тухайн үед зарагдаж байгаа 3 газрын үнэлгээг авч, суурь үнэлгээнүүдийг харьцуулах замаар үнэлгээг гаргасан байдаг. Нэхэмжлэгч 70,700,000 төгрөгийн үнэтэй биш, түүнээс дээш үнэтэй гэдгээ нотлох хэрэгтэй, газрын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага гээд байгаа боловч нотолсон ямар ч баримт байхгүй. Албадан дуудлага худалдааг түдгэлзүүлж, төлбөр авагчийн төлбөрийг төлөхгүй эрх ашгийг нь хохироож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 102/ШШ2019/00838 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 939 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо: магадлалд “..нэхэмжлэгч нь Мөнх оргил трейд ХХК-ийг гуравдагч этгээдээр болон хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь зөв боловч зохигчид хэн алин нь үнэлгээ хийсэн Мөнх оргил трейд ХХК-ийн шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасан байхад эдгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 38.6-г зөрчсөн...” гэжээ. Онолын хувьд авч үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулж гаргахыг зөвхөн нэхэмжлэгч өөрөө сонгодог. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим гэх бөгөөд холбогдох хууль тогтоомжид тусгалаа олсон байдаг. Маргаж буй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар “Мөнх оргил трейд” ХХК-ийг татан оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг засаж залруулах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 123 м.кв газрын үнэлгээг “Мөнх оргил трейд” ХХК хийсэн. Өөрөөр хэлбэл шинжээч томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар., дүгнэлт буюу үнэлгээ гаргасан “Мөнх оргил трейд” ХХК хоёулаа хариуцагчаар оролцох үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс магадлалын ХЯНАВАЛ хэсгийн “Мөнх оргил трейд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь үндэслэлтэй гэх агуулгыг зөвтгөж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Б- 2019-01-28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэр ..-р эмнэлгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газар эзэмших эрхийг 70,700,000 төгрөгөөр үнэлсэнг хүчингүй болгохыг хүссэн байна.
Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо “...Мөнх оргил трейд ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах талаар хийсэн магадлалын агуулгыг зөвтгөж өгнө үү...шүүх диспозитив зарчим зөрчсөн...” гэжээ.
1. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй байна.
а/. “...шүүх диспозитив зарчим зөрчсөн..” гэх гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
С.Б- нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлсон, шүүх уг хариуцагчид буюу нэхэмжлэгчийн заасан этгээдэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх тул хяналтын гомдол үндэслэлгүй юм.
б/. Мөнх оргил трейд ХХК-г хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг татан оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогч гаргах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд 2019-03-21-ний өдөр хүсэлт гаргаж Мөнх оргил трейд ХХК-г хамтран хариуцагчаар оролцуулахыг хүссэн бөгөөд тухайн үед тэрээр нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй байсныг нотлох баримт хэрэгт байхгүй /хх 83,99/ байна. Өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27,34,36 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй.
в/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг татан оролцуулах хүсэлтийг хангах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно. Хамтран хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно. Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран, хариуцагчаар татан оролцуулж болно.
Хэргийн баримтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэгч нь мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээч томилсон байх бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа байна.
Иймд үнэлгээ хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт Мөнх оргил трейд ХХК-г хамтран хариуцагчаар оролцуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт \хх91-92\-г шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхино.
2. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.
а/. Мөнх оргил трейд ХХК-г шинжээчээр оролцуулах тухай С.Б-ы хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж, 2019-03-27-ны өдөр 102/ШШ2019/03805 дугаар захирамж /хх 69,102, 70,91,105/ гаргасан ба үүнийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжээч томилох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох нь хоорондоо холбоогүй, хоёр өөр ажиллагаа болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргасан этгээд анхан шатны шүүх хуралдаанд шинжээчээр оролцох боломжтой.
С.Б-ы нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад шүүх аль нэг байгууллагыг шинжээчээр томилж байгаагүй тул Мөнх оргил трейд ХХК-г “...шинжээчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах..” тухай нэхэмжлэгч талын хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсгийг зөрчиж байна.
Мөнх оргил трейд ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдож, дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсан тул Мөнх оргил трейд ХХК-г иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилох, улмаар шүүх хуралдаанд оролцуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцэхгүй юм.
б/. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “... зохигчийн хэн аль нь хүсэлт гаргасан...” гэх боловч энэ нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Б- бус, харин хариуцагч /хх45/-с Мөнх оргил трейд ХХК-г гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд үүнийг анхан шатны шүүх хангаагүй /хх 91/-д Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
С.Б- нь Мөнх оргил трейд ХХК-г гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
3. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-04-22-ны өдрийн 02/ШШ2016/03316 дугаар захирамжаар Н.З-ын нэхэмжилсэн 72,000,000 төгрөгийг С.Б- төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй /хх 48/ болгосон боловч 72,000,000 төгрөг төлөгдөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа зохих журмын дагуу эхэлжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны зориулалттай, нэгж талбарын ....20/5150 дугаар бүхий 123 кв.м талбайтай, С.Б-ы нэр дээр ....51854 дугаар гэрчилгээний дагуу эзэмших эрхтэй газрыг битүүмжлэн, хураасан бөгөөд үнэлгээний талаар зохигч тохиролцоогүйгээс шинжээч томилогдож, шинжээч уг газар эзэмших эрхийг /хх 8-19/ 70,700,000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогджээ.
Үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ. Иймд хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 123 кв.м газрыг шинжээчээр үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Үнэлгээг төлбөрт хураагдсан хөрөнгийн хэмжээнд хийнэ. 2019-01-11-ний өдрийн тогтоолоос үзвэл хариуцагч нь 2017-07-22-ны өдрийн газар эзэмших эрхийн ...51854 дугаар гэрчилгээнд заасны дагуу ....20/5150 дугаар нэгж талбартай, 123 кв.м талбайтай газрыг хураасан тул уг хэмжээний газрыг үнэлүүлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь шинжээчийн 70,700,000 төгрөгийн үнэлгээг буюу хариуцагчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, С.Б-ы нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзнэ.
Тайлбар, татгалзлаа нотлох үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт буй, талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.
Хэрэгт авагдсан баримтаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/03316 дугаар захирамжид заасан төлбөрийг барагдуулах ажиллагаа хууль бус явагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй С.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй болно.
4. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгов.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, ноцтой зөрчил гаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-г зөрчихгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 939 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батболдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ