Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0371

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0371

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Гомдол гаргагч: “Х-И” ХХК

          Хариуцагч: ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ Н.Б, Ц.Э

          Гомдлын шаардлага: ”Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ТУБ нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, П.Г, хариуцагч Ц.Э, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Ц.Т, иргэдийн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч ”Х-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гомдлын шаардлага нь хууль тогтоомж зөрчиж ногдуулсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэлд оногдуулах тухай ТУБ нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  0297783 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан...Үүнд:

          Нэг. Шийтгэлийн хуудасны салшгүй бүрдэл хэсэг болох Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл “... 2015 онд 133,630.000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардлыг 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох...247,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг...орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил...”-тэй гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль бусаар шийдвэрлэсэн байна.

          Гомдол: Манай компани Аж ахуйн нэгжийн оролгын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 12.1.1-т түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал...12.1.6 урсгал засварын зардал... 12.1.9 бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс...12.1.21 тээврийн зардал...” гэж заасны дагуу бизнесийн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа тухайн тайлант үед татвар ногдох орлогоос хасагдах зардлууд болно.

          2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ, 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татврын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох...”, 20.3-т “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно...” гэж заасны дагуу 2014 оны алдагдал 371,903,106.89, 2015 оны алдагдал 412,285,515.96 төгрөгийн алдагдлыг, ашиг буюу татвар ногдуулах орлого 2016 оны 489,766,412.20, 2017 оны 748,093,672.90 төгрөгийн 50 хувь буюу 618,930,042.55 /489,766,412.20+748,093,672.90/ 50 хувь/ төгрөгөөр татвар ногдуулах орлогын бууруулж өгөх залруулгыг шалгалт хийсэн байцаагч нар хийгээгүйгээс 61,893,004.25 төгрөгийн татварыг улсын төсөвт илүү ногдуулан төлсөн байна.

          Хоёр. Тэмдэглэлд ....2016 онд 27,854,545,45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь ... Нэмэгдсэн өртгийн албан  татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл: Алван татвар хасалт хийх, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.4-т тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.

          Манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно. Өөрөөр хэлбэл тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй холбогдон гарсан худалдан авалт буюу харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар тул хууль зөрчөөгүй болно.

          Гурав. Тэмдэглэлд: “...4.2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор орлуулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл: “Албан татварт хасалт хийх, 14.1.5 үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй”, гэж заасныг  зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.

          Манай компани дээрх яригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан бөгөөд зөвхөн цаашид уг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах зорилгоор тухайн тайлант хугацааны зардалд орох, дулаан, цахилгааны зардал, мөн худалдан борлуулах зорилготой тус үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрыг тохижуулах, гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга, эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: “14.1 Хувь хүн, хуулийн этгээдийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд, “14.1 Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн ...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно.

          Энэхүү хууль бусаар ногдуулж буй 417,534,071.70 /4,175,340,716.96*10%/ төгрөгийг манай компанийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаархи илүү төлөлтийг бууруулан шийдвэрлэсэн атлаа дахин эрх бүхий албан тушаалтны 0297783 дугаартай шийтгэлийн хуудсанд: “...нийт 464,255,688.90 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгасугай...”, мөн Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлд: “...1...нэмэгдсэн өртгийн албан татвар 420,319,526.30 төгрөгийг УТОХГ-ын 100900000303 тоот дансанд...” бэлнээр төлөхийг даалгасан нь хууль бус байна. Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд ногдуулсан 247,580.00 төгрөгийн төлбөрийг хуулийн үйлчлэлд хамруулж хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлт оруулсан.

          Дөрөв. Тэмдэглэл: “...5.2013,2014,2015,2016,2017 онд 24,758,000.00 төгрөгийн үнэ бүхий...2 давхар конторын барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, татвар төлөөгүй зөрчил нь...Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль...” зөрчсөн гэжээ.

          Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “4.3. Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...” 10 дугаар зүйлд: “10.1...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөлөөгүй байна.

          Мөн өршөөлд хамрагдахгүй цаг хугацааны татварын асуудлыг 2016, 2017 онд илүү төлсөн татвараас суутган тооцоогүй шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд: “17.1. Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:...17.1.4 илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 58 дугаар зүйлд: “58.1. Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ: 58.1.1 тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт сууиган тооцох: 58.1.2 татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, 58.1.3 буцаан олгох, 58.2 Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.” Гэж заасныг зөрчсөн.

          Тав. Тэмдэглэлд: “...6...2017 онд ...аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил”-тэй гэжээ.

          Манай компани 2014 оны алдагдал 371,903,106.89, 2015 оны  421,285,515.96 төгрөгийн алдагдлыг, ашиг буюу татвар нодуулах орлого 2016 оны 489,766,412.20, 2017 оны 748,093,672.90 төгрөгийн 50 хувь буюу 618,930,042.55 /489,766,412.20+748,093,672.90 /50%/ төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулж өгөх залруулгыг шалгалт хийсэн байцаагч нар хийгээгүйгээс 61,893,004.25 төгрөгийн татварыг улсын төсөвт илүү ногдуулан төлсөн. Энэхүү илүү төлсөн татвараас татвараа хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангиас суутган тооцоогүй, шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Татвар төлөгч дараах эрх эдлэнэ:...17.1.4-т илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах, 58 дугаар зүйлийн 58.1-д Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ, 58.1.1-д тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох:, 58.1.2 татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, 58.1.3 буцаан олгох, 58.2-т Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн.

          Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчилд ногдуулсан 1,211,980,50 төгрөгийн төлбөрийг бууруулж өөрчлөлт оруулсан.

          Иймд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж оногдуулсан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудас /шийдвэр/-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

          Хариуцагч ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ Ц.Э, Н.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          “Х-И” ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21180800325 тоот томилолтын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. “Х-И” ХХК-ийн 2013-2017 оныг хамруулан хийсэн татварын хяналт шалгалтаар нийт 4, 794,613,795.14 төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3 дэх хэсэг “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...” гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох журналын бичилт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон юм.

          “Х-И” ХХК-ийн гаргасан зөрчил нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3,4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь заалт,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор...1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 1.2 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ..бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”. 2-д “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04 –ний өдрийн хуулиар өөрчлөг найруулсан/ “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татвар алданги тооцох бөгөөд ...үнийн дүнгийн 20 хувиас хэтэрхээргүй байна.” гэж заасныг тус тус үндэслэн нийт 4,794,613,795.14 төгрөгийн зөрчлөөс 2014 оны тайлангаар алдагдлыг 29,745,049.63 төгрөгөөр, 2015 оны тайлангаархи алдагдлыг 141,688,530.71 төгрөгөөр бууруулж, үлдэх 4,623,180,214.80 төгрөгийн зөрчилд 448,802,314.70 төгрөгийн нөхөн татвар, 9,331,836.50 төгрөгийн торгууль, 6,121,537.70 төгрөгийн алданги ногдуулах үндэслэлтэй байсан тул нийт 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 0297783 тоот шийтгэлийн хуудас бичигдсэн болно.

          Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х-И” ХХК-ийн гаргасан гомдолд доорхи байдлаар гомдол тус бүрээр тайлбар гарган хүргүүлж байна. Үүнд: Гомдол-1: “...2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн ажиллагааны бус харуул хамгаалалтын зардал, 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох...274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилтэй...” гэж шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон.

          Манай компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 12.1.1-д түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал...12.1.21 тээврийн зардал...” гэж заасны дагуу бизнесийн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа тухайн тайлант үед татвар ногдох орлогоос хасагдах зардлууд болно гэжээ.

          Тайлбар 1: -2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардал, мөн 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох хөрөнгө оруулалтын 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардал нь “Х-И” ХХК-ийн 2015, 2017 оны аж ахуйн нэгжийн албан татвар ногдох бараа буюу автомашины дугуй, аккумлятор, шатахууны борлуулалт, тэдгээрийг худалдан борлуулах үндсэн үйл ажиллагаатай огт хамааралгүй тухайн компанийн Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгө /Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан зочид буудал, рестораны барилга/-ийн өртөгт тооцогдох зардал болох нь хяналт шалгалтын явцад нотлогдсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаархи татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасныг зөрчсөн байсан.

          Тухайн аж ахуйн нэгж нь аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаархи /2014, 2015 оны/ алдагдал баталгаажуулах хүсэлтээ татварын албанд гаргаагүй бөгөөд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21180800325 тоот томилолтын дагуу 2013-2017 онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтанд хамрагдсан бөгөөд “Х-И” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл: 18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1 “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3 дэх хэсэг “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахйун үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...” үүргийг мөрдөөгүй. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаархи 2014, 2015 онуудын алданги баталгаажуулах хүсэлтийг Татварын ерөнхий хуулийн 18.1.2 дэх хэсэг “татвар ногдуулах, төлөхтэй холбогдон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж заасны дагуу хуулийн хугацаанд харьяа татварын албанд ирүүлээгүй болно.

          Тайлбар 2: -2016 онд 27,854,545.45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь “Х-И” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа буюу автомашины дугуй, акумлятор, шатахууны борлуулалт, тэдгээрийг худалдан борлуулахтай ямарч хамааралгүй тухайн компанийн Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгө /Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан зочид буудал, рестораны барилга/ бий болохтой холбоотой гарсан зардал болох нь хяналт шалгалтын явцад нотлогдсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлвөл зохих татварыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл: Албан татварт хасалт хийх, 14.6-д “Дараар бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.4 тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ,” гэж заалтыг зөрчсөн.

          Гомдол 3: “...2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хассан зөрчил нь...заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ”.

          Манай компани дээрхи яригдаж буй үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан бөгөөд зөвхөн цаашид уг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилгоор тухайн тайлант хугацааны зардалд орох дулаан, цахилгааны зардал, мөн худалдан борлуулах зорилготой тус үл хөдлөх хөрөнгийн 1 дүгээр давхарыг тохижуулах, гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: “14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн..” гэж заасны дагуу хасалт хийсэн болно.

          Тайлбар 3: Гомдолд манай компани 2013 онд үл хөдлөх хөрөнгийг /Зочид буудлын барилгыг/ 2013 онд бүрэн барьж дуусгасан гэжээ. “Х-И” ХХК-ийн Сангийн яамны Төрийн сангийн газрын баталгаажуулсан Санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгө мөрөнд 2013 онд 885,781.4 мянган төгрөгийн, 2014 онд 23,146,174.7 мянган төгрөгийн, 2015 онд 25,214,926 мянган төгрөгийн, 2016 онд 27,042,765.5 мянган төгрөгийн, 2017 онд 32,062,091.3 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан. Мөн тухайн компанийн үл хөдлөх хөрөнгө /Зочид буудал, рестораны барилга/-д оруулсан хөрөнгө оруулалтыг он оноор нь тооцон гаргавал 2013 оноос өмнө болон тухайн онд оруулсан хөрөнгө оруулалтын дүн 15,225,927.491.89 төгрөг, 2014 онд 7,401,471,868.7 төгрөг, 2015 онд 2,085,172,866.52 төгрөг, 2016 онд 1,903,320,382.41 төгрөг, 2017 онд 5,94,350,958.06 төгрөг, нийт өртөг 31,710,243,567.54 төгрөг болж байна.Тус компанийн 2013-2017 онд үл хөдлөх хөрөнгө /үндсэн хөрөнгө бий болох/-д оруулсан өртгийн зардаргааг, мөн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотойгоор 2017 онд дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2,401,395,276,85 төгрөгийн, импортын бараанд төлсөн 1,773,945,440.11 төгрөгийн нийт 4,175,340,716,96 төгрөгийн худалдан авалтыг анхан шатны баримтаар нотлон “Х-И” ХХК-ийн нягтлан бодогч О.Б-р гарын үсэг зуруулж, санхүүгийн тэмдэг даруулан баталгаажуулж, баримтад хавсаргасан болно.

          Дээрх нотлох баримтуудыг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан гэж үзэх үндэслэл татварын хяналт шалгалтын явцад тодорхойгүй, харин 2017 оны 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалт нь үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой болох нь нотлогдсон. Тус компани 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлвөл зохих татварыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл: “Албан татварт хасалт хийх, 14.1.5 үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй”, гэж заасныг зөрчсөн байсан.Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд олон улсын сүлжээ N зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилга хэдийд ашиглалтанд орсон талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас лавлагаа авахад тус барилга нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд оруулах дүгнэлт гарсан байна.

          Гомдол-4: “...2013, 2014, 2015, 2016, 2017 онд 24,758,000.00 төгрөгийн үнэ бүхий ...2 давхар конторын барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, татвар төлөөгүй зөрчил нь...Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль...зөрчсөн гэжээ.

          Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25-н жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т  “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийн өршөөн хэлтрүүлнэ...” 10 дугаар зүйлд: “10.1...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөлөөгүй байна. Мөн өршөөлд хамрагдахгүй цаг хугацааны татварын асуудлыг 2016, 2017 онд илүү төлсөн татвараас суутган тооцоогүй шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд: “17.1 Татвар төлөгч дараах эрх эдэлнэ...17.1.4 илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 58 дугаар зүйлийн 58.1-д Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ, 58.1.1 тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 58.1.2 татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, 58.1.3 буцаан олгох, 58.2 Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.

          Тайлбар-4: Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.10.3 Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасан.

          Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “4.1 Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө: 5 дугаар зүйлд: 5.2 Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй ...5.3 Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна...5.3.3 үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар: гэж заасныг хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын задгайд байрлах 2 давхар 24,758,000.0 төгрөгийн баланс дээрх үнэлгээ бүхий конторын барилгыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг татварын албанд бүртгүүлээгүй, тайлан гаргаагүй нь баримтаар нотлогдсон учир хуульд заасан хариуцлага оногдуулсан болно.

          Гомдол-5: “...2017 онд...аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчилтэй гэжээ.

          Манай компани 2014 оны алдагдал...залруулгыг шалгалт хийсэн татварын байцаагч нар хийгээгүйгээс..төгрөгийн татварыг улсын төсөвт илүү ногдуулан төлсөн. Энэхүү илүү төлсөн татвараас татвараа хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангиас суутган тооцоогүй. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд: “17.1 Татвар төлөгч дараах эрх эдэлнэ...17.1.4 илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах:” 58 дугаар зүйлд: “58.1 Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ: 58.1.1 тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 58.1.2 татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох 58.1.3 буцаан олгох, 58.2 илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.

          Тайлбар-5: 2017 онд 21,270,278.43 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах хугацаа адил байна.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккурэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үгнэн зөв тодорхойлж төсөвт төлнө...21.4 Албан татвар төлдөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ”, гэж заасныг зөрчсөнд хуулийн дагуу татвараа хуулийн хугацаанд төлөөгүйд шийтгэл оногдуулсан болно”  гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэв.

 “Х-И” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б тус шүүхэд хандаж  ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ Н.Б, Ц.Э нарын гаргасан, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 297783 дугаар бүхий “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

        Хариуцагч нар “Х-И” ХХК-ийн 2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 297783 дугаар шийтгэлийн хуудсаар 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд 448,802,314.70 төгрөгийн нөхөн татвар, 9,331,836.50 төгрөгийн торгууль, 6,121,537.70 төгрөгийн алданги, нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

 Нэг. “...2015 онд 133,630,000,00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардал, 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгчээс “...харуул хамгаалалтын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24-т заасан..., мөн компанийн үндсэн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа хасагдах зардал мөн...” гэх маргааны хувьд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч компани нь  2013-2017 онуудад мотоцикл болон автомашины дугуй, аккумуляторын худалдаа, үйлчилгээ түүнчлэн шатахуун борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт олон улсын сүлжээ N зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилгын захиалагчаар “Х-И” ХХК, барилгын гүйцэтгэгчээр “Б” ХХК ажиллаж улмаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг зочид буудлын барилгыг  улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтууд тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй.

Түүнчлэн ТУБ нар дээрх зардлуудыг тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй, тус компанийн санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгө болох өмнө дурдсан зочид буудал, рестораны барилгын өртөгт тооцогдох зардал гэж үзэж улмаар уг зардлыг татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал гэж зөрчилд тооцон 2015 онд 133,630,000.00 төгрөгөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн алдагдлыг бууруулан, 2017 онд хамаарах 274,924,673.96 төгрөгийн зөрчилд төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 -д “Дараах зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдүулах орлогыг тодорхойлно” гэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж татвар төлөгчийн үүргийг тус тус заасан бөгөөд. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 11-ийн Тодорхойлолт 5-д "Энэ стандартын зорилгоор барилгын гэрээнд дараах зүйлийг хамруулж үзнэ. (а) тухайн хөрөнгийг шууд хамаарах үйлчилгээ үзүүлэх гэрээ, “Гэрээний зардал” хэсгийн 21-д “гэрээг баталгаажуулах өдрөөс түүнийг бүрэн дуусгавар болгох хүртэлх үед хувилагдах зардлыг гэрээний зардалд хамруулна” гэж нарийвчлан тодорхойлсон байна.

Иймд “Х-И” ХХК нь 2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй харуул хамгаалалтын зардал болон 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох хөрөнгө оруулалтын 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдох орлогоо бууруулсан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул шийтгэлийн хуудасны энэ хэсэгт холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Түүнчлэн гомдол гаргагчаас, ТУБ-д хяналт шалгалт хийхдээ “...аж ахуйн нэгжийн орлогын албан татварын алдагдлыг шилжүүлэх тооцоог хийгээгүй” гэсэн үндэслэл дурдсаны тухайд:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-д “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дзд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд ... дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна”, 20.3-т “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бур хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно” гэж тус тус заажээ.

Тухайн тохиолдолд хариуцагч нар нь татварын иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийсэн бөгөөд тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 оны 371,903,106.89 төгрөгийн алдагдлыг 29,745,049.60 төгрөгөөр бууруулж, 342,158,057.29 төгрөгийн алдагдалтай, 2015 оны 412,285,515.96 төгрөгийн алдагдлыг 141,688,530.70 төгрөгөөр бууруулж, 270,596,985.26 төгрөгийн алдагдалтайгаар тус тус баталгаажуулсан боловч татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоог хийгээгүй, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2014, 2015 оны тайлангаар алдагдлыг шилжүүлэн тооцоход аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулах татвар 2016 онд 28,766,216.40 төгрөг, 2017 онд 47,749.669.06 төгрөг байх тул түүнийг төлбөрийн дүнгээс хасч багасгах боломжтой гэж шүүх үзэв..

Хоёр. Гомдол гаргагчийн “...2016 онд харуул хамгаалалтын компанид төлсөн  27,854,545.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй холбогдон гарсан худалдан авалт буюу харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар бөгөөд хууль зөрчөөгүй тул холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх шаардлагын тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, мөн хуулийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;” 14.6-д “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж, мөн 14.6.4-т “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.

 Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл “Х-И” ХХК-иас харуул хамгаалалтын компанид 2016 онд төлсөн 27,854,545.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа буюу тус компанийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хамаарахгүй, харин тухайн компанийн үндсэн хөрөнгө болох N зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилгыг бий болгохтой холбогдон гарсан байх тул хуулийн 14.6-д заасан хасагдах зардал биш.

Иймд “Х-И” ХХК-иас харуул хамгаалалтын “Х.Б” ХХК-д төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчилд шийтгэлийн хуудсаар 2,785,454.55 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Гурав. Гомдол гаргагчийн, “...2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй” гэх шаардлагын тухайд:

Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлээ “...N зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан бөгөөд зөвхөн уг үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах зорилгоор тухайн тайлант хугацааны зардалд орох дулаан, цахилгааны зардал, мөн худалдан борлуулах зорилготой тус үл хөдлөх хөрөнгийн 1 дүгээр давхаргыг тохижуулах, гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хассан...” гэж тодорхойлжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгуүлснзэс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл; үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж, мөн 14.1.5-д үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж тус тус заажээ.

Хариуцагч нар “Х-И” ХХК-ийн 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 417,534,071.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчилд 417,534,071.70 төгрөгийн нөхөн татвар ногдуулан, тус компанийн 2017 оны төсвөөс буцаан авах 964,622,482.50 төгрөгийг 417,534,071.70 төгрөгөөр бууруулан, тайлант онд төсвөөс буцаан авах татварыг 547,088,410.80 төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, “Х-И” ХХК нь 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “... импорт болон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 417,534,071.69 төгрөгөөр бууруулсан болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдсон гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, бодит нөхцөлд тохирсон гэж үзнэ.

Тухайлбал, N зочид буудлын барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын акт 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарснаас үзвэл уг үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан гэж үзэх үндэслэлгүй, 2017 онд хамаарах 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалт нь үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэж үзэхгүй.

Дөрөв. Гомдлын шаардлагын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү” гэх тухайд:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д "... 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заажээ.

Хуулийн дээрхи заалтуудыг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй гэх 24,758,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 148,548.00 төгрөгийн торгууль, 99,032.0 төгрөгийн алданги, нийт 247,580.00 төгрөгийн төлбөрийг дээрх хуулийн үйлчлэлд хамруулж өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Тав. Гомдол гаргагчаас, “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн алдагдлыг илүү төлсөн татвараас татвараа хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангийг суутган тооцоогүй” гэх үндэслэлийн тухайд;

Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах хугацаа адил байна”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккрузл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө”, 21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заажээ.

ТБ нар “Х-И” ХХК нь 2017 онд 21,270,278.43 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 37 хоног хожимдуулан төлсөн зөрчилд 787,000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөг, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй боловч тус компанийн 2014, 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг шилжүүлэн тооцоогүй нь буруу байна.

Иймд ТУБ-н шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2017 онд 21,270,278.43 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулж төлсөн зөрчилд ногдуулсан 787.000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн алданги, нийт 1.211,980.50 төгрөгийн төлбөрийг бууруулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр “Х-И” ХХК зөрчил гаргасан нь тогтоогдсон байх ба хариуцагч татварын байцаагч нар гомдол гаргагч компанийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зүйлд “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр заасантай нийцэхгүй боловч энэ нь гомдол гаргагчийг зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан “Х-И” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, ТУБ-н 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 297783 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөрөөс 24,758.000.00 төгрөгийн зөрчилд ногдох 148,548.00 төгрөгийн торгууль, 99,032.00, төгрөгийн алданги, нийт 247,580.00 төгрөгийн төлбөрийг багасгаж, 21,270,278.40 төгрөгийн зөрчилд ногдох 787.000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн алданги, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30500 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                              

                                                                                                                                                                                                                                                                                                                                             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДУЛАМСҮРЭН

                   ШҮҮГЧ                                   Б.АДЪЯАСҮРЭН

                     ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ