Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1093

 

 

 

 

 

 

 

 

 

    

   Т.О, Б.О нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр;

шүүгдэгч Б.О;

шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч С.Пүрэвдорж;

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа; нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах” тухай прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтээр Т.О, Б.О нарт холбогдох эрүүгийн 201725031051, 201725011364 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Т-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эцэг, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Алтан-Өлгийн ..-... тоотод оршин суух,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, /РД:.................../,

 

2. Б овгийн Б-ын О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Монелийн ..-... тоотод оршин суудаг, /РД:...................../,

 

Шүүгдэгч Б.О, Т.О нар бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Улсын Их Дэлгүүр”-ийн орчимд Б.Э-ийн цүнхнээс 420,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei lite P9” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.О, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.О, Б.О нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийг 1 жил, шүүгдэгч Б.О-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О, Б.О нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Т.О, Б.О нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Багшбаяр бичсэн дүгнэлтдээ: “... Б.О нь Т.О-тэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.А-ийн цүнхнээс “Samsung Galaxy S5” загварын гар утас, 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан нь тогтоогдсон тул прокурорын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 201725011364 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Т.О, Б.О нарт холбогдох эрүүгийн 201725031051 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өмнөх хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад сүүлд үйлдсэн хэрэг нь шийдвэрлэгдсэн байх тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 201725011364 дугаартай хэргийг нэтгэн шийдвэрлүүлэх саналтай байна. Т.О-т холбогдох анхан шатны шүүхийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Яагаад гэвэл шүүгдэгч Т.О, Б.О нарт холбогдох 2 тусдаа хэрэг ирсэн байгаа тул 4 дүгээр дүгнэлтээр Б.О-д холбогдох хэргийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг, 5 дугаар дүгнэлтээр Т.О-т холбогдох 290 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор дүгнэлт бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нар шүүх хуралдаанд хэлэх зүйл байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.О, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хэлэлцэхдээ прокурорын дүгнэлтээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн 201725031051 дугаартай хэргээс үзэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Б.О, Т.О нарыг бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Э-ийн цүнхнээс “Huawei lite P9” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т 1 жил хорих ял, шүүгдэгч Б.О-д 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн 201725011364 дугаартай хэргээс үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Б.О-г бусадтай бүлэглэн 2016 оны 6 дугаар 17-ны өдөр иргэн Г.А-ийн цүнхнээс гар утас, бэлэн мөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, өмнөх 290 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 сар хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 489 дүгээр магадлалаар “... 290 тоот тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн учраас хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх... хоёр тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсний дараа хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3 дахь хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр 386 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж прокурорт буцаажээ.

 

Дээрх хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох 201725031051 дугаартай эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

 

                                          ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                                          ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН