Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0554

 

Иргэн С.Алтантөгсийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбаяр нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн С.Алтантөгсийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Алтантөгсийн мэргэжил шаардахгүй ажил албан тушаалд томилохыг Хонгор сумын Засаг даргын тамгын газарт даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Алтантөгс давж заалдах гомдолдоо: “Миний бие нь төрийн албанд ажилласан хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу ажлын байргүй болохын зэрэгцээ Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас намайг мэргэжлийн бус ажлын орон тоо нь дээр ажиллуулахаар түр томилсонд гомдож хохирсон байгаа юм. Одоогийн түр гэсэн ажил дээр нь мэргэжлийн хүн бэлэн байгаа гэтэл намайг дахин сонгон шалгаруулалт зарласан гэдгээр дахин халахад бэлэн байгаа юм. Би өөрийн буруугаас бол оогүй албан тушаалтны буруугаас, ажил төрөлгүй бүхэл бүтэн амьдарлаар хохирмооргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгч нь Хонгор сумын Засаг даргын тамгын газарт мэргэжил шаардахгүй ажлын байрны талаар холбогдох баримт материалуудыг бүрэн гаргаж аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн талаар хариуцагч Хонгор сумын Засаг даргын Тамгын Газарт бүрэн гүйцэд танилцуулаагүй, тэднээс тайлбар гаргуулж бидэнд танилцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ж.Туулын нэхэмжлэлтэй А.Байгалмаад холбогдох шүүх хурал, мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралтай гэсээр байтал түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяагаас нэхэмжлэгч нь татгалзаагүй, итгэмжлэл нь хуулийн хүрээнд байсан, өмнөх шүүх хурал дээр Т.Мөнхтуяаг хуралтай байдлаа хэлсээр байтал шүүх хурлыг давхардуулан товлосон нь нэхэмжлэгчийг шүүх хуралд оролцох эрхээр хангаагүй гэж үзэж байгаа юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 зүйлийн 20.1-д зааснаар хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хэзээ хэрхэн гаргасан эсэх талаар огт мэдээгүй, Г.Мөрөнг ажлаас халагдсан мэтээр тушаалд дурдсан, гэтэл Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 339 дүгээр Г.Мөрөнг ажлаас халагдсан гэж үзэхгүй, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон эсэхийг л дүгнэсэн мөн энэ тушаал нь хэнд зориулагдсан гарсан эрхийн акт бэ гэдгийг ойлгоход ч хэцүү гэдгийг хэлье.

Миний өндөр настан эх, үр хүүхэд гээд гэр бүл цаашид амьдралын эх үүсгэвэргүй болоод байгаа юм. Засаг даргын Тамгын газраас намайг мэргэжил шаардахгүй ажил орон тоогоор хангахад бүрэн боломжтой, энэ талаар анхан шатны шүүгч нь хэргийн оролцогчдоо асууж байгаагүй, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй гэснийг зөрчсөн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарыг шүүх хуралд оролцох байдлыг бүрэн хангаагүй байх тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүйгээс шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс анх “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/02, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажлын байраар хангахыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд тухайн шаардлагаа “мэргэжил шаардахгүй албан тушаалд ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” болгож өөрчилснийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зайлшгүй тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх тухайн асуудлыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Зүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан үндэслэлээр С.Алтантөгс нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэх, гаргасан бол хариуцагчийг ямар байдлаар эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, даалгах шаардлага нь үүнтэй хэрхэн холбогдож байгааг зайлшгүй тодруулах байжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбараас үзвэл тэрээр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар Багийн албаны бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулж гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулж шүүх нэхэмжлэгчийн дурдсан багийн зохион байгуулагч гэх албан тушаалд ажиллахад мэргэжлийн байдал шаардагдах эсэх, мөн шууд томилох эрх хэмжээ хариуцагчид байгаа эсэхийг тодруулах, үүний тулд тухайн албан тушаалын тодорхойлолт, бусад шаардлагатай баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай байжээ.

Энэ нь анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ/-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болно.

Дээрх алдааг залруулж, холбогдох баримтыг бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР