| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2018/0103/э |
| Дугаар | 202/ДШМ/66 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 202/ДШМ/66
Ц.Лт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Лт холбогдох, эрүүгийн 1819001810094 дугаартай, 1 хавтас, 112 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .... , урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц-ын Л /РД:ЕГ73020211/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Лт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
Шүүгдэгч Боржигон овогт Ц-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь 800000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Лувсаншаравыг гэрчээр мөрдөн шалтгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт материалд Лувсаншараваас 2018.02.06-ны өдөр гомдол мэдээлэл гаргасан, 2018.02.06-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан, 2018.02.10-ны өдөр дахин гэрчээр мэдүүлэг аваад эрүүгийн хэрэг нээхээс татгалзаж хаасан байдаг. Эдгээр мэдүүлгүүдээс харахад Лувсаншаравыг гомдол, мэдээлэл гаргасантай нь холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан байдаг ба уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй, нээгээгүй байсан. Лувсаншаравын өгсөн гомдол, мэдээлэлтэй нь холбогдуулан 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан ба энэ нь Захиргааны зөрчлийн тухай хуульд хамаарагдана гэж үзэж байна. Лувсаншараваас авсан анхны мэдүүлгээр хулгайд алдагдсан үхрүүдийн хохирогч нар хэн болох нь тодорхой болсон байхад хохирогч нараас мэдүүлэг аваагүй, гэрч Лувсаншаравын гаргаж өгч байгаа зурагт үндэслэн мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан нь ч эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа байдаг ба үүгээр Лувсаншаравын эрх зүйн байдлыг дордуулан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчээс нотлох баримт гаргуулан авах, гарган өгч байгаа баримтыг нотлох баримтаар тооцохоор хуулиар тодорхойлсон зохицуулалт байхгүй. ЭХХШТХуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар “хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заажээ. Гэвч Лувсаншаравын өгч байгаа зураг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, хуулийн шаардлагыг хангаагүй баримтанд /зураг/ үндэслэж мэдүүлэг авсан нь ЭХХШТХуулийг зөрчсөн, уг мэдүүлгийг хуулийн шаардлагад нийцүүлэн авсан гэх зүйл харагдахгүй байна. Лувсаншараваас авсан 2 удаагийн мэдүүлгүүд бүгд ижил албан бланк дээр авагдсан байдаг ба тухайн бланк дээр гэрчид эрх үүргийг нь тайлбарлан өгөв гэж бичигдсэн байгаа боловч уг эрх, үүргийг ойлгоогүй, дахин тайлбарлуулахыг сануулсан, Лувсаншараваас гэрчийн эрх, үүргээ ойлголоо гэх баталгаа гаргуулан авсан зүйл Лувсаншаравын мэдүүлэгт авагдаагүй /ЭХХШТХуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дахь хэсэг, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг авагдаагүй байна. Мөн Лувсаншаравын анхны мэдүүлгээр үхрийн эзэн буюу хохирогч нар тодорхой болсон, 2018.02.08-нд хохирогч нарт гэмт хэргийг үйлдсэн гэх эзэн холбогдогч нь хохирол төлбөрийн мөнгийг дансаар хийсэн байдаг. Гэвч Лувсаншараваас 2 үхэр хулгайд алдсан, 2 үхрээ олсон гэж мэдээллэсэн мэдээллийг нэгийг нь гомдол мэдээллээр хэрэгт тусгаж, нөгөөг нь гэрчийн мэдүүлэг болгон авч Лувсаншаравын эрх зүйн байдлыг дордуулж байна. Лувсаншарав нь эрүүгийн хэрэг нээгээгүй гомдол мэдээллийг шалгах явцад өгсөн гэрчийн мэдүүлгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь ч үндэслэлгүй байна. Лувсаншаравын өмнө нь өгсөн гомдол мэдээлэл өөрчлөгдөж дахин худал мэдээллийг өгч, төөрөгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл харагдаж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Харин Лувсаншарав нь эрүүгийн хэрэг нээсэн хэрэгт эзэн холбогдогчийг олж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн гэх зүйл хэрэгт авагдсан баримтад тусгагдсан зүйлгүй. Лувсаншаравын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн мал хулгайлсан хэргийг шийдвэрлэсний дараа тусгаарлан шийдвэрлэж байгаа ч хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход хүндрэлтэй, ойлгомжгүй байдаг. Хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхэд үхэр хулгайлсан Цэрэнбатын үйлдэл холбогдлыг шалгасан хэргийн материалын баримтууд ч шаардлагатай, ач холбогдолтой байна. Лувсаншаравт нөлөөлсөн Цэрэнбат, Цэрэнчимэд нараас нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирогч нарт хохирлын мөнгийг яагаад өгөх болсон, хулгайн хэргээ хүлээсэн нь хэзээ гэх мэт зүйлийг тодруулах шаардлагатай байна ....түүнийг эрүүгийн хэрэг үйлдсэн гэхээс илүүтэйгээр Захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Өөрөөр хэлбэл Лувсаншаравын мэдүүлэг нь гомдол, мэдээллийн шатандаа шалгагдаж байсан болохоос биш эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн зүйл бахйгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Мөн хэргийн нөхцөл байдалд анхнаасаа үнэлэлт дүгнэлт хийхээр нотлох баримт байдаггүй. Цэрэнбатын үйлдэл холбогдлыг шалгасан хэргийн материалууд байгаа ч гэсэн Цэрэнбатын яг ямар үйлдэл холбогдол нь энэ хэрэгт шаардлагатай, ач холбогдолтой юм бэ гэдэг нь хэргээс харагддаггүй. Үхрийг хулгай хийсэн Цэрэнбат, түүний ах нар Лувсаншаравт нөлөөлсөн зүйл байдаг. Гэтэл эд нараас хамаарсан мэдүүлэг байдаггүй. Хэрэг тусгаарлагдаад шийдвэрлэгдсэн болохоор Лувсаншаравт холбогдох хэргийн материал аравхан хуудаснаас бүрдсэн байдаг. Эд нарын нөхцөл байдал шалтгааныг тодорхой болгох үүднээс хэргийг хамтад нь шийдвэрлэсэн байх юм бол миний үйлчлүүлэгчийн үйлдэл илүү тодорхой гараад ирэх байсан юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж гомдлоо бичсэн байгаа. Тиймээс хэргийг дахин үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Лувсаншаравт холбогдох хэрэг зөрчлийн хэрэг гэж өмгөөлөгч үзэж байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн зүйл заалт байгаа. Үүн дээр худал мэдүүлэг гэж байхгүй. Өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй эсхүл санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, төөрөгдүүлсэн гэсэн заалт байгаа. Өмгөөлөгчийн яриад байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийн эрх, үүрэг чинь зөрчилд холбогдолтой асуудал дээр болохоос биш эрүүгийн хэрэг дээр яригдах асуудал биш. Лувсаншаравын олон тооны үхрээ алдсан гэдэг асуудал нь өөрөө гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд ороод, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү, үгүй юу гээд шалгагдаад явж байхад Лувсаншарав худал мэдүүлэг өгсөнөөс болоод энэ хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Эцэст нь оролцогчдын хүсэлтээр дахин сэргээгдээд, хулгай хийсэн этгээдүүд нь шийтгэлээ хүлээсэн. Хэрвээ худал мэдүүлэг өгөөгүй байсан бол энэ хэрэг шийдэгдэх байсан. Өмгөөлөгч баталгаа аваагүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу оролцогчдын эрх үүрэгтэй танилцуулаад, эрх үүргээс асууж тодруулах зүйл байна уу гэж асуугаад, байхгүй гэсний эцэст дахин мэдүүлэг авсан. Лувсаншарав нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Үүн дээр Цэрэнбат гэдэг хүний талаар яригддаг. Гэтэл Цэрэнбатад холбогдох хэрэг нь шийдэгдээд дуусчихсан байхад энэ хэргийн талаар ярьж байдаг. Хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээ хязгаарын дотор шүүх хуралдаан явах ёстой. Шүүх хуралдаан болгон дээр энэ асуудлыг яриад байгаа нь зохимжгүй. Тийм учраас шүүгдэгч болон түүний гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Лыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдолд үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Л нь Баярсайхан, Чимэдцэеэ нарын 2 тооны үхэр алдагдсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ талаар гэрчээр мэдүүлэг өгсний дараа 2 үхрийг олсон гэж өөр хоёр үхрийн гэрэл зургийг хэсгийн төлөөлөгчид авчирч өгч зориуд худал мэдүүлэг өгсний үндсэн дээр уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан болох нь гэрч Ч.Тамир, М.Ууганбаяр, Д.Цэрэнчимэд, Ч.Баярсайхан нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/16 тоот тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна гэж үзлээ.
Шүүгдэгчийг прокуророос нотлох баримтыг хуурамчаар үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, худал мэдүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж зүйлчлэлд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ц.Лын худал мэдүүлэг өгөх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан “шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байх тухайн зөрчлийн нөхцөл шаардлагад нийцэхгүй ба худал мэдүүлэг өгөх үйлдлийг уг зөрчилтэй адилтгаж үзэж болохгүй, тусдаа өөр өөр үйлдлүүд гэж үзнэ.
Хэргээс үзвэл шүүгдэгч Ц.Лын үхэрт Баярсайхан, Чимэдцэеэ нарын үхрүүд байдаг, түүнийг Лувсаншарав малладаг ба тэдний үхэр нядлагдсан байж болзошгүй нөхцлийг өөрийн нүдээр харж, Цэрэнбат гэж хүнийг сэжиглэж байгаа талаар цагдаагийн байгууллагад Ц.Л мэдэгдэж, үзэж харсан, мэдсэн зүйлүүдийнхээ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 4/ зэргээр тогтоогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д зааснаар уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Л нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гол гэрч байсан, түүнд мөн зүйлийн 4-д зааснаар “худал мэдүүлэг” өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тайлбарлан өгсөн, гэрчээс үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсгээ зурж, мэдүүлгээ өгсөн нь баримтаар тогтоогдож байна.
Гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зурж баталгаажуулснаа Ц.Л яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, түүний мэдүүлэг нь хэсгийн төлөөлөгч М.Ууганбаяр, гэрч Ч.Тамир, Д.Цэрэнчимэд нарын мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогдож байна.
Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс шүүгдэгчид холбогдох хэрэг нь Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шинжтэй үйлдэл тул хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС