Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “МЛ” ХХК

Хариуцагч: НБЗДМХГ УАБ М.Г

Гомдлын шаардлага: “НБЗДМХГ УАБ М.Г-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Г, хариуцагч М.Г, гуравдагч этгээд Б.Б, Э.Э, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, прокурор Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо: "... Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт “...ажил олгогч:....ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан бол...хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэжээ.

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Солонгос улсын Сөүл хот дахь /СОЕХ НАLL B/ танхимд болох үзэсгэлэн худалдаанд оролцохоор нягтлан бодогч Ж.Мнь “МЛ” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүнийг авч явсан боловч Солонгосын Засгийн газраас үзэсгэлэн худалдааг явуулахыг хориглосон шийдвэр гаргаж тодорхойгүй хугацаагаар хойшлуулсны улмаас нэр бүхий 9 хүний цалинг хугацаанд нь олгоогүй болох нь “МЛ” ХХК-ийн захирал Д.Д-ын мэдүүлэгт “....гомдолд дурьдсан 9 хүний 11 дүгээр сарын цалингийн урьдчилгааг олгосон. 2019 оны 11 дүгээр сарын цалингийн үдэгдэл, 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин олгоогүй байгаа нь үнэн. Харин цалин олгоогүй шалтгаан нь бидний хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдал үүссэн. Хийсэн бараа бүтээгдэхүүнээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод зохиогдсон гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцохоор явуулсан, үзэсгэлэнгийн танхимд бараа бүтээгдэхүүн байрлуулсны дараа Зохион байгуулагч Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас хориглосон шийдвэр гаргасан, улмаар тодорхойгүй хугацаагаар үзэсгэлэн худалдааг зогсоогоод хаасан. Үзэсгэлэнгийн зааланд манай 15.840.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тэр чигээрээ үлдэж битүүмжлэгдсэн. Нягтлан бодогч Ж.М Солонгос улсад байгаа. Үзэсгэлэн нээгдэж борлуулалт хийгдэж орлого орж ирвэл дээрх ажилчдын цалин хөлсийг нөхөж олгоно...” гэсэн мэдүүлэг,

“МЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Т/01 тушаалын 2 дугаар хавсралт,

“МЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/028 дугаартай тушаал,

“МЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/028 дугаартай тушаалын 1, 2 дугаар хавсралт,

“МЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Т/02 дугаартай тушаал,

“МЛ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд “МЛ” ХХК-ийн захирлын Д.Дийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал бий болж нэр бүхий 9 хүний цалин хөлсийг олгоогүй нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан гэж үзэх үндэслэлгүй.

          Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэг заасан зөрчлийн

 шинжгүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч М.Гын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна...”гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулсан. Энэ зүйл заалт нь Хөдөлмөрийн тухай хуулиас иш татсан зохицуулалт байна. Гэхдээ гипотез хэм хэмжээ нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэж тогтоож өгсөн. Гэтэл шалгалтын бүх материал, акт, шийтгэврийн хуудсаар дээрх нөхцөл байдлыг нотолсон баримт байхгүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт болох “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг хангахгүй байна. Цалин хөлс аваагүй нийт 9 хүн байхад прокурор 7 хүнийхийг шалгасан байна. Миний зүгээс хууль хэрэглээний хувьд маргаж байгаа. Хуулийн зүйл заалтыг үндэслэж шийтгэл ногдуулж байгаа бол үүнийгээ нотолсон байх ёстой...” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын шаардлагаа дэмжиж байна. Зөрчлийг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч шалгах үүрэгтэй. Цалин олгогдоогүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж Иргэний хэргийн шүүхэд хандах байтал тус иргэд Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Тус гомдол дээр нэг ч хүний гарын үсэг байдаггүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “гомдол гаргагч нь амаар буюу бичгээр гомдол гаргана, бичгээр гомдол гаргасан бол гарын үсэг зурсан байна” гэж заасан.  Хэрэв гомдлыг амаар гаргасан бол тэмдэглэл үйлдэх ёстой. Гэтэл нэр бүхий 9 хүний гарын үсэггүй гомдлыг хэн бичсэн нь ойлгомжгүй байна. Энэ гомдлыг бидэнд танилцуулсан. Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд байгаа гомдолд 9 хүний нэр бичигдсэн боловч 7 хүний гомдол байдаг. Мэргэжлийн хяналтын газраас ямар ашиг сонирхлын үндсэн дээр хүмүүсийг татаж шалгаад байгааг ойлгохгүй байна. 9 хүнээс тайлбар аваагүй, 7 хүнээс хохирогчийн мэдүүлэг авсан. Энэ нь зөрчлийн хэрэг үүсгэх баримт эсэхийг анхаарах нь зүйтэй.

Шийтгэлийн №00643 хуудсыг 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ба прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол гаргах харьяаллыг зөрчиж шийтгэлийн хуудсыг бичсэн. Шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт  “5,000,000 төгрөгийн торгууль ногдуулна” 2 дахь хэсэгт “оногдуулах шийтгэл 5,000,000 төгрөг” гэж заасан. Үүнд хохирол байхгүй, нөхөн төлбөр байхгүйгээр төрийн санд шийтгэл ногдуулсан. Энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн зөрчлийн хуудсыг прокурор хянасан. Зөрчлийн хэрэг нээсэн бол 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч бидний зүгээс гомдол гаргаагүй. Нөхөн төлбөрийн акт нь баримтад тулгуурлаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Зөрчлийн хэргийг шалгаад шийтгэл оногдуулах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулна”  гэж заасан байна.  Үүнийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх ёстой байтал 2 өөр нөхөн төлбөрийн акт гаргасан. Нэр бүхий 9 хүн гомдол дээр байхгүй, гарын үсэг зураагүй. Хохирлыг хэрхэн яаж тооцож байгааг ойлгохгүй байна. Нөхөн төлбөрийн актыг дээд шатны байгууллагад хандаж гаргасны дараагаар Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Манай зүгээс шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нөхөн төлбөрийн акт тавигдах ёсгүй гэж үзэж байна.

Хүндэтгэн үзэх шалтгааны тухайд ажилчдад тухайн үед цалин хөлс олгох боломжгүй нөхцөл байдал тохиолдсон байна. Үүнийг байцаагч шалган тогтоох ёстой. Үүнийг шалган тогтоосон баримт байхгүй байхад шийтгэл оногдуулах нь хууль бус байна...” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю.Т нарын 9 иргэний гаргасан цалин хөлс, олгоогүй гэх гомдлыг 2020 оны 02 дугаар 13-ны өдөр иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах Edoc программаар хүлээн авсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргасан нэр бүхий 9 иргэн тус бүрээс авсан тайлбар, мэдүүлэг, “МЛ” ХХК-ийн захирал Д.Д, өмгөөлөгч Ж.Г нарыг байлцуулан авсан мэдүүлэг, компаний хөдөлмөрийн харилцаатай холбоотой бичиг баримтад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар Худалдааны зөвлөх Х.Нургулийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 307,200 төгрөг, 12 дугаар сарын цалин 338,600 төгрөг нийт 645,800 төгрөг,

Загвар зохион бүтээгч Б.Н-ийн2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 506,836 төгрөг, 12 дугаар сарын цалин 563,068 төгрөг нийт 1,069,904 төгрөг,

Оёдолчин Э.Эы 2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 498,229 төгрөг, 12 дугаар сарын цалин 214,455 төгрөг нийт 712,684 төгрөг,

Оёдолчин Э.Х-ийн2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 616,829 төгрөг, 12 дугаар сарын цалин 454,455 төгрөг нийт 1073,284 төгрөг,

Оёдолчин Ю.Тын 2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 516,171 төгрөг, 12 дугаар сарын цалин 214,455 төгрөг нийт 730,626 төгрөг,

Оёдолчин Б.Х-ийн2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 197,571 төгрөг, 12 дугаар сарын цалин 541,345 төгрөг нийт 738,916 төгрөг,

Туслах ажилтан О.С-ын 2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 273,429 төгрөг, 12 дугаар сарын цалин 309,636 төгрөг нийт 583,065 төгрөг,

Туслах ажилтан И.М-ийн2019 оны 11 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 218,250 төгрөг, 12 дугаар сарын цалин 324,118 төгрөг, нийт 542,368 төгрөгийг тус тус олгоогүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дахь заалт /ажилтны цалин хөлсийг хийснээр цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно/, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт /Ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгон/, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй/ заалтуудыг тус тус зөрчсөн тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 2006000638 дугаартай зөрчлийн хэрэг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нээж харьяа дүүргийн прокурорын газрын прокурорт танилцуулсан. Холбогдогч “МЛ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан боловч гомдол гаргаагүй болно.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-271/03 дугаартай Цалин хөлс олгуулах тухай улсын" байцаагчийн нөхөн төлбөрийн акт тавьсан.  2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудастай торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн 2006000638 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэгт хяналт тавих Хяналтын прокурорт Д.Гт хянуулсан.

Иймд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтыг үндэслэж торгосон шийтгэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч 7 хүнээс хохирогчоор мэдүүлэг авсан байна гэж байна. Тухайн үед хоёр хүн “хөдөө орон нутагт явж байна, тайлбар өгөх боломжгүй, цалин хөлс аваагүй” гэсэн тайлбарыг хэлсэн. Тэдний нэг болох Б.Б нь одоо гуравдагчаар этгээдээр оролцож байна. Шийтгэлийн хуудсыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын хамтарсан тушаалын дагуу баталж Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж байна. Цалин хөлс олгоогүй асуудал дээр улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар нөхөн төлбөрийн актыг оногдуулсан. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн ажилласан хугацааны тодорхой хэмжээний цалинг олгоогүй байгаа асуудал нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийн акт оногдуулсан. Шийтгэлийн хуудсанд нөхөн төлбөрийн актын талаар бичдэггүй. Гомдол гаргагч компанид 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан бол 5,000,000 төгрөг гэж бичдэг.  

Гомдол гаргагч компанид нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан бол нөхөн төлбөр ногдуулна. Зөрчлийн хэрэгт гаргасан гомдолд нэр бүхий хүмүүс гарын үсгээ зурсан. Энэ гомдол над дээр цохогдож орж ирсэн. Гомдол нийт 3 хуудас байсан ба гомдолд 8 хүн гарын үсэг зурсан байсан. Өргөдөл дээр “нэр бүхий 9 хүн цалин хөлс аваагүй” гэж бичсэн байсан. Түүнээс ямар ч гарын үсэггүй өргөдөл гомдлыг хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэрлэх юм бол би өөрөө дараа нь хариуцлага хүлээнэ. Харин хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол гомдол гаргагч компанийн захирал өөрөө үүнийгээ нотлох ёстой. Анх өргөдөл ирэхэд өргөдлийн дагуу эрх бүхий байцаагч буюу улсын байцаагч 5 хоногийн дотор шалган шийдвэрлэх ёстой. Өргөдөл ирсэн даруйд “МЛ” ХХК-ийн  захирлыг дуудаж уулзаж өргөдлийн агуулгыг тайлбарлаж өгсөн. Тэр үед  “МЛ” ХХК-ийн  захирал “бараагаа худалдан борлуулж чадахгүй байна. 5 хоногийн дотор ажилчдынхаа цалинг олъё” гэж хэлсэн. Харин дараа дахин ирж уулзахдаа өмгөөлөгчийн хамт ирсэн ба нэр бүхий 9 иргэнийг ажлаас халах тушаал барьж орж ирсэн.

Зөрчлийн хэрэгт нэр бүхий хүмүүсээс хохирогчийн мэдүүлэг авсан. Ажил, албан тушаалаас чөлөөлөх тохиолдолд энэ тухай ажил олгогч ажилтандаа 30 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Гэтэл гомдол гаргагч нар ажлаас халагдсан тухайгаа мэдээгүй байсан. “МЛ” ХХК-ийн  хүний нөөцийн ажилтан нь мөн энэ талаар мэдээгүй байсан. “МЛ” ХХК-иас коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор борлуулалт зогсож цалингаа тавьж чадаагүй байна гэж тайлбарлаж байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ковид 19” вирусийн талаар албан ёсоор зарлаад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн бүх улс орон даяар улсын хилээ хаасан үйл явдал болсон. Энэ хэргийн тухайд хохирогч нарын цалин болох 2019 оны 11, 12 дугаар сарын цалингийн асуудал яригдаж байна. Компани өөрийн бүтээгдэхүүнээ гадагшаа  зарж борлуулах нь тухайн компанийн эрх. Гэхдээ энэ компани эрсдлээ үүрэх ёстой. Хүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа бол тогтоосон хугацаанд тогтсон цалинг нь өгч байх үүрэгтэй...” гэжээ.

Прокурор Д.Г шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч М.Г 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 0066423 дугаартай шийтгэлийн хуудсаар “МЛ”  ХХК-ийг нэр бүхий 9 хүний цалин хөлсийг олгоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. “МЛ” ХХК компанийхаа 9 ажилтны 2019 оны 11 дүгээр сарын цалин хөлсийг тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна. Зөрчлийн хэрэгт нэр бүхий иргэдээс гаргасан гомдол авагдсан. Үүнээс гарын үсэг зурсан эсэхийг харах боломжтой. Шийтгэлийн хуудсанд прокурорт гомдол гаргах боломжтой гэж бичсэн гэж байна. Шийтгэлийн хуудасны бичилтийн алдааг засах боломжтой. Хуульд зааснаар гомдлыг шүүхэд гаргах ёстой. Зөрчлийн хэрэгт хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлгүүд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу авагдсан нь нотлох баримт болж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн Аудитын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг хэлмээр байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу үндэслэлтэй явагдсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 дэх заалтад заасан нөхцөл байдлуудыг ойлгоно. Гэтэл “МЛ” ХХК-д хүндэтгэн үзэх эдгээр шалтгаан байхгүй гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэв.

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч М.Гт “МЛ” ХХК-ийн хэсэг ажилчдаас 2019 оны 11, 12 дугаар сарын цалин хөлс гаргуулж авах мөн тухайн саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй зөрчлийг арилгуулах тухай хүсэлт гаргасан.

“МЛ” ХХК-ийн  шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ дурдсан “цалин олгоогүй шалтгаан нь бидний хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдал үүссэнээс болсон” гэх үндэслэлтэй санал нийлэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан ёсоор тухайн сарын 26-ны өдөр өгөх ёстой байсан. “МЛ” ХХК-ийн захирал Д.Д нь дансанд мөнгө орж ирэхгүй хүлээж байгаа талаар хэлж байсан. Хувийн дансаар компаний хөрөнгийг зарцуулснаар асуудал үүсээд байгаа мэтээр тайлбарлан хойшлуулж байсан. Бид дахинх шаардахад компаний дансыг ажилчдын цалингийн данстай холбож байгаа. Банк руу цалин илгээсэн боловч банк шивэхгүй байна гэсэн. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл энэ мэт аргацаасаар ажлаа түр зогсоолоо, материалаа аваад дуудна гэж Х.Нургулээр дамжуулж мэдэгдсэнээр ажил тарсан.  

Энэ үеэс хойш Д.Д болон Цэцэгмаа, Х.Н нар бусад ажилчид руу залгаж дуудах, цуглуулах, цалин хөлс  олгох зэрэг ямар ч мэдээ мэдээлэл өгөөгүй өдийг хүрсэн. Харин ажилчид өөрсдөө дээрх хүмүүс рүү байнга залгаж асууж байсан ба удахгүй ажил эхэлнэ цалин тавина гэсэн мэдээлэл өгсөөр ирсэн.

Мөн компаний зүгээс бичгээр ямар ч мэдээлэл өгөөгүй. Багануур дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн объектыг зарж цаашид үйл ажиллагаагаа явуулна, цалингаа олгоно, банк зээлээ зогсоосон гэх шалтгаан хэлсээр 2020 оны 01 дүгээр сарын 20 хүргэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой санаандгүйгээр буюу Д.Дыг цехэд хүлээж байгаад гэнэдүүлэн уулзаж харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн бэлэн бүтээгдэхүүн болон арьс, материал гаргуулан авч Б.Очирсүх, Ш.Туул нарын цалинг бартераар дуусгавар болгуулсан.

Энэ уулзалтын үеэр “...хийсэн бүтээгдэхүүнээ зарж эргэлтэд оруулан цалин хөлсөө олгож болохгүй юм уу...” гэж асуухад эрс эсэргүүцэж зарахгүй, бараа зарагдахгүй байна. Хөрөнгө оруулалтын өмч учир би дангаар шийдвэр гаргах эрхгүй гэж тайлбарласан. Бусад 9 ажилчны цалинг объект зарагдахаар дансанд хийнэ гэж хэлээд бодоход бэлэн болсон цалингийн цэс танилцуулж 1 хувийг бидэнд өгсөн. Түүнийг нь мэргэжлийн хяналтад гаргасан өргөдөлдөө хавсаргаж өгсөн. Мөн хувьцаа эзэмшигч Я.Сүрэнтэй Д.Д өөрийн утсаар холбогдон биднийг яриулахад “...Д.Д цалингийн асуудлыг шийднэ. Бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж өгч хохирол барагдуулах боломжгүй...” гэсэн хариу өгсөн. Энэ уулзалтаар буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д.Д “...цаашид ажиллах сонирхол байгаа боловч та нарыг харахыг хүсэхгүй байна. Цалинг чинь зохих ёсоор олгоно. Нийгмийн даатгалын асуудлыг цэгцэлж өгнө...” гэж амаар мэдэгдсэн. Түүнээс албан ёсоор ажлаас халсан тушаалын талаар огт мэдэгдээгүй.

Энэ хугацаанд дуудаж ажил эхлэхийг хүлээж байсан хүмүүс өөр өөр ажилд орсон. Нийгмийн даатгалд тасралт үүссэн. Одоо болтол шийдвэрлээгүй байна. Цалин олгогдохгүй шалтгаанаар зарим нэг хүний ар гэр гомдол гаргаж байсан боловч энэ шалтгаанаар ажил орхиж явсан хүн байхгүй.

Мэргэжлийн хяналтын газар хандсан шалтгаан нь компанийн захирал “Та нар цалингаа гаргуулж авахыг хүсвэл эхлээд Мэргэжлийн хяналтын газарт ханд. Мэргэжлийн хяналтын газар зөрчилтэй гэж тогтоох юм бол зөрчлийн хуудсанд маргаан үүсгэ, энэ нь 8 сарын процесс байдаг” гэж хэлсэн. Энэ хэрэгт Б.Хт өөрийн биеэр оролцоогүй ч гэсэн утсаар холбоотой байсан.  8 хүн гарын үсгээ зурж тайлбар гаргаж бичгээр өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын сүүлийн цалинг өгөхөөс эхлээд Д.Д өөрийнхөө хувийн дансанд компанийн мөнгийг байршуулсан учраас асуудал үүсээд байна. Иймд компанийн дансыг хүмүүсийн данстай холбосноор асуудал үүсэхгүйгээр цалин орно” гэж тайлбарлаж байсан болохоос бараа борлуулалтын улмаас цалин орохгүй байгаа гэж хэлээгүй. Мөн ажилчдын буруугаас бараа бүтээгдэхүүн зарагдахгүй байсан зүйл байхгүй...” гэв.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...цалингаа удахгүй тавина гэж 3-7 хоногоор удаа дараа хойшлуулсаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад түр зогсолт хийсэн. Энэ хугацаандаа цалингаа нэхэхэд мөн худал хэлж цаг хугацаа алдуулж байсан. Багануур дүүрэг дэх архи, ус, ундааны бөөний төвөө зараад цалингаа тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж хэлээд 2-3 сар болсон. Биднийг удахгүй дуудаж ажиллуулна гэж байсан болохоор маш их хүлээсэн. Энэ хугацаандаа ажлаас халсан тухай бичгээр болон хүнээр дамжуулж огт хэлээгүй. Бид ажлаа хаяж яваагүй...”гэжээ.

Гуравдагч этгээд Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2019 оны 11 дүгээр сард цалингаа түр хүлээж бай компаний дансанд мөнгө байршуулсан цалингийн данстай холбож байгаа. Банк руу цалин илгээсэн боловч банк шийдэхгүй байна удахгүй цалин өгнө, 2019 оны 12 сарын цалинтай хамт өгнө гэж  худал хэлж биднийг хуурсаар 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түр  зогсолт хийж байна удахгүй бүгдийг нь дуудна гэсэн. Үүнээс хойш утсаар ярьж асуухаар Багануур дүүрэг дэх өөрийн эзэмшлийн архи, ундаа, усны бөөний цэгээ зарж борлуулаад та нарын цалинг олгоод үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэж аргацаасаар байсан.  2019 оны 12 дугаар сард ажилчид уулзъя гэж гуйж байж уулзахад “...он гаргаад банкнаас мөнгө орж ирнэ тэгээд цалингаа өгөөд үйл ажиллагаагаа явуулна гэж амлалт өгөөд биднийг дуудах хүртэл хүлээгээрэй...” гэсэн. Бид аргаа барсандаа мэргэжлийн хяналтын газар өгсөн. Одоог хүртэл биднийг ажлаас халсан гэж хэлээгүй. Ажлаас халсан тушаал ч танилцуулаагүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “МЛ” ХХК-иас Баянзүрх дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г т холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн  хуудсыг хүчингүй  болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Гомдол гаргагч  “МЛ” ХХК-ийн ажилтан болох Ю.Т

нарын 9 хүн “...цалин хөлс гаргуулах, зөрчил  арилгуулж зохих арга хэмжээ авч өгнө үү...” гэх өргөдлийг Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасныг[1] бүртгэл хяналтын карт үүсгэн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Гт хувиарлажээ[2].

Хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г нь “иргэн Ю.Т нарын иргэдийн 2019 оны 11, 12 дугаар саруудад ажилласан хугацааны цалин хөлсөө аваагүй гэх өргөдөл гомдолд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2006000688 дугаар бүхий Зөрчлийн хэрэг нээсэн[3].

Зөрчлийн хэрэг материалд авагдсан баримтад иргэн О.С-той2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Г/10, Э.Х-тай2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Г/08, Б.Н-тэй2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Г/05, Э.Этай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Г/09, Ю.Т тай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г/06 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ авагджээ.

Зөрчлийн хэрэгт нэр дурьдагдсан Х.Н, И.М, Б.Х, Б.Б нарыг “МЛ” ХХК-д ажиллаж байсан талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргадаггүй болно.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар: “нэр бүхий ажилчдын цалин хөлсийг олгоогүй” гэх үндэслэлээр нийт 5,000,000 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулжээ.

Товчхондоо 2019 оны 11 сард ажилд шинээр орж ажилласан нэр бүхий ажилтнуудын 1 /нэг/ сарын хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, саатуулсан гэж буруутгажээ.

Уг захиргааны актыг  “МЛ” ХХК-ийн захирал Д.Д-аас”... манай нягтлан Ж.М Солонгос улс руу үзэсгэлэнд оролцохоор бараатайгаа  явсан боловч үзэсгэлэн нь цуцлагдаж, өөрөө ч ирээгүй. Буруутгаж байгаа зөрчлийн заалтын гипотез хэм хэмжээ нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэж тогтоож өгсөн. Гэтэл шалгалтын бүх материал, акт, шийтгэврийн хуудсаар дээрх нөхцөл байдлыг нотолсон баримт байхгүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт болох “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг хангахгүй байна. Цалин хөлс аваагүй нийт 9 хүн байхад прокурор шалгасан нь 7 хүн байна. Хуулийн зүйл заалтыг үндэслэж шийтгэл ногдуулж байгаа бол үүнийгээ нотолсон байх ёстой...” гэж,  түүний өмгөөлөгч Ж.Г нараас “...нэр бүхий 9 хүний гарын үсэггүй гомдлыг хэн бичсэн нь ойлгомжгүй. Шийтгэлийн хуудас дээр прокурорт гомдол гаргах эрхтэй гэж бичсэн. Хохирлыг хэрхэн яаж тооцож байгааг ойлгохгүй байна...” гэж шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргасан болно.

Хоёр: Актын хууль зүйн үндэслэлийн талаар:

Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/”...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...; үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж, 46 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан; бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; 3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг; 3.1.3.“хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог; ойлгоно гэж тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай холбон авч үзвэл нэхэмжлэгч “МЛ” ХХК-иас нэр бүхий иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан тэдгээрийн хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг сард 2 удаа, эхний цалинг тухайн сарын 05-ны өдөр, сарын сүүл цалинг тухайн сарын 25-нд олгохоор тохиролцсон.

Гуравдагч этгээд Ю.Т нарын иргэдийн хувьд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон тэдгээрийн тайлбар мэдүүлгээр нотлогдож байх тул тэдэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ”Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1 “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” заасныг баримтлан цалин хөлсийг олгох нь зохистой.

Харин ажил олгогч “МЛ” ХХК-ийн хувьд Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох” үүргээ хэрэгжүүлэн биелүүлэх нь зүй ёсны хэрэг мөн.

  Учир нь хавтас хэрэгт авагдсан баримтад “МЛ” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Цд БНСУ-ын элчин сайдын яамнаас 2019 оны 12 дугаар

сарын 17- нд (С-3-1) ангилалын виз олгосон .

Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Солонгос руу явсан. 2019 оны 12 дугаар сарын 19-22-нд болох байсан үзэсгэлэн болоогүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “МЛ” ХХК-ийн захирал Д.Д мэдүүлсэн.

Гэвч гомдолд дурьдагдсан зөрчил үйлдэгдсэн огноо нь дээрх хугацаанаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн болон 12 дугаар сарын 05-ны өдрийн цалин олгогдоогүй асуудал байх бөгөөд нийтэд илэрхий үйл баримтад Монгол Улс нь шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчний улмаас[4] 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Монгол Улс болон БНСУ-н хооронд агаарын тээврээр иргэд хэвийн зөрчиж байсан тул түүний “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хүндэтгэх үзэх шалтгаан[5] гэж үзэх түүнтэй адилтгах нөхцөл байдалд хамаарагдахгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээдүүдийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...11 дүгээр сарын сүүлийн цалинг өгөхөөс эхлээд өөрийнхөө хувийн дансанд компанийн мөнгийг байршуулсан учраас асуудал үүсээд байна, иймд компанийн дансыг хүмүүсийн данстай холбосноор асуудал үүсэхгүйгээр цалин орно”, Багануур дүүрэг дэх архи ундааны цэгээ зараад өгнө...”[6] гэж тайлбар тавьж байсан болохоос биш бараа борлуулалтын улмаас цалин орохгүй байгаа гэж хэлээгүй. Мөн ажилчдын буруугаас бараа бүтээгдэхүүн зарагдахгүй байсан юм байхгүй...”[7] гэх мэдүүлэг, хариуцагч М.Гын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн ”... хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол нэхэмжлэгч компанийн захирал өөрөө үүнийгээ нотлох ёстой. Өргөдөл ирсэн даруйд нэхэмжлэгч компанийн захирлыг дуудаж уулзаж өргөдлийн агуулгыг тайлбарлаж өгсөн. Дахин ирж уулзахдаа өмгөөлөгчийн хамт ирсэн ба нэр бүхий 9 иргэнийг ажлаас халах тушаал барьж орж ирсэн. Хуулиараа ажил албан тушаалаас чөлөөлөх тохиолдолд энэ тухай ажил олгогч ажилтандаа 30 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой байтал гомдол гаргагч нар мэдээгүй байсан...”[8] мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар  хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан байсан” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн Ю.Т нарын иргэдээс Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хандахдаа өргөдөлдөө “гарын үсэг зураагүй”, хохирлыг тооцоо тодорхойгүй, шийтгэл хуудас дээр прокурорт гомдол гаргахаар бичсэн” зэрэг үндэслэлүүд нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний ноцтой алдаа биш.

Учир нь өргөдөл гарын үсэг зурсан эсэхээс үл хамаарч бүртгэлийн системд бүртгэдэг, шийтгэл ногдуулсан Зөрчлийн хуульд заасан зохицуулалт нь хохирлын тооцооноос үл хамаарах, Ю.Т нарын иргэдийн өргөдөл дурьдсан хүсэл зориг нь  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүртэл хэвээр байсан болон прокурорт хандах эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс нь үл хамаарч “МЛ” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй зөрчлийн хэргийг Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан”...шударга шүүхээр шүүлгэх,...шүүх ажиллагаанд биеэр оролцох,...” эрхээр нь хангаж, тус шүүхээс зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуралдаанаар хэлэлцэж буй зэргийг дүгнэн үзвэл “МЛ” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гын тайлбараар хууль зүйн үндэслэлгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл гомдолд дурьдагдсан зөрчил үйлдэгдсэнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасны дагуу хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Гаас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж дүгнэлээ.

Иймд “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн  хуудсыг хүчингүй  болгуулах” шаардлага бүхий “МЛ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-т холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР

    

 

 

 

 


[1] 2006000638 дугаар Зөрчлийн хэргийн 5-7 хуудас

[2] 2006000638 дугаар Зөрчлийн хэргийн  4 хуудас

[3] 2006000638 дугаар Зөрчлийн хэргийн 1-2 хуудас

[4] https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/02/%D0%A3%D0%9E%D0%9A-%D1%8B%D0%BD-6-%D1%80-%D1%85%D1%83%D1%80%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D1%8D%D0%BC%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB-1.pdf

Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэл

[5] /С.Нарангэрэл, Монголын эрх үшйн эх толь бичиг, 2015 он, 575 дахь тал/

[6] Хавтас хэргийн 77-82 хуудас

[7] Шүүх хуралдаанаар

[8] Шүүх хуралдаанаар