Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0513

 

Б.Н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, О.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр:

“...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0464 дүгээр шийдвэр нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг захиргааны акт хэмээн үзэж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь иргэн Б.Н нэхэмжлэлд дурдагдаагүй, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг гуйвуулсан шийдвэр гарсан хэмээн үзэж байна.

1.Иргэн А.Н нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдолдоо Монгол улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа болох биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг олгож өгөх нэхэмжлэл гаргасан байхад /нэхэмжлэлдээ захиргааны акт гэж үзэж байна хүчингүй болгож өгнө үү гэсэн үг дурдаагүй болно/ Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичиг нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 1-7 хэсэгт заасан захиргааны актын нэр томъёог тодорхойлсон заалтуудтай нийцэхгүй бөгөөд иргэн Б.Н гаргасан барааг олгож өгөх хүсэлтийн дагуу тус газраас холбогдох эм эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны удирдах төв байгууллагад хандах зөвлөмж хүргүүлснийг захиргааны акт хэмээн үзэн иргэний нэхэмжлэлийг илтэд гуйвуулсан байна.

2.Иргэн Б.Н нь ”Миний бие, өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж Америкийн нэгдсэн улсад байрлалтай интернэт дэлгүүрээс ACCLER8, ELEV8, HYDR8, зэрэг бүтээгдэхүүнүүдийг захиалан худалдан авч улмаар шуудан илгээмжээр авахад Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас саатуулж эхэлсэн гэх тайлбарыг гаргахад шүүгч та шүүхийн өмнө үнэн ярихаа амлаж байна уу? Та эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн хувийн хэрэгцээндээ захиалж авсан уу? эсвэл ямар нэгэн сүлжээ бизнесийн зорилгоор зарж борлуулахаар захиалсан уу? гэх асуултанд зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд захиалсан хэмээн илт худал мэдүүлэн шүүх байгууллагыг төөрөгдүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан нь түүний ажиллуулдаг facebook хуудаснууд болох тэнцвэржүүлсэн хооллолт, B-Epic Mongolia /bepicnasanbat-E-commerce website/-т тавьсан зар болон сурталчилгаануудаар тогтоогдож байна.

3. Иргэн Б.Н илгээмжид /ACCLER8, ELEV8, HYDR8/ зэрэг ижил төрлийн гурван бараа байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0464 дугаар шийдвэр гаргахдаа Гаалийн тариф, татварын тухай хуулийн 38.1.15-д “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр ирсэн илгээмж” гэж заасныг үндэслэн хуульд нийцэж байна хэмээн шийдвэрээ илт хууль бусаар гаргасан хэмээн үзэж байна.

4.Иргэн Б.Н илгээмж нь Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагдах илгээмж болохыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн мэргэжлийн шинжээч гаргасан №000369 тоот дүгнэлтээр Барааг тодорхойлох, уялдуулах системийн 2106.90.19 кодод хамаарах биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн бөгөөд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь заалтын дагуу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох болохыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан байна.

5. Мөн шүүх хурал товлогдсон өдөр нэмэлт нотлох баримтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт импорт хариуцсан байцаагч нь иргэн Б.Н-ын илгээмжийг Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон мэдэгдлийг хүргүүлэхэд шүүгч нотлох баримтыг хүлээн авсан үгүй нь тодорхойгүй байгаа ба нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох зэргээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах болсонд Гаалийн байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор импортын бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хүчин төгөлдөр хуулийн тогтоомжийн хүрээнд нийцүүлэн ажиллах шаардлагатай байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Н-аас Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг маргаж буй албан бичгээр илгээмж хүлээн авагч иргэн Б.Н-ын онлайн захиалгаар захиалсан бүтээгдэхүүнүүд нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр БТКУС-ийн ангилал 2106.90.19 кодод хамаарах биологийн идэвхт бүтээгдэхүүн болохыг тогтоож, холбогдох журмын дагуу эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах талаар мэдэгдсэн агуулгатай байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиалсан бараагаа буцааж авах, уг захиалсан бүтээгдэхүүнүүд нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэмээн тайлбарлан, захиргааны байгууллагаас ирүүлсэн хариуг хүчингүй болгуулахаар маргасан байх бөгөөд энэ тохиолдолд уг албан бичгийг захиргааны акт мөн гэж үзэж захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 000369 тоот дүгнэлтээр  нэхэмжлэгч Б.Н-ын илгээмжээр захиалсан “Acceler8, Elev8, Hydr8” гэх бүтээгдэхүүнүүд нь 2106.90.19 кодод хамаарах биологийн идэвхт бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно”, 15 дугаар зүйлийн 15.9.3-д “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ба уг тусгай зөвшөөрлийн дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох бөгөөд харин тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.

Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу иргэн Б.Н нь биологийн идэвхт бүтгээдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрлөө гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна.

Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас  Б.Н-ын захиалсан “Acceler8, Elev8, Hydr8” гэх бүтээгдэхүүнүүдийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй нь “Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1-д ”гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд илгээмжийг илгээгчид буцаан” гэж заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 000369 тоот дүгнэлттэй маргаагүй атлаа өөрийн захиалсан “Acceler8, Elev8, Hydr8” гэх бүтээгдэхүүнүүдийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд авсан “хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” гэж тайлбарлах боловч Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж зааснаар иргэн, хувь хүн нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр ипмпортлон оруулж ирэхийг хуулиар хориглосон бөгөөд нэхэмжлэгчийн дээрх бүтээгдэхүүнүүд нь биологийн идэвх бүтээгдэхүүн ч байсан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч байсан зөвхөн хуулийн этгээд импортлохоор хуульчилсан тул Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ хуульд заасан шаардлага хангасан байхыг шаардсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “Монгол Улсын 87 иргэний нэр дээр бүртгэлтэй захиалгаар “Acceler8, Elev8, Hydr8” гэх бүтээгдэхүүнүүдийн тоо ширхэг нь адилхан, нэг өдөр гаалийн хилээр орж ирсэн нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэн нэгэн этгээд бусдад зарж борлуулах, ашиг олох зорилгоор оруулж ирсэн байх магадлалтай, оруулж ирсэн гэх нэр бүхий иргэд рүү холбогдоход ганцхан нэхэмжлэгч Б.Н энэ асуудлаар гомдол гаргасан” гэсэн тайлбар болон Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 000369 тоот дүгнэлтээр “Acceler8, Elev8, Hydr8” гэх 3 ширхэг бараа бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан дүгнэлт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь ижил төрлийн 3 ширхэг бараа бүтээгдэхүүн Америкийн Нэгдсэн Улсаас захиалж авчруулсан нь тогтоогдож байгаа тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаалийн татвараас чөлөөлөгдөх барааг гаалийн хилээр оруулж ирүүлээгүй, анхан шатны шүүхийн дүгнэснээр гаалийн хилээр нэвтрүүлэх шалгуур болох үнийн дүн, тоо ширхэг, хэмжээ, нэр төрөл, зориулалт гэсэнд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 6 дугаар зүйлийн 6.2.2, 15 дугаар зүйлийн 15.9.3, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Н Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ