Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0413

 

 Б.Н-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                  Х.Батсүрэн

                                 М.Батсуурь

                                 Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0464 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, О.Б нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0464 дүгээр шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 6 дугаар зүйлийн 6.2.2, 15 дугаар зүйлийн 15.9.3, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-аас Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/129 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Давж заалдах шатны шүүх нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.9.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн дүгнэлт хийж, захиалсан “Elev8”, “Аcceler8”, “Hydr8” бүтээгдэхүүнийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулиар зохицуулагдах эмийн төрлийн бүтээгдэхүүн гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх “биологийн идэвхт бүтээгдэхүүн” болон “биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” гэсэн хоёр нэр томьёог хэрхэн ялгасан, эсхүл нэг төрлийн гэж үзсэн, тухайн бүтээгдэхүүн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 1.1-д заасны дагуу хүний эмнэлгийн зориулалттай биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй бөгөөд ямар үндэслэлээр “биологийн идэвхт бүтээгдэхүүн”-д шууд хамааруулан дүгнэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

4. Дээрх хуулийн заалтуудыг дараах үндэслэлээр буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Миний захиалсан бараа бол Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрлэгчийн тодорхойлсноор DIЕТАRҮ SUPPLEMENT буюу хүнсний төрөлд багтдаг бүтээгдэхүүн болно. Америкийн Нэгдсэн Улсын хуулиар (21 USC Ch.9: FEDERAL FOOD, DRUG, AND COSMETIC ACT) DIETARY SUPPLEMENT-ийг хэсэгчлэн “хоолны найрлага” (DIET) агуулсан, амаар хүртдэг бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. “Хоолны найрлагад” (DIET) витамин, эрдэс бодис, амин хүчил, ургамал эсвэл ургамлын гаралтай бэлдмэл, түүнчлэн хоолны дэглэмийг нөхөхөд ашиглаж болох бусад бодис орно. Хоол тэжээлийн нэмэлт тэжээл нь шахмал, капсул, нунтаг, энергийн бар, шингэн гэх мэт олон хэлбэрээр гардаг гэж заасан байдаг, иймээс тухайн улсад энэхүү бүтээгдэхүүн нь хүнсэнд хамаардаг. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 тоот тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.16-д “...БИБ-ний бүртгэлд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч улсдаа хүнсний бүтээгдэхүүнээр бүртгэсэн тохиолдолд хамаарахгүй.” гэж заасан байна.

5. Харин тухайн бүтээгдэхүүний Америкийн Нэгдсэн Улсын үйлдвэрлэгчийн тодорхойлолтоос тус бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт тэжээл болон эм эмчилгээнд зориулагдаагүй гэж тодорхойлсон. Барааны ангиллын код нь “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцийн дагуу тодорхойлогддог. 2106.9019 гэсэн код нь “Хүнсний төрөл бүрийн бэлдмэл” гэсэн бүлэгт багтдаг болно. Уг конвенцид Монгол Улс нэгдэн орсон учир нэр томьёог өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх ёстой. Гэтэл Гаалийн газар нь “хүнсний төрөл бүрийн бэлдмэл” нэртэй 21-р бүлэгт багтдаг барааг эмийн төрлийн 30 дугаар бүлэгт хамаатуулж байгаа нь олон улсын конвенцийг ноцтой зөрчсөн. Стандарт, хэмжил зүйн газраас эмхтгэн гарсан Монгол Улсын Стандартын жагсаалтад Хүнсний технологи /67-р салбар/-ийн зохицуулах үйлчилгээтэй хүнс /270-р бүлэгт/ багтсан МNS 5744:2007 дугаар бүхий “Биологийн идэвхт бүтээгдэхүүн” техникийн шаардлага гэсэн нэртэй байдаг.

6. Стандартад тус бүтээгдэхүүнийг хүнс гэж заажээ. Анхан шатны шүүхийн хуралдаан дээр Гаалийн газрын төлөөлөгч С.Т нь Б.Н-ын захиалсан “Elev8”, “Аcceler8”, “Hydr8” гэх бүтээгдэхүүнүүдийг эм гэж үзэхгүй байгаа гэсэн мөртлөө “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хамаатуулаад байгаа нь хуулийн хэрэглээг буруу ашиглаж байгаагийн нэг тод жишээ юм. Дүгнэж үзвэл, тухайн улсдаа хүнсний төрлийн бүтээгдэхүүнд тооцогдож байгаа энэхүү бүтээгдэхүүнийг олон улсын барааны кодоор “Хүнсний төрөл бүрийн бэлдмэл төрөлд багтах биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж, харин дотоодын хэрэглээнд бол зохицуулах үйлчилгээтэй хүнсний төрөлд багтах шим тэжээллэг хүнс /Хүнсний тухай  хуулийн 3.1.7-т зааснаар/ гэж нэрлэгдэх ёстой байтал эм эмчилгээний төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзэж дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 1.1-д заасны дагуу энэхүү барааг импортлон оруулж ирж байгаа гэсэн хангалттай үндэслэл байхгүй гэсэн үндэслэлээр уг актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-д “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр заасан байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн. Миний захиалсан барааны нийт үнэ 124,95 ам доллар /356 665 төгрөг/ бөгөөд энэхүү үнийн дүнгээс хэтрээгүй. Мөн миний бие нэг төрлийн хоёр ширхэг бараа захиалсан бөгөөд харин тухайн үед интернет дэлгүүрт урамшууллын акц явагдаж байсан учир захиалга дээр 2 өөр төрлийн барааг үнэ төлбөргүй нэмж илгээсэн нь үнэн.  Энэ нь барааны захиалгын хуудас дээр тодорхой харагдаж байгаа. Илгээмжийн нийт жин 260 грамм болно.

8. Гэхдээ маргаж буй гол асуудал нь тухайн бараанд татвар төлөхтэй холбоотой бус импорт мөн эсэх дээр дүгнэлт өгөх шаардлагатай. Давж заалдах шатны шүүх “импортлох” үйл ажиллагаа явуулсан талаар дүгнэхдээ Б.Н ижил төрлийн 3 бараа бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн Улсаас захиалж авчруулсан нь тогтоогдож байх тул...” гэжээ. Гэвч тус барааг худалдан борлуулах, ашиг олох зорилгоор энэхүү бараа бүтээгдэхүүнийг оруулж ирсэн талаар нотолсон баримт байхгүй, миний өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэдэг гэсэн тайлбарыг няцаасан нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байхад импортын зорилгоор оруулж ирсэн бараа гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны ...дагуу эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах...” агуулгатай байсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Хүнсний тухай хуулийг давхар хэрэглэн импортын бараа мөн гэж дүгнэж маргааныг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

9. “Барааны импорт гэж Монгол Улсын материаллаг нөөцийг нэмэгдүүлэн, хилийн чанадаас эдийн засгийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг тооцно.” гэж Үндэсний статистикийн хорооноос гаргадаг “Гадаад худалдааны барааны статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу гаргадаг тайландаа дурджээ. Хэрэв уг барааг импорт гэж үзэж байгаа бол ямар хуулийн зохицуулалт болон нотлох баримтуудаар ингэж үзэж байгааг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм. Гэтэл ямар нэг хууль тогтоомжийг дурдалгүй маргааныг шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх хуульд заасан “импортлох” гэсэн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргаагүй, зөвхөн хариуцагч талын тайлбар дээр үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв, харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

11.  Хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчид хандан “Таны АНУ-аас онлайн захиалгаар захиалсан ELEV8, ACCELER8, XYDR8 зэрэг бүтээгдэхүүн нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр БТКХУС-ийн /Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн/ ангилал нь 2106.90.19 кодод хамаарах “биологийн идэвхт бүтээгдэхүүн” байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын дагуу зохицуулагддаг тул холбогдох журмын дагуу эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана уу” гэжээ.

12. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2020 оны 02-4/268 дугаар албан бичиг /дүгнэлт/-ээр “...Шинжилгээний дүн болон барааны шошгоос үзэхэд уг дээжүүд нь БТКУС-ийн ангиллын 2106.90.19 кодод хамаарах “биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байна” /хавтаст хэргийн 39-41 дэх тал/ гэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн дагуу дээрх бүтээгдэхүүнүүд нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 21-р бүлэг буюу “Хүнсний төрөл бүрийн бэлдмэл”-д хамаарч байна.

13. Монгол Улсын хууль тогтоомжид, тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Хүнсний тухай хуульд “биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн”-ийн талаар тодорхой зохицуулаагүй, харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д “биологийн идэвхт бүтээгдэхүүн”-ийг тодорхойлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “...биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, 15 дугаар зүйлийн 15.9.3-т “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох”-ыг хориглохоор тус тус заажээ.   

14.  Гэвч энэхүү маргааны хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэрэглэхээргүй байна. Учир нь, дээр дурдсанчлан Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гаалийн хилээр нэвтрүүлэхийг хүсэж буй бүтээгдэхүүн нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн дагуу /Монгол Улс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэгдэн орсон/ Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын 21-р бүлэг болох “Хүнсний төрөл бүрийн бэлдмэл”-д хамаарч байгаа, мөн ELEV8, ACCELER8 бүтээгдэхүүн нь “хүнсний хэрэглээнд тохирно” гэсэн үйлдвэрлэгч орны буюу АНУ-ын Утан мужийн Хөдөө аж ахуй, хүнсний албаны гэрчилгээтэй байна /хавтаст хэргийн 48-49 дэх тал/.

15. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын зорилго нь 1.1-д зааснаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын эмийн бүртгэлд хүн амын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх...эм, биобэлдмэл, вакцин,...биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, ... харилцааг зохицуулах”-д оршино, харин журмын 1.16-д зааснаар “БИБ-ний бүртгэлд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэжээ. Үүнээс үзвэл, хүнсний ангилалд орсон биологийн идэвхт бүтээгдэхүүн нь “эм”-д хамаарахгүй тул Монгол Улсын “эмийн буюу БИБ-ний бүртгэл”-д бүртгэх шаардлагагүй байна.

16. Иймд, улсын эмийн бүртгэлд бүртгэх шаардлагагүй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.9.3 үйлчлэхгүй тул Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглосон бараа, эд зүйлд хамаарахгүй, мөн зүйлийн 223.2 дахь хэсэг дэх “Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэсэн зохицуулалт болон Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт /14/ хамаарахгүй учир энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан “давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

17. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад шууд хамааралгүй Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-ыг хэрэглэсэн нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

18. Учир нь, шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актын үндэслэлд буюу нэхэмжлэгч нь нэр бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийн тулд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авах үүрэгтэй эсэхэд дүгнэлт өгөхөөс бус хэргийн үйл баримтад үл хамаарах гаалийн татвараас чөлөөлөгдөх эсэх асуудлыг хянахгүй юм.

19. Ийм ч учир хариуцагчаас “...87 иргэний нэр дээр бүртгэлтэй захиалгаар “ACCELER8, ELEV8, XYDR8” гэх бүтээгдэхүүний тоо ширхэг нь адилхан, нэг өдөр гаалийн хилээр орж ирсэн нь эдгээр бүтээгдэхүүнийг хэн нэгэн этгээд бусдад зарж борлуулах, ашиг олох зорилгоор оруулж ирсэн байх магадлалтай, оруулж ирсэн гэх нэр бүхий иргэд рүү холбогдоход ганцхан нэхэмжлэгч Б.Н энэ асуудлаар гомдол гаргасан...” гэх тайлбарын үндэслэлээ шалган тогтоох, үндэслэлтэй гэж үзвэл холбогдох татварыг ногдуулах эрхийг нь уг тогтоол хязгаарлахгүй.    

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0464 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-д” гэснийг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн (а), 3 дугаар зүйлийн (а), Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 21-р бүлгийн 2106.90, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 223 дугаар зүйлд” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

              ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ