Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00163

 

Ц.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 696 дугаар магадлалтай,

Ц.Т гийн нэхэмжлэлтэй,

С.Д д холбогдох,

4 245 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин,   .................... шүүх хуралдааны нарийн[WU1]  бичгийн дарга Б.Уранзаяа ...................н нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Т  нь миний охин бөгөөд Нарантуул олон улсын худалдааны төвд ундаа, усны бөөний цэг ажиллуулдаг. С.Д  нь охиноос маань бараа зээлээр худалдан авдаг байсан.

С.Д  нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380 270 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 092 320 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 773 200 төгрөгийн, нийт 4 245 790 төгрөгийн бараа зээлээр аваад өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй. Ц.Т г барааны мөнгөө нэхэхэд С.Д  одоохондоо боломж алга, өгнө гэдэг байсан. Бүх зүйлээ шатаасан болохоор хүндрэлтэй байна гэж тайлбарлаж байсан ч сүүлийн жилүүдэд утсаа авахгүй, зугтах маягтай алга болсон. С.Д тай удаан хугацааны харилцаатай байсан, түүнд итгэж байсан учраас шүүх, цагдаад хандаагүй. Хамгийн сүүлд хэзээ мөнгөө нэхсэн талаар мэдэхгүй байна. Ер нь Нарантуул зах шатсанаас хойш 2 жилийн хугацаанд байнга утсаар ярьж байсан. Ц.Т гийн ажиллуулдаг хэсэг галд өртөөгүй. Хүнсний захын хэсэг шатсан тул эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй. С.Д д өгсөн барааны тоо, төрөл зэрэгтэй холбоотой баримт байхгүй. Түүнд бараа өгсөн нь үнэн, мөнгөө аваагүй нь үнэн учраас барааны үнэ 4 245 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Д  шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д  нь Нарантуул олон улсын худалдааны төвд гал түймэр гарах хүртэл буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тус төвд лангуу ажиллуулдаг байсан. Уг түймрээр лангуу нь шатаж, үүнээс хойш худалдаа эрхлээгүй. Тэрээр нэхэмжлэгч Ц.Т гаас бараа зээлээр худалдан авч борлуулдаг байсан талаар маргахгүй. Тэдний хооронд худалдах худалдан авах харилцаа үүсээд зах шатахаас өмнө төлбөр тооцооны асуудал нь дууссан байсан.

2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 380 270 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 092 320 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 773 200 төгрөгийн, нийт 4 245 790 төгрөгийн бараа зээлээр аваад мөнгийг нь төлөөгүй гэсэн байна.

Хэрвээ Ц.Т д өртэй байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад шүүхэд хандаагүй вэ. Уг өдрүүдэд хэдэн нэр төрлийн, хичнээн тооны ус, ундаа зээлээр худалдсаныг нотолсон баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүнсний захад гал түймэр гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт С.Д  хохирогчоор тогтоогдоогүй бөгөөд Нарантуул захынхан С.Д д шатсан барааны чинь оронд лангуу өгнө гэсэн юм билээ. Гэхдээ өгсөн зүйлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Д д холбогдох 4 245 790 төгрөг гаргуулах тухай Ц.Т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 13275 дугаартай захирамжаар хариуцагч С.Д гийн банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 4 245 790 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 696 дугаар магадлалаар: аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 883 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.19-ний өдрийн 696 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дэх хуудсанд хянавал хэсгийн 4 дэх хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэтэл уг маргаанд байгаа үйл баримт нь 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрүүдийг хамарч байна. Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд шаардлага гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно гэсэн дүгнэлт хийгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ц.Т  хариуцагч С.Д  нарын хооронд гэрээ хийгдээгүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээ гэж үзээд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.
  2.  Ц.Т  нь С.Д д 2013 оны 8 дугаар сард 4 245 750 төгрөгийн бараа өгсөн нь үнэн. Миний охин болон бид нар худлаа хэлэхгүй.  2013 оны 8 дугаар сараас хойш удаа дараа утсаар ярихад Нарантуул зах дээр ажиллаж байсан, миний лангуу шатсан, Ц.Т гаас авсан бараа бас шатсан, ийм учраас би төлбөрийг төлнө гэдэг байснаа сүүлдээ би энэ төлбөрийг төлөхгүй, лангуу шатсан юм чинь юугаа өгөхөв дээ гэх болсон.
  3. Мөн анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан тайлбар нь С.Д  Нарантуул зах дотор одоогийн Баялаг Ундраа төвийн хуучин шатдаг павильон дотор үйл ажиллагаа явуулдаг байсан. Нэхэмжлэгчээс ус, ундаа авдаг харилцаатай байсан нь үнэн. Гэвч нэхэмжлэлд дурдаад байгаа 4 245 750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Нарантуул захын барилга 2013 оны 8 дугаар сарын 23-нд шатаад тухайн үед ажиллаж байсан хүмүүс бараа, орлогогүй болсон. Энэ байдлаас шалтгаалан С.Д  дахин үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбарт анхан болон давж заалдах шатны шүүх үнэлгээ дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ц.Т  нь С.Д д холбогдуулан 4 245 790 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Нарантуул зах дээр ус, ундаа зарж, хүнсний бөөний худалдаа эрхэлж байхдаа 2013 оны 8 дугаар сарын 17, 18, 22-ны өдрүүдэд С.Д д нийт 4 245 790 төгрөгийн бараа зээлээр худалдсан. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул зах шатснаас хойш Ц.Т  нь төлбөр төлөхөд хүндрэлтэй байна, боломжгүй байна гэж байсан боловч сүүлдээ өгч чадахгүй гэдэг болсон тул төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж тайлбарлажаа.

Хариуцагч хариу тайлбартаа: “...нэхэмжлэгчээс ус, ундаа авдаг харилцаатай байсан нь үнэн. Гэвч барааг авч, тооцоог байнга хийж байсан, Нарантуул зах шатахаас өмнө тооцоог бүгдийг дуусгасан байсан. Нарантуул захад гал гарснаас хойш дахиж үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч нь 2013 оноос 2018 оны 7 сар хүртэл ямар нэг төлбөр тооцоо огт нэхэмжилж байгаагүй атлаа 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас маргаан үүссэн гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа тасалдсан, түр зогссон үйл баримт тогтоогдоогүй тул 2013 онд үүссэн шаардлагад 2018 онд нэхэмжлэл гаргасан  нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж, шаардлага гаргах эрхээ алдсан гэх дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-дэх заалтыг зөрчөөгүй байна.  

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй бөгөөд шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаатай холбоотой маргаан үүссэн гэж дүгнэсэн нь үйл баримтад нийцсэн, хууль зөрчөөгүй тул “...талууд гэрээ байгуулаагүй байхад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой... гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 696 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэн-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД                                                       

 


 [WU1]