Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Батбаяр ҮД:/0200/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625030898 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Могойт овогт Чулуунбатын Болд-Эрдэнэ: Монгол улсын иргэн, 1982 оны 10 сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх дүү нарын хамт Дорноговь аймгийн 4 дүгээр баг, 72-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй РД:/ЕС82102818/

               

Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 04 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байр, 3 дугаар орцонд 10 настай А.Мөнгөншагайгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон самсунг маркийн гар утсыг дээрэмдэж 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 15-ны өдөр миний санаж байгаагаар 17 цагийн үед би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар банкны ард талын 4-н давхар байрны орц руу нэг эрэгтэй хүүхэд яваад орохоор нь би араас нь дагаж ороод тухайн орцны нэг давхарт тухайн хүүхдийг араас нь нэрээр нь буюу Мөнгөншагай гэж дуудсан чинь тухайн хүүхэд эргээд над руу харахаар нь би тухайн хүүхдэд хандан хамраандаа байгаа зүйлүүдээ гаргаад ир гэж хэлтэл өмднийхөө хармайнаас Самсунг гранд маркийн гар утас гаргаад ирхээр нь би энэ утсыг чинь авлаа гэж хэлээд түүний гарнаас нь утсыг нь авчихаад доошоо суу гэж хэлээд мөрөн дээр нь дараад суулгасан тэгээд би гараад зугтаасан гэсэн мэдүүлэг /хх 34/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөншагайгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хичээлээ тараад ойролцоогоор 19 цаг болж байхаар нь гэрлүүгээ харих гээд алхаад явж байтал 5 дугаар сургуулийн урд талд манай нөгөө ангийн хүүхэд болох Ган-Очиртой тааралдаад хэсэг хамт алхаж байгаад 17 дугаар байрны урдаас Ган-Очир бид 2 салаад би гэрлүүгээ алхаад байрынхаа орц руу орсон. Араас нэг танихгүй өндөр хар царайтай 30-35 орчим настай ах ганцаараа орж ирээд намайг хөөе Мөнгөншагай гэж дуудахаар нь би эргэж хараад зогссон чинь “чи хүүхэд дээрлхэж түрийвчийг нь авсан байна, халаасандаа байгаа юмнуудаа гаргаад ир” гэж хэлэхээр нь “би хүүхэд дээрэлхээгүй ш дээ” гэж хэлээд гар утсаа гараад ирсэн чинь “наад утас чинь хэний гар утас юм” гэхээр нь “миний гар утас” гэж хэлсэн чинь “битгий худлаа яриад байгаарай” гэж хэлээд миний гарнаас Самсунг маркийн гар утсыг аваад, намайг “доошоо суу” гэж хэлээд мөрөн дээр гараараа дарж суулгаад “хутаглуулах уу, чи араас дагах юм бол ална шүү” гэж хэлээд гараад зугтаачихсан юм. Тэгээд би энэ тапаараа гэртээ ороод эгч Анужинд хэлээд цагдаад хандсан юм. гэсэн мэдүүлэг /ххх 8-10/

 

Гэрч Ш.Айнураас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр билүү 16-ны өдөр билүү сайн санахгүй байна. Энэ өдөр би Сансарын түнел дээр би явж байгаад хямдхан гар утас зарж байгаа ломбард байна уу гэж бодоод ломбард руу орох гэтэл нэг танихгүй өндөр биетэй, хар царайтай нэг эрэгтэй ирээд гар утас худалдаж авах уу гэхээр нь ямар утас юм гэсэн чинь Самсунгийн утас байна гээд тухайн гар утсаа үзүүлсэн тэгэхээр нь хэдэн төгрөг юм гэж асуусан чинь “40,000 төгрөгөөр зарна, ах нь эхнэртэйгээ муудалцчихсан мөнгө хэрэгтэй байна. Жоохон архи уух гэсэн юм” гэж хэлсэн тэгэхээр нь 40.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг. /хх 12-13/

 

Гэрч А.Анужингаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ 19 цаг өнгөрч байхад байж байтал хаалгна нүдсэн хаалгаа онгойлготол манай дүү Мөнгөншагай орж ирээд уйлаад байхаар нь яасан юм бэ хүн зодсон юм уу гэж асуусан чинь нэг танихгүй ах орцонд нэг давхарт намайг доошоо суу хутгалуулах уу гэж хэлээд миний гар утсыг дээрэмдээд аваад явчихлаа гэж хэлсэн юм. Өмнө харж байгаагүй хүн гэсэн. Мөнгөншагай гэрлүүгээ орох гээд орцруу ороход л тэр танихгүй эрэгтэй хүн араас нь дагаад орцруу ороод ирсэн юм байналээ. Орцонд орж ирээд манай дүүг Мөнгөншагай гээд нэрээр нь дуудсан гэсэн гэсэн мэдүүлэг.  /хх 14/

 

Гэрч Т.Ган-Очироос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хичээлээ тараад алхаад явж байтал манай найз Мөнгөншагай тааралдсан тэгээд хоёулаа нийлээд гэрийнхээ зүг рүү хамт алхаж явж байгаад замаасаа салсан юм. Тэгтэл нэг танихгүй өндөр хар царайтай ах над дээр ирээд “ахын дүү сая чамтай хамт явсан хүүхдийг хэн гэдэг билээ” гэхээр нь би санаанд ч оролгүй “Мөнгөншагай юу гэж” гэсэн чинь “за за” гээд яваад өгсөн тэгээд би шууд гэрлүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх 15/

 

Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 83/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 62/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 63/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 64/, эд зүйлийн үнэлгээ /хх 74/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 82/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх 89/, иргэний нэхэмжлэгч Ш.Айнурыг байцаасан тэмдэглэл /хх 12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь 2016 оны 04 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байр, 3 дугаар орцонд 10 настай А.Мөнгөншагайгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон самсунг маркийн гар утсыг дээрэмдэж 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрийг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй,  2016 оны 05 сарын 4-нөөс 2016 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Могойт овогт Чулуунбатын Болд-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаагаар хүч хэрэглэхээр заналхийлэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болд-Эрдэнийн цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Болд-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР