Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00504

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00504

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суух, Жалманбет овогт Т.Б ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэг /эрхлэгч Ш.М/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2206342 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 264761 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөг бүгд 2684677 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б би Цэнгэл сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дуугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллах хөдөлмөрийн түр гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч энэхүү гэрээг үндэслэлгүй хэмээн үзэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн юм. Энэхүү байдалд би гомдол гаргаж улмаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012/МА2017/00037 дугаар бүхий Магадлалаар эцсийн шийдвэр гарч би урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогдсон билээ. Иймд шүүхээс хүсэх нь: Жалманбет овогтой Т.Б миний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 01-ээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 6 сар 10 хоногийн цалин болох 2500000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн данснаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Х.Б анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалинг болох 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны 6 сарын цалин хэмээн нэхэмжилсэн байна. Би 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс тус маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хавтас хэрэгт байгаа нотлох баримтыг судалж үзэхэд 2016 оны 10 дугаар сарын цалинг нэхэмжлэгч гардан авсан байна. Энэхүү 2016 оны 10 дугаар сарын цалинг хасаж байна. Харин Т.Б нь Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт 8 сар ажилласан байна. Өмнө нь улсад 4 жил ажилласан эсэх нь НДДэвтрийн бичилтээр нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан ногдох ээлжийн амралт эдлэх бөгөөд амралтад 264761 төгрөг олгогдох юм. Иймд Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн данснаас 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, дугаар сар мөн 4 дүгээр сараас 5 хоногийн цалин нийтдээ 5 сар 5 хоногийн цалин болох 2206342 төгрөг, 5 сарын НДШ-д 213574 төгрөг, ногдох амралтын мөнгө 264761 төгрөг, нийтдээ 2684677 төгрөгийг тус тус гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ер нь Т.Б нь тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн галчаар томилогдсон ба тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажил эрхлээгүй байсан юм. Ажил олгогч Т.Быг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ёсоор 2017 оны 4 дүгээр сарын 15-наас өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан тухайн байгууллагад 11 сар биеэр ажилласан нөхцөлд ээлжийн амралтын асуудлыг ярих ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч Т.Б нь ажилд ороод 15 хоног хагас дутуу ажиллаад одоо ээлжийн амралтын нөхөн олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй юм. Т.Б нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг төлүүлэх тухай асуудлыг хөндөөгүй байна. Манай байгууллагын нягтлан бодогч Б.Кикийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тооцоогоор ажил олгогчоос Т.Бы үндсэн цалинг тооцоог хийхэд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн цалингаас суутгах ашиг орлогын татварыг хассан ба нэхэмжлэгч Т.Бы гарт нь шууд хүлээн авах мөнгийг 1745742 төгрөг байхаар тодорхой дурдсан юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.М шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаан биеэр оролцохгүй тухайгаа мөн шүүх хуралдаан өмгөөлөгч Я.Сьезд нь оролцох тухай хүсэлт ирүүлсэн ба хариуцагч байгууллагын өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаан товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-д зааснаар хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь анх шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 цэцэрлэгээс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2500000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2206342 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 264761 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөг бүгд 2684677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2206342 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/19 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч Т.Б нь эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар шийдвэрээр түүнийг Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллагын эрхлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 37 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байжээ.

-Ажил олгогч буюу хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Т.Быг галчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Иймд ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Т.Быг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлалаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан боловч 2016 оны 10 дугаар сарын цалингаа нэхэмжлэгч бүрэн авсан болох нь түүний 01329339 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан хэдий боловч нэхэмжлэгч Т.Б нь тус цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон байх тул түүний сарын цалин нь 388317 төгрөг болох талаар Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн ня-бо Б.Кикийн тодорхойлолтыг үндэслэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т.Бы сарын цалин 388317 төгрөг болох нь тус байгууллагын ня-бо Б.Кикийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сар 05 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ

Иймд нэхэмжлэгч Т.Бы ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговор нь 1941585 (388317 х 5 сар) төгрөг, 90305 (388317/21.5 х 5 хоног) төгрөг, бүгд 2031890 (1941585+90305) төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 174452 төгрөгийг,

мөн нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөг нэхэмжилсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтаар даатгуулагч болон ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 10% шимтгэлийн хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хувьдаа авахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговорт 2031890 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул, уг мөнгөнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тооцож нийгмийн даатгалын газарт шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 213574 төгрөгийг хувьдаа авахаар гаргасан уг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 8 сар ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө болох 264761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Т.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажилд орж, 10 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчийн Б/19 дугаартай тушаалаар ажлаас халагдсан байх ба уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаснаар галчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгчийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэгч 5 дугаар сар дуустал ажилласан болох нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн 01329339 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн 7 дугаар хуудсанд бичигдсэн бичилтээр тогтоогдож байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтанд ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж заасан мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад ээлжийн амралт олгох заавар-ын 15-рт Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүний ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог

а) ажилтанд ажилласан нь хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох,

б) ажилтнаас суутгал тооцох замаар тооцоо хийхээр заасан байна.

Нэхэмжлэгч Т.Б нь тус байгууллагад 8 сар ажилласан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна гэж заасан мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 17-рт ээлжийн амралтын хугацаа (ажлын өдрөөр) 15 хоног нэг сард ногдох амралтын хугацааг 1.25 байх ба үүнийг нэхэмжлэгчийн ажилласан сард үржүүлж тооцоход 10 (1.25х8 сар) хоног гарч байгаа ба ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө ээлжийн амралтын 10 хоногийн хугацааны тооцоо хийж мөнгөн олговор олгох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь сард 388317 төгрөгийн цалинтай байсан талаарх тус байгууллагын ня-богийн цалингийн тодорхойлолтыг үндэслэж нэг өдрийн цалинг тооцоход 18061 (388317/21.5) төгрөг ба үүнийг нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хоногтой үржүүлж тооцоход 180610 (18061 х 10 хоног) төгрөгийг хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ээлжийн амралтын мөнгөнөөс илүү нэхэмжилсэн 84151 төгрөг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2031890 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 180610 төгрөг, бүгд 2212500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, түүний илүү нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 213574 төгрөг, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос 174452 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнөөс 84151 төгрөг, бүгд 472177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 2212500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 50350 төгрөгийг хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2031890 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 180610 төгрөг, бүгд 2212500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 472177 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 50350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ