Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00181

 

Х.С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалтай,

Х.С гийн нэхэмжлэлтэй,

Ш.Б д холбогдох,

Худалдан авсан рапсын үрийн үнэ 6 300 000 төгрөг, алданги 2 362 500 төгрөгийн хамт нийт 8 662 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн Ш.Б  нь 2018 оны 05 сард 3 тн Рапс /1тн нь 4 200 000 төгрөг/ өөр тооцон худалдах авахаар тохирч гэрээ байгуулан, 12 600 000 төгрөг төлөхөөс 6 300 000 төгрөгийг төлж, 6 300 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирч рапс авсан.

Намрын ургацаараа рапсаа хураан авч худалдан борлуулсан боловч рапсын үнийг төлөхгүй, утсаа авахгүй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон.

Иймд рапсын үнэ 6 300 000 төгрөг , алдангийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 62 хоногоор тооцон 2 362 500 төгрөг болсон тул гэрээний дагуу тооцсон алдангийн хамт нийт 8 662 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.С тай гэрээ байгуулсан ч тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг /2.2/-ын дагуу рапсын үрийг хүлээлгэн өгөөгүй. Үүний нотолгоо нь гэрээний 2.3-т заасан баримтад талууд гарын үсэг зураагүй бөгөөд энэ талаарх баримт үйлдэгдээгүй болно.

Нэгэнт үрийг хүлээн аваагүй тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа тул алдангийг мөн л зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.Б гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 300 000 төгрөг, алданги 2 362 500 төгрөг, нийт 8 662 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.С д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б гээс 168 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.С д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 168 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Магадлалд “...нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тайлбартаа тодорхой дурдсан ба нэхэмжлэгч нь нэгэнт гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

Нэгэнт рапсын үрийг хүлээн аваагүй тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа тул алдангийг бас зөвшөөрөөгүй гэтэл зөвшөөрсөн хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Магадлалд “...холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй ба гэрээгээр уг рапсны үрийн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон атлаа уг үүргээ биелүүлээгүй байхад хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэсэн үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Х.С  нь Ш.Б д холбогдуулан худалдан авсан рапсын үрийн үнэ 6 300 000 төгрөг, алданги 2 362 500 төгрөгийн хамт нийт 8 662 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, рапсын үрийг хүлээж аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, нотолгооны үүргийг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засаагүй байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч нь рапсын үр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлснээр хариуцагчаас үүргийн гүйцэтгэл буюу үнийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г нэхэмжлэлд хавсаргаж өгснөөс өөр баримтгүй, гэрээний 2.3.-т “Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, авсан баримтыг үйлдэж гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулна. Энэхүү  баримт нь гэрээний хавсралт болох ба үндсэн гэрээний салшгүй хэсэг болно” гэсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гэрээнд заасан холбогдох баримтыг тодруулаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа гэрээний дээрх заалтыг үндэслэл болгосон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, улмаар хариуцагчийг хариу тайлбараа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, нотолгооны үүргийг буруу дүгнэсэн байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан.

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан, харин алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн нэмэлт шаардлагад хариу тайлбар өгөөгүй байхад хариуцагчийг хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөсөн нь үндэслэлтэй боловч хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг засаагүй, хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан  үүргээ биелүүлээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД