Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00329

 

Б.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 887 дугаар магадлалтай,

Б.Өгийн нэхэмжлэлтэй,

С.Нт холбогдох,

2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “М” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Батцэцэгийн хамт “М” ББН-ийг үүсгэн байгуулж, тус нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул өөрийн төрсөн дүү Б.Өлзийбатыг 2003 онд “М” ББН-ийн гүйцэтгэх захирлаар томилсон.

Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барж, нөхөрлөлийн холбогдох бичиг баримт олдохгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус нөхөрлөл 3 гишүүнтэй, 2006 онд Б.Өлзийбат нэмэгдсэн хариу өгсөн.

Б.Батцэцэг нь 2003 оноос хойш одоог хүртэл АНУ-д, би 2004 оноос 2009 оны хооронд Канад Улсад амьдарч байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, Гадаад харилцааны яам, Архивын газар, Улсын төв архиваас ирсэн лавлагаагаар тогтоогдож байгаа учраас Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр нэмээгүй, түүнчлэн С.Батжаргалд төлөөлөх эрх олгоогүй. Иймд нотариатч 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн нөхөрлөлийн гэрээг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 24, 26, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Тус гэрчлэгдсэн гэрээг үндэслэн нөхөрлөлийн гишүүдэд бүртгэл хийлгэн, миний эд хөрөнгийн тодорхой хэсэг Б.Өлзийбатад шилжснээр өмчлөх эрх зөрчигдсөн.

Ө.Т нь Б.Өлзийбатын хүү мөн боловч хамт амьдардаггүй, өнөөдрийн байдлаар өвийг хүлээн аваагүй учраас хуулийн хугацаа болсон, өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх тул түүний эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй.

Нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор улсын бүртгэлд хийгдсэн хуулийн этгээдийн гишүүний өмчлөх эрх сэргэх юм. Өмчлөх эрхийг хууль тогтоомж зөрчиж шилжүүлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж чадаагүй. Иймд 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 501 бүртгэлийн дугаартай “М” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчлүүлсэн 501 дугаартай гэрээ нь огноо, дугааргүй, тухайн гэрээг гэрчлүүлэхэд оролцсон Б.Ө, Б.Батцэцэг, Б.Өлзийбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргагдсан, эдгээр иргэдийн төрсөн эцэг С.Батжаргалын хүсэлтээр нотариатч гэрчилж, гарын үсэг зурсан байдаг.

Эдгээр хүмүүс гарын үсэг зурж, хүсэл сонирхлоо илэрхийлснийг төрсөн эцэг С.Батжаргал баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Б.Өгийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.

Түүнчлэн 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.Батцэцэг, Б.Ө нараас Б.Өлзийбатыг гишүүнээр нэмж шинэчилсэн бүртгэл хийлгэхийг даалгах тухай тогтоол хэрэгт авагдсан.

Өвийн асуудал яригдаж эхлэхэд Б.Ө шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болж Ө.Т өвийн асуудлыг нээлгэж чадаагүй байна. Түүнчлэн Б.Батцэцэгийн эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй. Ө.Т аавтайгаа хамт амьдардаггүй гэх утгаар өвөөс татгалзаж байгаа биш. Энэ хүн өв авах эрхтэй учир тухайн шүүхэд гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн.

Хэргийн 46 дугаар хуудсанд 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолд гишүүн нэмж элсүүлэх, дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, нөхөрлөлийг шинэчлэн бүртгүүлэн, Б.Өлзийбатыг тус нөхөрлөлийн үүсгэн байгуулах гишүүнээр оруулсан тогтоол хэрэгжсэн болох нь улсын бүртгэлийн газрын архиваас ирүүлсэн бичгийн нотлох баримтаар хангалттай харагдаж байна. Мөн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан учир түүний эд хөрөнгийг би өвлөх эрхтэй. Гэтэл аавын хувьцаа эзэмшдэг нөхөрлөлийн бүртгэлээс түүний нэрийг хасч, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилж буй нь миний эрх, ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан “М” ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 887 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Өгээс иргэн С.Нт холбогдуулан “нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан “М” ББНөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 887 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гардаж аваад анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтууд дутуу буруу үнэлж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх энэхүү маргаан бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Ө нь нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект мөн эсэх талаар бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй. Учир нь тус “М” ББНөхөрлөл нь одоогийн байдлаар улсын бүртгэлийн газарт 3 гишүүнтэйгээр бүртгэгдсэн байдаг төдийгүй бүгд ах дүү 3 юм. Мөн тус нэхэмжлэлийг гаргасан Б.Өгийн ямар эрх ашиг зөрчигдсөн, түүнийг сэргээлгэхээр урьдчилан ямар ажиллагаануудыг хийсэн нь тодорхойгүй. Төрсөн ах тус нөхөрлөлийг 15 жил удирдсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Өлзийбат 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нөгөө гишүүн болох Б.Батцэцэг нь энэхүү маргаанд ямар нэг байдлаар огт оролцдоггүй. Түүний эрх ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөөгүй, гишүүнчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй.

Түүнчлэн тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар оролцоогүй Б.Батцэцэгтэй холбоотой “Хил хамгаалах газрын хариу бүхий албан бичиг гэх мэт түүний нэр дээр гарсан албан тоот бичгийн баримтуудыг иргэний хэрэгт хавсаргаж түүнийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Б.Батцэцэг нь өөрөө өнөөдрийг хүртэл гадаад улсад амьдардаг гэх боловч Монгол Улсын төрийн байгууллагуудаас түүний нэрээр цугларсан баримтуудыг хэн ямар итгэмжлэл, эрхийн хүрээнд цуглуулсан тодорхойгүй, эргэлзээтэй баримт байхад анхан шатны шүүх үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Гүйцэтгэх захирал Б.Өлзийбатыг тус нөхөрлөлийн гишүүнээр нэмэх тухай 01 дугаартай тогтоолыг 2003 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагчдын хурлыг шийдвэрээр гаргасан байсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас хавтаст хэрэгт нотлох баримтаар ирсэн. Энэхүү нотлох баримтад анхан шатны болон давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Тус нөхөрлөлийг 15 жил удирдсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Өлзийбат нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нас барснаас нь хойш 1 жилийн дараа түүний хүү тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Ө.Тийн өв нээлгэх асуудал яригдаж эхэлмэгц нэхэмжлэгч Б.Ө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс шалтгаалан Ө.Тийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн.

Б.Өлзийбат нь тус нөхөрлөлийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барах хүртлээ 15 жил удирдсан. Нэхэмжлэгч Б.Ө нь 2009 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад ирсэн ба түүнээс хойш 8 жил Б.Өлзийбатыг нөхөрлөлийн үйл ажиллагааг хэрхэн удирдаж, хэрхэн үйл ажиллагаа нь явагдаж байгааг талаар мэддэг байсан. Мөн үйл ажиллагаанаас олсон ашгийг бүрэн хүртэж байсан байна.

Нэхэмжлэгч Б.Батцэцэг нөхөрлөлийн гишүүн Б.Өлзийбатыг нас барснаас хойш нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм хулгайд алдсан гэж тайлбарладаг боловч энэ байдлаа цагдаагийн байгууллагаар шалгуулсан, мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Түүнийгээ нотолж чадаагүй. Энэ нь тус нөхөрлөлийн хөрөнгө хуваахтай холбоотой маргаан гарсныг илтгэж байна.

Нөхөрлөлийн гишүүнчлэлийг нэмэх, нөхөрлөл үүсгэн байгуулах гэдэг ойлголтууд өөр өөр төдийгүй нотариатын үйлдэл хийлгэж байгаа гэрээ нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ ба огноогүй, дугааргүй төдийгүй нотариатын үйлдэл хийлгэхэд нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хамт гэрчлэгдсэн. Иргэний үнэмлэх дээрх гарын үсгийн бичилтүүд гэрээнд зурагдсантай ижил төдийгүй тэдгээр иргэдийн төрсөн эцэг өөрийн биеэр хүүхдүүдийнхээ иргэний үнэмлэхийг эх хувиар нь авч ирж гэрчлүүлсэн.

Давж заалдах шатны шүүх хуралд гуравдагч этгээдээс өөрийн эрхийг хамгаалах үүднээс өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцуулсан байхад давж заалдах шатны шүүхээс эрх үүрэгтэй танилцуулаагүй төдийгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулж өгөлгүй хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчиж буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 183/ШШ2019/00509 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 887 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Б.Ө нь С.Нт холбогдуулан 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “М” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Ө, Б.Батцэцэгийн хамт 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “М” ББН-ийг үүсгэн байгуулж, тус нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй үндэслэлээр 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлийн гишүүдийн хурлын №3 шийдвэрээр Б.Өлзийбатыг 2003.10.26-наас “М” ББН-ийн  гүйцэтгэх захирлаар томилж, 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нөхөрлөлийн гишүүдийн хурлын №1 дугаартай протоколоор өөрсдийн төрсөн ах /дүү/ Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр нэмж, нөхөрлөлийг анх байгууулагдснаас хойш бий болсон үндсэн хөрөнгийг гурван гишүүн эн тэнцүү хувааж эзэмшихээр тохиролцож, Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр Улсын бүртгэлд нэмж бүртгүүлсэн, үүсгэн байгуулагч нь 3 болсон “М” ББГ-ийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн, Б.Өлзийбат нь нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ. “...”М” ББН-ийг 2000 онд Б.Ө, Б.Батцэцэг гэсэн 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан, 2003 оноос хойш өөрсдийн ах /дүү/ Б.Өлзийбатыг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан.  2017 онд Б.Өлзийбат нас барж, нөхөрлөлийн холбогдох бичиг баримтууд буюу гэрчилгээ, дүрмийг хулгайд алдсан тул шинээр авахаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст холбогдох материалыг өгөхөд 2006 онд Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр нэмж бүртгүүлснийг олж мэдлээ.

Нөхөрлөлийн гишүүн болох Б.Батцэцэг нь 2003 оноос хойш одоог хүртэл АНУ-д амьдарч байгаа, Б.Ө 2004 оноос 2009 оны хооронд Канад улсад ажиллаж байсан бөгөөд 2006 онд гишүүдийн хэн аль нь байгаагүй, Б.Өлзийбатыг гишүүнээр нэмээгүй, гэрээг нотариатч дээр очиж гэрчлүүлээгүй байхад нотариатч С.Н тухайн үед үйлчилж байсан Нотариатын тухай хуулийг зөрчиж, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоолгүйгээр 3 гишүүнтэй Нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн байх тул 2006 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 501 дугаарт бүртгэгдсэн “М” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү...”  гэж тайлбарлажээ.

Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа: “...тухайн гэрээг батлуулахад нөхөрлөлийн гишүүдийн эцэг Батжаргал ирсэн, гишүүд иргэний үнэмлэхээ хавсаргасан, гэрээнд гарын үсгээ зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн байсан. Гэрээн дээрх гарын үсгийг иргэний үнэмлэх дээрх гарын үсэгтэй тулгаж үзсэн, гэрээг гэрчлүүлсэн Батжаргал нь тухайн нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ, Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрт зөвлөх эрхтэйгээр оролцож байсан, гишүүдийн төрсөн эцэг байсан тул гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хууль зөрчөөгүй...” гэж маргасан байна.

Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 32.1.4.-т Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй бөгөөд 32.3.-т энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг нотариатчийн буюу сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ гэж, 6 дугаар зүйлд Нотариатч хуулийн этгээд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг хуульд заасан журмын дагуу гэрчилнэ гэж, 28 дугаар зүйлийн 1-д ...Нотариатч нь үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай, итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгана...” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Тухайлбал: 1. “М” ББН-ийн үүсгэн байгуулагч, нөхөрлөлийн гишүүн Б.Батцэцэг 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр,  Б.Ө 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2-5а/5557, 2-5а/5556 тоотуудаар нотлогджээ.

Нөхөрлөлийн гишүүн Б.Батцэцэг, Б.Ө нарыг Монгол Улсын хилээр гарснаас хойш үйлдэгдсэн 2003.10.25, 2003.11.21, 2006.05.03-ны өдрүүдийн “М” ББН-ийн гүйцэтгэх захирлыг томилсон, нөхөрлөлд гишүүн нэмсэн талаарх гишүүдийн хурлын шийдвэр, протокол, 2006.08.14-ний өдөр гэрчлүүлсэн “М” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээнд нөхөрлөлийн гишүүн Б.Батцэцэг, Б.Ө, Б.Өлзийбат нар бүгд гарын үсэг зурсан байхад нэхэмжлэгч Б.Ө нөхөрлөлийн дээрх шийдвэрүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Түүнчлэн Б.Ө 2009 онд Монгол улсад ирсэн, энэ хугацаанаас хойш нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, олсон ашгийг хувь тэнцүүлэн хуваан авч байсан гэх атлаа нөхөрлөлийн гүйцэтгэх захирал буюу дүү Б.Өлзийбатыг нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдсэнийг мэдээгүй гэх тайлбар эргэлзээтэй, мэдэх боломжтой байхад энэ талаар маргаагүй нь бүртгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж, 76 дугаар зүйлийн 76.3.-т тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолохоор зохицуулжээ.

Нотариатчийн нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэг 2006 онд үүссэн, дээрх үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг уг үүрэг зөрчигдсөн 2006 оноос тоолох ба нэхэмжлэл гаргах хугацаа 2016 онд дууссан байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх үйлдэлтэй холбогдуулан 2018 онд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00509 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 887 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3.-т заасныг үндэслэн С.Нт холбогдох 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “М” ББН-ийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД