Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00191

 

 

 

 

Ц.Э гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00436 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 757 дугаар магадлалтай,

Ц.Э гийн нэхэмжлэлтэй,

НШШГГ т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШШГГ  Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу гудамж, 4-17 тоот хаягтай, Ү-2203006254-р улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсан байна.

Уг өмч нь Д.Даваажавын нэр дээр байдаг хэдий ч МУ-ын Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.2.4-т заасан Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө ... хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэсэн үндэслэлээр Д.Даваажав, 2013.08.24-нд төрсөн Даваажавын Энгүүн, 2016.12.16-нд төрсөн Даваажавын Тэнүүн нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

НШШГГ  барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор үнэлгээ хийхдээ өмчлөгч нараас үнийн санал авалгүй, өөрсдийн үзэмжээр үнэлгээ зохиосон нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд НШШГГ-аас Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу, 45-р байрны 17 тоотод хаягтай, Ү-2203006254-т улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 10759 тоот шийдвэрээр төлбөр төлөгч Дашдоржийн Даваажаваас 50 256 408 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага, тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбайтай, хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Даваажавд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Даваажавын өмчлөлийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага, тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбайтай, хувийн орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/12/13 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153/17281122 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Д.Даваажавыг 88112930 дугаарын утсаар дуудан ирүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч талд мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн.

Төлбөр төлөгч Д.Даваажавт 2018 оны 06 сарын 15-нд 4/010181 дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулж өгсөн.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн анхны албан дуудлага худалдааны мэдэгдэлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4/10984 дугаартай баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн.

Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгийн 50 хувиар буюу 75 000 000 төгрөгөөр үнэлж, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 75 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 /далан таван сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Энгүүн, Д.Тэнүүн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Энгүүн, Д.Тэнүүн нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 757 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруу гудамж 4-17 тоотод байх орон сууцыг Д.Даваажавын гэрлэснээс хойш бий болсон өмч мөн болохыг,  Д.Энгүүн, Д.Тэнүүн нар Д.Даваажавын гэр бүлийн гишүүн мөн болохыг нэхэмжлэгчийн зүгээс хангалттай нотолж чадсан.

Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө хамтран өмчлөх дундын өмч байна... гэсэн хуулийн шаардлага зохицуулалтаар дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Д.Энгүүн, Д.Тэнүүн нарт төрсөн цагаас нь хойш үүссэн.

Гэтэл анхан шатны шүүх Д.Энгүүн, Д.Тэнүүн нарыг “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэр нь бичигдээгүй, өмчлөгчөөр тооцогдож Улсын бүртгэлд бүртгүүлээгүй... хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “Гэрлэснээс хойш бий болсон өмч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх” хуулийн зохицуулалтыг “Гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцааг зохицуулсан хуулийн заалт...” хэмээн буруу тайлбарлаж, буруу тайлбарласнаас шалтгаалж Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Э  НШШГГ т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгч нараас үнийн санал аваагүй...” гэж тайлбарлажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2017/10759 дугаар Шүүгчийн захирамжаар Д.Даваажав нь “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д 50 256 408 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулах, үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд Д.Даваажавын өмчлөлийн Ү-2203006254 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрэлийг баталжээ.

Хариуцагч үүргийг хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгчид сайн дураар үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан байна.

Төлбөр төлөгч орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг  үнийн дүнгийн 70% буюу 105 000 000 төгрөгөөр тогтоож, дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 177.4.-т зааснаар үнийн дүнгийн 50% буюу 75 000 000 төгрөгөөр үнэлж оруулахад худалдан борлогдсон үйл баримт тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Нэхэмжлэгч Ц.Э  нь эрх зүйн чадамжгүй, 2013 онд төрсөн Д.Энгүүн, 2016 онд Д.Тэнүүн нарын төрсөн эх, хууль ёсны төлөөлөгчийн хувьд тэдгээрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2., 33 дугаар зүйлийн 33.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх эрх зүйн чадамжгүй этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тэдгээрийн асран хамгаалагч гэж буруу нэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг буруу тодорхойлсон  байх тул хууль зүйн нэр томъёог зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц төлбөр төлөгч Д.Даваажавын /нэг хүний/ өмчлөлд бүртгэлтэй,  энэ талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэл үнэн зөв тул   шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгчөөс авч, төлбөр төлөгч хүлээн зөвшөөрснийг үндэслэн албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч  нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрт бичээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар Д.Тэнүүн, Д.Энгүүн нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн боловч тэдгээр нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хамтран өмчлөгч нараас үнийн санал аваагүй гэх нэхэмжлэл үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр зохигчийн хооронд үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 757 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00436 дугаар шийдвэрийн Удиртгал хэсгийн “..Даваажавын Тэнүүн /РД:УУ16321675/ нарын нэхэмжлэлтэй...” гэснийг “...Даваажавын Тэнүүн /РД:УУ16321675/ нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Э гийн нэхэмжлэлтэй...” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...177.4.” гэсний дараа “, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.” гэж нэмж, “...Д.Энгүүн, Д.Тэнүүн нарын нэхэмжлэлийг...” гэснийг “Ц.Э гийн нэхэмжлэлийг...” гэж, 2 дахь заалтын “...нэхэмжлэгч Д.Энгүүн, Д.Тэнүүн нарын...” гэснийг “...нэхэмжлэгчээс...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД