| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2018/0093/Э |
| Дугаар | 1059 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1059
С.М, С.Онарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Оюунжаргал,
шүүгдэгч/хохирогч/ С.О-нөмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч/хохирогч/ С.М-өмгөөлөгч Б.Нандинчулуун,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Б.Нандинчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.М, С.Онарт холбогдох эрүүгийн 1705009530215 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э овгийн С-ын О ,
2. Д овгийн С-ийн М
Шүүгдэгч С.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анникс” интернет тоглоомын газрын гадаа иргэн С.М-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анникс” интернет тоглоомын газрын гадаа иргэн С.О-гцохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: С.О , С.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...С.О , С.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.О д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-, шүүгдэгч С.О нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч С.М, С.О нарын цагдан хоригдсон 3 хоногийг 15 нэгж буюу 45.000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас тус тус хасч тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 5 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-аас гэм хорын хохиролд нийт 145.000 төгрөг гаргуулан хохирогч С.О д, шүүгдэгч С.О оос гэм хорын хохиролд нийт 600.000 төгрөг гаргуулан хохирогч С.М-д тус тус олгож, хохирогч С.М, С.О нар нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.М-өмгөөлөгч Б.Нандинчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ... мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгааг арилгаж нүүрэлдүүлэн байцаах, ... гэмт хэрэг үйлдэгдсэн үед гэмтэл үүссэн үү, С.О нь С.М-ыг зодох явцдаа өөртөө гэмтэл учруулсан байж болох эсэх талаар тодруулан шалгуулахаар хяналт тавьж буй прокурор болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хүсэлтүүдийг удаа дараалан гаргаж байсан ч прокурор болон шүүхээс татгалзаж шийдвэрлэн, бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шалгуулах, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүй.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар дүгнэлт нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй алдаа гаргаж, С.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ... 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... заасныг тус тус баримтлан шүүхээс хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин буцааж шийдвэрлэсэн байхад С.М-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй” гэсэн үндэслэлээр “шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан ч “агуулга тусгагдсан учраас засвар оруулах шаардлагагүй” хэмээн татгалзаж шүүгчийн захирамж гаргасан. ... өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн агуулгыг бүрэн дүүрэн тусгаагүй, шүүх хуралдаан даргалагчийн шүүх хуралдааны явцад гаргасан шийдвэрийг нэг бүрчлэн тусгалгүй орхигдуулж, өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг утгачлан, агуулгын хувьд хэлэх гэсэн санааг бүрэн дүүрэн тусгахгүй, энэ талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.М-өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О ыг өөртөө гэмтэл учруулсан гэж С.М-өмгөөлөгч хэлдэг. Шинжээч “О д учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд” гэж дүгнэсэн болохоос биш, энэ гэмтлүүд ямар шалтгаан нөхцлийн улмаас, хэнээс үүдэж учирсан гэдгийг тогтоогоогүй, үүнийг тогтоох ч боломжгүй. Энэ гэмтлийг 28 хоногийн дотор эдгэх хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн. Гэмт хэрэг гараад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад шинжээч нараар энэ гэмтлийг дахин тогтоох боломжгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч, хохирогч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргасан тул уг шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хугацааны асуудал яригдана. Тэгэхээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг анхаарч үзээсэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаавал дахин хийгдэх ажиллагаа байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.О , С.М- нарын хэн аль нь идэвхитэй үйлдлээр бие биедээ халдсан талаарх камерийн бичлэг байгаа. Тэнд байсан гэрчүүдээс мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт гарч, мөн шинжээчээс мэдүүлэг авсан. Гэрч Жаргал, Билгүүн нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй, хохирогч ч мөн өөрөө мэдүүлдэг. Шүүгдэгч нарын бие биедээ халдсан үйлдэл нь гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болж байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч С.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анникс” интернет тоглоомын газрын гадаа иргэн С.М-ыг цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруул язарсан шархтай, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.М-ын: “...2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө ... интернэт цахим тогтоомын газарт ...тоглож байгаад би О той тоглоомноос болж маргалдсан. Би уурлаад гадаа гартал миний араас О гарч ирээд бид хоёр барилцаад ноцолдож байтал би унасан, миний нүүр лүү цохисон. Миний үүдэн 1 шүд унасан, 2 шүд хөдөлсөн, урууландаа 5 оёдол тавиулсан. ... би О дээр очиж бид хоёр зууралдаж ноцолдоод харилцан бие биенээ боолцсон” /1хх-13-14, 16-17/,
гэрч Ж.Буянжаргалын: “...Тухайн өдөр ... тоглоомын газарт ... дөнгөж ороод цаг аваад сууж байтал О , М- хоёр юунаас болсон талаар мэдэхгүй, М- уурлаад гарсан. ...түүний араас О гарсан. Удаагүй Жаргал, Билгүүн, О ах бид нар гадаа гарахад О , М- хоёр бие биетэйгээ заамдалцаад, маргалдаж байсан. Нэг хартал М- газар унаж байсан, дээрээс нь О унаж байх үед нь нүүр лүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Салгах үед М- ын үүдэн шүд нь хугарсан, ярьж байгаа байдал нь шүдгүй хүн шиг ярьж байсан” /хх-27-28/,
гэрч А.Билгүүний: “... Тэгтэл О М- ыг мөргөх шиг болсон, энэ үед М- газар унахад О , М- ын нүүр лүү гараараа цохиод, өшиглөж байгаа харагдсан. ...Жаргал, Лувсан, О ын ах бид гурав очиж тэр хоёрыг салгаад, О ыг М- аас холдуулсан. Тэр үед М- ын шүд нь хугарсан байдалтай уруул нь язарч ангайсан, амнаас нь цус гарсан байсан.” /1хх-23/,
шинжээч Н.Энхцолмон /хх-40-41/, шүүгдэгч С.О-нсэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх-48-50, 56-57/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 12430 дугаартай “С.М-биед дээд уруул язарсан шархтай, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-29/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч С.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анникс” интернет тоглоомын газрын гадаа иргэн С.О-гцохиж, эрүүл мэндэд нь “биед тархи дО т, хүзүү, цээжинд зулгаралт, баруун дээд 6-р шүдний эмтрэл, төвөнх, баруун чамархайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.О ын: “... М- залгаад “чи өдөржингөө муриад алга болчих юмаа, гялс Аннекс-д хүрээд ир, ярих ажил байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ах Басбаярын хамт “Аннекс” нэртэй тоглоомын газар очсон. Тэгээд “Аннекс”-д орох үед М- “чи одоо өдөржингөө залгаад байхад утсаа авахгүй яах гээд байгаа юм” гээд намайг хараагаад байсан. ... М- дахиад над руу тоглоомноос болж уурласан. Хариуд нь би “чимээгүй бай, зүгээр тогло л доо” гэж хэлэхэд мөн л над руу хэлэх хэлэхгүй үгээр дайраад хараагаад байсан. Намайг цохих гээд гараараа зангаад “би чамайг өнөөдөр ална” гээд суудлаасаа босоод миний сууж байсан сандал дээр тохсон байсан куртикээ аваад “гараад ир” гээд түлхээд хажуугаар зөрөхдөө миний зүүн чих рүү гараараа атгаж байгаад цохиод гарсан. ... Гарах үед М- ... намайг шууд боогоод машин руу түлхээд зогссон. Тэгэж байтал М- ын найз Жаргал, Басбаяр салгасан. Салахдаа намайг нэг удаа зүүн эрүү хэсэг рүү цохисон. М- дахиж ирээд цамцаар хоолой боохоор нь түлхээд салсан тэр үед мөн намайг өшиглөсөн. ... М- дахин ирж бид 2 ноцолдсон...” /1хх-21-22, 56-57/,
гэрч Х.Жаргалын: “...Бид нар тоглоод сууж байсан чинь М- , О нар нь хоорондоо хэрэлдээд, ... М- нь хэл амаар өдөөд хатгаад байсан. Би тухайн үед тоглож байна гэж бодсон. Гэнэт нэг мэдэхэд М- босож ирээд О ын толгойн ар хэсэг дагз руу алгаараа алгадаад “гарч учраа олъё” гээд байсан. Тэгээд М- гараад явсан, араас нь Билгүүн, О , О ын ах бид нар гарсан. Тэгтэл М- О ыг боож аваад түлхэж шахаад дайраад байсан, тэр үед нь би салгасан. Билгүүн “наад хоёроо орхио, хоорондоо учраа ол” гэж байсан. М- , О нар хоорондоо харилцан цохилцоод байж байгаад М- нэг харахад газар унасан байсан. Тэгээд очоод босгох үед амнаас нь цус гарсан байдалтай байсан. ... Тэр хоёр бие биенээ хоёр хоёр удаа цохисон байх” /1хх-24-25/,
шинжээч С.Төгсбуян /1хх-42-43/, шүүгдэгч С.М-сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх-52-53, 60/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12523 дугаартай “С.О-нбиед тархи дО т, хүзүү, цээжинд зулгаралт, баруун дээд 6-р шүдний эмтрэл, төвөнх, баруун чамархайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” дүгнэлт /хх-32/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч С.М, С.Онарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандинчулуун “Анхан шатны шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар няцаасан, үгүйсгэсэн тайлбарыг хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ... С.О нь С.М-ыг зодох явцдаа өөртөө гэмтэл учруулсан байж болзошгүй. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэрч, хохирогч нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөн шүүгдэгч С.О , С.М- нар нь харилцан идэвхитэй үйлдлээр, бие биедээ хүч хэрэглэн халдаж байгаа нь камерийн бичлэг бүхий сиди болон түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-5-7/, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул С.О нь өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч, гэрч нараас авсан мэдүүлгийг шинжлэн судлахад мэдүүлгийн ноцтой зөрүү тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх, шүүгдэгч С.М, С.Онарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрх зүйлд заасанчлан тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдах заалтууд нэг бүрчлэн тусгагдсан бөгөөд өмгөөлөгч Б.Нандинчулууны “өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг утгачилан бичиж, агуулгын хувьд хэлэх гэсэн санааг бүрэн дүүрэн тусгаагүй” гэж үзэх баримт байхгүй байна.
Мөн өмгөөлөгч Б.Нандинчулуун нь “шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт”-ийг хангахаас татгалзаж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэсэн байх бөгөөд өмгөөлөгчийн гаргасан уг хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1638 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.
Давж заалдах шатны шүүх С.М, С.Онарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.
С.М, С.Онар нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан тул С.М, С.Онарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулж, “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах” талаар гаргасан шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Б.Нандинчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч С.М, С.Онарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Б.Нандинчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ