Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00373

 

Г.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00898 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1194 дүгээр магадлалтай,

Г.Сын нэхэмжлэлтэй,

“Э” ХК-д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С миний бие “Э” ХК-д Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс албан ёсоор тохиролцолгүйгээр, өөрөөр хэлбэл ажилтан миний албан ёсны зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б/61 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёстой. Мөн намайг ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Гэвч миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдол байхгүй.

Тиймээс “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж, мөн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж өгнө үү.

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцон дуусгавар болгосон тухайд: Г.Сын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй болно.

Учир нь нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат нь Г.Сыг, хүний нөөц сургалт судалгааны албаны Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, Сургалт судалгааны албаны ахлах мэргэжилтний ажилд томилох асуудлаар харилцан тохиролцсон бөгөөд Г.С өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа илэрхийлсэн байдаг. Иймд хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон бөгөөд Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 24-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Г.Сыг Сургалт судалгааны албанд Ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан ба Г.С нь тус албаны ахлахаар ажиллан, цалин хөлс авч байгаа болно. Хүний нөөц сургалт судалгааны хэлтэс нь Сургалт, судалгааны алба, Хүний нөөцийн алба гэсэн 2 албатай бөгөөд Г.Сын үндсэн цалингийн сүлжээний шатлал /G4III/ өөрчлөгдөөгүй болно.

Сахилгын шийтгэл ногдуулсан тухайд: Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.Ст сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болох нь доорх тайлбараар тогтоогдоно.

Ажил олгогч гэж хэн бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Мөн тус хуулийн 5.1-д ...Ажил олгогч нь ...ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй... гэж заасан. Ажил олгогч иргэнийг ажилд авах, Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг ажилд томилох ажилд шилжүүлэх, ажил албан тушаал дэвшүүлэх, цалингийн шатлалыг тогтоох асуудлыг гагцхүү ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ. “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Хүний нөөцтэй холбоотой эцсийн шийдвэрийг зөвхөн ажил олгогч гаргах бөгөөд хариуцсан ажилтнууд ажил олгогч гүйцэтгэх захирлын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу боловсруулах, танилцуулах, зохион байгуулах үүрэгтэй. Учир нь Г.С нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.2, 5.2.3 дахь заалтуудыг зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргасан.

Үүнд: Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат, Ахлах мэргэжилтэн Г.С нарт компанийн Өмнөговь аймаг дахь Салбарын бүтэц, орон тоог батлуулах, Салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэтэл Г.С нь Салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох тушаалын хавсралт дахь өөрчлөлтийн талаарх мэдээллийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт мэдээлэлж ажиллаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх захирлын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалуудын хавсралт алдаатай гарсан байдаг. Дур мэдэн зарим ажилтнуудын албан тушаал ажлын байрыг өөрчилсөн, ажил албан тушаал дэвшүүлсэн, цалингийн шатлалыг буруу тогтоосон энэ тухай гүйцэтгэх захирал ажил олгогчид танилцуулаагүй, мэдээллээгүй, Салбарын Хөлсөөр ажиллах гэрээтэй 2 ажилтныг дур мэдэн Салбарын үндсэн ажилтан болгон өөрчилсөн, хүүхэд асрах чөлөөтэй 2 ажилтны ажлын байрыг хадгалаагүй, тус ажлын байранд түр ажиллах байсан ажилтныг үндсэн ажилтнаар томилсон. Гүйцэтгэх захирлын 2018.12.18-ны өдрийн А/459 дүгээр тушаалаар “Э” ХК-ийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны Ахлах мэргэжилтэн Г.С ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор ажлын хэсгээс ажлын байрны тодорхойлолт боловсруулж, батлуулаагүй.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан гүйцэтгэх захирлаас салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг алдаатай хийж гүйцэтгэсэн хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат, Хүний нөөцийн албаны дарга Э.Мөнхдөл нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан, тухайн ажилтнууд тус зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгч Г.Сын “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны Ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, мөн “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00898 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сыг “Э” ХК-ийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Э” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1194 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн 1194 дугаартай магадлалыг ИХШХШТХ-ын 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ажил олгогчийг ажилтантай харилцан тохиролцсон талаарх баримт хэрэгт алга байгаа учир харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн байна. Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат Г.Стой амаар харилцан тохиролцсон талаар шүүхэд тайлбар гаргаж өгдөг бөгөөд үүнийг ч Г.С үгүйсгэдэггүй. Харилцан тохиролцсоны үндсэн дээр тушаал гардаг өдөр Г.С нь Хүний нөөцийн албаны өрөөнөөс Сургалт судалгааны албаны өрөөнд очиж одоог хүртэл ажиллаж байна.

УДШ-ийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж заасан. Хүний нөөцийн албаны дарга Х.Эрдэнэбат амаар Г.Стой хөдөлмөрийн гэрээг цуцалж өөр албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар тохиролцсоны үндсэн дээр “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/62 тоот тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчээс сургалт судалгааны ахлах мэргэжилтэн албан тушаалд 1 сар гаран ажиллаад дараагаар шүүхэд хандсан үнэхээр харилцан тохиролцоогүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн бол тухайн үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гомдол гаргах боломжтой байсан.

ИХШХШТХ-ын 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нотлох баримт болох бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбатын тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/46 тоот тушаалд сахилгын зөрчил гаргасан үндэслэлүүдийг дурдаагүй, энэ талаар тушаал дээр нэг ч үг үсэг байхгүй, 2 ажилтны ажлын байрыг хадгалаагүй, Ө.Баттогтохыг дэвшүүлэн ажиллуулсан гэх асуудалд хамааралгүй байна гэж дүгнэжээ.

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/64 дугаар тушаалд үндэслэх хэсэгт хууль зүйн зүйл заалтыг тодорхой бичсэн бөгөөд компани хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.2, 5.2.3 дахь заалтыг зөрчсөн тул сахилгын сануулах шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1 дэх хэсэгт “хууль тогтоомж, компани дотоод дүрэм, журам, ...бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах” гэсэн заалтыг хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дээр заасан ажил үүргийн хувиар 2018 оны бүтэц орон тооны томилгоонд хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлын Б/703 дугаар тушаалыг алдаатай боловсруулсан нь Г.Сын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэг дэх бусад баримтаар тогтоогдсоор байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2 дахь хэсэгт “удирдах удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнууд хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж гүйцэтгэлийг эргэн мэдээлэх” гэсэн заалтыг зөрчсөн нь Г.С ажлын байрны тодорхойлолтыг  боловсруулаагүй, Ө.Баттогтохыг дэвшүүлэн ажиллуулсан, урамшуулал олгосон ажилчдын нэрс дотор урамшуулалд хамрагдахгүй гэрээт ажилчид оруулсан зэрэг буруутай үйлдэлдээ шууд удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, удирдлагуудад ажлаа тайлагнаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг алдагдуулсан, үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул гүйцэтгэх захирлын зүгээс удирдах 2 албан тушаалтан болон гүйцэтгэгч ажилтан болох Г.С нарт сахилгын сануулах шийтгэл оноосон зэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Компани ажилтнуудын тушаал буруу гаргадаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй ажилтнуудад /хүний нөөцийн хэлтсийн дарга, албаны дарга, ахлах мэргэжилтэн/ ажил олгогчийн зүгээс сахилгажуулах үүднээс сануулах арга хэмжээ авсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.С нь “Э” ХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, “...шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгч Г.С “Э” ХК-ийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгож дуусгахаар, мөн өдрийн Б/62 тушаалаар Г.Сыг Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн сургалт судалгааны албанд ахлах мэргэжилтнээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг ажилтантай харилцан тохиролцоогүй, албан ёсны зөвшөөрлийг аваагүй гэх үндэслэл зааж ажил олгогчийн тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэн, шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид гаргах бөгөөд тухайн хүсэлт хуульд заасан шаардлагыг хангасан, уг өргөдлийг гаргах болсон учир шалтгаан тодорхой, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл, хүсэлтээ гаргасан байхыг шаардана.

Хариуцагч нь ажил олгогчоос ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлж, цалин хөлс, зэрэглэл адил өөр ажил, албан тушаалд томилсныг ажилтан хүлээн зөвшөөрч, шинээр томилогдсон ажил, үүргээ хүлээн авч, ажлаа үргэлжлүүлж байгаа нь түүнтэй харилцан тохиролцсон байдлыг нотолно гэж тайлбарлах боловч ажил олгогчоос ажилтантай харилцан тохиролцсоныг нотлох баримт, тухайн ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн ажилтны хүсэлт хэрэгт авагдаагүй тул Г.Сыг Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. дэх заалтад нийцээгүй гэж үзэн, ажилтныг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

  Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 тушаалаар Г.Сыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1., Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3., 9.5.6., Хөдөлмөрийн дотоод журмын 2.5., 4.1.4., 5.2.1., 5.2.2., 5.2.3., 8.1.1., хөдөлмөрийн гэрээний 4.1.1. дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажилтан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй  биелүүлсэн тохиолдол байхгүй...” гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, холбогдох нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул гомдлын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал: “Э” ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/459 тушаалаар “Э” ХК-ийн Ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлыг хэсгийг байгуулж, нарийн бичгийн даргаар хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнийг томилж, шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарны 15-ны дотор компанийн гүйцэтгэх захиралд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байтал ажлын хэсэг хангалтгүй ажилласны улмаас ажлын байрны тодорхойлолтууд товлосон хугацаандаа батлагдаагүй, дээрх асуудалтай холбогдуулан Гүйцэтгэх захирлаас салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг алдаатай хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчтэй хамт ажлын хэсэгт ажилласан Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат, хүний нөөцийн албаны дарга Э.Мөнхдөл нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөн Гүйцэтгэх захирлаас компанийн Өмнөговь аймаг дахь салбарын бүтэц, орон тоог батлуулах, салбарын ажилтнуудыг чөлөөлөх, томилох ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг даалгавар өгснийг гүйцэтгэлийг эргэн мэдээлж ажиллаагүй, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тушаалын хавсралтыг алдаатай гаргаж, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсанаас Гүйцэтгэх захирлын Б/703тоот Ажилтнуудыг ажилд томилох тухай тушаалын хавсралтад заагдсан ажилчдын ажлын байр, цалингийн зэрэглэл зэрэг алдаатай гарсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогджээ.

Ажилтны дээрх үйлдэл Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1., 5.2.2.-т заасан ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх гэсэн заалтыг зөрчсөн тул ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн дотоод журмын 4.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагчийг сахилгын нэг зөрчилд шийтгэлийг давхардуулан олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3. дахь заалтыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс буруутгасан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөв гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүйгээс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., хэргийг бүхэлд нь хянах 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан үүргээ биелүүлээгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/49 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1194 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00898 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...“Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.” гэснийг “...“Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргалын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД