Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0210

 

2019 оны 04 сарын 01 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц даргалж, шүүгч Б.А, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х О ХХК

 Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х О ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, Х О ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эд, иргэдийн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х О ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын газарт хандахад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Засаг дарга батлах үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Х О ХХК-ийн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан байна.

Уг захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, Х О ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад татгалзах зүйлгүй болохоо мэдэгдээд байгаа болно.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 7/263 дугаар албан бичигт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоход шийдвэр гардаггүй тухай дурджээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Х О ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, Х О ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх иргэн Л.Тд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Өлөнт нэртэй 451,3 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-010515 дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр ХО ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба Х О ХХКнь ашигт малтмалын хайгуулын ХV-010515 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргахаар заасан ба хуулийн хугацаанд өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Х О ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйгээ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч нэхэмжлэгч Х О ХХК-ийн хувьд тухайн үед хугацаа сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй. Мөн ямар шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгааг бичгээр ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Х О ХХКнь тусгай зөвшөөрлөө сунгуулах талаар ямар ч оролдого хийгээгүй. Мөн тухайн компанийн хувьд 2014 онд тусгай зөвшөөрлийн төлбөр болон зардлын доод хэмжээгээ баталгаажуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал нь уг зөвшөөрлийг хүсэхдээ цаг хугацаанд нь бичиг баримт болон өргөдлөө бүрдүүлээгүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зөв болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х О ХХК-ийн захирал Н.А нь тус шүүхэд анх Ашигт малтмалын хайгуулын XV-010515 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ашигт малтмалын хайгуулын ХV-010515 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодруулсан байна.

Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан хүрээнд нь хянаад Х О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар 2 удаа очсон боловч уулзаж чадаагүй, уг төлөвлөгөөг батлуулаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан бичиг баримтын бүрдэл хангагдахгүй болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй болсон..., хариуцагчаас бидэнд мэдэгдэл хүргүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анх нэхэмжлэгч ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт нэртэй 451,3 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-010515 тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр олгож, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлж, улмаар хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргана гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, нэхэмжлэгч компани нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг, холбогдох баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгч дурдсан хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бид хугацаандаа гаргасан боловч Ашигт малтмалын газрын үүдэнд сууж байсан хүн амаар бүрдэл дутуу учир авахгүй гэж хэлээд уг албан бичгийг нотлох баримтын хамт аваагүй гэх боловч хариуцагчийн хэрвээ манай байгууллагад цаг хугацаанд нь тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс хуульд заасан бусад баримтуудыг хавсаргаад бичгээр ирүүлсэн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээс ийм баримт дутуу байна гэж тэмдэглэх байсан, мөн үнэхээр өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулж чадаагүй бол ямар шалтгаанаар батлуулж чадахгүй байгаа талаарх хүсэлтээ гаргаж өгөх бүрэн боломжтой байсан, гэвч нэхэмжлэгч огт тийм ажиллагааг хийгээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар Х О ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталсан байх хэдий ч хэзээ гарсан, хэдий хугацаанд үргэлжилсэн гал түймрийн улмаас Засаг дарга ямар эс үйлдэхүй гаргасан, энэ нь Х О ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад хүндэтгэх шалтгаан болох эсэх талаар шийдвэрт тусгагдаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 22 дугаар зүйлийн 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч компани нь дээр дурдсан хуулийн хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлд ХV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, улмаар дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0545 дугаар магадлалд нэхэмжлэгч хуулийн этгээдэд Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөн олговор олгох эсэх талаар болон уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар хариуцагчид хандаж байсан эсэх, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тухай хэзээ мэдэгдсэн талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах гэж дурджээ.

Хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүргийг Ашигт малтмалын тухай хуулиар хариуцагчид хүлээлгээгүй байна. Энэ талаар хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тусгай зөвшөөрөл дуусгавар болоход Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй тул мэдэгдэл явуулдаггүй болно гэх тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай бол үйл ажиллагаа хэвийн үргэлжилж болно. Маргаан бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамаарах боловч нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаж байгаагүй гэснээр нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад нөхөн олговор авахаар хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч үүргээ биелүүлэхээр захиргааны байгууллагад хандсан боловч бичиг баримтын бүрдэл дутуу гээд хүлээж аваагүй, ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад 3 жил зарцуулсан гэх тайлбар өөр бусад баримтаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Х О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х О ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, Х О ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ