Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 139

 

Ж.Н-, Д.Х-, Д.А-, П.Б-, Д.Т-, С.Т-, М.Э-, Ч.Э-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01613/и

          Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаар  шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Ж.Н-, Д.Х-, Д.А-, П.Б-, Д.Т-, С.Т-, М.Э-, Ч.Э- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

          “нэг удаагийн тэтгэмж гаргуулах”   тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нараас:

            Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох группт орсон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд доод тал нь 20 гаруй жил, дээд тал нь 30 гаруй жил ажилласан байна. Бид Геологи, Уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу “Шарын гол” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймээс Шарын гол ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад МШӨ-ний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж Ж.Н-т 10,368,000 төгрөг, Д.А-д 9,984,000 төгрөг, Д.Х-д 9,984,000 төгрөг, П.Б-эд 8,064,000 төгрөг, Д.Т-ад 10,368,000 төгрөг, М.Э-д 12,288,000 төгрөг, С.Т-д 10,752,000 төгрөг, Ч.Э-д 9,216,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагаас:

Тус ахмадууд нь 1974-1982 оны хооронд Шарын голын уурхайд орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифт зааснаар геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилчдыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байна. 2013-2014 оны хамтын тарифын хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгсөн байна. Хөдөлмөрийн хуульд байгууллагууд өндөр настай ахмадууддаа тэтгэмж олгох талаар заасан байдаг. Эдгээр ахмадууд нь Шарын голын уурхайд тэтгэмж гаргуулахаар хандаж байсан. Хариуцагч тал өөрсдийн хуульд заасан үүргийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.. Шарын голын уурхайн хувьд ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Энэ тохиолдолд ахмадууд хамтын маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй гэж байна, эдгээр ахмадуудад тэтгэлэг өгөх нь ажил олгогчийн үүрэг. Хамтын хэлэлцээрийн тарифыг хамтын гэрээнд тусгасан тусгаагүй уул уурхайн салбарт заавал дагаж мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан байна. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээндээ нөхөн төлбөр нэрээр тусгасан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайванаас:

Нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн Шарын гол сумын Засаг даргын 2015.03.05-ны өдрийн 27 дугаартай захирамж, 2016.02.01-ний өдрийн 09 дугаартай захирамж нь хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх, хамтын маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоогүй бөгөөд хамтын маргаан үүссэн эсэхээс үл хамааран зөвхөн ахмад настнуудын өргөдөл хүсэлтийг үндэслэн зуучлагч, арбитрч томилсон тухай захирамж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ гэж заасан тул аливаа хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг зөвхөн “Шарын гол” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо эдлэхээр хуулиар зохицуулсан байна. Хамтын маргаан үүсгэх нь хууль зүйн олон үр дагавартай, ажилтнуудын хувь заяатай холбоотой байдаг тул дурын хэн нэгэн этгээдэд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг олгохгүй зөвхөн тухайн байгууллагын нийт ажилтны хүсэл зориг байх ёстой гэдгийг хууль тогтоогч хатуу хуульчилж өгсөн. Хөдөлмөрийн хамтын маргаантай холбоотой асуудлыг зуучлагчаар, арбитраар, шүүхээр аль нь ч байсан зөвхөн ажилтны төлөөлөгчид тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, тайлбар, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэвч мөн л шүүхэд ажилтны төлөөлөгчид биш өөр этгээдүүд нэхэмжлэл гаргасан байгаа нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл байна. Хамтын тарифын хэлэлцээрийг үндэслээд нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамтын хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээндээ тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш хүн хамтын тарифын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хамтын гэрээнд тусгаж мөрдөж ажиллана гэж хамтын хэлэлцээрт заасан байна. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилчдын асуудлыг зохицуулахаар журамласан болохоос урьд ажиллаж байсан ахмадуудад хамаагүй гэж үзэж байна. Хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг хамтын гэрээнд зааж өгөөч гэж нэхэмжлэгч нар хүсэлт өгснийг тухайн үеийн удидлагууд санхүүгийн боломжгүй байгаа тул дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байгаад хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Эдгээр хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар тэтгэмж гаргуулж авсан. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Энэ тохиодолд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Ж.Н-т 4,992,000 төгрөг, Д.А-д 5,184,000 төгрөг, Д.Х-д 4,800,000 төгрөг, П.Б-эд 4,032,000 төгрөг, Д.Т-ад 5,184,000 төгрөг, М.Э-д 5,952,000 төгрөг, С.Т-д 5,376,000 төгрөг, Ч.Э-д 4,608,000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ж.Н-ийн 5,376,000 төгрөг, Д.А-ийн 4,800,000 төгрөг, Д.Хишиг-Эрдэнийн 5,184,000 төгрөг, П.Б-ийн 4,032,000 төгрөг, Т.Т-ын 5,184,000 төгрөг, М.Э-ийн 6,336,000 төгрөг, С.Т-гийн 5,376,000 төгрөг, Ч.Э-гийн 4,608,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Шарын гол” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358,440 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.1.2-т “ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж маш тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш. Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн Ерөнхий зүйл буюу 1 дүгээр зүйлийн 1.1-д “салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд  хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны багууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана” гэж заасан бөгөөд хамтын гэрээндээ тусганы үндсэн дээр хэрэгжүүлэх нь энэхүү заалтаас тодорхой харагдана.

Хамтын гэрээнд тусгаж байж хэрэгжүүлнэ гэдэг нь Хамтын хэлэлцээрийн заалт, Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт зэргээс гадна хамтын хэлэлцээрийн нэг тал болох салбарын ажил олгогч эздийн төлөөлөгчдийн нэрсээр тодорхой харагдана. Шүүх хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэснээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдснаас үзэхэд хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ёстой хамтын хэлэлцээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Хамтын гэрээ гэдэг бол ажил олгогч дангаараа бүх нөхцөлийг нь тохирч, дангаараа хүчин төгөлдөр болгодог асуудал биш байхад энэхүү асуудлыг хамтын гэрээнд байхгүй байсан ч тусгах ёстой асуудал байсан тул хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульт ёсыг бүдүүлгээр  зөрчсөнийг харуулна. Хэлэлцээрийн заалтыг аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг нь шийдвэрлэж хамтын гэрээндээ оруулсан тохиолдолд л шаардах эрх үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй  байх тул  хангахгүй орхих нь  зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Н-, Д.А-, Д.Х-, Л.Б-, Д.Т-, М.Э-, С.Т-, Ч.Э-  нар  хариуцагч  “Шарын гол”  ХК-д холбогдуулан  өндөр насны тэтгэвэр  тогтоолгосон тохиолдолд  олгох нэг удаагийн тэтгэмж   гаргуулах  шаардлага  гаргасныг  хариуцагч эс зөвшөөрчээ.

Дээрх нэр бүхий нэхэмжлэгчид  нь  Шарын голын  уурхайд  ажиллаж  байгаад,  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  хөдөлмөрийн чадвараа алдаж,  эмнэлгийн хяналтанд орж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах  комисст  гаргасан хүсэлтийн  дагуу  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалж, өндөр насны тэтгэвэр  тогтоолгосон  үйл баримт  тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй  байна.

Нэхэмжлэгч нар нь   тэтгэмжийг  “үйлдвэрлэлийн осол мэргэжлээс  шалтгаалах өвчний улмаас  группэд  байгаа иргэдээс  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд  салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  салбарт ажилласан жилээр  үржүүлж  нэг удаа тэтгэмж  олгох”  тухай   Геологи, Уул уурхайн салбарын  2012-2013 оны   хамт  \тариф\-ын  хэлэлцээрийн  дагуу   384.000  төгрөгийг  хүн тус бүрийн ажилласан  жилээр үржүүлэн  Ж.Н-, Д.Х-  \26 жил \ 9.984.000 төгрөг, Д.А-, Д.Т- \27 жил\ 10.368.000 төгрөг, П.Б-  \21 жил\  8.064 .000 төгрөг, М.Э- \31 жил\  12.288.000 төгрөг, С.Т- \28 жил\  10.752.000 төгрөг, Ч.Э-  \24 жил\ 9.216.000 төгрөг гэж   тооцоолсон байна.

Хариуцагч   “хамтын хэлэлцээр нь  өнөөдөр ажиллаж байгаа ажилчдын  асуудлыг  журамласан болохоос  урьд ажиллаж байсан ахмадуудад  хамаагүй  гэж үзэж байна.  ... хэлэлцээрийн  5.5 дахь заалтыг хамтын хэлэлцээрт зааж  өгөөч  гэж  нэхэмжлэгч нараас хүсэлт өгсөнийг  тухайн үеийн удирдлагууд  санхүүгийн боломжгүй байгаа тул  дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй  талаар  хариу  мэдэгдсэн...,  ...Эдгээр хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  группэд гарах үедээ  Хөдөлмөрийн тухай хуулийн  97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар  тэтгэмж  гаргуулж авсан. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас  дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг”  гэсэн  агуулгатай хариу  тайлбар  гаргасан байна.

Хөдөлмөрийн  тухай хуульд зааснаар   үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтанд учирсан хохирлыг нөхөх  зорилгоор  даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан  ажил олгогч  нөхөн төлбөр  өгөх  үүрэгтэй учраас  нэхэмжлэгч нарыг  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  группэд  гарахад  тэтгэмж  олгосон нь  тэтгэвэр  тогтоолгоход  олгох нэг удаагийн  тэтгэмж  нэхэмжлэхэд саад болохгүй юм.

            Нэхэмжлэгч нар нь тоосжилтын  болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушиг тэлэгдэлт, уушиг-зүрхний дутагдал, уушигны хавдар,  доод мөчдийн хураагуур судас өргөсөх, гүний судсанд үечилсэн бөглөрөлт өвчний  шалтгаанаар  1998-2006 онд  эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэрээр хөдөлмөрийн чадварын 60-65 хувийг алдсанаар 45-50  настайдаа группэд орж  10 гаруй  жил  группын  хугацаа  сунгагдаж, тэтгэврийн нас хүрсэнээр  тэтгэвэр  тогтоолгожээ.

            “Шарын гол”  ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд   байгуулсан  хамтын гэрээнд   ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр  тогтоолгохоор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа ажилтанд  ажилласан жилийг харгалзан  6- 24 сартай тэнцэх  Салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний  тэтгэмжийг нэг удаа олгохоор тусгажээ.

            Гэтэл мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эмнэлгийн хяналтанд орж,  хөдөлмөрийн чадвараа алдаж, эрүүл мэндэд нь хохирол учирсан  ажилтны  талаар  дээрх хамтын гэрээгээр  зохицуулаагүй  орхигдуулжээ.

            Хөдөлмөрийн тухай хуульд  хамтын гэрээгээр  зохицуулах  харилцааг энэ хуулиар  шууд зохицуулагдаагүй харилцааг зохицуулна. Үүнд:  үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа,  нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал  бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох, ... тахир дутуу ...,  ... хүний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах...,  ...байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир  дутуу эрүүл мэнд нь хохирсон  ажилтны амьжиргааг сайжруулах  ..., -ыг тусгана гэж,

Геологи, Уул уурхайн  салбарын 2012-2013  оны  хамт \тариф\-ын  хэлэлцээрийн  1.1-д “...өмчийн хэлбэр харгалзахгүй  аж ахуйн нэгж, байгууллагууд  хамтын гэрээ байгуулан  ...,  ... мөрдөж  ажиллана.” ,  5.5-д  “Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас   группэд байгаа иргэдээс  өөрсдийн хүсэлтээр  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд  салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж  нэг удаа тэтгэмж  олгохоор  зохицуулсан байна.

            Иймд нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн хууль болон Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн дагуу  нэг удаагийн  тэтгэмж  шаардах  эрхтэй  гэж үзнэ.

            Шүүх  нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагаас    хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  192.000 төгрөгийг хоёр дахин  буюу  384.000 төгрөгөөр  тооцсоны  зарим болох тавин хувь 192.000 төгрөг болгожээ. Энэ нь Иргэний хуулийн  218 дугаар зүйлийн 218.1-д заасан  “төлбөр  гүйцэтгэх хугацаа  болохоос өмнө  мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн  ханшаар тооцож төлбөрийг төлнө“ гэсэн зохицуулалттай нийцээгүй  байна.

Нэр бүхий найман  нэхэмжлэгч нь   2013 оны  09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчдын тайлбар,  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь,  хугацаа  цуцалсан актаар тогтоогдсон бөгөөд  2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны  08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг  байсан учир  энэ  хэмжээг  харгалзаж тооцох ёстой.

Нэхэмжлэгч нар  салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон  талаар нотлох баримтыг шүүхэд  ирүүлээгүй  учир  дээрх  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай  хуулийг  баримтлах   боломжтой.

Иймд шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг  буруу  тодорхойлсон  алдааг засан,  өөрчлөлт  оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдсан гомдлыг  дээрх  үндэслэлээр хангахгүй орхих нь  зүйтэй гэж  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтанд:  

 “...Ж.Н-т  3.650.000, Д.А-д 3.790.000, Д.Х-д  3.510.000, Л.Б-эд  2.948.400,  Д.Т-ад 3.510.000, М.Э-д  4.352.400, С.Т-д  3.931.200,   Ч.Э-д 3.360.600 төгрөг... гаргуулан олгож,  нэхэмжлэлээс  Ж.Н-ийн  6.718.000, Д.А-ийн  6.194.000, Д.Хишиг-Эрдэнийн  6.474.000, Л.Б-ийн  5.115.600, Д.Т-ын  6.858.000, М.Э-ийн  7.935.600, С.Т-гийн 6.820.000, Ч.Э-гийн  5.855.400 төгрөгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.”  гэж,  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “358.590 төгрөг гаргуулж” гэснийг “303.213 төгрөг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ө.Энхтайванаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.590 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                          ШҮҮГЧИД                                             Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ