Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: ГЕГ. УХШИГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н миний бие, өөрийн хувийн хүнсний хэрэгцээндээ зориулж Америкийн Нэгдсэн Улсад байрлалтай интернет дэлгүүрээс /Оп-line shop/ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох ELEV8, АСЕLЕR8, нэртэй бүтээгдэхүүнийг захиалж, худалдан авч, улмаар тэдгээрийг улс хоорондын шуудан илгээмжээр дамжуулан Монгол улс дахь өөрийн гэрийн хаягаар хүлээн авч байсан болно. Гэтэл 2020 оны 01 дүгээр сараас эхлэн захиалсан илгээмжийг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар саатуулж эхэлсэн. Шалтгаан нь миний захиалсан бараа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд дурдагдсан Биологийн идэвхт бүтээгдэхүүн учир тусгай зөвшөөрлөөр, аж ахуйн нэгжийн нэр дээр орж ирдэг бараа учир хувь хүнд олгохгүй гэсэн тайлбарыг өгч, улмаар миний илгээмжийг саатуулсан болно.

Миний бие дээрх гаалийн шийдвэр болон үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Учир нь тус барааг үйлдвэрлэгч болох Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй  бүртгэлтэй В-ЕРIC компани нь өөрийн бүтээгдэхүүнээ олон жилийн турш өөрийн интернет дэлгүүрээр дамжуулан дотоод, гадаадын зах зээл дээр чөлөөтэй түгээж, улмаар өөрийн бараагаа DIЕТАRҮ SUPPLEMENT гэж тодорхойлж байгаа.

Америкийн Нэгдсэн Улсын хуулиар (21 USC Ch. 9: FEDERAL FOOD, DRUG8 AND COSMETIC ACT) DIETARY SUPPLEMENT-ийг хэсэгчлэн "хоолны найрлага" (DIET) агуулсан, амаар хүртдэг бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. "Хоолны найрлагад” (DIET) витамин, эрдэс бодис, амин хүчил, ургамал эсвэл ургамлын гаралтай бэлдмэл, түүнчлэн хоолны дэглэмийг нөхөхөд ашиглаж болох бусад бодис орно. Хоол тэжээлийн нэмэлт тэжээл нь шахмал, капсул, нунтаг, энергийн бар, шингэн гэх мэт олон хэлбэрээр гардаг.

Эдгээр бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн Улсын өнцөг булан бүрт байдаг дэлгүүрүүдээс гадна онлайн хэлбэрээр авах боломжтой. Эдгээрийг хоол тэжээлийн нэмэлт гэж шошголсон бөгөөд үүнд багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. Хоол тэжээлийн нэмэлт тэжээл нь өвчний үр нөлөөг эмчлэх, оношлох, эмчлэх, арилгахад зориулагдаагүй болно гэж тайлбарласан байна.

Америкийн Нэгдсэн Улсын үйлдвэрлэгчийн тодорхойлолтоос тус бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт тэжээл болон эм, эмчилгээнд зориулагдаагүй гэж тодорхойлсон байна. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид өгсөн бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийсэн дүгнэлтэд тус бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлт бутээгдэхуун гэж тодорхойлсон байна. Гаалийн төв лабораторид тус бүтээгдэхүүний барааны ангиллын кодыг 2106.90.19. буюу биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ.

Барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”- ийн тухай Олон Улсын конвенцийн дагуу тодорхойлдог. 2106.90.19 гэсэн код нь Хүнсний төрөл бүрийн бэлдмэл гэсэн бүлэгт багтдаг болно. Монгол Улс тус ковенцид 1991 онд нэгдэн орсон, иймд тус конвенцид хэрэглэдэг нэр томъёог өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх ёстой. Гэтэл гаалийн газар нь “Хүнсний төрөл бүрийн бэлдмэл” нэртэй 21-р бүлэгт багтдаг барааг “Эмийн төрлийн” 30-р бүлэгт хамаатуулан энэхүү конвенцыг ноцтой зөрчиж байна.

Хүнсний ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг, хувь хүн, улсын хилээр нэвтрүүлэх хориотой гэж гаалийн газар үзэж байна, энэ нь илт хууль гуйвуулсан асуудал юм. Миний захиалсан барааг, гааль нь импортын барааны төрөлд тооцож зөвхөн хуулийн этгээд импортолно гэсэн Хүнсний тухай хуулийн заалтыг/11.1/ өрөөсгөл байдлаар ашиглаж байгаа нь хүнд суртлын тод үлгэр жишээ болно. Монгол Улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглох бүлэв барааны жагсаалтад болон тарицын бус  хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтад хүнсний төрлийн бүтээгдэхүүн ороогүй болно.

Алгын чинээ хэмжээтэй, нийт жин нь 450 грамм, 2 ширхэг хүнсний барааг импортын буюу арилжааны шинж чанартай бараа гэж гаалийн газар үзэж байгаа нь Гаалийн тухай  хуулийн /2.2, 3.19, 6.1, 78.1.6, 79.6.3, Гаалийн тарифын тухай  хуулийн 29.1.4,  Хүнсний тухай хуулийн 1 дүгээр зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3.4 зүйлд заасныг тус тус илт зөрчиж байгаагийн илэрхийлэл болно.

Миний бие Гаалийн газрын бичгийн дагуу Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд хандаж энэ асуудлыг тодруулж хариу авахад тус төв нь Эрүүл мэндийн сайдын А/295 тушаалын дагуу зөвхөн үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч эсвэл үндэсний үйлдвэртэй харьцдаг, Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, арилжаалах, ашиг олох зорилготой, зөвхөн эм, эмчилгээнд зориулагдсан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэж авдаг, дүгнэлт гаргадаг байгууллага мөн гэж тодорхойлжээ. Үүний сацуу, хэрвээ үйлдвэрлэгч орон, эсвэл үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг хүнсний төрөлд хамааруулж байвал бүртгэж авахгүй гэж Журамд заасныг мөн тайлбарлажээ.

Ийм учраас тус Эрүүл мэндийн хөгжлийн төв нь иргэн надад, өөрийн хувийн хэрэгцээнд захиалсан хүнсний бүтээгдэхүүний асуудал тус Төвд хамаагүй гэдэг хариулт, ойлголтыг надад өгсөн болно.

Дээрхийг дүгнэж үзвээс миний захиалсан барааны олон улсын нэр нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн харин дотоодын хэрэглээндээ бол Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “шим тэжээллэг хүнс”-д багтах бараа учир гаалийн газрын зүгээс миний илгээмжийг саатуулах ямар ч хууль

эрх зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Миний бие сүүлийн хэдэн жилийн хугацаанд өөрийн хүнсний хэрэгцээндээ тохируулж, гадаад, дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийн хүрээнд эрүүл мэндтэй шууд холбогдуулан амьд явах эрхээ хангахын тулд дотоод гадаадын бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Миний бие эмч хүн биш болохоор өөртөө эм захиалахгүй. Гаалийн тухай хууль болон бусад хуулийг маш сайн мэдэж байгаа учраас энэ бүтээгдэхүүнийг эм гэж үзээгүй. Үйлдвэрлэгч нь хүртэл эм гэж үзээгүй юм. Хүнсний төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд гаалийн байгууллага эм гэж үзээд тусгай зөвшөөрлийг надаас нэхсэн. Гаалийн газраас тавьсан шаардлагыг ямар нэгэн байдлаар би биелүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын надад тавьсан шаардлагыг ямар нэгэн байдлаар би биелүүлж чадахгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тоот байдаг. Үүнийг маш тодорхой бичсэн хэрэгт  авагдсан.  Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа бөгөөд тухайн улс орондоо хүнсний төрлийн бүтээгдэхүүнд тооцогддоггүй. Ашгийн төлөө шинж чанартай хуулийн этгээд эмийг оруулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд Эрүүл мэндийн үндэсний төв судалж үзээд зохих зөвшөөрлийг олгодог.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 295 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар биологийн бүтээгдэхүүн бүртгэх журам батлагдсан. Энэ журмын 1.16-д “...биологийн бүтээгдэхүүний бүртгэлд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч тусдаа хүнсний бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэж заасан.

Гаалийн байгууллага бүртгэхгүй зүйл шаардаад хууль бус зүйлийг шаардсан гэж үзэж байна. Хэрвээ хүнсний төрлийн бүтээгдэхүүн байгаа бол бүртгэхгүй байх шаардлага тавьсан байх ёстой. Гаалийн ерөнхий газраас тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

Монгол Улсад одоогоор биологийн идэвхт бүтээгдэхүүн, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хоёрын ялгааг сайн гаргаагүй байгаа гэж үзэж байна. Гэхдээ зохих дүрэм журмыг сайн судалж үзвэл ялгаа нь гарч ирнэ.

Гаалийн ерөнхий газар өмнө нь хэрэглэж байсан Эрүүл мэндийн яамнаас гаргасан 295 дугаар тушаалаас өмнө мөрдөж байсан хандлагыг Гаалийн ерөнхий газар хэрэгжүүлээд байгаа юм. Эрүүл мэндийн яам 295 дугаар тушаалаар өөрсдийн дотоод дүрэм журмаа заагласан байхад Гаалийн ерөнхий газар үүнийг мөрдөөгүй, өмнө нь хэрэглэж байсан дүрэм журмыг баримтлан энэхүү бүтээгдэхүүнийг ялгахгүй байгаа гэж үзэж байна. Гаалийн ерөнхий газар надад хандахдаа хүнс байсан ч танд буцааж өгөхгүй гэж тайлбар өгсөн. Б.Төгсмөнх гэдэг улсын байцаагч нь энэ асуудалд эхний өдрөөс хариуцан ажиллаж байгаа хүн.  Захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд гаалийн байгууллага миний бүтээгдэхүүнийг өгөхгүй гэх асуудал тулгамдаж байна. Гаалийн ерөнхий газар хуулийн заалтыг илт гуйвуулж хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж, буруу ашиглаад байна.

Иймд, иргэн Б.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир гаалийн газрын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...“ гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Америкийн нэгдсэн улсаас нийт 75 иргэнд / ELEV8, АСЕLЕR8, НҮDR8 / гэх биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг Улсын хилээр нэвтрэхийг хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа байсан тул гаалийн хяналт, шалгалтын явцад илрүүлэн Монгол улсын хилээр нэвтрүүлээгүй болно. Үүнээс РХ142259350DЕ эдийн тодорхойлолттой Баянгол дүүрэг 15 дугаар хороо 21 байр 88 тоот хаягтай илгээмж хүлээн авагч Бөмбөг овогтой Насанбатын илгээмжид өөрийн хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид БТКУС /барааг тодорхойлох кодлох, уялдуулах систем/ -ыг тодорхойлуулахаар илгээсэн болно.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн №000369 тоот дүгнэлтээр / ELEV8, АСЕLЕR8, НҮDR8 / тус бүтээгдэхүүнүүд нь 2106.90.19 кодод хамаарах биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байсан нь тогтоогдсон тул иргэн Б.Н-д олгох боломжгүй, Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй болно. Иргэн Б.Нын илгээмж нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор 3.1.25. “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие мах бодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг гэж тодорхойлсон байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх “Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс“-оос эм ханган нийлүүлэх байгууллагын албан ёсны зөвшөөрөл авсан байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрөл олгодог болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Илгээмж хүлээн авагч иргэн Б.Н Гаалийн тухай хуулийн болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Иймд Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 02-4/268 албан бичиг №000369 тоот дүгнэлт, Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасныг үндэслэн иргэн Б.Н-ын илгээмж болон бусад ижил төрлийн илгээмж хүлээн авагч 75 иргэдийн илгээмжийг “Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5 дахь зүйлийн 1.1 заалтын дагуу гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй болно...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан байдаг. Манайхаас иргэн Б.Н-д зөвлөсөн шинжтэй шийдвэр гаргаж танилцуулсан. Захирамжилсан шинжгүй тул захиргааны акт мөн гэж үзэхгүй байна.

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас нийт 75 иргэнд биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг Улсын хилээр нэвтрэхийг хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа байсан тул хяналт, шалгалтын явцад рентген аппаратаар эм эмнэлгийн, биологийн идэвхт үл мэдэгдэх бүтээгдэхүүн илрүүлж, гаалийн байгууллага эрсдэлд тооцож ажилласан.

Гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь хүн амын эрүүл аюулгүй байлгах үүднээс хяналт тавьж ажилладаг. Тухайн бүтээгдэхүүн Монгол Улсад орж ирснээр хүн амын эрүүл мэндийг эрсдэлд оруулах асуудлаас хамгаалж ажилладаг. Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 223.1.1-т “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа” гэж заасан. Хориглосон барааг оруулж ирсэн байсан.

 Засгийн газраас баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалт” гэж байдаг. Энэхүү жагсаалтын 11-т “Зохих зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж заасан. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3-т зохицуулсан бараа байгаа юм. Гаалийн тухай хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.” гэж заасан. Энэ заалтыг үндэслээд гаалийн байгууллага барааг саатуулсан. Мэргэжлийн газруудад дүгнэлт гаргуулсны дараа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үү, биологийн идэвхт бүтээгдэхүүн үү гэдэг нь тодорхой болно. Гэтэл бүтээгдэхүүн нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байсан.

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д “Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараахь зүйлийг хориглоно” гэж заасан. Мөн хуулийн 15.9.3-т “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох.” гэж зааж өгсөн. Иймд тухайн бүтээгдэхүүнд тусгай зөвшөөрөл шаардсан. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Бүртгүүлсний дараа иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрлийг авч, импортоор оруулж ирэх ёстой. Дээрх хуулийг үндэслээд Б.Н-д удаа дараа шаардлага тавьж, манайд гомдол хүргүүлэн гомдлыг шийдвэрлэсэн. Бид хуулийн дагуу ажилласан...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч өөрөө хувийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн гэж тайлбарлалаа. Гол асуудал нь гаалийн байгууллага хилээр нэвтрэх барааг кодолдог. Олон Улсын гэрээ конвенцид нэгдэн орж, тухайн жагсаалтыг суурь болгон хуультай хамт хэрэглэдэг. Гаалийн итгэмжлэгдсэн лабораторийн хувьд барааг кодолж ангилсан. Маргаан бүхий бүтээгдэхүүн нь “21069019” гэдэг кодтой биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж лаборатори шинжлэн гаргасан.

Иймд тус бүтээгдэхүүн нь хүнс биш, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар тус бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүн гэж ярьсан. Бид үүнийг үгүйсгэж байгаа юм. Хүнс гэдэг нь Хүнсний тухай хуульд зааснаар өөр агуулгыг илэрхийлнэ. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “"хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;” гэж тодорхой заасан. Олон Улсын гэрээ конвенцид 1993 оноос хойш нэгдэн орсон учраас үүнийг удирдлага болгож ажиллаж байна. Барааг кодлох уялдуулсан систем гэдэг нь Олон Улсын гэрээ конвенцид хавсаргасан зүйл, мөр, тэдгээрийн тоон код, хэсэг бүлэг бүхий мөрийн тайлбар болон жагсаалтыг хамааруулна гэж тусгасан. Татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т гаалийн тарифийн талаар зохицуулсан.

 Бид барааг ямар тарифтай хэдий хэмжээгээр хилээр оруулах асуудалд жагсаалтыг удирдлага болгож байна. Жагсаалтын 21 дүгээр бүлэг нь хүнсний төрөл бүрийн бэлдмэл гэх бүлэгт тус бүтээгдэхүүн хамаарч байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн гэдэгт амаар хүртэж хэрэглэж байгаа бүхий л бүтээгдэхүүн орж байгаа юм. Бид Олон улсын гэрээ конвенцыг баримтлан 4 орны төвшин буюу зүйлийг үйлчлэхгүйгээр хэлэлцэн авч хэрэглэхээр болж байгаа юм. Зүйл гэдэг нь 4 орны төвшинд хамаарна. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалт номын 21 дүгээр бүлэг дээр хүнсний төрөл бүрийн бэлдмэлийг зохицуулсан. Тус бүтээгдэхүүнийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр 8 орны түвшинд кодлуулж, биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэж тодорхойлж гаргасан.

 Жишээлбэл, нүүрсийг экспортлохдоо угаасан уу, коксжуулсан уу гэдгээр энэ болгон нь тусдаа тарифтай байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хүнсний бүтээгдэхүүн буюу жагсаалтын 21 дүгээр бүлэгт орно. Гэхдээ нь орон орны төвшинд нарийвчлаад 4 орон уу, 8 орны төвшнөөр хязгаарласан бараанд ордог. Засгийн газраас гаргасан хязгаарласан барааны жагсаалтын 14-т биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд импортлохыг тусгасан. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлага гэж зааж өгсөн байдаг. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно.” гэж заасан. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Хүнсний тухай хуулиар хязгаарлаж, мөн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ч Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу хязгаарласан байна. Ийм учраас нэхэмжлэгчийн бараа нь импортоор оруулж болохгүй хязгаарласан бараа гэж үзэж байгаа юм...” гэв.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н-аас  Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг:Хэрэг маргааны талаар товч:

1.1. Иргэн Б.Н нь Америкийн Нэгдсэн Улсын /“Ingenuity beverages” co.ltd/, “Инженюти Бэвэражес” ХХК-д үйлдвэрлэсэн Elev8 болон Acceler8 нэртэй 2 ширхэг биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн Улсаас цахим хэлбэрээр захиалан авч[1] дээрх RX142259350DЕ дугаар тодорхойлолт бараа бүхий илгээмжийг 2020 оны 01 дүгээр сард Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “Монгол шуудан” ХК-ийн гаалийн бүсээр хүлээн авах үед Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас дээрх бүтээгдэхүүнийг хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа гэж үзэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй саатуулжээ.

Улмаар дээрх нэр бүхий бүтээгдэхүүний Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системийг / цаашид БТКУС[2] гэх/ тодорхойлуулахаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторид илгээсэн[3].

Тус лабораториос “Elev8”, “Acceler8” бүтээгдэхүүний дээжинд чанарын шинжилгээ хийж гарсан №000369 тоот сорилтын дүн[4] болон барааны шошго зэргийг үндэслэн БТКУС-ийн ангиллын 2106.90.19 кодод хамаарах биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн байна[5]” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Даваасүрэнгээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний ******* дүгээр албан бичгээр[6] “...Elev8”, “Acceler8” зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг болон Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын дагуу зохицуулагддаг тул холбогдох журмын дагуу эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана уу...” гэх хариуг иргэн Б.Н-д хүргүүлжээ.

Иргэн Б.Н-с маргаан бүхий актад дурьдсан үндэслэлээр холбогдох төрийн захиргааны байгууллагад хандахад “...гадаад улсаас оруулж ирж буй бүтээгдэхүүн нь гарал үүслийн улсдаа хүнсний ангилалд багтдаг бол Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/295 тоот тушаалаар батлагдсан ”Эм, эмийн түүхийн эд, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 1.16 дахь заалтад “БИБ-ний бүртгэлд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 22.7-д зааснаас гадна үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэсэн заалтын дагуу улсын бүртгэлд бүртгэхгүй...” гэх хариуг түүнд хүргүүлсэн[7] тул тэрээр Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Даваасүрэнгээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний ******* дүгээр албан бичгийг  “...барааг олгохгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчиж байгаа гэж үзээд хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ[8].

Иргэн Б.Н-аас хуульд заасан “гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн[9].

Шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан удаа дараа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагаа[10] явуулсны эцэст Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн Захиргааны хэрэг үүсгэсэн болно[11].

Маргаан бүхий актыг өнгөц харахад төрийн захиргааны байгууллагаас иргэн Б.Н-д тодорхой мэдээ, мэдээлэл хүргүүлж буй албан бичиг мэт боловч агуулгаараа захиргааны албан байгууллагаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор, тодорхой тохиолдлыг зохицуулахаар, иргэн Б.Над үүрэг хүлээлгэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт байна. 

Хоёр: Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар

сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн

шаардлагын тухайд:

2.1.Хариуцагчаас маргаан бүхий актаа “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т ”үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл”, 7 дугаар зүйлийн 7.1-д ”Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” заасныг үндэслэжээ.

Гэвч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур /цаашид “эм” гэх/, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хуулийн зорилтыг тодорхойлсон байгаагаас үзвэл энэхүү маргааны үйл баримт тус хуулиар зохицуулагдахааргүй байна.

Учир нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авна”, 15.9.3-д “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох” гэж зааснаас үзвэл Эм, эмнэлгийн хэрэгсэл эсхүл биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох тохиолдолд энэ хууль үйлчилхээр байна.

 Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Н-ыг “Elev8”,  “Acceler8” 2 ширхэг барааг “...импортлох, худалдах...” санаа зорилготой байсан талаар хариуцагчаас болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас шалгалт явуулан, хуульд харшлах зүйл байгаа эсэх талаар хөдөлбөргүйгээр тогтоосон баримт байдаггүй.

Энэ талаар нэхэмжлэгч “...энэ 2 бүтээгдэхүүн нь миний биед 1 сарын хугацаанд хоол хүнснээс авах шим тэжээлийг өгдөг юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19-5080 дугаар шинжилгээний дүнгээр[12] хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж тодорхойлсон, би зөвхөн өөрийн эрүүл мэндийнхээ амин хэрэглээнд зориулж авсан...” гэж тайлбарладаг болно.

2.2. Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”.

            Энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах дараахь барааг гаалийн татвараас чөлөөлнө”, ...38.1.15-д “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н-ын RX142259350DЕ код бүхий Elev8 болон Acceler8 нэртэй 2 ширхэг биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь дээрх хуульд заасан гаалийн хилээр нэвтрүүлэх шалгуур болох үнийн дүн, тоо ширхэг, хэмжээг, нэр төрөл, зориулалт зэрэгт нийцэж байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...“Elev8”, “Acceler8”  хоёр ширхэг бараа нь БТКУС-ийн ангиллын 2106.90.19 кодод хамаарах биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн тул тусгай зөвшөөрлийн авч оруулж ирэх ёстой тул барааг олгох боломжгүй...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь энэ тохиолдолд нэхэмжлэгчийн бараанд импортын зөвшөөрөл шаардагдахгүй ба тэрээр хуулиар хориглосноос бусдыг хэрэгжүүлэх боломжийг ашиглан өөрийн хувийн хэрэглээний “Elev8”,  “Acceler8” 2 ширхэг хүнсний нэмэлт бэлдмэлийг улс хоорондын шуудан илгээмжийн хэлбэрийг сонгон үйлчлүүлсэн.

Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-д заасны дагуу Гаалийн татвараас чөлөөлөгдөхөөр байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичиг нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1

106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 68 хуудас

[2] Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн тухай олон улсын конвенцид Монгол Улс 1991 онд нэгдэн орсон. Энгийн үгээр хэлэхэд энэ конвенцийн хавсралт нь барааг нэр төрөл, зориулалт, гүйцэтгэх үүрэг, хийгдсэн материал, түүхий эд г.м-ээс нь хамааруулан системчлэн ангилж, тоон кодоор илэрхийлсэн ангиллын жагсаалт байдаг. Уг жагсаалтын үндсэн гол хоѐр зориулалт нь энэ ангиллын дагуу гаалийн тарифыг тогтоох, гадаад худалдааны статистик мэдээ гаргах юм. Тэгэхээр импортоор бараа орж ирэхэд эхлээд тухайн барааны талаарх мэдээлэл, бичиг баримтын үндсэн дээр барааны ангиллын код тодорхойлж, тухайн кодод харгалзах хувь хэмжээгээр гаалийн албан татварыг ногдуулна гэсэн үг. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар барааны ангиллын энэхүү системийг дэлхийн 207 улс орон, гаалийн болон эдийн засгийн холбоод хэрэглэж байгаагаас 149 орон, үүн дээр нэмээд Европын холбоо конвенцийн албан ѐсны хэлэлцэн тохирогч тал байдаг.

[3] Хавтас хэргийн 38 хуудас

[4] Хавтас хэргийн 39 хуудас

[5] Хавтас хэргийн 39 хуудас

[6] Хавтас хэргийн 42 хуудас

[7] Хавтас хэргийн 43 хуудас

[8] Хавтас хэргийн 1-2 хуудас

[9] Хавтас хэргийн 7 хуудас

[10] Хавтас хэргийнх 12-13,18-19 хуудас 

[11] Хавтас хэргийн 21-22 хуудас

[12] Хавтас хэргийн 8 хуудас