| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2017/01493/и |
| Дугаар | 001/ХТ2020/00238 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/00238
“К” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00445 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 789 дүгээр магадлалтай,
“К” ХХК-ний нэхэмжлэлтэй
“С-Э” ЗБН-д холбогдох
Хохирол 63 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, цахилгааны төлбөр, хадгалалтын зардалд нийт 78 231 131 гаргуулах тухай сөрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнххишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “С-Э” ЗБН-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Пирамид үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах талбайд солонгос хоолны ресторан ажиллуулах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Уг газар нь нийтийн хоолны зориулалтаар ашиглах шаардлага хангахгүй тул захиралтай нь тохиролцон 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын ажил хийсэн. Манай компанийн хувьд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг дутуу, цахилгааны төлбөрийн хувьд гэрээнд заасны дагуу эрх бүхий байгууллагын нэхэмжлэхээр төлөөд явдаг ба цахилгаан түгээх байгууллагаас манайд ямар ч нэхэмжлэх өгөхгүй байсаар хуримтлал үүссэн. Гэтэл нэг сарын түрээсийн төлбөр дутуу төлснөөс шалтгаалан Сонгинохангай ХХК-аас гэрээ цуцлах мэдэгдэл өгч, “С-Э” ЗБН нь ажлын байр, тоног төхөөрөмжийг хууль бусаар битүүмжилсэн. Иймд битүүмжилсэн эд хөрөнгийг, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 7 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг суутган үлдэх 3 000 000 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан авсан учир энэ шаардлагаас татгалзаж, засан сайжруулалтын зардалд 60 000 000 төгрөг, түрээсийн төлбөрийн барьцаанд өгсөн 3 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөгийг хариуцагч “С-Э” ЗБН-өөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “С-Э” ЗБН-ийн төлөөлөгч Ч.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК-ийн хийсэн засан сайжруулалтыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 114/1-1 дугаар гэрээнд түрээслэгч аливаа эд зүйлс, тоног төхөөрөмжөө салган авах нөхцөлтэй суурилуулна, салгах боломжгүй хөрөнгө оруулалт засан сайжруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр урьдчилж авна гэж тохиролцсон. Гэвч “К” ХХК нь салгаж үл болох засан сайжруулалт хийгээгүй, энэ талаар зөвшөөрөл аваагүй боловч 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын зардлыг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Түүнчлэн, хийж гүйцэтгэсэн засан сайжруулалтын зардал нь 60 000 000 төгрөг болсон эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Шүүхээс анх Лэндс ХХК-ийг шинжээчээр томилоход дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн боловч дараа нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. 60 000 000 төгрөгийн засан сайжруулалтын ажил хийснийг нотлох Их монгол сүйдояа ариун ус ХХК-ийн баримтыг шинжээчийн дүгнэлтээс 4 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гаргаж өгөхдөө шинжээчийн дүгнэлттэй үг, үсэг ижил баримт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны зөрүүд 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2 500 000 төгрөгийн барьцаа төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “С-Э” ЗБН-ийн төлөөлөгч Ч.Батчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2014 оноос 2017 оныг хүртэл сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэх мөн цаашид зах зээлийн үнээс шалтгаалан төлбөр өөрчлөгдөхөөр харилцан тохиролцсон. “К” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрийг багасгах хүсэлтийг удаа дараа гаргасны дагуу түрээсийн төлбөрийг багасгаж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн буцаан түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг байхаар тохиролцсон. “К” ХХК нь 2014 оны 12 дугаар сард 900 000 төгрөг төлсөн ба энэ үүнээс хойш түрээсийн төлбөрийг дутуу төлсөн. Иймд түрээсийн төлбөрт 13 280 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон 47 681 575 төгрөг, цахилгааны төлбөр 13 269 556 төгрөг, “К” ХХК-ийн эд хөрөнгийг 10 сар гаруй хугацаанд хадгалсан зардалд 4 000 000 төгрөг, нийт 78 231 131 төгрөгийг “К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишиг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 700 000 төгрөг байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай компани 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дараа сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлсөн байхад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 280 000 төгрөг болсон нь ойлгомжгүй байна. Цахилгааны зардлын хувьд нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Цахилгааны зардал нь хэдий хугацааны төлбөр, “К” ХХК-ийн хэрэглэсэн төлбөр мөн эсэх талаар эргэлзээтэй байна. Мөн хадгалалтын зардлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авагдаж шүүгчийн захирамж гарсан байтал өөрсдөө эд зүйлээ дур мэдэн зөөж гарган шүүгчийн захирамжийг зөрчсөн тул хадгалалтын зардал бидэнд хамааралгүй гэж үзэж байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00445 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С-Э” ЗБН-өөс 24 173 282 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгон, нэхэмжлэлээс 38 826 718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “К” ХХК-аас 78 231 131 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 789 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч “С-Э” ЗБН-өөс 21 173 282 /хорин нэгэн сая нэг зуун далан гурван мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 41 826 718 /дөчин нэгэн сая найман зуун хорин зургаан мянга долоон зуун арван найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 123 дугаар зүйлийн 123.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “К” ХХК-аас 26 614 154 /хорин зургаан сая зургаан зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан хариуцагч “С-Э” ЗБН-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 51 616 977 /тавин нэгэн сая зургаан зуун арван зургаан мянга есөн зуун далан долоон/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 766 010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-Э” ЗБН-өөс 263 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч “К” ХХК-аас 291 021 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864 105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тодруулбал: 1. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй болно. “С-Э”ЗБН нь гэрээг цуцлах болсон шалтгааныг ашиглалтын зардлын маргаантай асуудлаас болсон гэдгийг тодорхой дурьдсан 2017-05-12-ны өдрийн 05 тоот ““К”" ХХК-д хандаж гаргасан мэдэгдлээс харж болно /1-р хавтас 75-р хуудас/. Нэхэмжлэгч тал хэдийгээр 7.000.000 төгрөгний түрээсийн төлбөр тохирч гэрээ байгуулсан боловч хэрэгт 4.000.000 төгрөгийн гэрээ ч байдаг /2-р хавтас 132-139-р хуудас/. Энэ талаар илүү нарийвчилбал түрээсийн гэрээг 4.000.000 төгрөгөөр байгуулж байсан цаг хугацаанд НӨАТ-ын тайланг татварын байгууллагад тайлагнаж, энэ мөнгө нь ““К”” ХХК-д орж ирдэг байсан. Харин хариуцагч 2016 оноос эхлэн НӨАТ-ын тайланг татварын байгууллагат илгээхээ больсон ба гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр НӨАТ-ын буцаан олголтыг түрээсийн төлбөрөөс шууд суутгах замаар авч байх болсон. Энэ нь түрээсийн төлбөр төлөлт харагдах байдлаасаа дутуу төлөгдөөд байгаа мэт харагдаж байгаа ч хэрэг дотор НӨАТ-ын буцаан авалт 2014,15 онуудад манай компанид татварын байгууллагаар дамжин орж ирдэг байснаа 2016 оноос эхлэн хойш нэг ч тайланд тусгагдаж байгаагүй нь илэрхий харагдана /2-х, 3-х-38-105ху, 2016 оны 1-р сараас эхлээд 2017 оны 6-р сар хүртэлх НӨАТ-ын буцаан авалтын тайлан/. Тийм ч учраас хариуцагч анхан шатны шүүхэд, түрээсийн төлбөрийн ямар нэг үлдэгдэлгүй гагцхүү ашиглалтын зардалтай холбоотой маргаан байсан хэмээн хариу тайлбартаа бичсэн байдаг /1-х 31 ху/. Энэ бол том нотлох баримт ба талуудын хооронд харилцан албан бичгээр хандан харилцан зөвшилцөж байсан баримтууд хавтаст хэрэгт маш олноороо бий /2-х142,144,145-ху/. 2. Мөн хариуцагч “С-Э”ЗБН нь ““К”” ХХК-тай хийсэн 2014-03-17-ны өдрийн 114/1- 1 тоот гэрээний 2.4-т ...түрээсийн төлбөрийн нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор багтаан төлнө...гэж заасан байдаг ба хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон түрээсийн төлбөр төлсөн байдлыг харуулсан хүснэгтээс харвал дээрхи заалтад байгаа 5 хоног дотор байх бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөх боломжгүй болон түрээсийн үнийг буулгах асуудлаар тухай бүрт нь шийдэж байсан тухай албан бичгүүд хавтаст хэрэг дотор нотлох баримтаар авагдсан байгаа /2-х 142,144,145 ху/, 3. “С-Э”ЗБН, “Сонгино хангай” ХХК-иуд нь хоорондоо тохиролцож удаа дараа дураараа авирлан дээд давхарлуу нүүхийг шаардан манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулж байсантай холбоотойгоор 2017 оны түрээсийн төлбөрийн дутуу төлөлт болох 4.000.000 төгрөгийг барьцааны 7.000.000 төгрөгнөөс суутгуулан үлдэх 3.000.000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг өөрчилж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 13.280.000 төгрөгнөөс суутгах замаар шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх эдгээр баримтуудыг үл тоомсорлон, механикаар баахан тоо цохиж ““К”” ХХК-иас түрээсийн төлбөр 10.280.000 төгрөг, алдангид 5.140.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. 4. Цахилгааны төлбөр болох 13 269 556 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдал болоод нотлох баримтанд огт тулгуурлаагүй болно. Учир нь тус түрээсийн байгууламжинд манайхаас гадна “Сонгино хангай" ХХК-ны “Миний дэлгүүр” үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл яг ийм хэмжээний тог манай хэрэглээн дээр гарсан эсэх нь тодорхойгүй ба “Сонгино хангай" гэх хуулийн этгээдийн нэрийн өмнөөс “С-Э”ЗБН нь нэхэмжлэх эрх угаасаа л хуулийн дагуу үүсээгүй. Уг иргэний хэрэгт “Сонгино хангай” ХХК-нь зөвхөн нэхэмжлэгч “С-Э”ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд өөрийнхөө төлсөн цахилгааны төлбөрийг ““К”” ХХК-иас нэхэмжилээд байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадпалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри Хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. .... Үндсэн нэхэмжлэлийн талаар: 1. Нэхэмжлэгч “К” ХХК-д 21 173 282 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2014.03.27-ны өдер байгуулагдсан 14/114 тоот “№114/1-1 тоот түрээсийн гэрээний нэмэлт гэрээ”-ний 1 дэх заалтаар “Түрээсийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан өдрөөс хойш хуанлын 100 хоног буюу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүргэлх хугацааны түрээсийн төлбөрөөс түрээслэгч чөлөөлөгдөх бөгөөд энэ хугацаанд Түрээслэгч нь түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийх үүрэг хүлээнэ.” гэж заасан бөгөөд уг гэрээний 2 дахь заалтад сарын түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг гэж талууд тохиролцсон. Үндсэн гэрээ нь 2017.03.17-ны өдөр байгуулагдсан байсан. Өөрөөр хэлбэл, 2017.03.17-2017.07.01 хүртэлх 100 хоногийн түрээсийн төлбөр 23 333 333 төгрөг болсон ба энэ мөнгөний хэмжээнд засвар хийх эрхтэй ч нэхэмжлэгч энэ байдлыг мэдсээр байж засварын зардал 60 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анхан, давж заалдах шатны шүүх уг нэмэлт гэрээнээс зөвхөн нэхэмжлэгчид ашигтай хэсэг болох “засвар хийх зөвшөөрөл авсан” гэх агуулгыг нь шийдвэрүүдийнхээ үндэслэлд заадаг хэрнээ ямар хэмжээнд зөвшөөрөл олгосныг нь үнэлж үзэхгүй байгаад гомдолтой байна. Иргэний эрх зүй бол гэрээний чөлөөт байдлын зарчимд суурилсан. Энэ хэргийн тухайд талуудын тохиролцоо бол хэрэв “К” ХХК засвар хийх гэж байгаа бол олгосон зөвшөөрлийн хэмжээнд л хийх үүрэгтэй. Дураараа засвар хийчихээд хийсэн эсэх нэг ширхэг ч санхүүгийн баримт байхгүй атлаа үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байхад шүүх хэрэгт байсаар байгаа гэрээг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. “К” ХХК-д 21 173 282 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох болсныг нотлох хх-2-ын 181 дэх талд авагдсан кассын орлогын ордер дээр 2018 он гэж байсныг илтэд баллаж давхарлан 2014 он болгочихсон байхад хүртэл анхан, давж заалдах шатны шүүх аль аль нь хэрэгсэж үзээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч “К” ХХК-д 21 173 282 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн талаар: 1. “С-Э” ЗБН-д түрээс 10 280 000 төгрөг болон алданги 50% 5 140 000 төгрөг 15 420 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Магадлалын 8-р хуудасны 2 дахь мөрөнд “дэнчинд 7,000 000 төгрөг өгсөн гэдгийг хариуцагч үгүйсгээгүй” гэжээ. Гэтэл би үүнийг үгүйсгэн мэтгэлцсэн хх148 дахь талд авагдсан анхан шатны шүүх хурлын тэмдэглэлийн дээрээсээ 4 дэх догол мөрөнд тэмдэглэгдсэн. хх1-ийн 188 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн ирүүлсэн 2 500 000 төгрөгийн дэнчин өгсөн баримт байгаа тухайн үед 7 000 000 төгрөгийн дэнчин өгч байгаагүй юм. Гэтэл мэтгэлцсэн тэр нь 2 янзын баримтаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх маргаагүй, үгүйсгээгүй гэх бөгөөд улмаар нэхэмжлэгчийн 7 000 000 төгрөгийн дэнчингийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг нэхэмжилснийг манай авах ёстой түрээсийн үлдэгдэл 13 280 000 төгрөгөөс шууд автоматаар хасаад 10 280 000 төгрөг гэж шийдсэн нь ямар гээч тооны, хууль зүйн ухаан бэ? Шүүхийн практикт нэхэмжлэгч хариуцагч нар тус бүр нэхэмжлэл гарган шаардаж байх тохиолдолд хэн хэндээ юу өгөх вэ? гэдгийг л шийддэг болохоос нэгнийх нь өрөнд нь шилжүүлээд тооцдог хууль хаана ч байхгүй болно. Нэхэмжлэгч хамгийн эхлээд 7 000 000 төгрөг дэнчинд өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Энэ нь 2 500 000 төгрөгийн хэмжээнд л нотлогдож байгаа. 2 500 000 төгрөг өгчихөөд одоо болохоор 7 000 000 төгрөг өгсөн гэж амаар хэлээд тэр шаардлагыг нь шүүх аан 7 000 000 төгрөг өгсөн юм байлгүй гэж тааж шийдэж болохгүй шүү дээ. Иймд 13 280 000 төгрөгийг “К” ХХК-аас гаргуулж буюу магадлалаар шийдсэн дээр нэмж 3 280 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн түрээсийн төлбөрийн үүргийн гүйцэтгэл сар сардаа хийгддэг 1 дүгээр сард үүрэг зөрчигдсөн бол тухайн сарын алданги гарна. Дараа нь 3 дугаар сарын үүрэг зөрчигдсөн бол тухайн сарын алданги гарна энэ мэт тухай бүр гүйцэтгэвэл зохих байсан үүргийн зөрчлөөс тухай бүрт нь тооцсон алданги нийт 47 681 575 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 5 140 000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй. Иймд нийт алданги 47 681 575 төгрөгийг гаргуулах буюу магадлалаар хэрэгсэхгүй үлдээсэн хэсэг болох алдангийн үлдэгдэл 42 541 575 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2. Цахилгааны төлбөр 13 269 556 төгрөгийг УБЦТС-рүү шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байхад “К” ХХК-ийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 11 190 154 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч төлөх эсэхээ зөвшөөрсөн, үгүй нь хамаагүй шүүх нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой. Йимд “К” ХХК-аас 13 269 556 төгрөгийг буюу магадлалаар хэрэгсэхгүй болгоод байгаа 2 079 402 төгрөгийг гаргуулж өгнө үү. 3. Хадгалалтын 4 000 000 төгрөгийг гагууж өнө үү. Учир нь Эд хөрөнгөө ирж ав гэдэг мэдэгдлийг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн/2017.05.11-нд нэхэмжлэл гаргасан/ 1 шаардлагыг шууд маргааш нь буюу 2017.05.12-оос хойш 2017.06.05, 2017.06.16, 2017,06.28, 2017.08.02, 2017.09.05, 2018.02.27, 2018.04.23-ны өдрүүдэд мэдэгдсэн /ХХ-2, хуу 203 болон ХХ-2/ байдлаар гэхэд нийт 8 удаа “К” ХХК болон шүүхэд мэдэгдсэн. Гэтэл эд хөрөнгөө авахгүй байсан учраас бид хадгалалтын зардал нэхэмжилсэн. Бидний зүгээс хүний эд зүйлсийг хадгалж хамгаалах үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй, Магадлалын 9 дүгээр хуудсанд манай нөхөрлөлийг “зардал гаргаагүй, нотлогдоогүй” гэжээ. Гэтэл сахиулын гэрээ хэрэгт авагдсан харуул хамгаалалттай байранд хадгалсан. Ер нь энэ тохиолдолд зардал гаргаагүй байлаа ч бид олох байсан, ашиглах байсан талбайдаа огт хамаагүй “К” ХХК-ийн эд хогшлыг байлгаж хохирсон. Үүний төлбөрт 4 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ 4 000 000 төгрөг дээр маргаан байгаа бол гагцхүү “К” ХХК тайлбар, үндэслэлээ нотлох үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх энэ шаардлагыг нотолсон баримт болох гэрээг эргэлзээтэй гэх атлаа “К” ХХК- ийн засварын зардал гэх 60 000 000 төгрөгийн шаардлагаа нотолж 2014 онд Их монгол сүйдояа ариун ус ХХК-тай Ажил гүйцэтгэх 55 000 000 төгрөгийн гэрээ гэх баримтыг үндэслээд 21 173 282 төгрөгийг манай нөхөрлөлийг төл гэж шийдэхдээ яагаад эргэлзэхгүй байна вэ? “С-Э” ЗБН 4 000 000 төгрөгийн гэрээг үзүүлэхээр эргэлзээд, “К” ХХК 55 000 000 төгрөгийн гэрээг үзүүлэхээр итгээд шийдээд байдаг. Үүнийг бидний зүгээс “К” ХХК-д давуу байдал олголоо гэж үзэхээс өөр аргагүй байна. 4. Шинжээч Ж.Уртнасанг оролцуулаагүй эрх, үүрэг хэрэг танилцуулаагүй, тэмдэглэлд засвар оруулах тухай анхан шатны шүүхэд миний гаргасан 2018.03.13-ны хүсэлт алга болсон 2018.02.14-ний өдрийн анхан шатны шүүх хурлын тэмдэглэл гэх өөрөөр бичигдэж надад 2018.03.12-нд танилцуулсан тэмдэглэл нийт 7 хуудас баримт давж заалдах шатны шүүх дээр очихын өмнө алга болсон зэрэг ноцтой байдлыг юуч болоогүй мэтээр анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан мэтээр үзсэнд маш их гомдолтой байна. 2 жил гаруйн хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үнэхээр шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарч, сэтгэл санааны багагүй хохирол амслаа. Монгол Улсын Дээд шүүх хуулийн хүрээнд маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “К” ХХК, хариуцагч “С-Э” ЗБН-д холбогдуулан түрээсийн төлбөрийн дэнчингийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, түрээсийн зүйлийг засч сайжруулсны зардал 60 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, сөрөг нэхэмжлэл гарган, нэхэмжлэлээ 2 удаа нэмэгдүүлсэн ба “...түрээсийн төлбөр 13 280 000 төгрөг, гэрээний хугацаанд түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 12 951 575 төгрөг, цахилгааны зардал 13 269 556 төгрөг, эд хөрөнгө хадгалсны хөлс 4 000 000 төгрөг нийт 78 231 131 төгрөг гаргуулахаар шаарджээ. /1хх-93, 101, 243 2-р хавтас 50/
Анхан шатны шүүх хариуцагчаас 24 173 282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 21 173 282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс 26 614 154 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.
Магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
“К” ХХК нь “С-Э” ЗБН-тэй 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн барилгын 1 давхрын талбайг солонгос хоолны рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай, 1 сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ. /хх 9-14 дэх тал/
Tалууд гэрээнд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан ба 2014 оны 03 сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр түрээсийн талбайд түрээслэгч засвар хийх, түрээсийн төлбөрийг 3 сарын дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох, үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын түрээсийн төлбөрийг 6 сарын хугацаагаар 6 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сараас сарын 5 500 000 төгрөг болгон тус тус бууруулж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 000 000 төгрөгөөр тооцохоор түрээсийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна.
Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар 318.1, 318.3 дэх хэсгийг зөрчөөгүй, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Гэрээний хугацаа дуусахаас өмнө 2017 оны 04 сарын 05-ны өдөр талууд гэрээг цуцалсан байх ба түрээсийн зүйлд засан сайжруулалт хийгдсэн эсэх, засварын зардал ажлын хөлсний хэмжээ, барьцааны мөнгөний хэмжээ, түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, хэрэглэсэн цахилгааны төлбөр, эд хөрөнгө хадгалсны хөлсийг төлөх эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.
Зохигчийн байгуулсан түрээсийн гэрээний 4.3.1-д түрээсийн зүйлд салгах боломжгүй хөрөнгө оруулалт, засан сайжруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр урьдчилан авна гэж заасан бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээнд түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийхийг тусгаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлж, 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээс төлөх болсноос үзэхэд түрээслүүлэгч “С-Э” ЗБН засан сайжруулалт хийхийг зөвшөөрсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” эрхтэй гэж заажээ.
Зохигч нь засан сайжруулалтын хэмжээг маргасан, шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, нотлох баримт бүрдүүлсэн ба Шинжээч Лэндс ХХК “түрээсийн обьектод хийсэн засан сайжруулалтыг нурааж дахин шинээр засвар хийсэн, засан сайжруулалт хийсэн санхүүгийн баримт байхгүй” гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан боловч шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2018 оны 02 сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч талаас Мөнххишиг, хариуцагч талаас Нандинцэцэг нарыг оролцуулан хийсэн засварын ажлыг талуудаас тодруулж хэмжилт хийж, засварын ажлын хэмжээг 52 933 133 төгрөг гэж тодорхойлон тайланд тусгажээ. /2хх 7-41 дэх тал/ Түүнээс гадна түрээслэгч “К” ХХК гэрээг цуцлахыг мэдэгдэх үед, буюу шинжээчээс өмнө 60 000 000 төгрөгийн засварын ажлыг хийсэн болохоо “С-Э” ЗБН мэдэгдэж байсан нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны албан бичгээр тогтоогджээ.
Хэрэгт байгаа баримтын хэмжээнд “засан сайжруулалт хийхийг хариуцагч зөвшөөрсөн, засвар бодитой хийгдсэн үйл баримт” тогтоогдсон, шинжээч хийсэн ажлын хэмжээ, өртөгийг талуудыг байлцуулан, тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. Талууд өөрсдөө засварын ажлыг тодорхойлсон нь шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон байх ба шинжээч барилгын материал, ажлын хөлсний зах зээлийн үнэлгээ, “К” ХХК-ний зарим санхүүгийн баримтад тулгуурлан үнэлгээг тогтоожээ. Иймд нэхэмжлэгч хуурамчаар баримт нөхөн бүрдүүлсэн, нэхэмжлэгч дураараа засварын ажлыг хийсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.
Анхан шатны шүүх засан сайжруулалтын зардал 60 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 21 173 282 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэвээр үлдээжээ.
“К” ХХК-ийн зүгээс 2014 оны 03 сарын 17-ны өдөр 2 500 000 төгрөг, 03 сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 08 сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 08 сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, барьцаа үлдэгдэл 500 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг барьцаанд хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байх тул барьцааны мөнгө 2 500 000 төгрөг байсан гэх хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй юм. /хх-2-р хавтас 188-192/
Нэхэмжлэгч нь /2-р хавтас 130-131/ ...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2016 оны 10 сарын 15-ны өдрийн 769 тоот мэдэгдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч энэ нэхэмжлэлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэлээ татан авч байна гэсэн нь нэхэмжлэлээ багасгасан агуулгатай тул шийдвэр гаргах шаардлагагүй, энэ талаарх хариуцагчийн гомдол ач холбогдолгүй байна.
Хариуцагч “С-Э” ЗБН нь “...түрээсийн үлдэгдэл 3 700 000 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тул алданги 12 951 575 төгрөг гаргуулахаар анх сөрөг нэхэмжлэлээ гаргасан бол /1-хх-93, 101/, 2017 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлэхдээ түрээсийн үлдэгдэл төлбөр 13 280 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөн тул алданги 47 681 575 төгрөгийг гаргуулна гэжээ. /хх-50, 247/
Тэрээр “С-Э” ЗБН нь “К” ХХК-ийг түрээсийн төлбөрт нийт 192 220 000 төгрөг төлсөн /хх-103/ гэж, түүнчлэн 188 920 000 төгрөг төлсөн /хх-247/ гэж тус тус тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх 166 540 000 төгрөг төлсөн гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх диспозитив зарчимд нийцээгүй байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл түрээслэгч “К” ХХК нь гэрээний хугацаанд нийт 208 500 000 төгрөг төлөхөөс 192 220 000 төгрөгийг төлсөн, 16 280 000 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс 2017 оны 04 сарын 06-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөг, барьцааны үлдэгдэл 3 000 000 төгрөгийг хасвал түрээсийн төлбөрт 10 280 000 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч “К” ХХК түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Талууд гэрээний 5.1-д алданги тохиролцсон ба алдангийг гаргуулах бол үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацааг хэтрүүлсэн үүргийн зөрчил тогтоогдсон байх учиртай. Нэмэлт гэрээний 2-т зааснаар түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны дотор төлөхийг тогтоосон боловч талууд эдийн засгийн хямралыг харгалзан түрээсийн төлбөрөө 2 удаа багасгаснаас гадна төлбөр төлөх хугацааг өөрчилж, дахин тохиролцож байсан боловч үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой бус болсон, үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад алдангийг гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т нийцээгүй тул 5 140 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. “К” ХХК 10 280 000 төгрөг төлөөгүй, үүргээ бүрэн биелүүлээгүй боловч үүрэг гүйцэтгэх хугацаа ойлгомжгүй болсноос алданги тооцох боломжгүй байна.
Иймд “К” ХХК түрээсийн төлбөрт 10 280 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс гадна 2016 оны 11 дүгээр сарын байдлаар хэрэглэсэн цахилгааны төлбөрт 11 190 154 төгрөг төлөхийг зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохангай ХХК-д албан бичиг хүргүүлсэн, Сонгинохангай ХХК шаардах эрхээ “С-Э” ЗБН-д шилжүүлсэн баримтад тулгуурлан /1хх-105 дахь тал/ давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 123 дугаар зүйлийн 123.2, 496 дугаар зүйлийн 496.1-т заасан зохицуулалтын дагуу сөрөг нэхэмжлэлээс нийт 21 470 154 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу “сөрөг нэхэмжлэл” -ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй бөгөөд алдангийг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсэг хангагдаж, харин хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 789 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “26 614 154 /хорин зургаан сая зургаан зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн/ ...гэснийг ...21 470 154 ...гэж, ..51 616 977 /тавин нэгэн сая зургаан зуун арван зургаан мянга есөн зуун далан долоон/...гэснийг ...56 760 154...гэж” ...291 021..гэснийг ...265 300 ...гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА