Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2150

 

О.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г Х” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С миний бие “Г Х” ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс уурхайн няраваар ажилд орсон ба 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд төвд нь ажиллан нийт цалингийн 70 хувиар цалинжин 227 500 төгрөгийн цалин авсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс Заамарт уурхайн няраваар ажилласан. Үдээс өмнө уурхайд шинэ бараа ирээд таарахгүй бараа материалыг хот руу буцаадаг. Шинээр ирсэн барааг буцаах болоход нөгөө нярав н.Болдхуягт буцаах баримтаа өгсөн ба механик н.Ө-аар гарын үсэг зуруулаад надад буцааж өгсөн. Ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй учир ингэж болно гэж бодсон. Уурхайн дарга н.Б хэнээр гарын үсэг зуруулсан гэхэд нь би н.Өл-аар зуруулсан гэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр хараасан. Үүнийг н.Б нягтлан сонсоод ажлын байрны тодорхойлолтоо танилцуулаагүй байж хэлэхгүй яасан юм, аль аль нь гарын үсэг зураад л байдаг шүү дээ гэсэн. Тэр өдрийн үдээс хойш хуучин гал тогооны барааг хот руу буцаах болсон ба намайг буцаах баримт дээр гарын зур гэсэн бөгөөд би зурахгүй, тогооч нар зурах ёстой гэхэд зур гэсээр байгаад зуруулсан. Би тухайн үед хажууд нь байлцаагүй, жолооч, засварчин хоёрын хэлсний дагуу гарын үсгээ зурсан. Гадны ачааны машинд битүү ачаа ачсан, дахиж буулгах боломжгүй болохоор итгээд гарын үсэг зурсан.

Удалгүй н.Б дарга ирээд 4 тороос байхад яагаад 3 гэж бичдэг юм бэ гэсэн. Бид богино долгионы станцаар хоорондоо ярьдаг бөгөөд н.Б дарга н.Ө-аас тэр машинд хэдэн тороос ачсан гэхэд өөдөөс нь 3 бил үү 4 гэж хэлсэн. Би н.Г-О-оос чи ачуулсан юм бол надад хэлэхгүй гэхэд н.Баатар дарга намайг зайл гээд хэлэх хэлэхгүй үгээр хараасан. Би ингэж ажиллаж чадахгүй гээд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хотод ирээд маргааш нь н.О захиралтай уулзах гэхэд гадаад явсан байсан. Ирэхээр нь уулзахад н.Б дарга руу утсаар ярьсан. Ярьж дууссаныхаа дараа намайг халагдсан гэсэн. Би ажлын байраа орхиж яваагүй бөгөөд хэд хэдэн удаа компанийн төв офисс дээр очиход ажлаа хий гэж хэлэх байсан. Халагдах тушаалаа авья гэхэд н.О захирал хүний нөөцийн мэргэжилтэн сарын чөлөө авсан, хэд хоногоос дуудаж ирүүлээд бичүүлээд өгье гэсэн. Нягтлан бодогч н.С-аас халагдах тушаалаа аваарай гэсэн бөгөөд би хэд хэдэн удаа тушаалаа авах гэж очиход хүний нөөцийн ажилтан ирээгүй гэх хариуг өгсөн.

Миний бие сайн дураараа ажлаас гараагүй бөгөөд ажлаас гарах өргөдөл ч бичиж өгөөгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилдаа эргүүлэн тогтоолгоно. Ажилгүй байсан хугацааны цалин мөн нэхэмжилж байна. Намайг 1 300 000 төгрөгөөр цалинжуулна гэсэн боловч нийгмийн даатгалын дэвтэр дээр 650 000 төгрөгийн цалин олгодог гэсэн байна лээ.

Мөн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17/19 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулж тус компанид уурхайн нярваар ажиллаж эхэлсэн. Мөн өдөр нь О.С нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл О.С нь ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэгтээ хайнга хандаж агуулахаас гарсан болон ирсэн сэлбэг, хэрэгсэл, бараа материалыг холбогдох баримттай тулган хүлээн авч энэ тухай баримтжуулах үүргээ үл биелүүлж сахилгын зөрчил гаргасан. Тухайн ажилтан нь сахилгын зөрчил гаргаж мөн ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй, ажлаа таслан өнөөг хүрч байна. Хариуцагч болох манай байгууллага түүнийг сахилгын зөрчил гаргасан болон ажилдаа өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажил тасалсных нь төлөө ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин өгч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О-ын С-ыг “Г Х” ХХК-ийн уурхайн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар О.С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 754 817 төгрөгийг хариуцагч “Г Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.С-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.С-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Г Х” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Г Х” ХХК-иас 59 027 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Г Х” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Хариуцагч талын тайлбарыг шүүх үнэлсэн тухайд:

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал юм. Шүүхийн шийдвэртээ “хариуцагч “Г Х” ХХК нь О.С нь ажлаа орхиж явсан, сахилгын зөрчил гаргасан, ажлаа тасалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан хэмээн үзэж, тус тайлбарыг үндэслэж талуудын хооронд үүссэн маргаанд дүгнэлт хийх замаар үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч компани болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч О.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд учир нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй байхад ажилд нь эгүүлэн авна, ажилгүй байсан хугацааны цалинг олгоно гэсэн ойлголт байхгүй гэж тайлбарласныг шүүх зөрчил гаргасан тул ажилд нь эгүүлэн авахгүй гэж тайлбарласан хэмээн дүгнэлт хийж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй харин сайн дурын үндсэн дээр, өөрөө ажлаа хаяж яваад, өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй атлаа шүүхийн журмаар ажилдаа эргүүлэн тогтоолгоно гэж байгаа нь ойлгомжгүй, өнөөдөр ч очоод ажиллах боломжтой гэдгийг удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл шүүх хариуцагч талын гаргасан тайлбарыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар гуйвуулан дүгнэж, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2. О.С-ыг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй эсэх:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримталж О.С-ыг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд 2 754 817 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан буюу мөн хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол гэдэг хуулийн шаардлага байна.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” буюу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг гэсэн хуулийн шаардлага мөн байна. Гэтэл нэхэмжлэгч О.С нь ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал огт байдаггүй буюу ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас нь халаагүй, харин О.С нь миний бие үйлдвэрийн даргатай хамтарч ажиллах боломжгүй байсан тул өөрөө ажлаа цуг ажиллаж байсан хүмүүстээ хүлээлгэж өгөөд явсан гэдгээ шүүх хуралдаан дээр хэлдэг.

Өөрөөр хэлбэл, ажилтныг ажил олгогч ажлаас нь үндэслэлгүйгээр халж ажилд нь эгүүлэн тогтооход ажил олгогчийн хууль бус үйлдэл буюу ажлаас халсан шийдвэр байх шаардлагатай. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтны ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хууль бус шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үйл ажиллагаанд саад учруулаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг юуг, ямар баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Г Х” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч О.С гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, О.С нь ажлаа орхиж явсан, сахилгын зөрчил гаргасан, ажлаа тасалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч “Г Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17/07 дугаар тушаалаар О.С-ыг уурхайн нярав албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулжээ. /хэргийн 22-24 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч О.С нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс ажлын байраа орхиж явсан, ажлын байрны тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй сахилгын зөрчил гаргасан гэж хариуцагч маргаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. 

 

Ажил олгогч нь ажилтныг үүрэгт ажлаас нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлсөн талаарх шийдвэрийг бичгээр гаргаагүй нь, ажилтан өөрийн санаачлагаар ажил үүргээсээ чөлөөгдсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтад хамаарах юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн дээрх үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргасан гэж хариуцагч тайлбар гаргасан боловч 2017 оны 3 дугаар сарын 16, 17-ны өдрийн зөрчлийн хуудсан дээр түүнийг ямар зөрчил гаргасан талаар тодорхойлоогүй байна.

 

Ажил олгогч нь ажилтны хууль бусаар ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж шүүх үзсэн тул түүний үр дагаварт ажилтан ажлаа хийгээгүй үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацаанд хамаарах тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Г Х” ХХК гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 030 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ  

 

                                       ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА   

                   

                                                                                        С.ЭНХТӨР