Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2018/01703/и |
Дугаар | 001/ХТ2020/00355 |
Огноо | 2020-07-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2020/00355
Ц.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00849 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1038 дугаар магадлалтай,
Ц.Бгийн нэхэмжлэлтэй
МУИСд холбогдох
МУИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10 924 262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь МУИС-ийг 1994 онд эдийн засгийн бакалавр, эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш сургуульдаа судлаач, багш, ахлах багш, дэд профессор, профессор зэрэглэлийн албан тушаалд ажиллахын зэрэгцээ удирдах албан тушаалд сүүлийн 10 гаруй жил ажилласан. Сүүлд Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажилласан. Энэ хугацаанд сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрийн хариуцсан үйл ажиллагаа, чиг үүргийг Монгол Улсын хууль, МУИС-ийн дүрэм, журмын хүрээнд нэр төртэй биелүүлж ирсэн. МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий Ц.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай тушаалыг гаргаж намайг үндэслэлгүйгээр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үндэсний аудитын газраас МУИС-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгээр МУИС хязгаарлалттай санал дүгнэлт авч, зөрчил арилгуулах 2 албан шаардлага, 1 акт тогтоогдсонд Ц.Бг буруутган, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах үндэслэл болгожээ. Энэхүү алдаа, зөрчил нь хувь хүн Ц.Бгийн хувьд гаргасан алдаа, зөрчил биш бөгөөд МУИС-ийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд байгаа зүйлс юм. Мөн Аудитын тайлангийн гол асуудалд дурдагдсан алдаа, зөрчлийг арилгах бүрэн боломжтой бөгөөд Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваад хэрэгжүүлж байна. Сургуулийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн арилгасан байх зорилготойгоор үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай А/104 тоот тушаалаар батлуулан, хэрэгжүүлж байгаа. БСШУСЯ-ны Сайдын тушаалаар ажлын хэсэг МУИС дээр 04 дүгээр сард ажилласан. Ажлын хэсэг нь Мониторинг хийж эхэлсэн эхний өдөр МУИС-ийн удирдлагын багтай уулзах үед Ц.Б байсан ба үүнээс хойш мониторингийн явцад нэг ч удаа дуудаж уулзаагүй, асуух, тодруулах үйлдэл хийгдээгүй бөгөөд ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах үед болон СЭЗГ-ын дарга Д.Отгонбаатарыг үүрэгт ажлаас халах тухай санал өгсөн зэрэг асуудлууд огт яригдаагүй. Үүнээс хойш мониторингийн дүгнэлтийг нэг ч танилцуулаагүй. Тэгсэн атлаа мониторингийн ажлын хэсгийн дүгнэлтийг ажлаас халах тушаалын үндэслэл болгосон байна. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сонсгох ажиллагаа гэгчийг зохион байгуулан, танилцуулж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан хууль зүйн үндэслэлгүй. Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг, харин 40.1.5 нь ажил олгогчийн итгэлийг алдах хэмжээний мөнгөтэй холбоотой алдаа дутагдал гаргасан байхыг шаардана. Энэ дүгнэлт нь МУИС-ийн ерөнхий үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт болохоос Ц.Бгийн гаргасан зөрчлийг тогтоосон дүгнэлт биш. Харин энд заасан зөрчлийг гаргасан нэр бүхий 4 хүнд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Түүнчлэн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаад өөр ажилд томилоод байгаа нь эрх зүйн хувьд зөрчилтэй гэж үзнэ. Дүгнэлтээр 2 албан шаардлага гаргаж, хугацаатай буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор зөрчил арилгах үүрэг өгсөн. Өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй бол буруутай ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Бгийн ажлын байрны үндсэн чиг үүрэг нь МУИС-ийн Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө босгох, санхүүгийн нөөцийг чиглүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон зохистой ашиглалтыг хангах ажлыг удирдан зохион байгуулах. Ц.Б дээрх албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаандаа МУИС-ийн төсвийг захиран зарцуулах санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан. Ц.Б МУИС-ийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалтны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Ц.Б нь МУИС-ийн Захирлын 2017 оны А/341 дүгээр тушаалаар 2017 оны жилийн эцэст нийт 42.222.300 төгрөгийн үндсэн хөрөнгөнд тооллого хийх ажлыг хариуцсан боловч энэхүү тооллогыг явуулаагүй атлаа тооллого хийсэн мэтээр илтгэх хуудас, тооллогын нэгтгэсэн дүн, тайлангүйгээр санхүүгийн жилийн эцсийн тайлан гаргасан байна. Мөн тайлант оны эцэст өглөгийн 305.200.000 төгрөг, авлагын 578.300.000 төгрөгийг тооцоо нийлж актаар баталгаажуулж, баримтжуулсны эцэст санхүүгийн тайлан гаргах байтал жилийн эцсийн санхүүгийн тайланг тооцоо огт нийлэхгүйгээр гаргасан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүйгээр 30.752.900 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, 19.080.300 төгрөгийн үндсэн хөрөнгийг данснаас хассан. Тэрээр тайлант онд 5.996.700.000 төгрөгийн худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, тендерт оролцогчдод албан тоот мэдэгдэл хүргүүлэхгүйгээр явуулсан нь санхүүгийн аудитын шалгалтаар илэрсэн байна. Иймд Ц.Бгийн санхүүтэй холбоотой ноцтой зөрчлийг санхүүгийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний Аудитын Газар шалгаж тогтоон, актаар нотолсон байна. МУИС болон Ц.Бгийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрх зөрчлийг хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохуйц ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан тул МУИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/233 тушаалаар Ц.Бгийн хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00849 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10.924.262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1038 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00849 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Бг Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 9 029 414 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 2 дах заалтын дурдсугай гэснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 159 420 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулж улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх гомдол гаргасан үндэслэлээр хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь хянах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс магадлал хууль ёсны болж чадаагүй гэж үзнэ. Магадлалын хянавал хэсэгт: ...Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гаргасан гомдол байна...” гэж дүгнэн “...аудитын тайланг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр Ц.Бг зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсноос гадна шүүх хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл зэргийг буруу тайлбарлан өөр хооронд нь илтэд зөрүүтэй дүгнэлтийг хийжээ. Ажил олгогчийн зүгээс МУИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 тоот тушаал нь ажилтан Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан түүнийг МУИС-ын хөгжил санхүү хариуцсан дэд захирлын ажил үүргээс чөлөөлсөн үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Харин давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт буюу ажилтан Ц.Бд сахилгын шийтгэл оногдуулсан үйл баримтыг нотолсон баримт, түүнд сахилгын шийтгэл оногдуулсан захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаал хэрэгт байхгүй, ийм тушаалд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд нэрлэн заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргаагүй гэж үзэх, энэ талаар хийсэн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл байна гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь шүүх, шүүх бүрэлдэхүүн мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна. Хэргийн баримтаар ажилтан Ц.Б нь байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь болох нь холбогдох төрийн байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдож байгаа бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь БСШУСайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаалаар байгуулагдсан МУИС-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тайлангаар хууль болон гэрээнд тухайлан нэрлэн заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан нь болох нь нотлогдоно. Магадлалын хянавал хэсэгт: “...ажил олгогч нь Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа аудитын тайлан болон аудитаар илэрсэн 43 009 300 төгрөгийн зөрчилд хүргүүлсэн 2 албан шаардлага, төсөвт төвлөрүүлээгүй 6 368 307 төгрөгийн зөрчилд тогтоосон төлбөрийн 1 актыг тус тус үндэслэсэн байдаг ба мөн тэдгээрийг үндэслэн МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/106 тоот тушаалаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байрны шууд харъяалан удирдах Санхүү, эдийн засгийн болон Хангамж үйлчилгээний газрын албан тушаалтнууд болох мэргэжилтэн Б.Гантуяа, нягтлан бодогч Ж.Энхцэцэг, эдийн засагч Д.Тунгалаг, нярав Л.Хоролсүрэн нарт сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна...” гэж үндэслэл бүхий дүгнэсэн боловч тэдгээр ажилтнуудыг шууд харъяалан удирдах зохион байгуулах үүрэгтэй, байгууллагаас гарч байгаа аливаа мөнгөн гүйлгээнд хяналт тавих, бусдаас авах авлага, өглөг, тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л мөнгөн хөрөнгө, гүйлгээний урсгалыг хянах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ажилтан Ц.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасныг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шууд харъяалан удирдах нэр бүхий хүмүүст сануулах арга хэмжээ авагдсан учраас Хөгжил, санхүү хариуцсан захирал хариуцлага хүлээх ёсгүй гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт: “...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан...” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх, мөн тухайн хэсэгт заасан “...мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан...” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг ойлгоно гэж заасан байдаг. Ажилтан Ц.Б нь байгууллагын санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих үүрэг бүхий удирдах албан тушаалтан учраас хариуцлагаас чөлөөлөгдөх, хариуцлага хүлээхгүй байх гэсэн үг биш бөгөөд тэрээр удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Магадлалын хянавал хэсэгт: “...сүүлд томилогдсон ажил, албан тушаалын дундаж цалин хөлсийг 1 947 000 төгрөг+ 1 947 000 *15% = 2 239 500 төгрөг, зөрүү 735 350 төгрөг болох ба 2018 оны 5 дугаар 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нийт зөрүүтэй тэнцэх олговорт нийт 9 029 414 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч МУИСд холбогдуулан тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүгээр тооцож, олговор 10 924 262 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нь нэхэмжлэлийн үндэслэл болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, ажил олгогчийн үндэслэлгүй шийдвэрийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.
Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т заажээ.
Хариуцагч МУИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 2.2.4, 5.3.1, 5.3.2.2 дахь заалт, Монголын Үндэсний Аудитын газрын САГ-2018/111/СТА-ТӨҮГ кодтой санхүүгийн аудитын тайлан, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02/61 тоот акт, 04/22, 04/123 тоот шаардлага, МУИСийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтийг баримталж, байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр Ц.Бг ажлаас нь халсан байна. Уг тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсны зэрэгцээ Ц.Бг Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын профессорын албан тушаалд томилсон нь Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын талаар гомдол гаргахад саад болохгүй юм.
Анхан шатны шүүх ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчил гаргасан гэж дүгнэхдээ хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээх ажилтны үүрэг, Үндэсний аудитын газраас шалгаж, илрүүлсэн зөрчилд Ц.Б ямар үүргээ биелүүлээгүй нь нөлөөлсөн тухай болон түүний буруутай тодорхой үйлдлийг тогтоохгүйгээр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулах хугацааг анхаараагүй нь буруу болжээ.
Хариуцагч нь Үндэсний аудитын газраас МУИСийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06/761 тоот аудитын гэрчилгээгээр хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн, үндсэн хөрөнгийн тооллого,хөрөнгө бүртгэх, хасах ажил, байгууллагын өглөг, авлагын бүртгэл, худалдан авах ажиллагаа, мөнгөн хөрөнгө, зардлын талаар илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлаар 02/61, 01/31 тоот акт, 04/122, 04/123 тоот албан шаардлага, зөвлөмж зэрэг баримтаар тушаалын үндэслэлийг нотолно гэх боловч Ц.Б үүргээ биелүүлээгүй гэх үйл баримтыг нотолж чадаагүй байна. Түүнчлэн ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй, байгууллагын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн боловч нэхэмжлэгч уг албан тушаалд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр томилогдсноос үзэхэд шалгалтаар илэрсэн зөрчлүүд Ц.Бд бүрэн хамаарах боломжгүй талаар давж заалдах шатны хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн хууль хэрэглээ, хууль зүйн дүгнэлт магадлалд тодорхой тусгагдсан байна.
Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1038 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 5\233 дугаар тушаалыг хүчингүй болгож..” гэснийг хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА