Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00389

 

О.Сий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01214 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1074 дүгээр магадлалтай,

О.Сий нэхэмжлэлтэй

“У Г” ХХК-д холбогдох

Цалин хөлс 5 000 000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч О.Сий гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Сэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Сэ би “У Г” ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажилд орж сард 20 хоног уурхай дээр ажиллаж сарын цалин 5.000.000 төгрөг байхаар /татварын дараа 5.000.000 төгрөг байхаар/ тохиролцож ерөнхий механик инженерийн ажилд орсон билээ. Хөдөлмөрийн гэрээ хийсэн боловч нэг хувийг надад өгөөгүй билээ. Би гэрээнд заасны дагуу ажил үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Харин 2019 оны 7 дугаар сарын 31-нд үндэслэлгүйгээр миний цалинг 20 хувь бууруулах тушаал гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр А.Бүрэнтогтох захирал өөрөө намайг зодож хөөж туун ажлаас халагдах өргөдлийг хүчээр бичүүлэн уурхайгаас явуулсан билээ. Түүнээс хойш халагдсан тушаал, тойрох хуудас зэргийг бүрдүүлснийг сонссон боловч надад өгөөгүйгээр барам миний 7 дугаар сарын цалинг миний цалингийн дансанд оруулаагүй болно. Миний цалинг 2 хувааж оруулдаг байсан бөгөөд 1.900.000 төгрөгөөс татвар, харин үлдэгдлээс нь суутгалгүй шууд шилжүүлдэг байсан. Миний бие О.Сэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 7, 8 дугаар сарын цалин болох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч надад ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хариуцагч компани нь огт өгөөгүй, миний /нэхэмжлэгчийн / 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ажлаас халсан тушаалыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийн дагуу хариуцагч ”У Г” ХХК-аас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №19/66 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлснээр уг өдөр ажил олгогчийн шийдвэрийг би хүлээн авсан гэж үзэж байгаа бөгөөд ажилтан намайг ажлаас буруу халсан гэж үзэн, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг мөрдлөг болгон гаргасан байна. Ерөнхий захирлын гаргасан уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий захирал А.Бүрэнтогтох нь намайг зодсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Шинжээчийн дүгнэлт, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Шийтгэлийн хуудас, А.Бүрэнтогтохыг торгосон хаан банкны мөнгөн шилжүүлэг торгуулийн баримт зэрэг баримтуудаар шалгагдан тогтоогдсон байдаг. Иймд 2019 оны 7 дугаар сарын цалин болон 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин болох 5,000,000 төгрөгийг гаргуулах, намайг ерөнхий механик инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эруүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан, Б.Сайнбаяр, Б.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт тус тус хуульчилсан байна. Харин нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бөгөөд энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу манай байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 65 дутаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хуульчилсан. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 болон 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа болон гомдлыг харьяалж шийдвэрлэх байгууллагыг заасан хуулийн зохицуулалт гэж үзэж байна. Иймд иргэн О.Сийн ”У Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож өгнө үү. О.Сэ нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж, ажлын байраа орхин явсан ба энэ хугацаанаас хойш ажлын байранд эргэн орох болон ажилласан хугацааны цалин гаргуулахаар компанид хандаагүй буюу бичгээр ямар нэгэн хүсэлт, гомдол өнөөдрийг хүртэл ирүүлээгүйг хариуцагч тал өмнөх тайлбартаа дурдсан. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хусэлт гаргасан тул ажилласан хугацааны цалин болох 5.000.000 төгрөгийг “У Г” ХХК-аас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа ч ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэх үед хариуцагч тал манай компани нь ажлаас халах тухай шийдвэр гаргаагүй тул байхгүй. Учир нь ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан, түүнийг олгогч хүлээн авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан" гэж тайлбар хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан байдаг. Хэрэв нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас буруу халагдсан гэж үзэж буй бол 30 хоногийн дотор буюу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр нь гомдол гаргах үндэслэл болохгүй юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01214 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сийг “У Г” ХХК-ийн ерөнхий механикийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 36.419.960 төгрөг, О.Сийн 2019 оны 7, 8 дугаар сард аваагүй цалин хөлс болох 1.200.614 төгрөг, нийт 37.620.574 төгрөгийг хариуцагч “У Г” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч О.Сэд олгож, О.Сийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “У Г” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч О.Сийн нэхэмжлэлээс цалин хөлс 3.799.386 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.Сэд олгож, хариуцагч “У Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346.053 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1074 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 340 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Сэ хяналтын гомдолдоо: ...Магадлалын /шийдвэрийн зарим/ заримыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал ...”У Г” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд О.Сэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “...хариуцагчаас 3 974 386 төгрөгийг нэмж гаргуулах тухай” давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ. 2019 оны 7 дугаар сарын бүтэн цалин болон 8 дугаар сарын 1-ний өдрөөс 3-ны өдрийг дуусталх ажилласан буюу 3 өдрийн цалингаас нийт 20 хувиар суутгаж бодохдоо шат шатны шүүх тооцооллыг буруу бодсон. Миний тооцоогоор: Хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар:

2019.03.11-ний өдөр “У Г” ХХК цалин 1 528 350

2019.03.11-ний өдөр “У Г” ХХК цалин 3 415 150 нийт 4 943 500 төгрөг

2019.04.10-ны өдөр “У Г” ХХК цалин 2 978 200

2019.04.10-ны өдөр “У Г” ХХК цалин 1 528 350 нийт 4 506 550 төгрөг

2019.06.10-ны өдөр “У Г” ХХК цалин 1 528 340

2019.06.10-ны өдөр “У Г” ХХК цалин 2 988 800 нийт 4 517 140 төгрөг

2019.07.09-ний өдөр “У Г” ХХК цалин 3 030 700

2019.07.09-ний өдөр “У Г” ХХК цалин 1 528 нийт 4 559 050 төгрөг

/6 сарын цалинг 7 дугаар сард буюу дараа сард авах жишээтэй/ тус тус дээрх саруудад цалин авсан бөгөөд хамгийн бага сарын цалинг 4 500 000 төгрөгөөр бодож 7 сарын бүтэн цалин, үүн дээр 3 хоногийн цалин /ажлын 20 хоногоор тооцоход 1 өдрийн цалин 225 000) 675 000 төгрөг, нийт 5 175 000 төгрөг болж байгаа. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас харахад 2019 оны 7, 8 сарын нийт цалинг 20 хувиар бууруулан хасаж тооцвол 5 175 000 төгрөгийн 20 хувь 1 035 000 төгрөг болно. 5 175 000-1 035 000 = 4 140 000 төгрөг болно. 4 140 000-1 200 614 ( шүүхээс хангасан ) = 2 939 386 төгрөгийг гарч байна. Иймд шийдвэрээр хангагдсан 1 200 614 төгрөгийг хасаж тооцон, 2 939 386 төгрөгийг гаргуулан зөвтгөн шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Сэ нь “У Г” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, цалин хөлс 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Үүнд 2.1 :“...Нэхэмжлэгч тал дараах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

2.1.1 7 болон 8 сарын цалин 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагын 3 799 386 төгрөгөөс татгалзаж байна.

2.2.2. О.Сийг ““У Г”” ХХК-ийн ерөнхий механикийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

2.2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны хариу төлбөрт хариуцагч тал нийт 37 620 574 төгрөгийг энэхүү гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч О.Сийн Хаан банк дахь 5017108829 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн болно. Үүнд: 2.2.1 7 болон 8 сарын цалин 1 200 614 төгрөг О.Сэд төлсөн; 2.2.2 Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны хариу төлбөрт 36 419 960 төгрөгийг тус тус төлсөн болно.” гэсэн нөхцөлийг зааж, гарын үсэг зуржээ.

Эвлэрлийн гэрээ нь хариуцагч буюу ажил олгогч шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, харин О.Сэ нь нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсан агуулгатай байна.

Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон, гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01214 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1074 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Сэ ажилд эгүүлэн тогтоолгох, 7 болон 8 сарын цалин 3 799 386 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “У Г” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.Сэд 37 620 574 төгрөг олгохоор тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА