Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2226

 

М.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01886 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.О,

Хариуцагч Б ХХК, Бэ ХХК, Ц.Б нарт холбогдох,

 

Гэрээний үүрэг, өөрт учирсан хохиролд 135 055 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр,

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр,

Хариуцагч Бэ ХХК, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 09  дүгээр сарын 20-ны өдөр Б ХХК, Бэ ХХК, Ц.Б нартай L-02/488-а тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр би өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг гэрээний 1.2.2, 1.2.3-т заасан нөхцөлийн дагуу 142 271 000 төгрөгөөр үнэлж, гэрээ хийгдсэн. Уг гэрээгээр Бэлэн лэнд девелопмент ХХК, Б ХХК нар нь надад 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгаж тохиролцсон байгаа. Гэтэл хариуцагч нар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эдгээр байруудыг хүлээлгэж өгсөн.

Энэ хугацаанд нийт 821 өдөр буюу 208 903 450 төгрөгөөр хохироод байгаа. Гэхдээ өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хохирлыг гэрээний 4.2, 1.4, 6.1, 6.2 дахь хэсэгт заасан заалтуудын дагуу Бэ ХХК, Б ХХК, Ц.Б нараас гаргуулж өгнө үү.

Түрээсийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд төлбөрөө төлж, бусад хугацаанд төлбөрийг төлөөгүй. Тийм учраас энэ гэрээнд заасны дагуу алданги 127 225 000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөр 7 800 000 төгрөг, нийт 135 055 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан L-02/488-а тоот гэрээний тухайд талууд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж эвлэрсэн байгаа. Энэ нь талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа. Тухайн үед 1 жилийн дотор манай компаниас үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрчилгээ болон бусад бичиг баримтыг гарган өгч, нэхэмжлэгч тал нийт гэрээний 1.2.3-т зааснаар 38 409 500 төгрөг болон 33 934 000 төгрөг, нийт 72 000 000 төгрөгийг манай компанид 8 хувийн зээлд өгөхөөр гэрээний үндсэн үүрэгт эвлэрсэн байдаг.

Нэхэмжлэгч тал гэрээний 6.1-д заасан алдангийг нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус заалт юм. Хуулийн энэхүү заалтаас үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох учиртай байсан. Гэтэл нийт үнийн дүнгээс тооцож байгаа нь хүчин төгөлдөр бус байна. Учир нь, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Тиймээс гэрээний 6.1 дэх хэсгийг тайлбарлахдаа гэрээний шууд утгыг тайлбарлах буюу гэрээний 1.4-т заасан нийт үнийн дүнгээс тооцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Бэ ХХК, Ц.Б нар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэр хорооллыг барилгажуулах хүрээнд М.Отэй гэрээ байгуулсан. Өмнө бас дурдаж байсан айлын хашааны газар нэг айлын орон сууцны үнэд хүрдэггүй байсан учир бид нар М.Оийн газрыг 2-3 байр болгож авахаар тохиролцсон. Энэхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь иргэний ахуйн өмчлөлийн газар учраас Ц.Бтай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл уг гэрээтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гурван хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт  хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байхад гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцуулна гэж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ заалт нь өөрөө хуульд нийцэхгүй хүчин төгөлдөр бус байна. Мөн түрээсийн төлбөрийн тухайд бид 2015 оны 2 дугаар сард орон сууцыг хүлээлгэж өгөх хүртэлх хугацааны төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч энэ хүртэлх хугацаанд бид түрээсийн төлбөрийг төлсөн байдаг. Манай талаас үл шалтгаалах байдал үүсч улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон, 2015 оны 11 дүгээр сард байр ашиглалтад орсон. 

Гэвч гэрээнд заасан 2 сарын төлбөрийг төлсөн байдаг. Ингээд байр бэлэн болж нэхэмжлэгч 1 байрыг өөрөө аваад, мөн зөрүү төлбөрүүд дээр гэрээ байгуулсан байдаг. Энэ утгаараа зөрүү төлбөрийг төлөх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьсан боловч 2 байраа хүлээж авахгүй хугацаа хэтэрсэн. Ингээд шүүхэд хандсаны дараа байрыг өгөөд зөрүү төлбөр дээр эвлэрлийн гэрээгээр тохиролцсон.

Тухайн үед нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан нь мөн гэрээний үүрэг зөрчсөн үйл явдал болж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад шаардлагаа нотолж чадаагүй, баримтын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар Бэ ХХК, Б ХХК, Ц.Б нарт холбогдох 135 055 000 төгрөг гаргуулахыг хүссэн М.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хуулийн тодорхойлсон заалтыг зөрчиж гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцохоор талууд тохиролцсон нь хууль зөрчсөн гэж үзнэ гэсэн дүгнэлт нь хэт өрөөсгөл байна.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг бөгөөд гэрээний 6.1-д гэрээнд заасан хугацаанд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 1.4-т заасан гэрээний нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар буруутай талдаа алданги төлөхөөр тохиролцож 2 тал гарын үсгээ зурсан. Бид анх гэрээ байгуулахдаа хэрвээ хэн аль нь үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол буруутай тал нь алданги төлөх талаар ярилцаад алдангийн хэмжээг 0.1 хувиар тохиръё, харин гэрээнд олон үнэ тохирсон, үүнээс хэн аль нь хариуцлагатай байх үүднээс гэрээний нийт үнэ гэж тохирсон гэрээний 1.4-д заасан үнийг энэхүү гэрээгээр 2 талын биелүүлбэл зохих үнийг тооцъё гэж тохиролцоод гэрээнд тусгасан. Миний бие үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээний үүрэг гүйцэтгэх гэдгийг харилцан тохиролцсон байхад шүүх алдангийг зохицуулсан хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан ба энэ хэмжээнээс хэтрээгүй.  Гүйцэтгээгүй үүрэг гэдэг нь цэвэр талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоо бөгөөд уг тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байхад шүүх дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч гүйцэтгэвэл зохих үүргээ огт биелүүлээгүй учраас гэрээний 1.4-т зааснаар гэрээний нийт үнээс тооцон алдангийн хэмжээг тодорхойлсон. Аль нэг орон сууцыг хүлээлгэн өгсөн бол түүний үнийг гэрээний нийт үнээс хасаж тооцон гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох бүрэн боломжтойгоор бид тохиролцсон. Иймд анхан шатны шүүх энэхүү тохиролцоог хууль зөрчсөн гэж хэт өрөөсгөлөөр дүгнэж байгаад гомдолтой байна.

Гэрээ байгуулсан талыг Бэ ХХК-ийн захирал, Ц.Б гэж тодорхойлсон бөгөөд надад байрны хөлсийг Бэ ХХК төлж байсан ба мөн тус компанид би газраа хүлээлгэн өгсөн учраас энэ компани гэрээний нэг тал юм. Харин газрыг надаас Ц.Б шилжүүлэн авна гэсэн үндэслэлээр мөн гэрээний нэг тал болж орсон. Иймд гэрээний үүргийг гэрээний нөгөө тал болох Бэ ХХ -ийн захирал, иргэн Ц.Б нар хариуцах үүрэгтэй.

Мөн энэхүү гэрээ болон газрыг орон сууцаар арилжих үйл ажиллагаа нь гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд хийгдсэн бөгөөд гэрээнд зорилгоо ч ингэж тодорхойлсон, энэ төсөлд шалгарсан компани нь Б ХХК байсан бөгөөд надад шилжүүлэх 3 орон сууцыг энэ компани өөрийн захиалгаар бариулж ашиглалтанд оруулж улсын комисс хүлээн авсан, мөн захирал нь Ц.Б учраас мөн надад орон сууцуудыг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Эдгээр үндэслэлээр би дээрх 3 хариуцагчийг татсан бөгөөд тэд бүгд тэнцүү хариуцлага хүлээх ёстой гэж тодорхойлж шүүхэд тайлбарласан тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01306 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрсэн нь газрыг орон сууцаар арилжих гэрээний 1.2.2 болон 1.2.3-т заасан хугацааг талууд тохиролцож тодорхой хэмжээгээр сунгасан, харин гэрээний 6.1-д заасан нэмэлт нөхцөлөөс хэн аль нь татгалзсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх эвлэрлээр би алданги болон байрны хөлс нэхэмжилсэн шаардлагаасаа огт татгалзаагүй. Зохигчид 3 байрыг шилжүүлэхтэй холбоотой шаардлага дээр эвлэрч, харин бусад шаардлагын хүрээнд эвлэрэхгүй байсан тул шүүгч бусад шаардлагаа татан аваад дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүл гэсний үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулагдаж захирамж гарсан. Энэ үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг надад буцаан олгосон бөгөөд алданги болон байрны хөлс шаардсан миний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэн шийдвэрлээгүй учраас нэхэмжлэлээ дахин гаргасан. Энэхүү байдал миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн ХУД-ийн шүүхийн тогтоолд тодорхой тусгагдсан.

Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн зарим хэсэгтэй холбогдуулан маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй ба энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй боловч шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зөвтгөн дүгнэх боломжтой байна.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч “Б” ХХК, “Бэ” ХХК, Ц.Б нарт холбогдуулан гэрээний үүрэг, өөрт учирсан хохиролд 135 055 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар орон сууцыг гэрээнд заасан хугацаанд шилжүүлж өгөөгүй тул гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны алдангид 127 225 000 төгрөг, байр хөлсөлсний төлбөрт 7 800 000 төгрөгийг тус  тус гаргуулна гэснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б ХХК нь татгалзлын үндэслэлээ энэхүү шаардлагын талаар зохигчид эвлэрснийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01306 дугаар захирамжаар /хх 4-5/ баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн гэрээнд заасан нийт үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлгүй гэж тайлбарласнаас гадна 3 хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

М.О, Бэ ХХК, Ц.Б нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Газрыг орон сууцаар арилжих тухай гэрээ”-гээр /хх 8-9/  нэхэмжлэгч М.Оээс  333.52 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагч Ц.Бт шилжүүлсний хариуд Бэ ХХК-иас тус бүр 2 өрөө бүхий нийт 3 орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх, мөн нэхэмжлэгч орон сууцны зөрүү төлбөрт 72 343 500 төгрөг нэмж төлөхөөр харилцан тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч нараас дээрх гэрээний 1.2.2-т заасан хугацаа буюу 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй тул мөн гэрээний 6.1-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсний алдангид 127 225 000 төгрөгийг шаардсан  байна.

Гэвч нэхэмжлэгч М.О нь дээрх үндэслэл буюу “Газрыг орон сууцаар арилжих тухай гэрээ”-ний 6.1 дэх заалтыг үндэслэн алданги шаардсан нэхэмжлэлийг шүүхэд урьд нь гаргаж, хариуцагч талтай гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацааны талаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын эвлэрлийг баталсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01306 дугаар шүүгчийн захирамжид зааснаар хариуцагч Бэ ХХК, Ц.Б нар нь 505 дугаар байрны 1 дүгээр орц, 41.1 м.кв талай бүхий 1 тоот орон сууцны түлхүүрийг 7 хоногийн дотор хүлээлгэн өгөх болон өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг уг гэрээг байгуулагдсанаас хойш 1 сарын дотор гаргаж өгөх, нэхэмжлэгч нь 2 орон сууцны үлдэгдэл төлбөрийн нийлбэр нийт 72 343 500 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дотор зээлд хамрагдах замаар төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх хугацааг талууд харилцан тохиролцсон байх тул гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг энэхүү гэрээнд үндэслэн тодорхойлно.

Иймд уг эвлэрлийн гэрээгээр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Газрыг орон сууцаар арилжих тухай гэрээ”-ний 1.2.2, 1.2.3 дахь заалтаар тогтоосон орон сууцыг болон зөрүү төлбөрийг харилцан шилжүүлэх үүрэг гүйцэтгэх хугацааг талууд харилцан тохиролцож өөрчлөн сунгасан байх тул гэрээний үүргийг 1.2.2-т заасан хугацаанд  гүйцэтгээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцож шаардах эрхгүй байна.

Улмаар орон сууцны өмчлөх эрхийг М.Од шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул орон сууцыг хугацаандаа шилжүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх 12 сар байр хөлсөлж, 7 800 000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардсаныг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлсний алдангид 127 225 000 төгрөг, түрээсийн төлбөрийг  хохиролд тооцон 7 800 000 төгрөг, нийт 135 055 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт нийцжээ.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Оийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Оийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Оээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ